A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЙД ҮЗҮҮЛЭХ ХОРТОЙ НӨЛӨӨЛЛИЙГ БАГАСГАСАН, ДЭВШИЛТЭТАРГА, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, НӨХӨРЛӨЛ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
                                                                                                 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 59 дүгээр
                                                                                                 тогтоолын хавсралт


                                                 ОЙД ҮЗҮҮЛЭХ ХОРТОЙ НӨЛӨӨЛЛИЙГ БАГАСГАСАН, ДЭВШИЛТЭТ
                                                 АРГА, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, НӨХӨРЛӨЛ, АЖ АХУЙН
                                                                         НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ


                                                                                             Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, түүнээс сэргийлэх, ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, урамшуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Ойд үзүүлэх хортой нөлөөлөл гэдэгт дараахь сөрөг үйлдэл орно:

1.2.1. мод бэлтгэх, ойн дагалт нөөцийг ашиглахдаа ойн сангийн газар дахь ус, хөрсийг хамгаалах, биологийн зохицуулах үүргийг алдагдуулсан;

1.2.2. ойн амьтан, ургамлын төрөл, зүйлийн амьдрах орчин, нөхцөлд халдаж тэжээлийн нөөцийг зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү бэлтгэсэн;

1.2.3. ойн амьтан, ургамлыг хууль бус аргаар агнасан, бэлтгэсэн, устгасан;

1.2.4. аж ахуйн үйл ажиллагаанаас ой, түүнийг бүрдүүлэгч зүйлүүдийн оршин тогтнох, нөхөн сэргэх даац, чадавхид хохирол учруулсан;

1.2.5. ойн хортон, өвчинтэй тэмцэх явцад хэрэглэхийг хориглосон химийн бодис, бичил биетэн буюу тэдгээрийн хольц бүхий бэлдмэлийг хэрэглэснээс ойн орчинд хохирол учруулсан.

1.3. Ойд үзүүлэх хортой нөлөөллөөс сэргийлэх, ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэвшилтэт арга, технологи /цаашид "дэвшилтэт арга, технологи" гэх/ гэдэгт иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас энэхүү журмын 1.2-т заасан ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгаж, ойн сангийн газар дахь хөрс, ус хамгаалах болон биологийн зохицуулах үүргийг алдагдуулахгүйгээр ойн сэргэн ургах чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, ашиглах, түүний төлөв байдлыг сайжруулах, хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэвтрүүлсэн арга, технологи хамаарна.

                                                            Хоёр. Урамшуулал олгох шалгуур үзүүлэлт

2.1. Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахдаа үр дүн нь 1 жил 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой хадгалагдсан байхыг үндсэн шалгуур үзүүлэлт болгоно.

2.2. Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахдаа дараахь үзүүлэлтийг тусгай шалгуур болгоно:

2.2.1. үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд:

а) мод болон ойн дагалт нөөцийг хаягдалгүй ашиглаж, нэгж түүхий эдээс авах бүтээгдэхүүний гарцыг 85-аас дээш хувьд хүргэсэн;

б) өсвөр, залуу модыг хамгаалах технологийг мод бэлтгэлийн үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлсэн;

в) мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэлээс гарсан хаягдлыг багасгах, дахин боловсруулж ашиглах технологи шинээр нэвтрүүлж, үр дүнд хүрсэн.

2.2.2. ойн төлөв байдлыг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах ажлын хүрээнд:

а) ойд явуулсан арчилгааны үр дүнд 1 га ойн талбай дахь нөөцийн таксацын үзүүлэлт өссөн;

б) түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх менежментийн болон технологийн шинэлэг арга хэрэгслийг бий болгосны үр дүнд ойн түймрийн шатамхайн зэрэглэлийг бууруулж, хамгаалалтыг сайжруулсан;

в) ойн хортон шавьж, өвчинтэй тэмцэх ажилд дэвшилтэт арга технологийг нэвтрүүлсний үр дүнд тэдгээрийн гаралтыг эрс бууруулж чадсан;

г) ойн хортон шавьж, өвчинтэй тэмцэхдээ химийн бодисын хэрэглээг багасгаж ой, түүнийг бүрдүүлэгч хэсгүүдэд хортой нөлөөлөл үзүүлэхгүй байх арга хэрэгслийг нэвтрүүлсэн;

д) ойн нөөцийг нөхөн сэргээх чиглэлээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, шинэлэг арга хэрэгслийн үр дүнд ойжуулалт, мод үржүүлгийн болон байгалийн сэргэн ургалтанд туслах ажлын үзүүлэлт тоон болон чанарын хувьд сайжирсан;

e) энэхүү журмын 1.2-т заасан ойд хортой нөлөөлөл үзүүлсэн аливаа үйлдлийг илрүүлэн таслан зогсоох, хор хөнөөлийг нь арилгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.

2.2.3. бүтээгдэхүүний хүрээнд:

а) ойн дагалт баялгийг хаягдалгүй боловсруулж ашиглан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн арга технологи, хүрэх болон хүрсэн үр дүн;

б) мод бэлтгэлийн үйлдвэрлэлийн явцад гарсан мөчир, гишүү, үзүүр, ёзоор, хожуул, холтсыг боловсруулж ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн арга хэрэгсэл, хүрсэн үр дүн;

в) модны хэрэглээг багасган өргөн олдоцтой материалаар орлуулах болон хэрэглээний шаардлага хангахгүй хаягдал модыг эргүүлэн ашиглах аргаар өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

2.2.4. сурталчилгаа, мэдээлэл, экологийн боловсрол олгох ажлын хүрээнд:

a) унаган байгалийн болон түүх, соёлын дурсгал болсон өвөрмөц хэв шинж бүхий ой, эсхүл мод /түүний дотор сайн чанарын үрийн мод/-ыг төрх байдалд нь хохирол учруулахгүйгээр аялал жуулчлал, боловсрол, танин мэдэхүйн зорилгоор сурталчлах арга хэрэгслийг бий болгосон;

б) ойн талаар авч хэрэгжүүлэх бодлогын түвшинд шинэлэг үзэл баримтлалыг бий болгосон, ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр шинэ бүтээл туурвисан, сургалт, сурталчилгаа зохион байгуулсан, боловсрол эзэмшүүлэх шинэлэг арга барилыг санаачлан олон нийтийн хүртээл болгож өндөр үр дүнд хүрсэн.

2.3. Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн үр дүнг энэхүү журмын 2.2-т заасан шалгуур үзүүлэлтээр тооцохдоо экологи-эдийн засгийн ач холбогдол, түүний цар хүрээ, өгөөж, менежментийн төлөвлөгөө, хэрэгжилт зэрэг нэмэлт үзүүлэлтийг харгалзан үзнэ.

                                                    Гурав. Иргэн, хуулийн этгээдийг нэр дэвшүүлэх

3.1. Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн сум, дүүргийн Засаг дарга шалгаруулан тодорхойлж, гаргаад баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 10 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ:

3.1.1. иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл;

3.1.2. иргэний анкет болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;

3.1.3. иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар;

3.1.4. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.1.5. энэхүү журмын 2.1-2.3-т заасан ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан ажил болон нэвтрүүлсэн дэвшилтэт арга, технологийн тодорхойлолт, хүрсэн үр дүнгийн тухай дэлгэрэнгүй танилцуулга.

3.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэхүү журмын 3.1-д заасан баримт бичгийг хүлээн авч судлан, сонгон шалгаруулсан 3 хүртэл иргэн, 2 хүртэл нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолтыг холбогдох бусад баримт бичгийн хамт ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор хүргүүлнэ.

                                                                  Дөрөв. Шалгаруулж, урамшуулах

4.1. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 3.2-т заасан материалыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага мөн журмын 2.1-2.3-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гарган, дүгнэлтийг холбогдох бусад материалын хамт байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.2. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл авах зорилгоор иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж болно.

4.3. Энэ журмын 4.1-д заасан дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасган, түүнээс сэргийлэх, ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн 20 хүртэл иргэн, 5 хүртэл нөхөрлөл, 3 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, дараахь урамшуулал олгоно:

4.3.1. иргэнд "Ойд ээлтэй иргэн" батламж, 500.0 /таван зуун/ мянган төгрөг;

4.3.2. нөхөрлөлд "Ойд ээлтэй нөхөрлөл" батламж, 2.0 /хоёр/ сая төгрөг;

4.3.3. аж ахуйн нэгж, байгууллагад "Ойд ээлтэй байгууллага" батламж, 3.0 /гурван/ сая төгрөг.

4.4. Энэхүү журмын дагуу олгох урамшуулалтай холбогдон гарах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцаас санхүүжүүлнэ.

4.5. Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн тодорхой үйл ажиллагааны үр дүнгээр энэхүү журамд заасан урамшууллыг өмнө нь авсан бол дахин олгохгүй.




                                                                                      ---оОо---