A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ БЭЛТГЭХ ЖУРАМ /ЗГ-ын 2017 оны 193-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2009 оны 362 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт




МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН
ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ
ИЛТГЭЛ БЭЛТГЭХ ЖУРАМ

/ЗГ-ын 2017 оны 193-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэл бэлтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


Хоёр. Илтгэл бэлтгэх ажлыг зохион байгуулах


2.1. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэл хариуцан боловсруулах байгууллага батлагдсан хуваарийн дагуу бэлтгэх, "Үндэсний илтгэл хариуцан боловсруулах байгууллагын жагсаалт"-д ороогүй илтгэлийг тухайн конвенциор зохицуулж байгаа асуудал, салбарыг хариуцсан байгууллага бэлтгэх үүргийг хүлээнэ. Тухайн конвенциор хэд хэдэн салбарын асуудлыг зохицуулж байгаа тохиолдолд уг асуудлыг голлон хариуцах байгууллага илтгэл боловсруулах ажиллагаанд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцоно.

2.2. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэл (цаашид "Илтгэл" гэх) бэлтгэх ажлыг тухайн илтгэлийг хариуцан боловсруулах байгууллагын удирдлагын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг (цаашид "ажлын хэсэг" гэх) зохион байгуулна. Ажлын хэсэг нь тухайн илтгэлийг хариуцан боловсруулах байгууллагын удирдлагын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулна.

2.3. Илтгэл бэлтгэхтэй холбогдон гарах аливаа зардал (бичиг хэрэг, албан ёсны орчуулга гэх мэт)-ыг тухайн байгууллагын төсвөөс гаргана. Илтгэл бэлтгэхэд олон улсын болон хандивлагч байгууллагаас санхүүгийн дэмжлэг авч болно.

2.4. Илтгэлийн төслийг бэлтгэхтэй холбогдуулан гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бусад яам, газраас мэдээлэл, баримт материал, судалгаа гаргуулах буюу мэргэжлийн зөвлөгөө авч болно. Илтгэл бэлтгэхэд эрдэмтэд, мэргэжилтэн, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн бус байгууллагын саналыг аль болох авч, илтгэлд тусгах чиглэл баримтална.

2.5. Үндэсний илтгэл бэлтгэх хуваарь, хүлээгдэж байгаа ээлжит илтгэл, тухайн гэрээ болон конвенцийн талаархи ерөнхий мэдээлэл, лавлагааг Гадаад харилцааны яам хариуцан бэлтгэнэ.

2.6. Илтгэл бэлтгэх байгууллага нь тухайн илтгэлийн төслийг холбогдох олон улсын байгууллагаас тавьсан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн гарсан шийдвэрийн биелэлтийг шуурхай зохион байгуулж, үр дүнг тайлагнаж байна.


Гурав. Илтгэлийг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх

            
3.1. Үндэсний илтгэл бэлтгэх ажлын явцад Гадаад харилцааны яам хяналт тавьж ажиллана. Засгийн газраас дэмжсэн илтгэлийг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.


Дөрөв. Илтгэлийг хэлэлцүүлэх


4.1. Илтгэлийг холбогдох олон улсын байгууллагаар хэлэлцүүлэх (хамгаалах) асуудлыг тухайн илтгэлийг хариуцан боловсруулсан байгууллагын удирдлага (сайд, дэд сайд буюу дарга, төрийн нарийн бичгийн дарга) хариуцна. Сангийн яам төлөөлөгчдийн зардал (зам хоног, зочид буудал)-ыг холбогдох байгууллагын тухайн жилийн гадаад арга хэмжээний зардалд тусгана.

4.2. Илтгэлийг хэлэлцээд гаргасан олон улсын байгууллагын зөвлөмжийн биелэлтийг тухайн илтгэлийг хариуцан боловсруулсан байгууллага зохион байгуулна.

4.3. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэлийг тогтоосон хугацаанд нь бэлтгэн явуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтанд зохих журмын дагуу хариуцлага тооцно. 

 

---оОо---