A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖ, ЭРХ ЗҮЙН БУСАД АКТЫГ ХЯНАЖ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АЖЛЫН УДИРДАМЖ
Бүлэг: 1979

                                                                                                                                 Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 
                                                                                                                                 60 дугаар захирамжийн хавсралт


                                     АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ, ТҮҮНТЭЙ
                                ХОЛБООТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖ, ЭРХ ЗҮЙН БУСАД АКТЫГ ХЯНАЖ
                                                БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АЖЛЫН УДИРДАМЖ 

                                                                       Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү удирдамжаар Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох (шинэчлэх, өөрчлөх, хүчингүй болгох) зарчим, шалгуур болон арга хэлбэрийг тогтооно.

1.2. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх бүх төрлийн зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох ажлын хүрээнд:

1.2.1. зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага болон сонирхол бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актын талаар энэхүү удирдамжид заасны дагуу Ажлын хэсэгт санал өгнө;

1.2.2. Ажлын хэсэг энэхүү удирдамжид заасан зарчим, шалгуурын дагуу хянаж ирүүлсэн саналуудыг нягтлан үзэж, хууль тогтоомжид нийцээгүй зөвшөөрөл, эрх зүйн актыг өөрчлөх талаар санал боловсруулж Засгийн газарт оруулна;

1.2.3. Засгийн газар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл болон түүнтэй холбогдсон эрх зүйн актын жагсаалтыг батлах бөгөөд Ажлын хэсэг энэхүү жагсаалтыг олон нийтэд мэдээлж, хэвлэн нийтлэнэ;

1.2.4. Засгийн газар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулахдаа "Журам батлах тухай" Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын хавсралтаар батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ыг баримталж ажиллана;

1.2.5. Засгийн газар энэхүү удирдамжид заасан шалгуурт нийцээгүй зөвшөөрөл, хууль тогтоомжоос бусад эрх зүйн актыг хүчингүй болгоно;

1.2.6. энэхүү удирдамжид заасан шалгуурт нийцээгүй хууль тогтоомжийг өөрчлөх, хүчингүй болгох саналыг холбогдох төслүүдийн хамт Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

                                                                                  Хоёр. Хамрах хүрээ

2.1. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг нэгбүрчлэн хянан үзнэ.

2.2. "Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" гэдэгт дүгнэлт, зөвшөөрөл, шийдвэр, гэрчилгээ, сертификат, батламж, виз олгох, патент, үйлчилгээний тохирлын гэрчилгээ, мэргэшлийн аттестатчилал, зөвшөөрлийн цохолт, баталгаа, шинжилгээний акт, үнэлгээний акт, аккредитаци зэрэг хэлбэрээр аж ахуйн нэгжид тодорхой төрлийн үйлдэл, үйл ажиллагаа явуулах эрхийг зохих эрх бүхий байгууллагаас олгож байгааг баталгаажуулсан, эсхүл энэхүү эрхийг олгох урьдчилсан нөхцөл, шаардлагыг хангаж буй эсэхийг нотолсон баримт бичгийг хамруулна.

2.3. "Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага" гэдэгт хууль тогтоомжид зааснаар зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтан, түүнчлэн хуульд заасны дагуу зөвшөөрөл олгох эрх бүхий улсын үйлдвэрийн газар, байгууллагыг хамруулна.

2.4. "Зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох (цаашид "эрх зүйн актыг хянах" гэх) гэдэгт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актуудыг энэхүү удирдамжид заасан шалгуур болон зарчимд нийцэж байгаа эсэхийг тогтоох, нийцээгүй бол холбогдох зөвшөөрөл, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг уг шалгуур, зарчимд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх, хүчингүй болгох санал гаргахыг ойлгоно.

                                                     Гурав. Зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актыг
                                                                      хянан үзэх үүрэг бүхий Ажлын хэсэг

3.1. Монгол Улсын Засгийн газраас аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа хүчин төгөлдөр хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж, боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид "Ажлын хэсэг" гэх) нь дараахь ажлыг хийж гүйцэтгэнэ:

3.1.1. энэхүү удирдамжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд ажлын явцын талаар 2 сар тутам Засгийн газарт тайлагнаж байх;

3.1.2. зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актуудыг хянан үзэх ажилтай холбогдсон заавар, журам, аргачлал батлах;

3.1.3. зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагуудад энэхүү удирдамжид заасан чиг үүргийн хүрээнд зөвлөгөө өгөх, тэдгээрийн ажлыг уялдуулан зохицуулах;

3.1.4. эрх бүхий байгууллагаас энэхүү удирдамжид заасны дагуу хянаж ирүүлсэн саналуудыг нэгтгэн хянаж, цаашид хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх болон өөрчлөх, шинэчлэх зөвшөөрөл, эрх зүйн актуудын талаар тус тусад нь дүгнэлт гаргах;

3.1.5. энэхүү удирдамжийн 3.1.4-т заасан дүгнэлтийг үндэслэн хүчин төгөлдөр хэвээр үлдэх зөвшөөрөл, үйлчлэх эрх зүйн актын жагсаалт, түүнчлэн энэхүү удирдамжид заасан зарчим, шалгуурт нийцээгүй зөвшөөрөл, эрх зүйн актыг боловсронгуй болгох саналыг тус тус Засгийн газарт оруулах;

3.1.6. нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах;

3.1.7. Засгийн газрын шийдвэрийг үндэслэн энэ удирдамжид заасны дагуу хянасан бөгөөд цаашид хүчин төгөлдөр мөрдөх эрх зүйн акт болон зөвшөөрлийн жагсаалтыг хэвлэн нийтлэх.

3.2. Ажлын хэсэг нь төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, төрийн бус байгууллага, хөндлөнгийн шинжээч, аж ахуй эрхлэгч болон иргэдийг татан оролцуулж болно.

3.3. Ажлын хэсэг нь эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналд дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эрх зүйн зөвлөгөө өгөх, холбогдох санал боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно.

3.4. Ажлын хэсэг нь түүнд техник, арга зүйн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албыг байгуулж ажиллуулна.

                                                           Дөрөв. Зөвшөөрөл, эрх зүйн актыг хянах зарчим

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актыг дараахь зарчимд тулгуурлаж хянан үзнэ:

4.1. Зөвшөөрөл, эрх зүйн акт нь дараахь гол үндсэн шинжийг агуулсан байна:

4.1.1. тухайн зөвшөөрөл, эрх зүйн акт нь нийтийн ашиг сонирхлын төлөө нарийн тогтсон болон тодорхойлогдсон зорилготой байх;

4.1.2. зөвшөөрлийг бий болгоход дараахь зүйл хангагдсан байна:

а) уг үйл ажиллагаанаас олох үр ашиг нь зөвшөөрөл авахад зарцуулсан зардлаас илүү байх;

б) зөвшөөрөл нь тодорхойлсон зорилгодоо хүрэхэд хамгийн үр дүнтэй, тохирсон зохицуулалтын арга хэрэгсэл мөн гэдгээ харуулж чадсан байх.

4.1.3. бизнес эрхлэх зорилгод хүрэхэд шаардагдах хамгийн бага дарамттай шаардлага тавих бөгөөд тэдгээрийг биелүүлэх арга замыг аль болох уян хатан тогтоох, эдгээр шаардлага нь бодитой бөгөөд хэрэгжүүлэх боломжтой байх;

4.1.4. зөвшөөрөл олгоход тавьж байгаа шаардлагын талаархи мэдээлэл нь хүртээмжтэй, олоход хялбар, зөвшөөрөл олгох ажиллагаа ил тод, нээлттэй байх бөгөөд зөвшөөрөл олгогч нь ажлаа тайлагнадаг байх;

4.1.5. эрх зүйн акт нь хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээ, бусад зохицуулалттай нийцсэн, уялдсан байх;

4.1.6. холбогдох дүрэм, журам нь аж ахуй эрхлэгч болон бусад сонирхогч этгээдэд мэдээлэгдсэн байх.

4.2. Энэхүү удирдамжид заасны дагуу зөвшөөрлийн үндэслэлийг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нотлон гаргах үүрэгтэй бөгөөд үндэслэлээ гаргаж чадаагүй, эсхүл хугацаанд нь мэдэгдээгүй тохиолдолд уг зөвшөөрлийг хүчингүйд тооцож, холбогдох эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй байх үндэслэл болно.

4.3. Энэхүү удирдамжид заасны дагуу хянагдаагүй зөвшөөрөл, хууль тогтоомжоос бусад эрх зүйн актыг хууль бус гэж үзэх бөгөөд иргэн, хуулийн этгээд нь эдгээр зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах ба эрх зүйн актаар тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байж болно.

4.4. Энэхүү удирдамжид заасан шалгуур болон бусад үзүүлэлтийг хангаагүй хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

4.5. Энэхүү удирдамжид заасан шалгуур болон бусад үзүүлэлтийг хангаагүй зөвшөөрөл, эрх зүйн бусад актыг энэ удирдамжид заасан журмын дагуу хүчингүй болгоно.

4.6. Энэ удирдамжид заасны дагуу хувь хүн, хуулийн этгээд болон тэдгээрийн нэгдлээс гаргасан саналыг заавал хянан үзнэ.

4.7. Ажлын хэсэг нь хувь хүн, хуулийн этгээд болон тэдгээрийн нэгдэл, олон нийтэд эрх зүйн актуудын шинэчлэлийн явцын талаар цаг хугацаанд нь заавал мэдээлнэ.

                                                                      Тав. Зөвшөөрөл, эрх зүйн актыг хянах шалгуур

5.1. Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзнэ.

5.2. Зөвшөөрөл, эрх зүйн актыг хянан үзэхдээ тэдгээрийн агуулга нь энэхүү удирдамжид заасан зарчим, шалгуурт нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийнэ.

5.3. Зөвшөөрөл, эрх зүйн акт бүрийг дараахь шалгуураар хянан үзнэ:

5.3.1. зөвшөөрөл, эрх зүйн акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх:

а) зөвшөөрөл олгохтой холбоотой тухайн эрх зүйн акт нь хууль болон зохих дээд хүчин чадалтай эрх зүйн актыг үндэслэсэн эсэх;

б) тухайн зөвшөөрөл, эрх зүйн актыг зохих журмын дагуу баталсан, улсын бүртгэлд бүртгэсэн, нийтэд хэвлэн нийтэлсэн эсэх;

в) тухайн зөвшөөрөл, эрх зүйн акт нь бусад хууль тогтоомж болон эрх зүйн акттай нийцэж байгаа эсэх.

5.3.2. зөвшөөрөл, эрх зүйн акт нь шаардлагатай эсэх:

а) улсыг хөгжүүлэх тэргүүн зорилтыг хангахад чухал эсэх;

б) нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн эсэх;

в) тухайн зөвшөөрөл, эрх зүйн акт нь бусад зөвшөөрөл, эрх зүйн акттай давхардаж байгаа эсэх.

5.3.3. бизнес эрхлэхэд ээлтэй эсэх (хамгийн бага дарамт, саад тавьсан):

а) бизнесийн орчныг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлийг бүрдүүлж байгаа эсэх;

б) зөвшөөрөл олгох ажиллагааны хугацааг эрх зүйн актад тодорхой заасан эсэх;

в) зөвшөөрөл олгохтой холбоотой төлбөр болон хураамжийг хуульд заасан эсэх;

г) төлбөр, хураамжийн хэмжээ нь зөвшөөрлийн баримт бичиг олгохтой холбогдсон зардлаас давсан эсэх;

д) зөвшөөрөл олгохтой холбогдуулан шаардагдах баримт бичгийн төрөл болон тоо нь үндэслэлтэй эсэх;

е) захиргааны хүнд суртлыг арилгах зорилгоор шаарддаг баримт бичиг болон зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулах, цөөлөх боломжтой эсэх;

ж) зөвшөөрөл, түүнийг олгох журам, баримт бичигт тавигдах шаардлага нь тодорхой болон ойлгомжтой тайлбарлагдсан эсэх.

5.4. Зөвшөөрөл, эрх зүйн акт бүрийг энэхүү удирдамжид заасан зарчим, шалгуурын дагуу хянан үзнэ.

                                                                    Зургаа. Зөвшөөрөл, эрх зүйн актыг хянах үе шат, журам

6.1. Зөвшөөрөл, эрх зүйн актыг хянах ажил 3 үе шаттай явагдана.

6.2. Нэг дэх үе шат:

6.2.1. зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага (цаашид "холбогдох байгууллага" гэх) энэхүү удирдамжийг баталсан өдрөөс хойш 3 сарын дотор өөрийн олгож байгаа зөвшөөрөл, холбогдох эрх зүйн актуудыг хянан үзэж, энэхүү удирдамжид заасны дагуу дүн шинжилгээ хийнэ;

6.2.2. холбогдох байгууллага энэхүү удирдамжийн 6.2.1-д заасан ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийг иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан байгуулан ажиллуулна;

6.2.3. холбогдох байгууллага энэхүү удирдамжийн 6.2.1-д заасан хугацаа дуусахаас 15 хоногийн өмнө ажлын хэсэгт дараахь материалыг ирүүлнэ:

а) удирдамжид заасан зарчим, шалгуурыг бүхэлд нь хангасан зөвшөөрөл, холбогдох эрх зүйн актын жагсаалт;

б) нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эрх зүйн актын жагсаалт;

в) зөвшөөрөл, эрх зүйн актыг дээр дурдсан жагсаалтуудад оруулсан талаархи үндэслэл бүхий танилцуулга;

г) удирдамжийн 6.2.3-ын "а", "б"-д заасан жагсаалтад орсон зөвшөөрлийн загвар, эрх зүйн актыг бүрэн эхээр нь;

д) эрх зүйн актад оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи санал.

6.2.4. энэхүү удирдамжийн 6.2.3-ын "а", "б"-д заасан жагсаалтуудад ороогүй бусад бүх зөвшөөрөл, эрх зүйн актыг зохих журмын дагуу хүчингүй болгоно.

6.3. Хоёр дахь үе шат:

6.3.1. ажлын хэсэг нь холбогдох байгууллагаас ирүүлсэн материал нь энэхүү удирдамжид заасан зарчим, шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах бөгөөд уг ажлыг энэхүү удирдамжийн 6.2.1-д заасан хугацаа дууссанаас хойш 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

6.3.2. холбогдох байгууллагууд нь ажлын хэсгийн хянан шалгах ажилд оролцож болно;

6.3.3. ажлын хэсэг нь энэхүү удирдамжийн 6.3.1-д заасан хугацаа дуусмагц мөн удирдамжийн 6.2.3-ын "а", "б"-д заасан зөвшөөрөл болон эрх зүйн акт бүрээр дүгнэлт гаргаж, Засгийн газарт оруулна;

6.3.4. Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор зөвшөөрөл, холбогдох эрх зүйн акт нь удирдамжид заасан зарчим, шалгуурт нийцэж байгаа эсэх талаар шийдвэр гаргана;

6.3.5. Засгийн газар энэхүү удирдамжид заасан зарчим, шалгуурт нийцээгүй зөвшөөрөл, эрх зүйн актыг хүчингүй болгох, холбогдох эрх бүхий байгууллагад уламжилна;

6.3.6. Ажлын хэсэг болон холбогдох байгууллагаас гаргасан жагсаалтад ороогүй буюу удирдамжид заасны дагуу хянагдаагүй зөвшөөрөл, эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй;

6.3.7. энэхүү удирдамжид заасны дагуу зөвшөөрлийн үндэслэлийг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нотлон гаргаагүй тохиолдолд уг зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актыг хүчингүй болгоно.


6.4. Гурав дахь үе шат:

6.4.1. Ажлын хэсэг зөвшөөрөл, эрх зүйн актууд нь удирдамжид нийцсэн эсэх талаар засгийн газрын шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор цаашид хүчинтэй байх зөвшөөрөл, түүнтэй холбоотой дагаж мөрдөх эрх зүйн актын жагсаалтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Засгийн газрын цахим хуудсаар нийтэд зарлан мэдээлнэ;

6.4.2. жагсаалтыг хэвлэн нийтэлснээс хойш 1 сарын дотор сонирхогч этгээд (аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, хувь хүн) энэхүү жагсаалтад орсон зөвшөөрөл, эрх зүйн актыг хүчингүй болгох, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаархи саналаа Ажлын хэсэгт гаргаж болно;

6.4.3. Ажлын хэсэг нь ирүүлсэн санал нэг бүрийг судлан үзэж гаргасан дүгнэлт, шийдвэрээ олон нийтэд мэдээлнэ;

6.4.4. Ажлын хэсэг нь энэхүү удирдамжийн 6.4.2-т заасан хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор ирүүлсэн саналыг үндэслэн өмнө нь гарсан жагсаалтад өөрчлөлт оруулах эсэх талаар дүгнэлт, санал гаргаж Засгийн газарт оруулна;

6.4.5. Засгийн газар энэхүү дүгнэлт, саналыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор дагаж мөрдөх эрх зүйн акт болон зөвшөөрлийн жагсаалтыг тогтоолоор батална;

6.4.6. энэхүү жагсаалтыг баталснаас хойш уг жагсаалтад ороогүй бусад эрх зүйн актыг хүчингүй болсонд тооцох бөгөөд тэдгээрийг холбогдох байгууллага болон төрийн бусад байгуулага дагаж мөрдөхгүй;

6.4.7. тогтоол баталснаас хойш 10 хоногийн дотор жагсаалтыг албан ёсоор хэвлэн нийтлэх бөгөөд Засгийн газрын цахим хуудсан дээр байрлуулна;

6.4.8. Ажлын хэсэг нь ирүүлсэн санал, гаргасан дүгнэлтийг үндэслэн удирдамжийн 6.4.2-т заасан хугацаа дууссанаас хойш 1 сарын дотор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ. 





                                                                                                      --оОо---