- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- КАССЫН МАШИН АШИГЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 14 дүгээр тогтоолын хавсралт
КАССЫН МАШИН АШИГЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Энэ журмын зорилго нь худалдаа, үйлчилгээг бэлэн мөнгөөр хийж байгаа кассын машин хэрэглэгчийг татварын албанд бүртгэх болон кассын машин ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээг бэлэн мөнгөөр хийж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь кассын машин хэрэглэгч байна.
3. Кассын машин хэрэглэгчийг үндэсний татварын алба бүртгэнэ.
4. Эрх бүхий байгууллагаас баталсан техник, стандартын шаардлага хангасан, Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг зөвшөөрсөн, санах ой бүхий, бэлэн мөнгөний гүйлгээ хийх зориулалттай тоног төхөөрөмжийг кассын машин гэнэ.
Хоёр. Кассын машинд тавих шаардлага
5. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах кассын машины улсын стандарт, чанарын баталгаажуулалтыг Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн дагуу Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв тогтоож, байнгын хяналт тавина.
6. Кассын машин нь дараахь тусгай шаардлага хангасан байна:
а/тасалбар дээр аж ахуйн нэгж, байгууллага (дэлгүүр)-ын нэр, татвар төлөгчийн дугаар, тасгийн дугаар, тухайн кассын машины үйлдвэрийн дугаар, гүйлгээ хийгдсэн дугаар, он, сар, өдөр гэх мэт мэдээллийг тэмдэглэх боломжтой байх;
б/тасалбарын мөр тус бүрт 24 үсэг тэмдэгтээр, барааны үнийг 8 орноос дээш тоогоор оруулах боломжтой байх;
в/тэжээлээс үл хамааран мэдээллийг удаан хугацаагаар хадгалах санах ойн байгууламжтай байх;
г/нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг тасалбар дээр тусад нь ялгаж бичдэг байх;
д/санах ойг 5 жилээс доош хугацаанд сольдоггүй байх;
е/мөнгө хураагчийн буруу үйлдэл болон бусад буруу (хяналтын лент тасрах) ажиллагааны алдааг дохио өгч мэдээлдэг байх;
ж/татварын байцаагч, эрх бүхий байгууллагын ажилтан, кассын ажилтан тус тусын нууц түлхүүрээр кассын машинд нэвтэрдэг байх;
з/мөнгөн дэвсгэрт болон зоосны тасалгаа бүхий мөнгөний хайрцагтай байх;
и/мөнгө буцааж олгох буюу тасалбарыг хүчингүй болсныг тэмдэглэж болдог байх.
Гурав. Кассын машин хэрэглэгчийн эрх, үүрэг
7. Кассын машин хэрэглэгч дараахь эрхтэй байна:
а/кассын машины хэвийн үйл ажиллагаа алдагдах буюу эвдэрсэн тохиолдолд техникийн засвар, үйлчилгээ хариуцсан ажилтанг дуудах;
б/хэрэглэгчээс үл хамаарах шалтгаанаар кассын машиныг ажиллуулах боломжгүй (цахилгаан тасрах гэх мэт) тохиолдолд харьяалагдах татварын албанаас олгосон гар тасалбараар худалдаа, үйлчилгээ явуулах.
Гар тасалбарын загварыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална.
8. Кассын машин хэрэглэгч дараахь үүрэгтэй байна:
а/кассын машин ашиглаж эхлэхээс өмнө харьяалагдах татварын албанд бүртгүүлэх;
б/кассын машин алдаатай, буруу ажилласан, эвдэрсэн тохиолдолд шалтгааныг тодорхойлон акт үйлдэж харьяалагдах татварын албанд 72 цагийн дотор мэдэгдэх;
в/кассын машиныг зориулалт, тогтоосон дүрэм, журмын дагуу ашиглах;
г/бэлэн мөнгөний гүйлгээ хийснийг гэрчлэх кассын машинаар боловсруулсан тасалбарыг үйлчлүүлэгчид олгох;
д/татварын албанаас хяналт, шалгалт хийхээр томилогдсон эрх бүхий татварын улсын байцаагч, кассын машины засвар үйлчилгээ хариуцсан ажилтныг кассын машин дээр ажиллахад саад учруулахгүй байх, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
е/барааны үнийг бараа тус бүр дээр үнэн зөв бичиж тэмдэглэх, үйлчилгээний үнийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар байрлуулах, барааны үнийг нэмэгдсэн өртгийн татвартай бичнэ;
ж/эрх бүхий байгууллагаас кассын машинд тавьсан лац, ломбо, бусад тэмдэглэлийг хөдөлгөхгүй байх;
з/мөнгө хураагчийн дэвтэр хөтлөх. Тухайн өдрийн борлуулалтын хураангуй тасалбараа хадгалах;
Мөнгө хураагчийн дэвтрийн загварыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална.
и/худалдаа, үйлчилгээнд зураасан кодын систем нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
к/кассын машины паспорт бусад дагалдах бичиг, баримтыг хадгалах.
9.Кассын машин хэрэглэгчид дараахь зүйлийг хориглоно:
а/кассын машин ашиглахгүйгээр худалдаа, үйлчилгээ хийх;
б/кассын машины программыг дур мэдэн өөрчлөх.
Дөрөв. Татварын албаны эрх, үүрэг
10. Татварын алба дараахь эрхтэй байна:
а/Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөр чанарын баталгаажуулалт хийлгэж, шаардлага хангасан кассын машиныг бүртгэж, үйлчилгээнд ашиглах эрх олгох;
б/зөрчил байгаа эсэхийг шалгах зорилгоор хяналтын худалдан авалт хийж, илэрсэн зөрчлийн талаар тайлбар, лавлагаа гаргуулах;
в/энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад татварын хуулинд заасны дагуу торгууль ногдуулах бөгөөд банкны харилцах дансыг хаах, худалдаа, үйлчилгээ явуулах эрхийг нь сунгахгүй байх, шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагааг нь түр болон бүрмөсөн зогсоох асуудлыг холбогдох байгууллагад тавих.
11.Татварын алба дараахь үүрэгтэй байна:
а/иргэн, аж ахуйн нэгж, байгууллага кассын машин ашиглахгүйгээр гүйлгээ хийж байгаа болон кассын машины ашиглалтад хяналт тавих, зөрчлийг арилгуулах;
б/үйлчлүүлэгчдэд борлуулалтын тасалбар олгож байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах.
Тав. Кассын машин худалдах, түүнд засвар
үйлчилгээ хийх
12. Кассын машин худалдах, түүнд засвар, үйлчилгээ хийх аж ахуйн нэгж, байгууллагыг Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар томилогдсон комисс сонгон шалгаруулна.
13. Аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахад дор дурдсан зүйлийг харгалзан үзнэ:
а/энэ журмын 5, 6 дугаар заалтад дурдсан шаардлагыг хангасан байдал;
б/техникийн найдвартай ажиллагаа;
в/программ хангамжийг монголын нөхцөлд тохируулсан байх;
г/үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн энэ чиглэлд ажилласан туршлага;
д/засвар, үйлчилгээг бүрэн хариуцан хийх, сэлбэг хэрэгслээр хангах, кассын машины болон сэлбэг хэрэгслийн үнэ харьцангуй хямд байх.
14. Кассын машин худалдах, түүнд засвар, үйлчилгээ хийхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай Үндэсний татварын ерөнхий газрын дарга гэрээ байгуулна.
15. Кассын машин ашиглах журмыг зөрчсөн этгээдэд татварын улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A