A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ (Засгийн газрын 2018 оны 348 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2010 оны 123 дугаар 
тогтоолын хавсралт



УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР
БОЛОВСРУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр жил бүр Үндсэн чиглэлд тусгах улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, техник, технологийн шинэчлэлтийн төсөл (цаашид "хөрөнгө оруулалтын төсөл" гэх)-ийг сонгох, төлөвлөх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн макро эдийн засгийн хүрээний болон бүсчилсэн хөгжлийн зорилт, салбаруудын хөгжлийн бодлогыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан дунд хугацаа /5 жил/-ны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон хөрөнгө оруулалтын төслүүдийг нэгтгэн тооцсон цогц баримт бичиг байна.

1.3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг таван жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг хамруулан боловсруулж Засгийн газраар батлуулна. Уг төслүүдийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх Үндсэн чиглэлтэй уялдуулан тодотгож байна.

1.4. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхдээ бэлтгэл хангах ажил (хайгуул судалгааны ажил, техник, эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөө, зураг, төсөл боловсруулах) болон гүйцэтгэх үе шатны ажил гэж ангилна. Эдгээр үе шатанд тавигдах шаардлагыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо холбогдох яам, Засгийн газрын агентлагтай хамтарч батална.

1.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, хянах, үнэлэх, эрэмбэлэх, төлөвлөх, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь төслүүдийг сонгон шалгаруулах гол үндэслэл болно.

1.6. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Засгийн газраас улсын төсвөөр төлөвлөгөөний үндсэн дээр хөрөнгө оруулах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтцийн орчинг бүрдүүлэх, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тохиролцох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг тодорхойлох гол хэрэгсэл байна. Хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагааг сонирхогч талууд болон нийтэд ил тод мэдээлнэ.


Хоёр. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахад
 тавигдах шаардлага


2.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл болон тухайн жилийн Үндсэн чиглэлийн зорилтууд, төсвийн хүрээний мэдэгдэл, салбарын хөгжлийн бодлого, төсвийн чадавхи, эдийн засгийн шингээх чадвар, гадаад өрийн зохистой харьцаа, улсын өрийн удирдлагатай нийцсэн байна.

2.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахад хөрөнгийн эх үүсвэрийн дээрээс доош хандсан хуваарилалт, уг хуваарьт багтаан боловсруулсан доороос дээш чиглэсэн салбарын хөрөнгө оруулалтын хамгийн хэрэгцээтэй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн төслийг сонгох, шалгаруулах зарчимд үндэслэсэн байна.

2.3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийг боловсруулахад сум, дүүргээс эхлэн захиргааны байгууллагын шат бүхэнд тухайн төсөл бүрт бодлогын болон санхүү, эдийн засгийн шинжилгээ хийж дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ. Шаардлага хангаагүй төслийг дахин боловсруулах, баримт материал бүрдүүлэхээр дээд шатны байгууллага нь төсөл санаачлагчид буцаана.

2.4. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төсөл нь баримт бичгийн иж бүрдэл болон шаардлагыг хангасан, санхүү, эдийн засаг, нийгмийн үр ашигтай болох нь нотлогдсон байна.

2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийн урсгал зардлыг тооцож, төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн жилийн төсөвт тусгасан байна.

2.6. Хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд Гадаад харилцааны яамны албан ёсны саналыг авна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслийн төрөөс хүлээх үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тооцсон байна.
2.7. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах, үнэлэх, санхүүжүүлэх, тайлагнах, хяналт тавих, дүгнэх аргачлал, заавар, маягтыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо холбогдох яам, эрх бүхий байгууллагатай хамтарч батлан мөрдүүлнэ.

2.8. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний 3 жилийн хөрөнгө оруулалтын төсөл нь төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдсан байна.


Гурав. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг
боловсруулах дараалал


3.1. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төсвийн хүрээний мэдэгдэл болон гадаад өрийн зохистой харьцаанд үндэслэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийн /улсын төсвийн болон зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн хөрөнгийн эх үүсвэр/ нийт дүнг Сангийн яамнаас тогтоож, жил бүрийн 11 дүгээр сарын 5-ны дотор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд албан ёсоор хүргүүлсэн байна.

3.2. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогыг үндэслэн салбар тус бүрээр нь эх үүсвэрийн хуваарилалт хийж, яам, Засгийн газрын агентлагаар нь хөрөнгө оруулалтын хязгаарыг тогтоож, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах удирдамжийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо холбогдох байгууллагуудад жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор хүргүүлнэ.

3.3. Төсвийн ерөнхийлөн захирагч нь салбарынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлж, энэхүү журмын хоёрдугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын төслийг боловсруулж, сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэн, хурлын тэмдэглэлийн хамт 2 дугаар сарын 5-ны дотор Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлнэ.

3.4. Төсвийн ерөнхийлөн захирагчаас ирүүлсэн хөрөнгө оруулалтын төслүүдийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо салбар бүрээр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулан хянан нэгтгэж, ач холбогдлоор нь эрэмбэлэн яам, Засгийн газрын агентлагийн удирдлагатай эцэслэн тохиролцож, жил бүрийн 4 дүгээр сард Засгийн газарт оруулж батлуулна.

3.5. Засгийн газраар баталсан тухайн санхүүгийн жилд шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн жагсаалтыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос Сангийн яаманд хүргүүлнэ.

3.6. Барилга байгууламжийн өргөтгөл, техник, технологийн шинэчлэлтээс бусад их засвар, угсрагдахгүй тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн бус машин, механизмын тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төсвийн төсөлтэй уялдуулан Сангийн яам төлөвлөж хэрэгжүүлнэ.

                                                             Дөрөв. Холбогдох байгууллагуудын эрх, үүрэг

4.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо дараахь эрх, үүрэгтэй байна:
4.1.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлтэй уялдуулан хянан нэгтгэх, хэлэлцүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, дүгнэх, тайлагнахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авах;
4.1.2. яам, Засгийн газрын агентлагаас дараа оны санхүүгийн жилийг оруулан 5 жилд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа хөрөнгө оруулалтын төслийг энэхүү журмын 2.7-д заасан аргачлал, зааврын дагуу сонгож төлөвлөх, үнэлэх, тэргүүлэх чиглэл, дарааллыг тогтоох, төслийн баримт бичиг болон тэдгээрийг боловсруулах даалгаврыг батлах;
4.1.3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслүүдийг дотоод болон гадаад хөрөнгийн эх үүсвэртэй нягт уялдуулан Засгийн газраар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
4.1.4. яам, Засгийн газрын агентлагаас улирал бүр хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтийн талаар мэдээ, тайлан авч, явцтай нь танилцах замаар төслийн хэрэгжилтийг хагас жил тутам хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авахуулах зөвлөмж гаргах, улсын хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн сан байгуулж ажиллуулах;
4.1.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах заавар, аргачлал, удирдамж, гарын авлагыг боловсруулан баталж, яам, Засгийн газрын агентлаг, орон нутагт хүргүүлж мөрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах;
4.1.6. шаардлага хангаагүй, тооцоо судалгаа дутуу, иж бүрдэлгүй, хөрөнгийн хязгаартай уялдаагүй, тогтоосон хугацаанд ирүүлээгүй, хэрэгжих боломжгүй, цаашид үр ашиггүй нь нотлогдсон хөрөнгө оруулалтын төслийг төсөл санаачлагчид буцаах, хэрэгжилтийг зогсоох арга хэмжээ авах;
4.1.7. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан төслийн хэрэгжилт, ажлын явц, чанарын талаар шаардлагатай гэж үзвэл тухайн төсөл, арга хэмжээг хариуцсан гүйцэтгэгч, захиалагч байгууллагын мэдээлэл, сонсголыг хэлэлцэх.
4.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахад яам, Засгийн газрын агентлаг дараахь эрх, үүрэгтэй байна:
4.2.1. салбарын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл нэг бүрийг энэхүү журмын 3.2-т заасан удирдамжийн дагуу боловсруулж, сайдын зөвлөлөөр хэлэлцэн хурлын тэмдэглэлийн хамт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлэх.
4.2.2. улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын хүрээнд салбарын зорилго, зорилт, бодлогыг тодорхойлж, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт оруулах хөрөнгө оруулалтын төслийн саналыг боловсруулах;
4.2.3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах;
4.2.4. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай холбоотой мэдээ, тайланг зохих аргачлалын дагуу гаргаж, заасан хугацаанд нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлэх;
4.2.5. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт, ажлын явц, чанарын талаар тухайн төслийг хариуцсан гүйцэтгэгч, захиалагч байгууллагын мэдээлэл, сонсголыг улирал тутам хэлэлцэж холбогдох арга хэмжээ авах.
4.3 Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага дараахь эрх, үүрэгтэй байна:
4.3.1 Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төслийг аймаг, нийслэлийн Засаг дарга Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос хүргүүлсэн удирдамжийн дагуу боловсруулж, ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн холбогдох яам, Засгийн газрын агентлагт хүргүүлэх;

4.3.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийн нарийвчилсан мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох тооцоо, судалгаа, танилцуулгыг нутаг дэвсгэрийнхээ байгууллагуудаас гаргуулан авах;

4.3.3. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт, түүний ажлын явц, чанарын талаар тухайн төсөл, арга хэмжээг хариуцсан гүйцэтгэгч, захиалагч байгууллагын мэдээлэл, сонсголыг хэлэлцэх.

                                                                                   Тав. Бусад

5.1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөр батлагдсан тухайн жилийн хөрөнгө оруулалтын төсөлд хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, тайлагнах, гүйцэтгэл гаргах, мэдээлэх үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нар хариуцна.

5.2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, үйл ажиллагааг зөрчсөн төсвийн байгууллагын ерөнхий менежер болон бусад албан тушаалтанд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.3. Аймаг, нийслэл нь Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөхдөө тухайн салбарын бодлого, чиглэл, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг тусгасан байвал зохино.



                                                                                                    ---оОо---