A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                                  Монгол Улсын  Засгийн газрын 2010 оны 125 дугаар
                                                                                                                  тогтоолын хавсралт


                                                 ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ
                                                        ДҮРЭМТ ХУВЦАС ХЭРЭГЛЭХ, ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ


                                                                                       Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан дүрэмт хувцас хэрэглэх, тэдгээрт цол олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан цагдаагийн дүрэмт хувцас хэрэглэх, тэдгээрт цагдаагийн цол олгохтой холбоотой энэхүү журмаар нарийвчлан зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 222 дугаар зарлигаар баталсан "Цагдаагийн цол олгох журам" болон цагдаагийн төв байгууллагаас баталсан "Цагдаагийн дүрэмт хувцас өмсөх, хэрэглэх журам"-аар тус тус зохицуулна. 

                                                                                    Хоёр. Дүрэмт хувцас хэрэглэх

2.1. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан цагдаагийн дүрэмт хувцас хэрэглэнэ. Дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа болон материалын жагсаалтыг "Цагдаагийн ажилтны дүрэмт хувцасны эдэлгээний хугацааны норм батлах тухай" Засгийн газрын 1993 оны 3 дугаар тогтоолыг баримтлан тогтооно. 

                                                                                             Гурав. Цол олгох

3.1. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгоно.

3.2. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд цагдаагийн цол олгох хугацааг тооцохдоо сахилгын шийтгэл хүлээн цол буурсан, хасагдсан, ажлаас халагдсан, тахир дутуугийн группэд байсан хугацааг хасаж тооцно.

3.3. Шүүхийн шинжилгээний байгууллагад анх томилогдож байгаа ажилтанд цагдаагийн офицер, ахлагчийн анхны цолыг олгоно.

3.4. Албан тушаалд анх томилогдож байгаа ажилтны албан тушаалын цолны зэрэглэл нь цагдаагийн офицер, ахлагчийн анхны цолоос дээгүүр байвал мэргэшил, ажлын туршлагыг нь харгалзан дараагийн цолыг олгож болно.

3.5. Их, дээд сургууль төгсөөгүй хүнд цагдаагийн офицерын цол олгохгүй.

3.6. Шүүхийн шинжилгээний байгууллагын офицерын албан тушаалд ажиллаж байгаа ажилтанд цолны зэрэглэлийг дараахь байдлаар олгоно:

3.6.1. цагдаагийн хурандаа цолыг шүүхийн шинжилгээний төв байгууллагын дарга, дэд дарга, хэлтэс, аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны даргад;

3.6.2. цагдаагийн дэд хурандаа цолыг тасгийн дарга, хэлтсийн болон албаны дэд дарга, сектор, лабораторийн эрхлэгч, мэргэшсэн шинжээч, чиглэлийн ахлах мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогчид;

3.6.3. цагдаагийн хошууч цолыг багийн ахлагч, ахлах шинжээч, ахлах мэргэжилтэн, ахлах нягтлан бодогчид;

3.6.4. цагдаагийн ахмад цолыг офицерын албан тушаалд томилогдсон шинжээч, бусад ажилтанд.

3.7. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд цагдаагийн офицерын цолыг шүүхийн шинжилгээний төв байгууллагын санал, тодорхойлолтыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар олгоно.

3.8. Ахлагчийн цолыг шүүхийн шинжилгээний төв байгууллагын даргын тушаалаар олгоно.

3.9. Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтанд дор дурдсан тохиолдолд хугацаанаас өмнө цагдаагийн цол олгож болно:

3.9.1. гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх ажилд мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажилласан;

3.9.2. шүүхийн шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргасан;

3.9.3. шүүхийн шинжилгээний байгууллагын ажилд чухал ач холбогдолтой бүтээлч санаачилга гаргаж хэрэгжүүлсэн;

3.9.4. гэнэтийн осол, байгалийн гамшгаас хүний амь нас, иргэн, хуулийн этгээдийн их хэмжээний өмч хөрөнгө авран хамгаалсан.

                                                                    Дөрөв. Цол олгохыг хойшлуулах, цолыг
                                                                                бууруулах, хасах, хураах

4.1. Шүүхийн шинжилгээний байгууллагын офицер, ахлагчийн ээлжит цолыг дараахь тохиолдолд олгохгүй хойшлуулж болно:

4.1.1. эрхэлсэн ажлын үр дүн хангалтгүй;

4.1.2. захиргааны шийтгэл хүлээж захиргааны шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй;

4.1.3. эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн учир шалгагдаж байгаа.

4.2. Дор дурдсан тохиолдолд шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны цолыг нэг шат бууруулж буюу хасаж болно:

4.2.1. хууль тогтоомж зөрчсөн, шинжээчийн тангараг, төрийн тусгай албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн дүрмийг зөрчсөн;

4.2.2. сахилгын зөрчил гаргасан.

4.3. Ажилтны цолыг бууруулснаас хойш 1 жил өнгөрсний дараа түүний цолыг сэргээн олгож болно.

4.4. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 44.1.5-д заасны дагуу шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтныг ажлаас халах тохиолдолд цагдаагийн цолыг хураана.






                                                                                                      ---оОо---