A

A

A

Бүлэг: 1979
                                                       Засгийн газрын 2002 оны 83 дугаар
                          тогтоолын хавсралт
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
      1.1. Иргэний нисэхийн улсын хяналтын зорилго нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мэргэжлийн хяналт тавьж, Иргэний нисэхийн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэхэд оршино. 
    
1.2. Иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба (цаашид "Хяналтын алба" гэх) хэрэгжүүлнэ.
 
1.3. Хяналтын албаны дарга нь иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна.
 
1.4. Улсын ерөнхий байцаагчийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
 
1.5. Иргэний нисэхийн хяналтын улсын байцаагч (цаашид улсын байцаагч гэх)-ийн эрхийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
 
1.6. Улсын байцаагч нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан бөгөөд хяналт шалгалтын ажлын дадлага туршлагатай байна.   
 
1.7. Хяналтын алба, улсын байцаагчийн үйл ажиллагаа нь иргэний нисэхийн хууль тогтоомж, Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-ын стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийн байдалд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж, нисэхийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироосон зөрчлийг илрүүлж, түүнийг арилгуулахад чиглэгдэнэ.
 
1.8.  Улсын  байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр. Иргэний нисэхийн улсын хяналтын чиглэл
 
2.1. Нисэхийн аюулгүй ажиллагааны улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
 
2.1.1. иргэний нисэхийн хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлж Засгийн газар, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлт;
 
2.1.2. иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл олгох журмын биелэлт, зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн биелэлт;
 
2.1.3. иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, холбогдох стандартын мөрдөлт;
 
2.1.4  иргэний нисэхийн  үйл ажиллагааны талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хэрхэн биелүүлж  байгаа байдалд тавих хяналт, үнэлгээ.
 
          Гурав. Улсын байцаагчийн үүрэг, эрх
 
3.1. Иргэний нисэхийн хяналтын улсын байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
 
3.1.1. хяналт шалгалтыг энэ дүрмийн 2.1-д заасан чиглэлийн дагуу хэрэгжүүлэх;
 
3.1.2. өмчийн хэлбэр харгалзахгүйгээр иргэний нисэхийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох арга хэмжээ авах;
 
3.1.3. хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, шийдвэрийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах.
 
3.2. Иргэний нисэхийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
 
3.2.1. хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар зөвлөмж, хугацаатай үүрэг, албан шаардлага өгөх, биелэлтийг гаргуулж авах;
 
3.2.2. хяналт шалгалтын ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;
 
3.2.3. иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавьж байгаа хяналтын явцад бусад салбарын хууль, стандарт, дүрэм, журмаар тогтоосон шаардлагыг хангаагүй зөрчил илэрсэн тохиолдолд энэ талаар холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд шалгалтын акт, материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх.
 
Дөрөв. Бусад зүйл
 
4.1. Улсын байцаагч нь иргэний нисэхийн хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам зөрчсөн, түүнчлэн илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй этгээдэд Иргэний нисэхийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
4.2. Зөрчил гаргасан этгээд нь түүнд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанд нь улсын төсвийн орлогод оруулна.
 
4.3. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана.
 
4.4. Ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
 
4.5 Улсын байцаагч нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
 
 
 
 
----оОо-----