- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /2001 оны 108-р тогтоолоор хүчингүй/
Засгийн газрын 2000 оны 93 дугаар
тогтоолын хавсралт
ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /2001 оны 108-р тогтоолоор хүчингүй/
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Амьжиргааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
Үндэсний статистикийн газраас 1998 онд явуулсан хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааны дүнгээр ядуу, нэн ядуу амьдралтай 849,0 мянган хүн байгаа нь 1995 оныхоос 2,6 хувь буюу 21,8 мянган хүнээр нэмэгдэж, нийт хүн амын 36 хувийг эзэлж байна. Түүнчлэн ядуурлын ирмэгт байгаа амьдралын чадавхи сул иргэд хүн амын 26 хувийг эзэлж байгаа нь нийт хүн амын 60 орчим хувь нь амьдралын чадавхи сул, ядуу, нэн ядуу түвшинд амьдарч байна гэсэн үг юм.
¹
|
Амьжиргааны түвшин
|
Хүн амд эзлэх хувь
|
1
|
Амьдралын чадавхи сайтай
|
16
|
2
|
Амьдралын чадавхи дунд
|
22
|
3
|
Амьдралын чадавхи сул
|
26
|
4
|
Ядуу
|
16
|
5
|
Нэн ядуу
|
20
|
|
Дүн
|
100
|
/Хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгаа 1998 он/
Улсын хэмжээгээр хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлт 64,4 хувь байхад эмзэг бүлгийн хүн амын хөдөлмөр эрхлэлт 37,6-48,3 хувь байгаа нь улсын дунджаас 16,7-27,4 пунктээр доогуур байна.
Ядуурал, ажилгүйдлийн 1999 оны улсын үзлэгийн дүнгээр ядуу хүн амын 44,8 хувь нь хөдөлмөрийн насны хүн ам, үүнээс 42 хувь нь ажилтай, 48 хувь нь ажилгүй, 4 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 6 хувь нь суралцагсад байна.
Хөдөлмөр эрхэлдэггүй ядуу хүмүүсийн 56 хувь нь огт мэргэжилгүй байна.
Хөдөлмөр эрхэлдэг ядуу хүмүүсийн 20 орчим хувь нь төсвийн байгууллагад, 10 хувь нь төрийн өмчийн бусад байгууллагад, 25 шахам хувь нь хувийн хэвшилд тус тус хамрагдаж байгаа бөгөөд 47 хувь нь ардын аж ахуйтнууд байна.
Хэдийгээр төсвийн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ 50000 төгрөгт хүрсэн ч энэ нь өнөөгийн хэрэглээний шаардлагын түвшинд хүрч, тэдний ам бүлийг тэжээх, ядуурлаас хамгаалах хэрэгсэл болж хараахан чадахгүй байна.
Ядуу хүмүүсийн эрүүл мэндийн байдал илт доройтож өвчлөлд өртөх эрсдэл нь ихэссээр байна. Ялангуяа халдварт өвчнөөр өвчлөгсдийн дотор эмзэг бүлгийн хүн амын эзлэх хувь жилээс жилд өсч байна.
Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн иргэд хоол хүнсний байнгын хомсдолд орж, өлмөн зэлмэн байдалд аж төрж байна. Монгол хүний өдөрт хэрэглэх хоол тэжээлийн илчлэгийн зохистой нормыг 2900 калори гэж тогтоосон бол ядуу өрхийн гишүүд өдөрт дунджаар 1784 калори авч байна. Эмзэг бүлгийн өрхийн амьжиргааны өнөөгийн байдал нь "ядуурал-өлсгөлөн-өвчин" гэсэн гинжин холбоог үүсгэж байна.
Ядуу амьдралтай өрхийн хүүхдүүдэд боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэхэд ихээхэн бэрхшээл учирч байна.
Ядуурлын улмаас хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэгсэл худалдан авч чадахгүй байгаа өрхийн тоо өсч, хөдөө орон нутагт ядуу өрх хүүхдийнхээ байр, хоолны зардлыг төлж чадахгүй болсон зэрэг нь сургууль завсардалт нэмэгдэхэд нөлөөлж байна.
1994-2000 онд тус улсад анх удаа Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг төвлөрлийг сааруулах зарчим, олон нийтийн оролцоонд тулгуурлан гадаад орон, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр нийгмийн амьдралд шилжилтийн үеийн сөрөг үр дагавар болон гарч ирсэн ядуурлын асуудлыг бодлогын хэмжээнд тодорхойлж, чиглэсэн зорилго, зорилт бүхий үйл ажиллагааг явуулах, ядуу хүмүүсийн гутранги сэтгэл зүйг өөрчилж хийж бүтээснээрээ амьдралаа өөрөө өөд нь татах үзэл бодлыг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, ядуурлыг бууруулж, түүнийг газар авахуулахгүй байхын төлөө үйлсэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн анхаарал, хүчийг төвлөрүүлж өгсөн юм.
Гэвч ядуурлыг бууруулахад чиглэсэн төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мэдээлэл, сурталчилгаа, сургалт, судалгааны нэгдсэн тогтолцоо бий болгох, ядуу хүмүүсийг амьдрах арга ухаанд сургаж, мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, ядуурлыг бууруулах сангаас олгосон зээлийн үр дүн, эргэн төлөлтийг тооцох хяналтыг сайжруулах талаар дутуу анхаарснаас уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явц саарч, хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй нь дараагийн шатны ажилд томоохон сургамж болж байна.
Иймд 1994-2000 онд хэрэгжсэн Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны дараагийн шатны үргэлжлэл болох Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/-ийг Засгийн газраас батлан гаргаж байна.
2.Хүний хөгжлийн хүчин зүйл, чадавхийг дэмжин хөгжүүлэхэд шаардагдах эдийн засаг, нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүрээг өргөжүүлэх замаар амьжиргааны доод түвшнээс бага орлоготой өрхийн амьжиргааг сайжруулах, ядуурлын ирмэгт байгаа өрхийг ядууралд орохоос урьдчилан сэргийлэх нь хөтөлбөрийн үндсэн зорилго юм.
3.Хөтөлбөрийг дор дурдсан үндсэн зарчим дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:
а/хот, хөдөө, хүн амын бүлгийн болон өрхийн онцлог байдалд тохирсон ядуурлыг бууруулах ялгавартай бодлого, арга хэмжээ авах;
б/өмчийн бүх хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
в/хөрөнгийн зарцуулалт, бүрдүүлэлтэд орон нутгийн оролцоог эрчимжүүлж, төвлөрлийг сааруулах;
г/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс, орон нутгийн хөгжлийн бодлого, бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулах;
д/санхүүгийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг хүртээмжтэй, үр ашигтайгаар урамшуулан хуваарилах;
е/жендерийн асуудлыг харгалзах;
ж/үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, мэдээллийн урсгалыг сайжруулах.
Гурав.Хөтөлбөрийн хамрах хүрээ,үйл ажиллагааны
үндсэн чиглэл, зорилт
А.Нийгмийн хүрээ
4.Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар шийдвэрлэх зорилт:
Эрүүл мэндийн үйлчилгээний болон эм хангамжийн хүртээмж, чанарыг сайжруулан, алслагдсан орон нутагт хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлснээр эх, нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралтыг бууруулахад нөлөөлнө.
5.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/сумын эмнэлэг, эхчүүдийн төрөхийн өмнөх байрыг засварлах, тохижуулах, халаалт, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;
б/багийн болон өрхийн эмч нарыг унаа, эмнэлгийн анхны тусламжийн эм, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх;
в/баг, өрхийн эмчээс өрх бүрт хүрч үйлчлэх үйл ажиллагааг бүх талаар дэмжиж туслах;
г/5 хүртэл насны хүүхдийн хоол тэжээлийн хангамж, бүтцийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
6.Боловсролын хамрах хүрээг өргөжүүлэх талаар шийдвэрлэх зорилт:
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тогтолцоог бэхжүүлэх, түүнд хамрагдах ядуу өрхийн хүүхдийн тоог нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьдрах арга ухаан, бизнесийн мэдлэг олгоход дэмжлэг үзүүлнэ.
7.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд туслах;
б/тахир дутуу хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулах, ердийн хүүхэдтэй хамт сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
в/малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх, тэднийг хөгжүүлэх чиглэлээр богино хугацааны төвлөрсөн бэлтгэл сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
г/нэн ядуу амьдралтай өрхийн сургуулийн насны хүүхдийг хувцас, хичээлийн хэрэгслээр хангахад туслах;
д/сургууль завсардсан хүүхдүүдэд нөхөн боловсрол олгох бүх хэлбэрийг дэмжин, хичээлийн болон дотуур байрыг засварлах, халаалт, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэх, багийн сургууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
е/амьдрах арга ухаан, бизнес, зах зээлийн мэдлэг олгох нийтийг хамарсан сургалт явуулах нөхцөл бүрдүүлэхэд туслах;
ж/сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг өгөх;
8.Ахмад настнуудын мэдлэг, чадвар, ажил амьдралын туршлагыг үр өгөөжтэй ашиглах талаар шийдвэрлэх зорилт:
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ахмадын байгууллага болон өндөр мэдлэг чадвартай, ажил амьдралын туршлагатай ахмадуудыг өргөнөөр оролцуулж, тэдний туршлага, ардын уламжлалт ёс заншлыг айл өрхүүдэд өвлүүлнэ.
9.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/орон нутгийн мэдээлэл, сургалт, судалгаа, сурталчилгааны төвүүдэд ахмадуудыг өөрсдийнх нь хүсэл, сонирхлын дагуу сонгон шалгаруулж ажиллуулах;
б/мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, хууль эрх зүй, амьдрах арга ухааны сургалт зохион байгуулахад ахмадуудыг өргөнөөр оролцуулах;
в/өндөр мэргэжил, ажлын дадлага туршлагатай ахмадуудыг тодорхой болзол, гэрээгээр халамжлан хүмүүжүүлэгч буюу зөвлөхөөр ажиллуулах хөдөлгөөнийг өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад өрнүүлэх.
Б.Эдийн засгийн хүрээ
10.Ажлын байр бий болгох талаар шийдвэрлэх зорилт:
Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай ажилгүй иргэдэд ажлын байр, орлогын байнгын эх үүсвэр бий болгож, бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлнэ.
11.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, хөдөлмөрийн чадвартай болон тахир дутуу иргэдэд зориулсан байнгын ажлын байр бий болгоход туслалцаа үзүүлэх;
б/сумдад соёл, ахуйн үйлчилгээний цэг, салбарыг сэргээх, шинээр зохион байгуулах замаар ажлын байр бий болгох асуудлыг шийдвэрлэхэд туслах;
в/Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгсөн салбарт хийгдэх хөдөлмөр зарцуулалт ихтэй, цаг үеийн шинж чанартай богино хугацааны нийтийг хамарсан ажлыг дэмжихэд чиглэсэн түр ажлын байр олноор бий болгох;
г/орон нутгийн эрэлт хэрэгцээг хангах жижиг бизнесийг төрөл бүрийн хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
12.Жижиг зээлийн үйлчилгээг хөгжүүлж иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар шийдвэрлэх зорилт:
Орон нутагт мөнгөний эргэлтийг сайжруулах, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, зээл, санхүүгийн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлнэ.
13.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/жижиг зээлийг үе шаттайгаар, тодорхой урамшуулагч хөшүүрэгтэйгээр хэрэгжүүлэх;
б/зээлийн эргэлтийн сан бий болгох, түүнийг эрсдэлээс хамгаалах;
в/хадгаламж зээлийн хоршоо, дундын сан байгуулах санал, санаачилгыг дэмжиж өрнүүлэх;
г/барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг өргөжүүлэхэд туслах.
14.Огт малгүй буюу цөөн малтай өрхийг малжуулах талаар шийдвэрлэх зорилт:
Амьжиргааны доод түвшингээс бага орлоготой огт малгүй буюу цөөн малтай иргэдийг мал маллагааны арга барилд сургаж малжуулна.
15.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/олон малтай /мянгат малчин гэх мэт/ айл өрхтэй гэрээ байгуулан ядуу иргэдийг туслах малчнаар ажиллуулах, багш шавийн барилдлагаа бий болгох арга хэлбэрийг хөгжүүлэн дэмжих;
б/тодорхой нөхцөл, болзлын үндсэн дээр цөөн малтай айл өрхийг малжуулах үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах;
в/огт малгүй ядуу өрхөд мал худалдан авч өгч, гэрээгээр, тодорхой хугацаатайгаар үр төлөөр нь малжуулах арга хэмжээ авах.
В.Байгаль орчны хүрээ
16.Байгаль орчны хүрээнд шийдвэрлэх зорилт:
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх замаар өрх бүр эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
17.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/худаг, булаг, шандны усыг бохирдлоос хамгаалахад малчид өөрсдөө болон мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх;
б/ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэх сургалтыг хот, суурин газрыг тохижуулах хөдөлгөөнтэй холбон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
в/шатсан ойг цэвэрлэж түлшний мод бэлтгэх, мод, бут, сөөг тарих замаар түүнийг нөхөн сэргээх, цөлжилтөөс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах байгууллага, иргэдийн санал санаачилгыг дэмжих;
г/хот, суурин газрын агаар, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин туслах;
д/байгаль орчинтой зүй зохистой харьцах, хамгаалах, байгаль орчинд хохирол учруулахгүйгээр өрхийн амьжиргаагаа сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн санал, санаачилгыг дэмжин бодит туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ туршлагыг нь нэвтрүүлэх талаар сургалт, сурталчилгаа өргөнөөр зохион байгуулах.
Г.Мэдээлэл, судалгаа, сургалт,
сурталчилгааны хүрээ
18.Өрхийн амьжиргааны мэдээллийн сүлжээг бий болгох талаар шийдвэрлэх зорилт:
Төр, засгийн бодлого, хөтөлбөрүүдийн өрх, хүн амын амьжиргаанд нөлөөлж буй байдлыг үнэлж дүгнэх, амьжиргааны түвшний өөрчлөлтөд судалгаа хийж мэдээллээр хангах тогтолцоо бүрдүүлнэ.
19.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/удирдлагын мэдээлэл, судалгааны бие даасан нэгж /төв/-ийг байгуулах, нийгмийн хамгааллын мэдээллийн сүлжээнд тулгуурласан мэдээллийн төвийг орон нутагт бий болгох;
б/орон нутагт ядууралд орсон болон орж болзошгүй өрхийн социологийн судалгаа явуулах;
в/хөтөлбөрийн хүрээнд болон хөтөлбөртэй холбоотой чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, буяны байгууллага, иргэдийн талаархи мэдээллүүдийг нэгтгэн сурталчилах, түүнд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернетийн сүлжээг ашиглах;
г/хууль тогтоомжийн талаархи сурталчилгааг тогтмолжуулж, байгууллага, иргэдийг хэрэгцээт гарын авлага, материалаар хангах;
д/зээлийн эргэлтийн сангийн байдалд хяналт тавих, тухайн үеийн бодит байдлыг тодорхойлох, үнэлгээ хийх, тогтмол үнэн зөв мэдээллээр хангах.
20.Амьдрах арга ухааны болон мэргэжлийн богино хугацааны сургалтын талаар шийдвэрлэх зорилт:
Амьжиргааны доод түвшингээс бага орлоготой, хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэдэд амьдрах арга ухааны үндсэн мэдлэг болон тусгай мэргэжил олгох, дээшлүүлэх, богино хугацааны сургалт зохион байгуулна.
21.Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/орон нутагт мэдээлэл, сургалт, судалгаа, сурталчилгааны төвүүдийг бий болгон ажиллуулахад онцгой ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэх;
б/орон нутгийн түвшинд сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажлын байрны эрэлт, хэрэгцээтэй уялдуулан мэргэжлийн сургалт явуулах;
в/мэргэжлийн сургалт зохион байгуулах арга зүйг боловсронгуй болгож, мэргэжлийн сургалт удирдан явуулах багшлах боловсон хүчнийг давтан болон шинээр бэлтгэх;
г/иргэдийн хууль эрх зүйн болон техник, технологи, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх;
д/мэргэжлийн богино хугацааны болон амьдрах арга ухааны сургалтуудыг зохион байгуулах чадвартай аж ахуйн нэгж, байгууллага, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, төрийн бус байгууллагуудын материаллаг баазыг түшиглүүлэн сургалт явуулах, материаллаг баазыг нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
22.Өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар шийдвэрлэх зорилт:
Өрхийн амьжиргааны чадавхийг сайжруулах, ядуурлыг бууруулах үйл хэрэгт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар дотоод нөөц бололцоогоо илрүүлэн бүрэн ашиглаж, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, буяны байгууллага, иргэдийн санаачилга, үйл ажиллагааг дэмжиж эрчимжүүлнэ.
23.Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үүрэг, оролцоо:
а/үйлдвэрлэлээ өргөтгөж, ажлын байр нэмэгдүүлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагаас санаачилга гаргах;
б/ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор үйлдвэрлэлийн ашгаас нийгмийн хөгжлийн сан, цэцэрлэг, ясли, амралт сувилал байгуулах, туслах аж ахуй хөгжүүлэх, орон сууц барих хөдөлгөөнийг аж ахуйн нэгжүүдэд өрнүүлэх;
в/ажиллагсдын мэдлэг, боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарах, давтан сургах, мэргэшүүлэх;
г/ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлд онцгой анхаарах, тэднийг эрүүл мэндийн болон бусад даатгалуудад бүрэн хамруулах;
д/хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг үйл ажиллагаандаа нарийн чанд мөрдөх, ялангуяа тахир дутуу хүмүүст ажлын байр бий болгох, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гаргасан санаачилгыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллах;
е/сул чөлөөтэй ажлын байранд амьжиргааны доод түвшингээс бага орлоготой иргэдийг авч ажиллуулах санаачилга гарган тэдний амьжиргааг дээшлүүлэх талаар бодит туслалцаа үзүүлэх, авсан арга хэмжээний үр дүнг нийтэд мэдээлж сурталчилах.
24.Төрийн бус байгууллагуудын оролцоо:
а/амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүдийг нийгмээс асруулагчид биш улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, амьдрах арга ухаан, хөдөлмөр эрхлэх арга барилд сургах сургалтууд зохион байгуулах;
б/иргэдийг зээл тусламжид хамрагдах, хөдөлмөр эрхлэхэд нь туслах, зуучлах, тэдэнд зөвлөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
в/олон нийтийн санаа бодлыг судлах, эрэлт хэрэгцээг тодорхойлох арга хэмжээ авах, өрхийг дэмжих чиглэлийн төсөл боловсруулж хэрэгжүүлэх талаар санаачилга гаргах;
г/Засгийн газар, төрийн бус байгууллагуудын түншлэлийг өргөжүүлж нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг тэтгэхэд чиглэсэн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад сонгон шалгаруулалтаар шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх хэлбэрийг үр бүтээлтэй ашиглах.
25.Үндэсний шашны болон буяны байгууллагын оролцоог төрөөс дэмжих үйл ажиллагаа:
а/шашны байгууллагуудаас иргэдэд өөрийгөө дайчлах, амьдралын бэрхшээлийг даван туулах талаар үзүүлж байгаа оюун санааны дэмжлэг, ариусал, буруу нүгэлт үйлээс урьдчилан сэргийлэх, амьдрах итгэл нэмэгдүүлэх, өөдрөг, шударга нийгэмч сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлийн үйл ажиллагааг төрөөс сайшаан дэмжих;
б/сүм хийдүүд, буяны байгууллагаас ядууст зориулсан буяны хишиг өдөртэй болох, бусад халамжийн үйлчилгээ үзүүлэх санаачилгыг дэмжих;
в/ядуу хүмүүст туслах, тэднийг дэмжих асуудалд амьдралын чадавхи сайтай, чинээлэг хэсгийнхний анхаарлыг хандуулах талаар дээрх байгууллагаас зохиох үйл ажиллагааг дэмжих;
г/төрийн үйл ажиллагааг дэмжих талаар шашны болон буяны байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэх, олон түмэнд сурталчилах.
26.Айл өрх, иргэдийн оролцоо:
а/чинээлэг айл өрхүүд ажил эрхлээгүй иргэдтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх /мал маллуулах, хашаа, байшин бариулах, хадлан, тэжээл бэлтгүүлэх, малын ашиг шим, түүхий эд ашиглах, боловсруулах, туслах аж ахуйд ажиллуулах, орцны жижүүр манаа хийлгэх, гэрийн ажилд туслуулах, хүүхэд асруулах, сурагчдын хичээл давтуулах, засвар үйлчилгээ хийлгэх, ачаа бараа татуулах, буулгах гэх мэт/ санаачилгыг дэмжих;
б/өнчин, тэнэмэл хүүхдэд халамж, туслалцаа үзүүлэх, тэдгээр хүүхдийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;
в/үр хүүхэддээ байнга анхаарал халамж тавьж, тэдэнд ажил, хөдөлмөр эрхлэх идэвх, сонирхлыг төлөвшүүлэн, амьдрах арга ухаанд сургаж, сурч боловсрох, мэдлэг мэргэжил эзэмших нөхцөл бололцоогоор хангах;
г/баг, хороо, сумын хэмжээнд өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, ядуу өрхийг малжуулах, үйлчилгээ эрхлүүлэх, хандив, тусламж үзүүлэх талаар бодлого гарган хэрэгжүүлэх, хийсэн ажлын үр дүнг дүгнэж, цаашдын зорилгыг тодорхойлох, өрхийн чуулга уулзалт зохион байгуулж хэвших;
д/Засгийн газраас явуулж буй бодлого, хөтөлбөртэй танилцах, тэдгээрт хамрагдах, ажиллах саналаа хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгүүлэх, төсөл боловсруулан зээл авч хэрэгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, суралцах, эрүүл мэндээ даатгуулах, хувиараа хөдөлмөр эрхлэх зэргээр өрхийн амьдралаа сайжруулахын төлөө бүтээлчээр идэвхийлэн ажиллах;
е/өрхийн бий болгож байгаа ажлын байрны талаархи мэдээллийг статистик мэдээлэлд оруулах;
ж/ардын аж ахуйтнууд фермерийн аж ахуй болон өргөжих;
з/Ногоон хувьсгал, Цагаан хувьсгал үндэсний хөтөлбөрийн шугамаар өрхийн аж ахуйг хөгжүүлэх;
и/ажлын байр олноор бий болгож, бие биедээ байнга тусалж байгаа иргэд, айл өрхийг алдаршуулах, урамшуулах.
Тав.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа, хүрэх
үр дүн, санхүүжилт
27.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа:
а/өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр нь 2000-2005 онуудыг хамарч 6 жилийн хугацаагаар 2 үе шаттайгаар үргэлжлэн явагдана;
б/эхний үе шат нь 2000-2002 онд 3 жил үргэлжлэх ба дунд хугацааны үнэлгээгээр хөтөлбөрт тодотгол хийж нэмэлт өөрчлөлт оруулж болно. Хоёрдахь үе шат нь 2003-2005 онд үргэлжлэн явагдаж хөтөлбөрийн үр дүнг тооцно.
28.Хүрэх үр дүн:
а/төрийн захиргааны төв, орон нутгийн бүх шатны байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, айл өрх, иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын хүчин чармайлт, нэгдмэл үйл ажиллагаа, гадаад орон, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааны үр дүнд хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрхийн тоо 1999 онтой харьцуулахад 2003 оны эцэст 20, 2005 оны эцэст 40 хувиар тус тус буурсан байх;
б/амьдралын чадавхи сул өрхийн амьдралын байдалд эерэг өөрчлөлт гарч, амьдралын чадавхи дунд ангилалд шилжих өрхийн тоо нэмэгдсэн байх;
в/өрхийн амьдрал дахь эрх зүйн зохицуулалт ихэсч, татвар төлөгчид, нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээ өргөжихийн хэрээр амьжиргаа нь дээшилсэн иргэдээс улс орны хөгжилд оруулах хувь нэмэр нэмэгдэх;
г/ажиллах хүчний нөөц өсч, ажлын байр нэмэгдсэнээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хүрээн дэх ажлын байр эрсдэлээс хамгаалагдсан байх;
д/нийт өрхийн 80-аас доошгүй хувь нь амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээгээ хангахад шаардагдах орлогын эх үүсвэртэй болсон байх;
е/орон нутагт мэдээлэл, сургалт, судалгаа, сурталчилгааны төв, мэдээллийн сүлжээ бий болсноор тодорхой мэргэжилгүй, боловсрол багатай, хөдөлмөрийн насны 300,0 мянган иргэдийг төрөл бүрийн сургалтад хамруулах.
29.Санхүүжилт:
Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад бий болсон зээлийн эргэлтийн санг үргэлжлүүлэн ашиглах, улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргах, гадаадын хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын урт хугацааны хөнгөлөлттэй зээл, тусламжийг нэмэгдүүлэх, төрийн бус байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, буяны байгууллага, иргэдийн оролцоог эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоо илрүүлэн дайчлах замаар бүрдүүлнэ.
30.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр:
а/орон нутагт бий болсон зээлийн эргэлтийн сан;
б/улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
в/хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл тусламж;
г/төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар бүрдүүлэх зээл, тусламж, хандивын хөрөнгө;
д/хөрөнгийн бусад эх үүсвэр.
Зургаа.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,
зохион байгуулалт, мониторинг
31.Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх зорилт:
Хөтөлбөрийг улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан, төрийн захиргааны төв, орон нутгийн болон төрийн бус байгууллага, гадаадын хандивлагчид, эзэд, хоршооллогчид, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс, иргэдийн дэмжлэг, оролцоотойгоор хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна.
32.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын бүтэц:
а/хөтөлбөрийн удирдах дээд байгууллага нь Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо" гэх/ байна. Үндэсний хороог Ерөнхий сайд удирдана;
б/Үндэсний хороо нь орон тооны бус байгууллага бөгөөд Засгийн газар, яамд, төрийн бус байгууллага болон нийгмийн чиглэлийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөгчдөөс бүрдэнэ;
в/Үндэсний хороо нь хөтөлбөрийн хэрэгжилтийг улс орны нийгэм, эдийн засгийн бодлого, хүний хөгжлийн асуудлаархи бусад хөтөлбөрүүдтэй холбон авч үзэж цогцолбор үйл ажиллагаа явуулна;
г/орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцсан орон тооны бус Зөвлөлийг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэйгээр Засаг даргаар ахлуулан байгуулж ажиллуулна;
д/өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хорооны өдөр тутмын үйл ажиллагааг Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөрийн газар /цаашид "хөтөлбөрийн газар" гэх/ гардан зохион байгуулж, мэргэжлийн удирдлага, дотоодын хяналтаар төв, орон нутгийн байгууллагуудыг хангана;
е/Үндэсний хороо, орон нутгийн зөвлөл, хөтөлбөрийн газрын дүрэм, үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийн газрын ажлын байрны тодорхойлолтыг Үндэсний хорооны хурлаар тус тус хэлэлцэж батална;
ж/яамд нь хөтөлбөрийн хүрээнд эрхэлсэн асуудлын чиглэлээр бодлого боловсруулан Үндэсний хороотой зөвшилцөн үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж хэрэгжүүлнэ;
з/хөтөлбөрт тусгагдсан бодлогын шинжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах, хөрөнгө санхүүжилт олгохтой холбогдсон дүрэм, журам, бусад шаардлагатай баримт бичгийн төслийг хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцож байгаа тухайн хүрээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх ба тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг Үндэсний хорооны удирдлагын дор Хөтөлбөрийн газар, төслийн нэгжүүд хариуцан гүйцэтгэнэ;
и/Үндэсний хорооны дэргэд Судалгааны төв-Зөвлөлдөх хэсэг ажиллаж болно. Судалгааны төвийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, төслийн мэргэжилтнүүдийг оролцуулан Үндэсний хороо батална;
к/судалгааны төв нь эдийн засаг, нийгмийн асуудлуудын харилцан хамаарлыг төр, засгийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үйл ажиллагаатай уялдуулан судалж, тэдгээрийн өөр хоорондын эерэг болон сөрөг нөлөөллийг цогцолбороор авч үзэж мэдээллээр хангах чиглэлээр ажиллана;
л/Засгийн газар болон хандивлагчид нь хөтөлбөрийн газрын үйл ажиллагааны зардлыг хариуцна;
м/аймаг, нийслэл, дүүрэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцсан орон тооны ажилтан байна. Сумдад ийм бүтцийг Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаархи ажлын байрны нягтралыг сайжруулах замаар бий болгож ажиллуулна. Цаашид сумдад бие даасан бүтэц бий болгоход анхаарна.
33.Хөтөлбөрт хяналт, мониторинг хийх тогтолцоо:
а/хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх үүргийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн зөвлөлүүд, төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэдэх Мэдээлэл, үнэлгээ, хяналт, шинжилгээний албад хариуцна;
б/хөтөлбөрийн хяналт, мониторингийн үйл ажиллагаанд дэвшилтэт аргуудыг хэрэглэж, олон нийт, төрийн бус байгууллагуудыг өргөнөөр оролцуулна;
в/хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
Долоо.Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх
шалгуур үзүүлэлтүүд
34.Үндсэн шалгуур үзүүлэлт:
а/амьжиргааны чадавхи сул өрхийн амьдралын түвшинг бууруулахгүй аажмаар ахиулах чиглэл баримтлах /статистик үзүүлэлт /;
б/амьжиргааны доод түвшингээс бага орлоготой өрх, иргэдийн ахуй амьдрал дээшилсэн байх /чанарын үзүүлэлт/;
в/амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэд нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаанд орж амьдралаа баталгаажуулан, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж эхлэх /хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн түвшин, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын түвшин/.
а/эх, нялхсын эндэгдлийн бууралтын хувь;
б/материаллаг бааз, үйлчилгээний орчин нь сайжирсан эмнэлгийн тооны өсөлт;
в/дэмжлэг, туслалцаа авсан баг, өрхийн эмчийн тооны өсөлт;
г/эмийн хангамж, эмийн үйлчилгээний хүртээмж, чанарын өсөлт.
36.Боловсролын талаар хэрэгжүүлэх арга хэмжээг үнэлэх үзүүлэлтүүд:
а/сургуулийн өмнөх боловсролын тогтолцоонд шинээр хамрагдсан хүүхдийн тоо, үүнд тахир дутуу хүүхдүүдийн эзлэх хувь;
б/сургууль завсардалтын бууралтын хувь;
в/материаллаг бааз, сургалтын хөтөлбөр нь сайжирсан сургуулийн тооны өсөлт.
37.Ажлын байр бий болгох чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээг үнэлэх үзүүлэлтүүд:
а/бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэр, хөрөнгийн хэмжээ;
б/үйл ажиллагааг нь урамшуулан дэмжсэн жижиг, дунд үйлдвэрийн тооны өсөлт;
в/бий болгосон ажлын байрны тоо, үүнд эмэгтэйчүүд, тахир дутуу иргэд ажиллаж байгаа ажлын байрны тооны өсөлт.
38.Санхүүгийн жижиг зээлийн үйлчилгээ хөгжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг үнэлэх үзүүлэлтүүд:
а/бүрдүүлсэн нийт зээлийн сангийн хэмжээ;
б/шинээр байгуулагдсан санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг нэгжийн тоо;
в/зээл олгож бизнесийн үйл ажиллагааг нь урамшуулан дэмжсэн иргэдийн тоо, үүнд эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, тахир дутуу иргэдийн эзлэх хувь.
39.Малгүй болон цөөн малтай иргэдийг малжуулах арга хэмжээг үнэлэх үзүүлэлтүүд:
а/шинээр малтай болж мал маллагааны арга ухаанд суралцсан айл өрхийн тооны өсөлт;
б/малжуулсан цөөн малтай айл, өрхийн тоо, үүнд хамрагдсан эмэгтэй тэргүүлэгчтэй өрх ба тахир дутуу хүмүүсийн эзлэх хувь;
в/малын тоо, малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ.
а/шинээр гаргасан ба сэргээн засварласан худаг, булаг, шандын тоо;
б/нөхөн сэргээсэн ой модны талбайн хэмжээ /метр кв/;
в/шинээр цэцэрлэгжүүлсэн, тохижуулсан талбайн хэмжээ /метр кв/.
41.Судалгаа, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох арга хэмжээг үнэлэх үзүүлэлтүүд:
а/удирдлагын мэдээлэл, судалгааны төвөөс хөтөлбөрт оролцогчдыг шаардлагатай судалгаа, мэдээлэл, арга зүйгээр хангасан байх /үйл ажиллагааны үр дүн, мэдээллийн чанар/;
б/орон нутагт хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэдээллийн сүлжээ бий болж, ядуурлыг бууруулах үйл ажиллагааны болон зээлийн эргэлтийн сангийн талаархи мэдээллийн сан байгуулах.
42.Мэргэжил, ур чадварын болон амьдрах арга ухааны сургалт явуулах арга хэмжээг үнэлэх үзүүлэлтүүд:
а/шинээр байгуулагдсан сургалт, мэдээлэл, судалгаа, сурталчилгааны төвийн тоо;
б/мэргэжил, ур чадвар, амьдрах арга ухааны сургалтад хамрагдсан иргэдийн тоо, үүнд эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, тахир дутуу иргэдийн эзлэх хувь.
43.Улсын болон хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг үнэлэх үзүүлэлтүүд:
а/иргэдийн амьжиргааны чадавхийг дэмжихэд хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгжийн тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
б/хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдсан төрийн бус байгууллагуудын тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
в/үйл ажиллагаа явуулсан шашны болон буяны байгууллагуудын тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
г/хөтөлбөрт хамрагдан түүний үр шимийг хүртсэн нийт өрх, иргэдийн тоо, түүний дотор эмэгтэйчүүд, өрх толгойлсон эхчүүд, тахир дутуу иргэдийн эзлэх хувь.
----оОо----
Текст томруулах
A
A
A