- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 368 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ОРОН СУУЦНЫ
ЗЭЭЛД ХАМРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журам нь тогтоосон шалгуурыг хангасан төрийн албан хаагч (цаашид "зээлдэгч" гэх)-д арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг худалдан авахад зориулан зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Зээлийн зориулалт, шаардлага
2.1. Энэхүү зээл нь ашиглалтад орсон шинэ орон сууцыг төрийн албан хаагч худалдан авахад зориулагдана.
(Энэ хэсэгт 2010-03-17-ны өдрийн 65-р тогтоолоор өөрчлөлт орсон)
.2.2. Зээлийн хэмжээ нь 40.0 (дөч) хүртэл сая төгрөг байна.
2.3. Зээл нь 20 хүртэл жилийн хугацаатай, зээлийн хүү нь жилийн 8 хүртэл хувь байна.
2.4. Орон сууцны урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна.
2.5. Зээлдэгчийн зээлээр авч байгаа орон сууц нь зээлийн барьцаа болно.
2.6. Зээлдэгч хүүгийн төлбөрийг бууруулах зорилгоор гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно.
Гурав. Зээлдэгчид тавигдах шалгуур
3.1. Зээлдэгч нь төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах төрийн албан хаагч байна.
3.2. Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
3.3. Зээл авах хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч энэ журмын 2.3-т заасан хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах тохиолдолд урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлэн төлөх боломжтой байна.
3.4. Зээл авах хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.
Дөрөв. Төрийн байгууллагын хүлээх үүрэг
4.1. Эрх бүхий байгууллагаас тогтоосон зээлийн орон сууцны тооны хязгаарт багтаан тухайн төрийн албан хаагчдад зээл олгуулах асуудлыг төрийн байгууллага нь байгууллагын нийт ажилчдын хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргана. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг энэхүү журмын хавсралтад заасан бүрдүүлэх бичиг баримтын хамт Орон сууцны санхүүжилтийн корпораци (цаашид ОССК гэх)-д хүргүүлнэ.
4.2. Төрийн байгууллага нь ОССК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн төрийн албан хаагчийн зээлийн төлбөрийг гэрээний дагуу сар бүр цалингаас нь суутган шилжүүлж байна.
4.3. Зээлдэгчийн ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх байгууллагын чиг үүргийг нь хэрэгжүүлж байгаа, шилжсэн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа байгууллага тус тус энэхүү журмын 4.2-т заасан үүргийг хүлээнэ.
4.4. Зээлдэгч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, шилжсэн тохиолдолд төрийн байгууллага энэ тухай ажлын 3 хоногт багтаан ОССК-д мэдэгдэнэ.
Тав. Зээлийн орон сууцанд тавигдах шаардлага
5.1. Зээлийн орон сууц нь ашиглалтад орсон шинэ орон сууц байна. (Энэ хэсэгт 2010-03-17-ны өдрийн 65-р тогтоолоор өөрчлөлт орсон).
5.2. Зээлийн орон сууцыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
5.3. Зээлээр олгох орон сууцны 1м2 талбайн үнэ 650,000 төгрөг буюу түүнээс хямд байна. (Энэ хэсгийг 2010-03-17-ны өдрийн 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Зургаа. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн
хүлээх үүрэг
6.1. Төрийн албан хаагчийг орон сууцны зээлд хамруулахаар төрийн байгууллагаас ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авч хянаж, судална.
6.2. ОССК нь зээл олгох шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан гаргана.
6.3. ОССК нь зээл олгох, эсэх талаар гаргасан шийдвэрийнхээ тухай төрийн байгууллагуудад албан бичгээр мэдэгдэнэ.
6.4. ОССК нь зээлдэгчийн худалдан авах орон сууцыг барьцаанаас чөлөөлөх талаар арилжааны банкны шийдвэрийг гаргуулна.
6.5. Төрийн байгууллагаас ирүүлсэн энэхүү журмын 4.4-т заасан мэдэгдлээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч шүүхийн бус журмаар худалдан борлуулна.
6.6. Төрийн албан хаагчийн худалдан авах орон сууцыг сонгох бололцоо бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон орон нутагт цахим болон бусад хэлбэрээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
6.7. ОССК нь зээлийн эргэн төлөлтийг дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу гүйцэтгэнэ.
Долоо. Санхүүжилт
7.1. Төрийн албан хаагчид зээлээр орон сууц худалдан авах санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаасыг үе шаттайгаар арилжаалах замаар бүрдүүлнэ.
7.2. Арилжаалах үнэт цаасны хэмжээг төрийн албан хаагчдад орон сууцны зээл олгохоор ОССК-иас гаргасан шийдвэрийн багцын дүнг үндэслэн Сангийн яам тогтооно. Зээлийн багц бүрээр Сангийн яам, ОССК-ийн хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулна.
---ooo---
№
|
Бүрдүүлэх бичиг баримт
|
1
|
Төрийн албан хаагчийн зээлийн өргөдөл, анкет
|
2
|
Иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар
|
3
|
Албан байгууллагын тодорхойлолт /орлого олж байгаа өрхийн бусад гишүүдэд нэгэн адил хамаарна. Тодорхойлолтод тухайн төрийн албан хаагчийн ажил, албан тушаал, ажиллаж байгаа хугацаа, цалингийн хэмжээ зэргийг тусгасан байна/
|
4
|
Нийгмийн даатгалын дэвтрийн нотариат болон нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажсан хуулбар /өрхийн орлоготой бүх гишүүдийн/
|
5
|
Өрхийн бусад орлогыг тодорхойлох баримтууд /гэр бүлийн бусад гишүүдийн бизнесийн, түрээсийн, ажил үйлчилгээний гэх мэт/
|
6
|
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
|
7
|
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай лавлагаа
|
Текст томруулах
A
A
A