- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 31 дүгээр
захирамжийн хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Төрийн өмчийн хороо (цаашид "хороо" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах, төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх; төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх зорилтот түвшин, ашиг орлогын хуваарийг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох; хууль тогтоомжийн дагуу төрийн өмч, эд хөрөнгө хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах; орон нутгийн өмчийн асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавих; концессын хууль, төр, хувийн хэвшлийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих; төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, шинээр авах санал, захиалгыг батлах, шийдвэр гаргах асуудлыг хамарсан Хорооны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн З8 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Концессын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Энэхүү хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Иргэний хууль;
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль;
-Концессын тухай хууль;
-Орон сууц хувьчлах тухай хууль;
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль;
-Компанийн тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-Үнэт цаасны тухай хууль;
-Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль;
-Төрийн өмч, төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах талаар Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан бодлого, Үндсэн чиглэл, хөтөлбөр, баримт бичгүүд;
-Бусад хууль тогтоомж
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Хорооны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Концессын тухай хуульд заасан бүрэн эрх, өөрийн чиг үүрэгт хамаарах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, төлөвлөх, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг тайлагнах үүрэг, хариуцлага хүлээнэ.
Хороо нь төрийн өмч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Хороо нь төрийн өмчийн удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангаж ажиллана.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хорооны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийг оновчтой, бүрэн тодорхойлох нь хорооны үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Хорооны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН
ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН БҮДҮҮВЧ
Хорооны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх бөгөөд хэрэглэгч нь яамд, хөгжил, шинэтгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын төсвийн байгууллага байна.
Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн түвэгтэй харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, зохицуулахад чиглэнэ.
Хорооны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
Хоёр. Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хорооны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Концессын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын асуудлаар зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, төрийн өмчийн хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:
Хороо нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. төрийн өмчийн менежментийг боловсронгуй болгох;
2.2.2. төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, улсын төсвийн байгууллагын эзэмшилд байгаа төрийн өмчийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах, үр ашигтай ашиглах;
2.2.3. улсын төсвийн байгууллагын эзэмшилд байгаа төрийн өмчийг хадгалах, хамгаалах, захиран зарцуулах үйл ажиллагаа болон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ хийж, бодит байдлыг тодорхойлох;
2.2.4. өмч хувьчлалын үр ашигтай арга хэлбэрийг хэрэглэн уг ажлыг зохион байгуулах, өмчийг өндөр үнээр хувьчлах;
2.2.5. төрийн өмчийн зарим компаниудаас нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох (IPO хийх) замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах;
2.2.6. концессын гэрээг төсвийн ачааллыг багасгахад чиглүүлж хэрэгжүүлэх;
2.2.7. хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх, олон улсын жишигт хүргэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Төрийн өмчийн хорооны эрхэм зорилго нь төрийн өмчийн удирдлагыг сайжруулан үр ашгийг дээшлүүлэх, хувийн өмчид тулгуурласан зах зээлийн харилцааг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Хороо нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. төрийн өмчийн удирдлагыг боловсронгуй болгох, хувьчлал, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах;
2.4.2. төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр төсвийн үр ашгийг дээшлүүлэх;
2.4.3. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.4.4. төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг хангах.
Үйл ажиллагааны гол зорилт:
Хорооны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. төрийн өмчийн өөрчлөлт, хувьчлалын бодлого, хөтөлбөр боловсруулах, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.5.1.2. нийгмийн салбарт өөрчлөлт шинэчлэлт, хувьчлал хийх бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
2.5.1.3. төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, санаачилгыг дэмжих;
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд улс орны өмнө тулгамдсан дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах;
2.5.2.2. төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх;
2.5.2.3. концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт- шинжилгээ хийх, үнэлгээ өгөх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.5.3.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.5.3.3. шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, хууль тогтоомж, шийдвэрийн гүйцэтгэлд тавих эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.5.3.4. төрийн өмчийн үндсэн хөрөнгийн хөдөлгөөнийг зохион байгуулах;
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хадгалж хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийх;
2.5.4.2. төрийн өмчийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх;
2.5.4.3. төрийн өмчийн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Хорооны үйл ажиллагааны дээр дурдсан гол зорилт бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, тус хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон төрийн албан хаагчийн ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Төрийн өмчийн хорооны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.
Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны стратегийн загвар
Гурав. Төрийн өмчийн хорооны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Хорооны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож байгаа зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. Хорооны үйл ажиллагааны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн хорооны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал хорооны бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (хорооны даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн буюу гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (хорооны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэж бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний нөөцийн болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим; (тухайн хорооны төрийн захиргааны албан хаагчид нь Ерөнхий сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд мэргэшлийн зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан байх) ;
3.1.7. хангалттай чадавхи бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь үйл ажиллагааны давхардалгүй, чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэх, ур чадвараа шавхаж ажиллахад чиглэсэн хэрэгжихүйц байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар.
Дээр дурдсан зарчим болон Хорооны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн Хорооны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН
ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Хорооны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1. Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчийн өөрчлөлт, хувьчлалын бодлого, хөтөлбөр боловсруулах, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт, хувьчлал хийх бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх; төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, өмч хувьчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, шийдвэрийн хувилбар боловсруулах; хуулийн этгээдийг хувьчлах, өөрчлөн байгуулах хуулийн этгээдтэй холбоотой баримт бичиг, хувьчлах, өөрчлөн байгуулах арга, хэлбэр, хувьчлах доод үнийг тогтоох санал боловсруулах, мэдээлэл бүрдүүлэх, мэргэжлийн дүгнэлт өгөх; төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах санал боловсруулах, худалдах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах; хуулийн этгээдийн хувьчлалын бэлтгэл ажлыг зохион байгуулах, тухайлбал, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилуулах, сонирхогч болон оролцогч дотоод, гадаадын хуулийн этгээдэд мэдээлэл өгөх, хувьчлах өмч хөрөнгийг хамгаалалтад авах, харилцах дансны болон бэлэн мөнгөний зарлагын гүйлгээг хянах, дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, худалдах, худалдан авах гэрээ байгуулах, өмчлөгчийн эрх олгох, шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх; өмч хувьчлалын орлого бүрдүүлэх, тайлагнах; хувьчлах орон нутгийн өмчийн эд хөрөнгийн жагсаалтыг хянах; орон нутгийн өмчийн байгууллагад өмч хувьчлалын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжийн компанийн засаглалын журам, компанийн ёс зүйн дүрэм, компанийн нийгмийн хариуцлагын үндсэн баримт бичиг боловсруулах, арга зүйн зөвлөмжөөр хангах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн хувьцааг нийтэд санал болгох замаар /IPO/ хөрөнгө төвлөрүүлэх, хувьчлалын ажлын үр өгөөжийг шинэ шатанд хүргэх; хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх, олон улсын жишигт хүргэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн дотор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл, удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулах, өөрчлөн байгуулах, хөрөнгийн өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодлого, шийдвэрийн хувилбар боловсруулах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зорилтот түвшинг тогтоох, түүний биелэлтийг тооцон дүгнэх; хувьцааны ногдол ашгийг бүрдүүлэх, тайлагнах; хамтарсан үйлдвэрүүдийн талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Засгийн газар хоорондын хэлэлцээр, үүсгэн байгуулагчдын гэрээ, дүрмийн төслийг боловсруулах; аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн техник, технологи, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн төлөв байдал, чиг хандлагад судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; компанийн засаглалыг хэрэгжүүлэх замаар удирдлагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг чиг үүрэгтэй нэгж ажиллаж болно.
Энэ нь төрийн өмчийг өөрчлөн байгуулах, хувьчлах, өмчийн удирдлагатай холбогдсон шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд Хороо, хорооны даргад, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд, Танхимд мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх зарчмаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хороо, тус хорооны дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн өмчийн ба бусад төрлийн өмчийн байгуулага, салбарын болоод бусад аж ахуйн нэгж, иргэд байна.
3.3.2. Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд улс орны өмнө тулгамдсан дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах; төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх; концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар бодлого, шийдвэрийн хувилбар боловсруулах; концессын зүйлийн талаар судалгаа хийх, арга хэмжээний төлөвлөгөө, жагсаалт боловсруулж батлуулах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгуулах, нийтэд мэдээлэх, концесс олгох, хэрэгжүүлэх талаар холбогдох бусад байгууллагад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, уралдаант шалгаруулалтыг зарлах, түүнийг зохион байгуулах, концессын гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээг Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, дүгнэх; хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам боловсруулж, бүртгүүлэн мөрдөж ажиллах; төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллах, сургалт зохион байгуулах; улсын хэмжээнд концессын талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх; концессын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх; төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаархи тайлан, мэдээллийг гаргах, тайлагнах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд улс орны өмнө тулгамдсан дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах; төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх; концессын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд Хороо, хорооны даргад, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд, Танхимд мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх зарчмаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хороо, тус хорооны дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон дотоод, гадаадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгуулага, төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.3. Төрийн захиргааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд Хорооны захиргааны удирдлагын манлайллыг хангах; хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх; төрийн өмчийн үндсэн хөрөнгийн хөдөлгөөнийг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, хорооны даргыг өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө, шийдвэрийн хувилбар, мэдээллээр хангах; тушаал, үүргийн биелэлтийн тухай мэдээллээр дарга, ажилтнуудыг хангах; хорооны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, хэтийн болон жилийн ажлын төлөвлөгөө, Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ажлын байрны тодорхойлолт зэрэг удирдлага-төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн гаргах, энэ талаархи мэдээллээр хангах; Хорооны үйл ажиллагаатай холбоотой тайлан, илтгэл, танилцуулга, мэдээллийг нэгтгэн боловсруулах, ажилтнуудын нийгмийн болон мэргэжил дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх; төрийн албаны тоо бүртгэл хөтлөх, ажилтнуудын хувийн хэргийг бүрдүүлэх, "Үр дүнгийн гэрээ", "Хөдөлмөрийн гэрээ", "Контракт" байгуулах, дүгнэх, ажилтнуудыг шагнаж урамшуулах, хариуцлага тооцох ажлыг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг хариуцах; хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, вэб хуудас, интернет, интранет, дотоод сүлжээ, техник хэрэгслийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах; бичиг хэрэг, архивын ажлыг эрхлэн хөтлөх; төрийн өмчийн эд хөрөнгийн түрээс, өмч хувьчлалын орлогын гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд гаргах; хорооны нягтлан бодох бүртгэл, санхүү, аж ахуйн ажлыг эрхлэн гүйцэтгэх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн дотор хууль тогтоомж, эрх зүйн холбогдолтой шийдвэрийн төсөл боловсруулах; нийтээр болон хорооны хэмжээнд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, бүртгүүлэх; Хорооны тогтоол болон даргын тушаал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулах гэрээ, хэлэлцээр, бусад баримт бичиг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, санал дүгнэлт гаргах, зөвлөх, бүртгэх; шүүх, хууль хяналтын байгууллагад хорооны эрх ашгийг хамгаалах, хороог төлөөлөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хариуцагчаар оролцох; Хорооны хурлын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах, тогтоол, тэмдэглэлийг хянах, ёсчлох; хууль тогтоомжийн бүртгэл, лавламж, мэдээллийн санг хөтлөх, баяжилт хөдөлгөөн хийх, хорооны ажилтнуудыг шаардлагатай хууль тогтоомж, дүрэм, журмаар хангах; хорооны бүрэн эрхэд хамаарах хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг тогтоосон хугацаанд нэгтгэх, тогтоол, шийдвэрийн биелэлтийн тухай мэдээллээр дарга, ажилтнуудыг хангах, тайлан, мэдээллийг холбогдох байгуулагад хүргүүлэх зэрэг чиг үүрэгтэй нэгж ажиллаж болно.
Энэ нэгжийн дотор төсөвт байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа барилга, байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, үндсэн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар бодлого, шийдвэрийн хувилбар боловсруулах, шийдвэрийн гүйцэтгэлийг хянах; Хорооны болон төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, дүгнэх; төсөвт байгууллага, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, тооцож баталгаажуулах хүсэлтийг хянан шийдвэрлүүлэх, хяналт тавих; төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах) саналыг хянаж шийдвэрлүүлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгийн хөдөлгөөнийг бүртгэлд тусгах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгө, төрийн өмчит хуулийн этгээдийн худалдан авах үндсэн хөрөнгийн санал, захиалгыг хүлээн авч нэгтгэх зэрэг чиг үүрэгтэй нэгж ажиллаж болно.
Энэ нь захиргааны удирдлагын манлайллыг хангах; хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, хууль тогтоомж, шийдвэрийн гүйцэтгэлд тавих эрх зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх; төрийн өмчийн үндсэн хөрөнгийн хөдөлгөөнийг зохион байгуулахтай холбогдсон шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд Хороо, хорооны даргад, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд, Танхимд мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх зарчмаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хорооны гишүүд, хорооны дарга, хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн албаны зөвлөл, холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хууль хяналтын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.
3.3.4. Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хадгалж хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийх; төрийн өмчийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх; төрийн өмчийн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах үндсэн үүрэг хүлээж, төрийн өмчийн хяналт шалгалтын ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох, үр дүнг сайжруулах талаар бодлого, шийдвэрийн хувилбар боловсруулах; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд графикт болон хуулийн этгээд, иргэдээс ирсэн гомдлын мөрөөр хяналт шалгалт хийх, шалгалтын дүнг үндэслэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, илэрсэн төлбөр, зөрчлийг арилгуулах, тайлагнах; төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалттай холбоотой Төрийн өмчийн хорооны газар, хэлтэс, тухайн хуулийн этгээдийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөл, Удирдах зөвлөл, Хянан шалгах зөвлөлийн шийдвэрийн эрх зүйн үндэслэл, үр дагаврыг шалгаж, шаардлагатай асуудлаар дүгнэлт, санал боловсруулах, шийдвэрлүүлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн дотор төрийн өмчийн бүртгэл, мэдээлэл, хяналт-шинжилгээг боловсронгуй болгох, үр дүнг сайжруулах талаар бодлого, шийдвэрийн хувилбар боловсруулах; төрийн өмчийн тооллого зохион байгуулах, дүнг тайлагнах, төрийн өмчийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, эд хөрөнгийн өөрчлөлт, хөдөлгөөнийг бүртгэлд тусгах, судалгаа, дүгнэлт хийх, лавлагаа өгөх; улсын төсвийн байгууллагатай төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших гэрээ байгуулах, гэрээг дүгнэх; төрийн болон орон нутгийн өмчийн хоорондын шилжилт хөдөлгөөнийг хийх, төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд, орон нутгийн өмчөөс төрийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх асуудлыг судлан санал боловсруулж шийдвэрлүүлэх; орон нутгийн өмчийн албад, мэргэжилтнүүдэд өмчийн бүртгэл, мэдээлэл, хяналт шинжилгээний асуудлаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх; төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн нэгдсэн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэх, шинжилгээ, дүгнэлт хийх; төрийн өмчтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, аж ахуйн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа болон хорооны даргын даалгаснаар холбогдох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зэрэг чиг үүрэгтэй нэгж ажиллаж болно.
Энэ нь төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хадгалж хамгаалах үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийх, төрийн өмчийн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх, төрийн өмчийн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулахтай холбогдсон шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд Хороо, хорооны даргад, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд, Танхимд мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх зарчмаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хороо, хорооны дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, салбарын болоод бусад аж ахуйн нэгж, иргэд байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A