- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хүний хөгжил сангийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулийн дагуу Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь
хүртээх санхүүжилтийн хуваарь
2.2. Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулийн дагуу уг сангаас иргэнд хишиг, хувь хүртээхээр батлагдсан хөрөнгийн сар, улирлын санхүүжилтийн хуваарийг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Гурав. Хүний хөгжил сангаас иргэнд
хишиг, хувь хүртээх
3.1. Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
3.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь батлагдсан хуваарийн дүнд багтаан тайлангийн өмнөх үеийн зарцуулалтын гүйцэтгэл, дансны үлдэгдэл, тухайн сар, улиралд гарах зарлагын урьдчилсан тооцоололд үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад тухайн сар, улиралд иргэнд хишиг, хувь хүртээх зориулалтаар олгох санхүүжилтийн хуваарилалтыг хийж санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ./ЗГ-ын 2012-9-29-ний 71-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
3.3. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянан үзээд бэлэн мөнгөөр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хүний хөгжлийн сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд, сургалтын төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг Сургалтын төрийн сангийн дансанд, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд, хүүхдийн мөнгөний санхүүжилтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Монголбанк дахь хүүхдийн мөнгөний тусгай дансанд Монголбанк дахь Хүний хөгжил сангийн данснаас тус тус шилжүүлнэ. /Энэ хэсгийг ЗГ-ын 2010 оны 347, 2012 оны 71-р тогтоолоор тус тус өөрчлөн найруулсан/
3.4. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь иргэний сонголтыг үндэслэн дараахь байдлаар иргэнд хишиг, хувь хүртээх үйл ажиллагааг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ:
3.4.1. иргэн бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн бол иргэн бүрийн хувийн дансанд зохих бичилт хийж мөнгийг бэлнээр иргэнд олгоно;
3.4.2. иргэн бэлэн бус (сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэх мэт)-аар хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн бол иргэн бүрийн "Хүний хөгжил сан" дэвтэрт бичилт хийж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын дансанд мөнгийг шилжүүлнэ; /Энэ хэсгийг ЗГ-ын 2010 оны 347-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
3.4.3. арилжааны банкнаас энэ журмын 3.4.1, 3.4.2–т заасны дагуу гүйлгээ хийх иргэний нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага арилжааны банкинд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
3.5. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Монголбанктай байгуулсан гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлнэ.
3.6. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монголбанкинд хүүхдийн мөнгөний тусгай дансыг нээлгэнэ. Монголбанк уг данснаас арилжааны банк дахь хүүхэд бүрийн дансанд мөнгө шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж, тайланг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.7. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журмаар нарийвчлан зохицуулна. /ЗГ-ын 2012-9-29-ний 71-р тогтоолоор 3.5, 3.6, 3.7 дахь хэсгийг нэмсэн/
Дөрөв. Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь
хүртээх санхүүжилтийн тайлан
4.1. Арилжааны банк нь иргэнд хишиг, хувь хүртээсэн тухай тайланг дараа сарын 1-ний дотор аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
4.2. Төсвийн жилийн сар, улирал, жилийн эцэст нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Хүний хөгжил сангаас иргэнд бэлэн болон бэлэн бусаар хишиг, хувь хүртээсэн талаархи нэгдсэн мэдээ, тайланг Төсвийн тухай хуулийн дагуу гаргана./ЗГ-ын 2012-9-29-ний 71-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
4.3. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын Хүний хөгжил сангийн дансны жилийн эцсийн үлдэгдлийг Монголбанк дахь Хүний хөгжил сангийн дансанд санхүүгийн жил бүрийн эхний сард багтаан буцаан төвлөрүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A