- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2000 оны 164 дүгээр
тогтоолын хавсралт
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
1.0. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Оршил
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэнэ/-т Батлан хамгаалахын сайдын болон Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын 1996 оны 205 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулан "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайланг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль;
-Монгол Улсын Хилийн тухай хууль
-Монгол Улсын Иргэний хамгаалалтын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
-Төрийн цэргийн бодлогын үндэс;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Чиглэлийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Чиглэлийн яамдын нэг болох Батлан хамгаалах яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Батлан хамгаалах яам нь стратегийн бодлого, төлөвлөлт болон салбарын төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий чиглэлийн яамдын нэг болох Батлан хамгаалах яам нь Засгийн газрын батлан хамгаалахын зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Батлан хамгаалах яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана.
БАТЛАН ХАМГААЛАХ Яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх ҮҮсвэр
ЗАСГИЙН ГАЗАР, ТАНХИМ
|
Батлан хамгаалахын сайд
|
СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
|
Зэвсэгт хүчний ерөнхий штаб
|
Улсын иргэний хамгаалалтын газар
|
Төсөвт байгууллага
|
Цэргийн анги, байгууллага
|
Ард иргэд
|
ЕРӨНХИЙЛӨГЧ
|
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
|
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч
|
Хэвлэл, мэдээллийн байгууллага
|
Аж ахуйн
нэгж
|
Бусад яам, агентлаг
|
Төрийн бус байгууллага
|
Нутгийн захиргааны байгууллага
|
Цэрэг, иргэний хамгаалалтын штаб
|
Батлан хамгаалах яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын Танхим байна.
Батлан хамгаалах яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн түвэгтэй харилцааг зохицуулахад чиглэнэ.
Батлан хамгаалах яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2.0. БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Батлан хамгаалахын сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Батлан хамгаалах яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1.Батлан хамгаалах яамыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага болгох замаар үйл ажиллагааных нь үр нөлөө, үр ашгийг эрс дээшлүүлэх;
2.Эдийн засгийн зах зээлийн харилцааны онцлогт нийцүүлэн орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
3.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэн төрөөс зохицуулах хууль, эрх зүйн үндсийг бий болгох;
4.Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн, тайван цагийн бүтэц, бүрэлдэхүүнээрээ байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх чадвар бүхий анги, салбаруудыг байгуулах;
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны
эрхэм зорилго
Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгох, батлан хамгаалах улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг найдвартай хангах.
|
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Батлан хамгаалах яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
1. Батлан хамгаалах үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжаар хангах;
2. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
3. Батлан хамгаалах салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
4. Батлан хамгаалах үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1.0. Үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд:
1.1.Улс орныг батлан хамгаалах урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангаж, батлан хамгаалах салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах;
1.2.Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг боловсруулах, тодотгох;
1.3.Гадаад орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.
2.0. Үйл ажиллагааны хоёрдугаар зорилтын хүрээнд:
2.1.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.2.Батлан хамгаалах бодлогыг сурталчлах, хэрэглэгчдэд соёл, мэдээллээр үйлчлэх, олон нийттэй харьцах.
3.0. Үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд:
3.1.Бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах;
3.2.Батлан хамгаалах төсвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
4.0. Үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
4.1.Батлан хамгаалах бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх,үр дүнд нь үнэлгээ өгөх;
4.2.Батлан хамгаалах салбарын мэдээллийн сан, дотоод сүлжээ байгуулах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Эрхэм
зорилго
|
Үйл ажиллагааны гол зорилт
|
Үйл ажиллагааны зорилт
|
Үйл ажиллагааны стратегийн зорилт
|
Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай чадварлаг болгох, батлан хамгаалах улс төр, эдийн засаг, нийгэм эрх зүй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг найдвартай хангах
|
1.
Батлан хамгаалах үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжаар хангах
|
1.1.Улс орныг батлан хамгаалах урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, цэргийн шинжлэх ухаан технологийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах
|
1.2.Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг боловсруулах, тодотгох
|
1.3.Цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.
|
3.
Батлан хамгаалах салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
|
3.1.Бодлого, төлөвлөгөөний хэрэгжилт, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалтын хөтөлбөрийг зохицуулах.
|
3.2.Батлан хамгаалах төсвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах
|
2.
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
|
2.1.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах
|
2.2.Батлан хамгаалах бодлогыг сурталчлах, хэрэглэгчдэд соёл, мэдээллээр үйлчлэх, олон нийттэй харьцах.
|
4.
Батлан хамгаалах үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх
|
4.1.Батлан хамгаалах бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх,
|
4.2.Батлан хамгаалах салбарын мэдээллийн сан, дотоод сүлжээ байгуулах,
|
3.0. БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, САНАЛ БОЛГОЖ БУЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:
1.Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь тус яамны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
2.Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх/;
3.Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
4.Бүтцийн хувьд энгийн байх зарчим /тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн /гурваас дээшгүй/ шат дамжлагатай байх/;
5.Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /тухайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
6.Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар /Танхим/, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх/;
7.Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвар/-тай байх.
3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,
ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГЖ
|
Бодлого төлөвлөлтийн хэлтэс
|
Улсын дайчилгааны хэлтэс
|
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны
хэлтэс
|
БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ НЭГЖ
|
Зохицуулалтын хэлтэс
|
Санхүүгийн хэлтэс
|
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ
УДИРДЛАГЫН НЭГЖ
|
Төрийн
захиргааны удирдлагын хэлтэс
|
Хэвлэл,
олон нийттэй харилцах
хэлтэс
|
Хүний нөөцийн удирд-лагын
хэлтэс
|
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ
|
Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс
|
Мэдээллийн сангийн
хэлтэс
|
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
1. Стратегийн удирдлага, төлөвлөлт эрхэлсэн зохион
байгуулалтын бүтцийн нэгж, түүний
үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах үндсэн үүргийг хүлээж, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай болгон хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжаар хангах, цэргийн шинжлэх ухаан, технологийн бодлого, хөтөлбөр, төсөл, улсын дайчилгааны төлөвлөгөө, даалгавар боловсруулах, цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хүлээнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Ерөнхийлөгч-Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар /Танхим/ байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн холбогдох бусад болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, ард иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар байна.
Энэ нэгжийн бүтцэд бодлого төлөвлөлтийн, улсын дайчилгааны, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсүүд ажиллана.
2. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн
зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний
үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, мэдээлэл, соёл, хэвлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, захидал, өргөдөл, гомдлыг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн цомхон албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь Батлан хамгаалахын сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, цэргийн анги, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, төрийн холбогдох бусад байгууллага, ард иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байх болно.
Энэ нэгжийн бүтцэд төрийн захиргааны удирдлагын, хүний нөөцийн удирдлагын, хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсүүд ажиллана.
3. Батлан хамгаалах салбарын бодлогын хэрэгжилтийг
зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын
бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд батлан хамгаалах салбарын стратегийн болон төсвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагуудын зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулж, төсвийн тэнцвэрт байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Батлан хамгаалахын сайдын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, батлан хамгаалах бодлого ба зэвсэглэл, техник, материал хэрэгслийн нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ.
Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, олон нийт, цэргийн анги, байгууллага, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж байх болно. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Санхүү, эдийн засгийн яам байна.
Энэ нэгжийн бүтцэд зохицуулалтын, санхүүгийн хэлтсүүд ажиллана.
4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний
асуудал эрхэлсэн зохион байгуулалтын
бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах салбарын бодлогын хэрэгжилт, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх үндсэн чиг үүргийг хүлээж, батлан хамгаалах салбарын мэдээллийн сан, дотоод сүлжээ байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг ажиглах замаар яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжилтэд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох тохируулагч агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь цэргийн анги, байгууллага, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эрдэм шинжилгээний байгууллагууд болон тооцоолох төвүүд байна.
Энэ нэгжийн бүтцэд хяналт-шинжилгээ, үнэлгээний, мэдээллийн сангийн хэлтсүүд ажиллана.
---оОо---
Текст томруулах
A
A
A