- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭ ТОГТООСОН ШИЙДВЭР ГАРГАХ ЖУРАМ /ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 86-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2010 оны 119 дүгээр
тогтоолын хавсралт
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭ ТОГТООСОН
ШИЙДВЭР ГАРГАХ ЖУРАМ
/ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 86-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1, 29.2, 39.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсгийн биелэлтийг хангах арга ажиллагааны журмыг тогтооход оршино.
1.2. Энэхүү журмыг эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө.
1.3. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана.
1.4. Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгэхгүй бөгөөд ийм шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй.
1.5. Хуульд зааснаас бусад тохиолдолд эрх бүхий этгээд нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах эрхээ доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй.
1.6. Энэ журамд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.6.1. "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр" гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг;
1.6.2. "Хуулиар тусгайлан эрх олгогдсон" гэж хуульд заасан тухайлсан асуудлаар нийтээр дагаж биелүүлэх журам тогтоохыг үүрэг болгож, эрх олгосныг;
1.6.3. "Эрх бүхий этгээд" гэж Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллагыг;
1.6.4. "Гадагш чиглэсэн" гэж тухайн байгууллагын дотоод зохицуулалтын шинжийг агуулаагүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас заавал дагаж мөрдөхөөр журамласныг;
1.6.5. "Нөлөөллийн шинжилгээ" гэж тухайн шийдвэрийн нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг.
1.7. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр /цаашид "шийдвэр" гэх/ нь дараахь шаардлагыг хангасан байна:
1.7.1. Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, Улсын Их Хурлын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцсэн байх;
1.7.2. Тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заавал дурдсан байх;
1.7.3. хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнд нийцэж байх;
1.7.4. хууль тогтоомжийн зүйл, заалтыг хуулбарлан давхардуулаагүй байх, шаардлагатай гэж үзвэл ишлэл хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;
1.7.5. шийдвэрийн заалт нь хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;
1.7.6. хуульд заагаагүй үүргийг шинээр бий болгохгүй байх;
1.7.7. хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх;
1.7.8. шийдвэрийг батлан гаргасан байгууллага, албан тушаалтны болон шийдвэрийн нэр, огноо, дугаарыг тодорхой заасан байх;
1.7.9. Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
1.7.10. хэл найруулга нь товч тодорхой, монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу хоёрдмол утгагүй, ойлгоход хялбар байдлаар бичигдсэн, "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-т заасан баримт бичиг зохион бүрдүүлэх шаардлагыг хангасан байх;
1.7.11. тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг заавал тусгасан байх.
1.8. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3.1.2-т заасан баримт бичиг энэхүү журамд хамаарахгүй.
1.9. Шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ.
Хоёр. Шийдвэр гаргах ажиллагаа
2.1. Хуулиар тусгайлан эрх олгогдсон эрх бүхий этгээд дараахь тохиолдолд нэн даруй шийдвэр гаргана:
2.1.1. тухайн харилцааг зохицуулах хууль шинээр батлагдан гарсан, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хууль хүчингүй болсон;
2.1.2 гамшгаас хамгаалах болон гамшиг тохиолдсон үед яаралтай арга хэмжээ авах шаардлага гарсан;
2.1.3. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ерөнхий бүдүүвч өөрчлөгдсөнөөс урьд нь үйлчилж байсан шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан.
2.2. Шийдвэр гаргах ажиллагаа нь дараахь үе шаттай байна:
2.2.1. шийдвэрийн төслийг бэлтгэх, батлах;
2.2.2. хянах, бүртгэх;
2.2.3. нийтэд мэдээлэх, хүчин төгөлдөр болох.
2.3. Шийдвэрийн төслийг бэлтгэх, батлах ажиллагаа:
2.3.1. Шийдвэрийн төсөл бэлтгэх ажиллагааг эрх бүхий этгээд удирдан зохион байгуулна;
2.3.2. Шийдвэрийн төсөл нь тодорхой байгууллага, албан тушаалтны эрхлэх асуудалд хамаарч байгаа бол тэдгээрээс албан ёсоор санал авсан байна;
2.3.3. Шийдвэрийн төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийж, түүнд дараахь нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ:
а/ шийдвэр гаргах үндэслэл, шаардлага;
б/ шийдвэрийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;
в/ шийдвэр гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөж болохуйц бүлгийг тодорхойлох;
г/ хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх;
д/ тухайн асуудлыг зохицуулж байгаа урьд нь батлагдсан шийдвэр байгаа эсэх;
е/ шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, санхүү, эдийн засгийн тооцоо.
2.3.4. Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;
2.3.5. Шийдвэрийн төслийг байгууллагын цахим хуудаст 30-аас доошгүй хоног байрлуулж, санал авна;
2.3.6. Шийдвэрийн төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж болно.
2.3.6.1. Хэлэлцүүлгийг дараахь хүрээнд явуулна:
а/ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд;
б/ эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд;
в/ тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд;
г/ төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд.
2.3.6.2. Хэлэлцүүлгийг дараахь хэлбэрээр зохион байгуулна:
а/ уулзалт, ярилцлага зохион байгуулах;
б/ өдөр тутмын хэвлэлд шийдвэрийн төслийг нийтэлж санал авах;
в/ албан ёсны цахим хуудас, харилцаа холбооны хэрэгслээр санал авах;
г/ бусад.
2.3.7. Хэлэлцүүлгийн явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрийн төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэнэ;
2.3.8. Шийдвэрийн төслийг нөлөөллийн шинжилгээний танилцуулга болон хэлэлцүүлгийн мэдээллийн хамт тухайн байгууллагын хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтнээр заавал хянуулна;
2.3.9. Эрх бүхий этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ;
2.3.10. Хянуулж, бүртгүүлэх ажлыг эрх бүхий этгээдийн хууль зүйн асуудал хариуцсан нэгж /газар, хэлтэс/, мэргэжилтэн эрхлэн гүйцэтгэнэ.
2.4. Шийдвэрийг хүлээн авах, хянах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх.
2.4.1. Эрх бүхий этгээд шийдвэрээ хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхдээ дор дурдсан бүрдлийг хангасан байна:
а/ эрх бүхий этгээд дангаар баталсан бол шийдвэрийн гурван хувь (албан ёсны эх хувь, түүний баталгаажуулсан хуулбарын хоёр хувь), цахим хувилбар, нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлэлцүүлгийн мэдээлэл;
б/ эрх бүхий этгээдүүд шийдвэрийг хамтран баталсан бол тухайн шийдвэрт нэр нь эхэлж бичигдсэн албан тушаалтан хариуцан энэхүү заалтын "а"-д заасан бүрдлээс гадна хамтран баталсан бусад эрх бүхий этгээдийн тоогоор шийдвэрийн баталгаажуулсан хуулбар;
в/ шийдвэрийг энэхүү журмын 1.6.3-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтантай хамтран баталсан тохиолдолд эрх бүхий этгээд нь энэ заалтын "а"-д заасны дагуу хүргүүлнэ.
2.4.2. Шийдвэрийг хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлж байгаа этгээд нь энэхүү журмын 2.4.1-д заасан материалын бүрдлийг хангаагүй тохиолдолд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авахаас татгалзаж, бүрдлийг хангуулахаар албан бичгээр буцаана;
2.4.3. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь 2.4.1-д заасны дагуу хүргүүлсэн шийдвэр, холбогдох материалыг ажлын арван өдрийн дотор хянаж, дараахь арга хэмжээний аль нэгийг авна:
а/ шийдвэр нь энэхүү журмын 1.7-д заасан шаардлагыг хангаж байгаа бол шийдвэрийн албан ёсны эх хувь дээр улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай тусгай тэмдэглэл хийж баталгаажуулан, шийдвэрийн улсын нэгдсэн санд авна. Бүртгэсэн тухай албан бичиг болон улсын бүртгэлийн дугаар олгож тэмдэглэл хийсэн шийдвэрийн баталгаажуулсан хуулбарыг тухайн эрх бүхий этгээдэд, хамтарч баталсан бол бүх этгээдэд хүргүүлэх;
б/ шийдвэр нь бүхэлдээ буюу түүний аль нэг заалт нь энэ журмын 1.7-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд уг зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, албан бичгээр хүргүүлэх;
в/ хэм хэмжээ тогтоогоогүй шийдвэр ирүүлсэн тохиолдолд улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх шаардлагагүй тухай хариу мэдэгдэж буцаан хүргүүлэх.
2.4.4. Энэ журмын 2.4.3-ын "а", "в"-д заасан арга хэмжээг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын, журмын 2.4.3-ын "б"-д заасан арга хэмжээг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний албан бичгээр тус тус мэдэгдэнэ;
2.4.5. Шийдвэр нь холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тухай хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дүгнэлтийг хүлээн авсан эрх бүхий этгээд өөрийн гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, түүнийг хүчингүй болгосон, эсхүл зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай ажлын арван өдрийн дотор албан бичгээр мэдэгднэ. Нэмэлт, өөрчлөлт оруулсан шийдвэрийг хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ энэхүү журмын 2.4.1-д заасан бүрдлийг хангасан байна;
2.4.6. Эрх бүхий этгээд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ажлын арван өдрийн дотор албан бичгээр хариу мэдэгдэнэ;
2.4.7. Энэ журмын 2.4.5-д заасан хугацаанд хариу мэдэгдээгүй, эсхүл 2.4.6-д заасан хариуг хүлээж авах үндэслэлгүй гэж үзвэл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дүгнэлт гарган ажлын 5 өдрийн дотор Засгийн газарт оруулж, эцэслэн шийдвэрлүүлнэ.
2.5. Шийдвэрийг нийтэд мэдээлэх, хүчин төгөлдөр болох:
2.5.1. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ;
2.5.2. Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй;
2.5.3. Хүчин төгөлдөр бус шийдвэрийг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан эрх бүхий этгээд хариуцна;
2.5.4. Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn цахим хуудас/ болон баталсан байгууллагын цахим хуудсанд тус тус байршуулна;
2.5.5. Шийдвэрийг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн огноо, дугаарыг заавал дурдана.
2.6. Шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох:
2.6.1. Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэхүү журмын дагуу хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ;
2.6.2. Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг шүүх хүчингүй болгосон бол эрх бүхий этгээд энэ тухай албан бичгийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн /магадлал, тогтоол/ хуулбарын хамт хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.
Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
3.1. Эрх бүхий этгээд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэрт жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, энэ тухай тайланг цаашид авах арга хэмжээний талаархи саналын хамт хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.2. Эрх бүхий этгээдийн энэхүү журмын 3.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэргэшил, арга зүйн удирдлагаар хангана.
3.3. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь эрх бүхий этгээдээс ирүүлсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, төлөвлөгөө, саналыг нэгтгэн судалж, цаашид авах арга хэмжээний талаархи саналаа Засгийн газарт танилцуулна.
3.4. Улсын нэгдсэн санд бүртгэлтэй боловч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орсны улмаас эрхлэн хариуцах байгууллага нь тодорхойгүй болсон шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлнэ.
3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орсон тохиолдолд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагатай хамтран тухайн салбарт мөрдөгдөж байгаа шийдвэрийн талаар ийнхүү өөрчлөлт хийгдсэнээс хойш 6 сарын дотор шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.6. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой салбарыг сонгон эрх бүхий этгээдийн шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж болно.
3.7. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу шийдвэрийг хянаж, шаардлагатай арга хэмжээ авна.
Дөрөв. Тусгай зохицуулалт
4.1. Гамшгаас хамгаалах болон гамшиг тохиолдсон үед гаргасан шийдвэр нь нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болно.
4.2. Эрх бүхий этгээд энэ журмын 4.1-д заасны дагуу гаргасан шийдвэрээ гарсан өдрөөс нь хойш ажлын 3 өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.3. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь шийдвэрийг хүлээн авснаас хойш түүнийг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ /www.legalinfo.mn цахим хуудас/-нд ажлын нэг өдөрт багтаан байршуулж, энэхүү журмын 2.5.1-д заасны дагуу "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтлүүлнэ.
Тав. Бусад асуудал
5.1. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сан нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэр, энэхүү журмын 4, 6 дугаар бүлэгт заасны дагуу хүлээн авсан шийдвэрээс бүрдэнэ. Нэгдсэн санг эрхлэн хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.2. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь нэгдсэн санд байгаа хүчин төгөлдөр шийдвэрийн жагсаалтыг шинэчлэн "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор нийтлүүлж байна.
5.3. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас дугаар олгон тэмдэглэл хийж хүргүүлсэн шийдвэрийн хувийг эрх бүхий этгээд сан бүрдүүлэн хадгалж, иргэн, хуулийн этгээдийг зохих мэдээллээр хангана.
5.4. Сум, дүүргийн Засаг дарга нь гаргасан шийдвэрээ ажлын 10 өдрийн дотор дээд шатны Засаг даргаараа дамжуулан хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Зургаа. Онцлог зохицуулалт
6.1. Шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллага, төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг төрийн байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно.
6.2. Энэ журмын 6.1-д заасан этгээд нь зөвлөмжийг хүлээн авсан эсэх тухайгаа хариу мэдэгдэнэ.
6.3. Энэ журмын 6.1-д заасан этгээдийн шийдвэр нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино.
6.4. Энэ журмын 6.1-д заасан этгээд нь гаргасан шийдвэртээ нөлөөллийн шинжилгээ хийсэн байна.
6.5. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь шийдвэрийг хүлээн авснаас хойш, түүнийг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ /www.legalinfo.mn цахим хуудас/-нд ажлын нэг өдөрт багтаан байршуулж, энэхүү журмын 2.5.1-д заасны дагуу "Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтлүүлнэ.
6.6. Энэ журмын 6.1-д заасан этгээд нь шийдвэрийн улсын нэгдсэн санд ба йгаа шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан, хүчингүй болсонд тооцсон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.7. Улсын Их Хурлаас байгуулдаг байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан шийдвэрийн тухайд энэ журмын 2.4.7-д заасан нөхцөл байдал бий болсон бол хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ тухай Улсын Их Хурлын даргад танилцуулга хүргүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A