A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • 2009-2010 ОНЫ ӨВӨЛ, ХАВАР ТОХИОЛДСОН ЗУДЫН УЛМААСАМЬЖИРГААНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭ АЛДСАН ЗАРИМ МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАХ ТҮР ЖУРАМ
Бүлэг: 1979
                                                                                                Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 197 дугаар
                                                                                                тогтоолын хавсралт

                                   2009-2010 ОНЫ ӨВӨЛ, ХАВАР ТОХИОЛДСОН ЗУДЫН УЛМААС
                                       АМЬЖИРГААНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭ АЛДСАН ЗАРИМ МАЛЧИН
                                                         ӨРХИЙГ МАЛЖУУЛАХ ТҮР ЖУРАМ 

                                                                    Нэг. Нийтлэг үндэслэл

1. Зудын улмаас 2009–2010 оны өвөл, хавар мал нь хорогдож, малгүй болсон зарим малчин өрхийг малжуулж (цаашид "малжуулах" гэх), амьжиргааны эх үүсвэртэй болгоход энэхүү журмын зорилго оршино.

2. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр гамшгийн болон зудын зэрэглэлд орсон сумдын малгүй болсон малчин өрхийн 50 хүртэл хувийг малжуулж, бусдыг нь өөр салбарт мэргэшүүлэн шилжүүлэх чиглэл баримтална.

3. Малжуулах ажлыг дараахь хэлбэрээр зохион байгуулна:

3.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр малжуулах;

3.2. дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн зөвлөл, иргэд, гадаад улс, олон улсын байгууллагын хандив, тусламжийн хөрөнгөөр малжуулах;

3.3. олон мал бүхий малчдын малыг түрээсээр маллуулах замаар малжуулах;

3.4. мал бүхий иргэд төрөл төрөгсөд болон найз нөхдөө малжуулах хөдөлгөөнийг сум, орон нутгийн зүгээс өрнүүлэх.

4. Малжуулахад шаардагдах нийт хөрөнгийн 40 хувийг улсын төсвөөс, 40 хувийг олон улсын байгууллага, гадаад орны хандив, тусламжаас, 20 хувийг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан гаргана.

5. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын төсвөөс малжуулах арга хэмжээнд зориулж батлагдсан хөрөнгийг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан малжуулах өрхийн тоог үндэслэн тухайн сумын Засаг даргын Тамгын газрын тусгай дансанд шилжүүлнэ.

6. Хөрөнгийн бусад эх үүсвэрээр малжуулах арга хэмжээг энэхүү түр журмыг баримтлан зохион байгуулж болно.

7. Малжуулах арга хэмжээнд хамрагдах малчин өрхийг энэхүү түр журамд заасан шалгуураар сонгон авч, өрх нэг бүртэй гэрээ байгуулж ажиллана.

8. Улсын төсвийн хөрөнгөөр малжуулах арга хэмжээний хүрээнд малыг тухайн өрх 5 жилийн дотор малаар нь, эсхүл мөнгөн хэлбэрээр эргүүлэн өгч аймгийн "Мал хамгаалах" санд төвлөрүүлэхээр гэрээ байгуулна.

                                           Хоёр. Малжуулах төсөлд хамрагдах өрхийг сонгох шалгуур үзүүлэлт

9. Малжуулах арга хэмжээнд хамрагдах өрхийг сонгохдоо дараахь шалгуур үзүүлэлтийг харгалзана:

9.1. хонин толгойд шилжүүлснээр өмнөх жилийн эцэст 200-гаас цөөнгүй малтай байсан нь мал тооллогын албан ёсны бүртгэлээр баталгаажсан байх;

9.2. тухайн өрх нь 2-оос цөөнгүй хөдөлмөрийн чадвартай хүнтэй бөгөөд мал өвөлжүүлж, хаваржуулах өөрийн өмчийн болон эзэмшлийн хашаа, хороотой байх;

9.3. мал аж ахуйн үйлдвэрлэл дээр сүүлийн 3 жилээс доошгүй жил тасралтгүй ажилласан туршлагатай байх;

9.4. авсан малаа үр төлөөр нь өсгөж эргүүлэн төлж чадахыг нь нотолсон тухайн орон нутгийн 2 малчны тодорхойлолттой байх;

9.5. банкинд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх.

                                                                Гурав. Малгүй болсон өрхөд олгох малыг сонгох

10. Малчдад олгох малыг дараахь шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгож авна:

10.1. малжуулахаар олгох мал нь өвчин эмгэггүй болохыг мэргэжлийн байгууллагаар баталгаажсан, тухайн бүс нутгийн байгаль, цаг уурт зохицсон байх;

10.2. хээлтүүлэгч мал нь мэргэжлийн байгууллагаар баталгаажсан, хээлтэгч нь тухайн үүлдрийн стандартыг хангасан, гурваас цөөнгүй жил үр төл өгөх боломжтой байх;

10.3. энэхүү журмын 10.1, 10.2-т заасан шаардлагыг хангасан малыг сум, орон нутгийнхаа олон малтай өрхөөс худалдан авахаар гэрээ байгуулсан байх;

10.4. шаардлагатай байгаа малыг тухайн сум, аймгаас нийлүүлэх боломжүй бол бүсийн хэмжээнд сайжруулагчаар ашиглаж болох цөм сүргийн мал авахаар зэргэлдээ сум, аймагтай гэрээ байгуулсан байх.

11. Малыг сонгох, малчдад мал олгох ажлыг сумын Засаг даргын Тамгын газар мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулна.

                                                              Дөрөв. Малжуулах ажлыг зохицуулах, хяналт тавих

12. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр гамшгийн болон зудын зэрэглэл тогтоогдсон сумдын зудын улмаас хорогдсон мал болон малгүй болсон малчин өрхийн тоог харгалзан тухайн сум, аймгийн малжуулах өрхийн тоог хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

13. Олон улсын байгууллага, гадаад орны тусламж, хандиваар санхүүжүүлэх төсөл, хөтөлбөртэй холбоотой асуудлыг гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран яриа хэлэлцээ хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ.

14. Гадаад орон, олон улсын байгууллагын санхүүжилтээр малжуулах өрхийн тоог хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гаргана.

15. Малгүй болсон өрхийг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан малжуулах хөрөнгийг аймаг, сумын Засаг дарга бүрдүүлнэ.

16. Энэхүү журмын 3.3, 3.4-т заасны дагуу малжуулах хөдөлгөөнийг сумын Засаг дарга зохион байгуулна.

17. Малжуулах ажлын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны явцад мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.

                                                                     Тав. Малжуулах ажлыг зохион байгуулах

18. Тухайн малчин нь малжуулах төсөлд хамрагдах хүсэлтээ багийн Засаг даргаар уламжлан Халамжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан сумын Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөлд гаргана.

19. Сумын амьжиргааг дэмжих зөвлөл нь малжуулах өрхийг сонгож нэрээр нь гаргана.

20. Амьжиргааг дэмжих зөвлөл энэхүү журмыг малчдад танилцуулж уг төсөлд хамрагдах хүсэлтэй малчдаас ирүүлсэн өргөдлийг судалж, шаардлагатай бол нэмэлт лавлагааг өөрөөс нь болон холбогдох албан тушаалтнаас авсны үндсэн дээр хэлэлцэн сонгож малжуулах дарааллыг тогтооно.

21. Энэхүү журмын 9-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, мөн журмын 8, 23-т заасныг хүлээн зөвшөөрсөн нэг өрхөд журмын 10.1-10.4 дэх шаардлагыг хангасан 70 хүртэлх толгой мал /үхэр-3, морь-2, хонь-40, ямаа-45/ худалдан авч гэрээгээр олгоно (Тайлбар: Малыг хонин толгойд шилжүүлэхдээ адууг-7, үхрийг-6, тэмээг-5, хонийг-1, ямааг-0.9 гэсэн илтгэлцүүрийг ашиглана).

22. Тухайн малчин нь нийт үнийн дүнд багтаан авах малынхаа тоог өөрчлөн сонголт хийж болно.

23. Тухайн малчин авсан малаа үр төлөөр нь өсгөж 3 дахь жилдээ үнийн дүнгийн 40 хувийг, 4 дэх жилдээ 30 хувийг, 5 дахь жилдээ 30 хувийг малаар нь буюу мөнгөн хэлбэрээр барагдуулахаар тооцож сумын Амьжиргааг дэмжих зөвлөл, малчны хооронд гэрээ байгуулж зохицуулна.

24. Малчинтай байгуулах гэрээний загварыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

25. Амьжиргааг дэмжих зөвлөл, малчны хооронд байгуулсан гэрээний биелэлтэд сум, багийн Засаг дарга хяналт тавин ажиллаж, мөнгөн төлбөрийг нь аймгийн "Мал хамгаалах сан"-гийн дансанд шилжүүлж, харин малаар нь өгөх төлбөрийг аймгийн "Мал хамгаалах сан"-д тухайн малын зах зээлийн үнээр бүртгэн авч, зохих журмын дагуу тухайн сумын малжуулах төсөлд хамрагдах дараагийн малчинтай гэрээ байгуулж болно.

26. Малжуулах ажлын явц, үр дүнгийн тайланг сумын Засаг дарга аймагт, аймгийн Засаг дарга хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 2010 онд сар бүр тайлагнана. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь малжуулах ажлын үр дүнг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газарт тайлагнана.

27. Аймгийн "Мал хамгаалах сан"-гийн бүрдэлт, сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгнө.    

                                                                                          ---оОо---