A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 177 дугаар
                                                                                                 тогтоолын хавсралт


                                                                     КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

                                                                                                   Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Концессын тухай хуулийн 11.1-д заасны дагуу төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын аргаар концессоор олгоход энэхүү журмыг баримтална.

1.2. Хуулийн дагуу батлагдсан концессын зүйлийн жагсаалтыг үндэслэн концесс олгох уралдаант шалгаруулалтыг төрийн өөрийн өмчийн хувьд Төрийн өмчийн хороо, орон нутгийн өөрийн өмчийн хувьд тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга (цаашид "эрх бүхий этгээд" гэх) хариуцаж зохион байгуулан хэрэгжүүлнэ.

1.3. Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд концессыг зөвхөн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж, төсөл сонгон шалгаруулсны үндсэн дээр олгоно.

1.4. Эрх бүхий этгээд нь батлагдсан концессын зүйлийн жагсаалтыг нийтэд мэдээлэх, уралдаант шалгаруулалтын хуваарь болон баримт бичгийг батлах, баримт бичгийн үнийг тогтоох, уралдаант шалгаруулалтыг зарлаж түүнд оролцогчдын жагсаалтыг батална.

1.5. Эрх бүхий этгээд нь концессын гэрээний төслийг төрийн өөрийн өмчийн хувьд Засгийн газарт, орон нутгийн өөрийн өмчийн хувьд тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

                                                                        Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт

2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. "Уралдаант шалгаруулалт" гэж Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу концесс эзэмших эрх авах этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг;

2.1.2. "Уралдаант шалгаруулалтын комисс" гэж Концессын тухай хуулийн 13.10-т заасан ажлын хэсгийг;

2.1.3. "Уралдаант шалгаруулалтын хуваарь" гэж эрх бүхий этгээдээс баталсан уралдаант шалгаруулалтын нарийвчилсан төлөвлөгөөг;

2.1.4. "Уралдаант шалгаруулалтын зар мэдээ" гэж Концессын тухай хуулийн 12.2-т заасны дагуу нийтэд зарласан мэдээллийг;

2.1.5. "Оролцох хүсэлт" гэж уралдаант шалгаруулалтын зарын дагуу урьдчилсан шалгаруулалтад оролцохоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлээс ирүүлсэн холбогдох албан бичгийн иж бүрдлийг;

2.1.6. "Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг" гэж Концессын тухай хуулийн 13.3, 13.4-т заасан шалгуур үзүүлэлтүүд, шаардлагатай бусад мэдээллийг тусгасан баримт бичгийг;

2.1.7. "Оролцох санал" гэж оролцох хүсэлт гаргасан этгээдээс урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг;

2.1.8. "Оролцогч" гэж урьдчилсан шалгаруулалтаар сонгогдсон этгээдийг;

2.1.9. "Уралдаант шалгаруулалтын баримт бичиг" гэж оролцогчдод олгох Концессын тухай хуулийн 13.7-д заасан мэдээлэл, шаардлагатай бусад мэдээллийг тусгасан баримт бичгийг;

2.1.10. "Төслийн санал" гэж оролцогчоос уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн саналыг;

2.1.11. "Баримт бичгийн үнэ" гэж урьдчилсан шалгаруулалтын болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хэвлэн олшруулах, түгээх өртгийг.

                                               Гурав. Уралдаант шалгаруулалтын комисс, түүний ажлын
                                                                                           зохион байгуулалт

3.1. Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтын комиссыг (цаашид "комисс" гэх) Концессын тухай хуулийн 13.10-т заасны дагуу холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна.

3.2. Комисс нь сондгой тооны 5-9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

3.3. Комиссын дарга, нарийн бичгийн дарга нь эрх бүхий этгээдийн ажилтан байна. Уралдаант шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь хуралдаанд таслах эрхтэй оролцоно.

3.4. Комиссын гишүүн нь төслийн саналыг үнэлэх чадвартай, тухайн салбарт мэргэшсэн, сүүлийн 3 жилийн хугацаанд уралдаант шалгаруулалтад оролцогчтой хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй ажилтан байна. Комиссын гишүүн нь "Гишүүний мэдүүлэг"-ийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдсэнээр гишүүний эрх нь хүчин төгөлдөр болно.

3.5. Комиссын бүрэн эрх:

3.5.1. урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг батлан оролцох хүсэлт гаргасан этгээдэд олгох;

3.5.2. урьдчилсан шалгаруултад оролцох саналыг нээх;

3.5.3. урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг үнэлж уралдаант шалгаруулалтын оролцогчийг сонгох, оролцогчдын жагсаалт гаргах;

3.5.4. уралдаант шалгаруулалтын баримт бичгийг оролцогчид олгох;

3.5.5. шаардлагатай тохиолдолд оролцогчидтой уулзалт зохион байгуулах;

3.5.6. уралдаант шалгаруулалтын төслийн саналыг нээх;

3.5.7. уралдаант шалгаруулалтад оролцогчийн ирүүлсэн төслийн саналд үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд тодруулга авах, оролцогчтой хэлэлцээ хийх;

3.5.8. оролцогчдын дарааллуулсан жагсаалт гаргах;

3.5.9. жагсаалтын дарааллыг баримтлан концессын гэрээний нөхцөлийн талаар оролцогчтой хэлэлцээ хийж үнэлгээний дүгнэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлэх.

3.5.10. эрх бүхий этгээд нь гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохирсон оролцогчтой концессын гэрээг байгуулснаар комиссын бүрэн эрх дуусгавар болно.

3.6. Комиссын даргын бүрэн эрх:

3.6.1. комиссын хуралдааныг удирдах, бусад ажлыг зохион байгуулах;

3.6.2. уралдаант шалгаруулалтын хуваарьт заасан ажлын явцын талаар эрх бүхий этгээдэд тухай бүр мэдээлэл өгөх, тайлагнах;

3.6.3. уралдаант шалгаруулалтын хуваарь, оролцогчдын жагсаалт, уралдаант шалгаруулалтын баримт бичиг, үнэлгээний дүгнэлтийг эрх бүхий этгээдэд танилцуулж, шийдвэр гаргуулах.

3.7. Комиссын нарийн бичгийн даргын бүрэн эрх:

3.7.1. комиссын хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны товыг зарлах, комиссын дарга, гишүүдийг холбогдох мэдээллээр хангах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, хавтаст хэрэг хөтлөх, баримтжуулж хадгалах;

3.7.2. уралдаант шалгаруулалттай холбоотой зарыг нийтэд мэдээлэх, шалгаруулалтад оролцох болон төслийн саналыг хүлээн авч, комиссын шийдвэрийн дагуу уралдаант шалгаруулалтад оролцогчид баримт бичиг олгох, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;

3.7.3. урьдчилсан болон уралдаант шалгаруулалт явуулсан тухай тайлан бичих;

3.7.4. уралдаант шалгаруулалтын хавтаст хэргийг зохих журмын дагуу архивт шилжүүлэх.

3.8. Комиссын гишүүний бүрэн эрх:

3.8.1. үнэлгээ хийхэд шаардлагатай хууль тогтоомж, дүрэм, заавар, журмыг судалсан байх;

3.8.2. урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахад оролцох;

3.8.3. саналыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичигт тусгасан үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлэх;

3.8.4. комиссын шийдвэр гарахад өөрийн саналыг хараат бусаар өгч оролцох;

3.8.5. комиссын хуралдааны шийдвэрт гарын үсэг зурах.

3.9. Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Комиссын хуралдаан гишүүдийн гуравны хоёр ирснээр хүчин төгөлдөрт тооцогдоно. Комисс асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Комиссын нэг гишүүн нэг саналын эрхтэй байна.

3.10. Комиссын шийдвэрт хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Эсрэг саналтай гишүүн энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.

3.11. Комисс нь хэлэлцээний үр дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохиролцсон оролцогчтой концессын гэрээ байгуулах эрх олгох тухай, эсхүл уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгох тухай шийдвэрийг (цаашид "үнэлгээний дүгнэлт" гэх) эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

3.12. Үнэлгээний дүгнэлтэд комиссын хуралдааны шийдвэртэй холбоотой баримт бичиг (хуралдааны тэмдэглэл, концессын гэрээ байгуулах эрх олгох тухай, эсхүл уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгох тухай шийдвэр, үнэлгээний тайлан)-ийг хавсаргана.

3.13. Үнэлгээний дүгнэлтийг хууль тогтоомж, уралдаант шалгаруулалтын баримт бичигтэй нийцээгүй, эсхүл тэдгээрийг зөрчсөн гэж эрх бүхий этгээд тогтоосон бол үнэлгээний дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор энэхүү зөрчлийг арилгах тухай шаардлагыг комисст албан бичгээр мэдэгдэнэ. Энэхүү шаардлагад үндэслэл, тайлбараа заавал дурдсан байна.

3.14. Комисс нь эрх бүхий этгээдээс албан бичиг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хуралдаж энэхүү журмын 3.13-т заасан шаардлагад дурдсан алдаа, зөрчил үндэслэлтэй эсэхийг хэлэлцэн үнэлгээний дүгнэлт гаргана.

                                                  Дөрөв. Комиссын үйл ажиллагаанд тавих хяналт

4.1. Эрх бүхий этгээд нь комиссын үйл ажиллагаанд дараахь байдлаар хяналт тавина:

4.1.1. комиссын үнэлгээний дүгнэлтийг хянан баталгаажуулах;

4.1.2. уралдаант шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой оролцогчоос ирүүлсэн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх;

4.1.3. комиссын гишүүн хууль зөрчсөн тохиолдолд түүнийг өөрчлөх;

4.1.4. комиссын гишүүн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн тул гишүүнээс өөрөө татгалзсан тохиолдолд комиссын гишүүнийг нөхөн томилох.

4.2. Эрх бүхий этгээд комиссын гишүүнд тодорхой хэмжээний хөдөлмөрийн хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож болно.

4.3. Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай нарийн мэргэжлийн зөвлөгөө өгөх дотоодын болон гадаадын шинжээч, зөвлөх, мэргэжлийн багийг эрх бүхий этгээд өөрийн санаачилгаар буюу комиссын хүсэлтээр томилон ажиллуулж болно.

                                                               Тав. Уралдаант шалгаруулалтын дараалал

5.1. Уралдаант шалгаруулалтын хуваарийг боловсруулах, батлах:

5.1.1. комисс уралдаант шалгаруулалтын хуваарийг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулна;

5.1.2. эрх бүхий этгээд нь шаардлагатай бол уралдаант шалгаруулалтын хуваарьт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

5.2. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, батлах:

5.2.1. комисс урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичгийн дагуу боловсруулан батална;

5.2.2. комисс нь оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд оролцох санал хүлээн авах эцсийн хугацааг нэмэлт, өөрчлөлт оруулсан өдрөөс хойш 10-аас доошгүй хоногоор сунгана;

5.2.3. комисс урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг бүх хүсэлт гаргагчид нэгэн зэрэг мэдэгдэнэ.

5.3. Уралдаант шалгаруулалтын зар мэдээг нийтлэх, сурталчлах:

5.3.1. зар мэдээнд Концессын тухай хуулийн 12.1, 12.2-т заасны дагуу холбогдох мэдээллийг тусгасан байна;

5.3.2. уралдаант шалгаруулалтад олон оролцогч оролцуулах, нээлттэй өрсөлдөөнийг өрнүүлэх зорилгоор дотоод, гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг уулзалт, ярилцлаганд урих, бусад хэлбэрийн сурталчилгааг зохион байгуулж болно.

5.4. Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлт хүлээн авах, урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг олгох:

5.4.1. оролцох хүсэлтийг уралдаант шалгаруулалтын зар мэдээг нийтэд мэдээлснээс хойш оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө хүлээн авна;

5.4.2. оролцох хүсэлтийг илэрхийлсэн албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид зохих журмын дагуу олгосон итгэмжлэл, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ төлсөн баримтын хамт ирүүлнэ;

5.4.3. оролцох хүсэлт ирүүлсэн Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, тэдгээрийн нэгдэлд урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг олгоно.

5.5. Уралдаант шалгаруулалтад оролцох санал хүлээн авах:

5.5.1. оролцох хүсэлт гаргасан этгээд нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө оролцох саналаа битүүмжилж ирүүлнэ;

5.5.2. оролцох хүсэлт гаргасан этгээд ирүүлсэн саналдаа нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө шинээр санал ирүүлж, өмнө ирүүлсэн саналаа буцаан авна;

5.5.3. хугацаа хоцорч ирсэн, эсхүл урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн саналыг хүлээж авахгүйгээр шууд хаягаар нь буцаана;

5.5.4. оролцох хүсэлт гаргасан этгээдийн саналыг комиссын нарийн бичгийн дарга бүртгэн хүлээж авна;

5.5.5. оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанд багтаж ирсэн боловч бүртгэж амжаагүй саналыг санал хүлээн авах эцсийн хугацаагаар бүртгэнэ.

5.6. Оролцох саналыг нээх, оролцогчийг сонгон шалгаруулах:

5.6.1. урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд ирүүлсэн саналыг нээх үед байлцах эрхтэй;

5.6.2. саналыг урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан хаяг бүхий газарт товлосон хугацаанд нээнэ. Саналын эх хувийг бүртгэсэн дарааллаар нээж урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу мэдээлэл хийнэ;

5.6.3. саналыг нээх үед тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд комиссын гишүүд болон саналыг нээхэд байлцсан бусад этгээд гарын үсэг зурна. Урьдчилсан шалгаруулалтад оролцогч гарын үсгээ зурахгүй байх нь урьдчилсан шалгаруулалтын тэмдэглэл хүчингүй болох үндэслэл болохгүй;

5.6.4. санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө саналаа буцааж авах хүсэлтээ ирүүлсэн, эсхүл санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирүүлсэн оролцох саналаас бусад аль ч саналаас татгалзахгүй;

5.6.5. оролцох саналыг уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын дагуу үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан оролцогчоор хязгаарлан жагсаалт гаргана.

5.6.6. Концессын тухай хуулийн 13.5-д заасны дагуу концессын зүйлийн онцлогоос шалтгаалан оролцогчдын жагсаалтыг урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан тодорхой тооны оролцогчдоор хязгаарлах саналаа эрх бүхий этгээдэд тавьж болно.

5.7. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, батлуулах:

5.7.1. концессын зүйлийн төрөл, салбарын онцлогоос шалтгаалан техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн нөхцөл, шаардлага, шалгуур үзүүлэлтийг уралдаант шалгаруулалтын баримт бичигт нарийвчлан тусгах боломжгүй гэж эрх бүхий этгээд үзвэл оролцогчдоос тусгайлан санал хүлээн авах, эцэслэн боловсруулах гэсэн хоёр шаттайгаар уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулна;

5.7.2. хоёр шаттайгаар уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахдаа комисс Концессын тухай хуулийн 13.7-д заасны дагуу тусгайлан санал авна;

5.7.3. комисс уралдаант шалгаруулалтын баримт бичгийг уралдаант шалгаруулалтын жишиг баримт бичгийн дагуу боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулна.

5.8. Оролцогчдод уралдаант шалгаруулалтын баримт бичиг олгох, төслийн санал хүлээн авах:

5.8.1. комисс оролцогчид уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ төлснийг нотлох баримтыг үндэслэн баримт бичгийг олгоно;

5.8.2. эрх бүхий этгээд өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч төслийн саналаа ирүүлэхээс өмнө эрх бүхий этгээдэд хүсэлт тавьсан тохиолдолд уулзалт хийх, ажлын талбайтай танилцах, тодруулга өгөх ажлыг зохион байгуулж болно. Энэхүү арга хэмжээг уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу хэрэгжүүлнэ;

5.8.3. эрх бүхий этгээд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө уралдаант шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд төслийн санал хүлээн авах эцсийн хугацааг нэмэлт, өөрчлөлт оруулсан өдрөөс хойш 20-иос доошгүй хоногоор сунгана;

5.8.4. эрх бүхий этгээд уралдаант шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг бүх оролцогчид нэгэн зэрэг мэдэгдэнэ;

5.8.5. уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу оролцогч нь саналаа төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө битүүмжлэл бүхий техникийн болон санхүүгийн санал хэлбэрээр ирүүлнэ;

5.8.6. ирүүлсэн саналд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд оролцогч санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө шинээр санал ирүүлж, өмнө ирүүлсэн саналаа буцаан авна;

5.8.7. хугацаа хоцорч ирсэн, эсхүл уралдаант шалгаруулалтын баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн төслийн саналыг хүлээж авахгүйгээр хаягаар нь шууд буцаана;

5.8.8. төслийн саналыг комиссын нарийн бичгийн дарга уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу бүртгэж хүлээн авна;

5.8.9. төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанд багтаж ирсэн боловч бүртгэж амжаагүй саналыг санал хүлээн авах эцсийн хугацаагаар бүртгэнэ.

5.9. Төслийн саналыг нээх:

5.9.1. уралдаант шалгаруулалтад оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд төслийн саналыг нээх үед байлцах эрхтэй;

5.9.2. төслийн саналыг уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан хаяг бүхий газарт, товлосон хугацаанд нээнэ. Техникийн саналыг бүртгэгдсэн дарааллаар нээж, уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу мэдээлэл хийнэ;

5.9.3. төслийн саналыг нээх үед тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд комиссын гишүүд болон саналыг нээхэд байлцсан бусад этгээд гарын үсэг зурна. Оролцогч гарын үсгээ зурахгүй байх нь уралдаант шалгаруулалтын тэмдэглэл хүчингүй болох үндэслэл болохгүй;

5.9.4. төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө саналаа буцааж авах хүсэлтээ ирүүлсэн, эсхүл санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирүүлсэн төслийн саналаас бусад аль ч саналаас татгалзахгүй.

5.10. Төслийн саналыг үнэлэх:

5.10.1. техникийн саналын үнэлгээг уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын дагуу үнэлнэ;

5.10.2. комисс техникийн саналыг үнэлж дуусган, оролцогчдод уралдаант шалгаруулалтад цаашид оролцохоор шалгарсан эсэх тухай болон санхүүгийн саналыг нээхээр товлосон газар, хугацааг мэдэгдэнэ;

5.10.3. техникийн санал нь тэнцээгүй оролцогчийн санхүүгийн саналыг нээхгүй буцаана;

5.10.4. оролцогчийн санхүүгийн саналыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нь байлцуулан товлосон газар, хугацаанд нээнэ;

5.10.5. комисс санхүүгийн саналыг уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын дагуу үнэлж, шалгарсан оролцогчийн жагсаалт гаргана.

5.11. Гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх:

5.11.1. комисс шалгарсан оролцогчийн жагсаалтын дагуу Концессын тухай хуулийн 15.1, 15.2-ыг үндэслэн концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ;

5.11.2. хэлэлцээний дүнд гэрээний нөхцөлийг хамгийн сайн харилцан тохирсон нэг оролцогчтой байгуулах концессын гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

                                                                                 Зургаа. Бусад

6.1. Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Концессын тухай хуулийн 19.4-т заасны дагуу концессын гэрээ байгуулахыг дэмжээгүй бол хэлэлцээг дахин хийх эсэх, эсхүл уралдаант шалгаруулалтыг дахин явуулах эсэх шийдвэрийн аль нэгийг гаргана.

6.2. Эрх бүхий этгээд нь Концессын тухай хуулийн 17.1.3-т заасны дагуу уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй, уралдаант шалгаруулалтыг дахин зарласан ч товлосон хугацаанд санал ирэх магадлал бага гэж үзсэн тохиолдолд шууд гэрээ байгуулах саналыг Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ;

6.3. Концессын тухай хуулийн 6.2.6-д заасны дагуу Төрийн өмчийн хороо улсын хэмжээнд концессын талаархи нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ;

6.4. Төрийн өмчийн хороо нь улсын хэмжээнд концесс олгох уралдаант шалгаруулалтын хуваарь, зар мэдээ, бусад шаардлагатай гэж үзсэн мэдээллийг цахим хуудсанд байршуулна;

6.5. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийг концессын гэрээгээр олгох уралдаант шалгаруулалттай холбоотой болон бусад шаардлагатай мэдээллийг Төрийн өмчийн хороонд тухай бүр гарган өгч, мэдээллийн санд бүртгүүлж байна.

                                                                     Долоо. Маргааныг шийдвэрлэх

7.1. Хүсэлт гаргагч болон оролцогч нь уралдаант шалгаруулалттай холбоотой гомдлыг Концессын тухай хуулийн 34.1-д заасны дагуу эрх бүхий этгээдэд гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.




                                                                                              ---оОо---

 

                                                                                                                           Журмын 1 дүгээр хавсралт


                                                                     УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИССЫН
                                                                                      ГИШҮҮНИЙ МЭДҮҮЛЭГ

.....................................................................................................................................................................................................................................................................................................би
                                                                   (комиссын гишүүний нэр, албан тушаал)

Концессын тухай хуулийн 13.10-т заасны дагуу .......................эрх бүхий этгээдийн .............. дугаар тушаал, захирамжаар байгуулагдсан комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр томилогдон ажиллахыг зөвшөөрч, энэхүү мэдүүлгээр уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин биелүүлж, дараахь зүйлийг баримталж ажиллахаа баталж байна:

1. Комиссын гишүүний хувьд хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар гүйцэтгэж эрх бүхий этгээдийн ашиг сонирхлыг дээдэлнэ.

2. Комиссын хуралдаанд оролцох, шийдвэр гаргахдаа өөрийн саналыг хараат бусаар өгнө.

3. Уралдаант шалгаруулалттай холбоотой бичиг баримтыг гуравдагч этгээдэд задруулахгүй.

4. Комиссын гишүүний эрх, гишүүний хувьд олж авсан нууц мэдээллийг буруугаар ашиглахгүй.

5. Уралдаант шалгаруулалтад оролцогчийн эрх тэгш байдлыг хангах, түүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй.

6. Уралдаант шалгаруулалтад оролцогч, бусад аливаа этгээдээс авлига авахгүй.

7. Уралдаант шалгаруулалтын үнэлгээнд нөлөө үзүүлэх аливаа оролдлого, саналын талаар комиссын дарга буюу эрх бүхий этгээдэд тухай бүр мэдэгдэнэ.

8. Уралдаант шалгаруулалтад оролцогч талуудтай сонирхлын зөрчилгүй, хэрэв сонирхлын зөрчил бий болох нөхцөл үүссэн тохиолдолд мэдэгдэж, үнэлгээний хорооны гишүүнээс татгалзана.

                  Гарын үсэг: ..............................................

                  Огноо: ..............................................

                 Албан ажлын хэрэгцээнд:

 
Овог, нэр
Албан тушаал
Гарын үсэг
Огноо
Цаг, минут
Хүлээн авсан
 
 
 
 
 
Хүлээлгэн өгсөн
 
 
 
 
 

 
 

                                                                                                                 ---оОо---

 

                                                                                                                   Журмын 2 дугаар хавсралт

 
                                                                         УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ
 

Агуулга
Огноо эсхүл эцсийн хугацаа
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, батлах
[огноо]
Уралдаант шалгаруулалтыг зарлах
[огноо]1
Оролцох хүсэлт хүлээн авах
[огноо]2
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг олгох
[огноо]
Оролцох саналыг хүлээн авах
[огноо] цагаас өмнө
Оролцох саналыг нээх, үнэлэх
[огноо] цаг
Оролцогчдын жагсаалт гарган тэнцсэн оролцогчид мэдэгдэл хүргүүлэх
[огноо]
Тусгайлан санал авах баримт бичгийг боловсруулах*
[огноо]
Тусгайлан санал авах баримт бичгийг олгох*
[огноо]
Тусгайлан санал авах*
[огноо]
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, эцэслэн боловсруулах
[огноо]
Уралдаант шалгаруулалтын баримт бичиг олгох
[огноо]
Шаардлагатай тохиолдолд тэнцсэн оролцогчидтой  уулзалт, ажлын талбайтай танилцах, тодруулга өгөх ажлыг зохион байгуулах
[огноо]
Төслийн санал хүлээн авах
[огноо] цагаас өмнө
Техникийн саналыг нээх
[огноо] цаг
Техникийн саналыг үнэлэх, хэлэлцээ хийх
[огноо]
Техникийн саналын үнэлгээний үр дүнг мэдэгдэх
[огноо]
Санхүүгийн саналыг нээх
[огноо] цаг
Санхүүгийн саналыг үнэлэх, хэлэлцээ хийх
[огноо]
Шалгарсан оролцогчдын жагсаалт гаргах
[огноо]
Шалгарсан оролцогчдын жагсаалтын дагуу концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээр хийх
[огноо]
Үнэлгээний дүгнэлт, концессын гэрээний төслийг  эрх бүхий байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх
[огноо]
Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгосноор шалгарсан оролцогчтой концессын гэрээнд гарын үсэг зурах
[огноо]

 

1 *Тус журмын 5.7.1-д заасны дагуу хоёр шаттайгаар уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах тохиолдолд

2 [огноо]1 болон [огноо]2 хооронд Концессын тухай хуулийн 12.4-т заасны дагуу хоёр сараас доошгүй хугацаа байна.


                                                                                                -----oOo-----