- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УЧИРСАН ХОХИРЛЫГ ТООЦОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 254 дүгээр
тогтоолын хавсралт
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УЧИРСАН ХОХИРЛЫГ
ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 23.3-т заасан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тооцож, тодорхойлоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. "түймрээс учирсан хохирол" гэж ой, хээрийн түймрийн нөлөөгөөр учирсан экологи, эд материалын хохирол, түймэр унтраахад гарсан шууд болон шууд бус зардлыг;
1.2.2. "экологийн хохирол" гэж түймрийн нөлөөгөөр байгалийн экологийн тогтолцооны хэвийн байдал, ойн хөрс, ус хамгаалах чадвар алдагдах, амьтан, ургамал устах болон тэдгээрийн төрөл, зүйлийн амьдрах орчин доройтох, байгалийн нөөц баялаг хомсдохыг;
1.2.3. "эд материалын хохирол" гэж түймрийн нөлөөгөөр барилга байгууламж, гэрийн тэжээмэл амьтан, мал, таримал ургамал, өвс тэжээл , малын хашаа, саравч, машин, техник тоног төхөөрөмж, гэр, орон сууц, эд материал зэрэг үндсэн болон эргэлтийн хөрөнгө гэмтэх, устах зэргээр улс, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан шууд хохирлыг;
1.2.4. "ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт" гэж эрх бүхий байгууллагаас томилогдсон ажлын хэсэг түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа хийж, түймрээс учирсан хохирлыг тодорхойлж эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулсан баримт бичгийг;
1.2.5. "ой модны шаталтын зэрэглэл" гэж түймрийн төрөл, шаталтын эрчим, хэлбэр зэргээс хамаарч ойн мод, ургамал, хөрсний гэмтсэн хэмжээг.
1.3. Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцож тодорхойлох ажлыг Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зохих шатны Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг гүйцэтгэнэ .
1.4. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь 5-аас доошгүй гишүүнтэй байна. Ажлын хэсэгт хууль хяналтын, онцгой байдлын, байгаль орчны байгууллага болон ойн мэргэжлийн хүмүүсийг оролцуулна.
1.5. Ажлын хэсэг нь ой модны шаталтын зэрэглэлийг тогтоож, ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт үйлдэх бөгөөд энэ нь түймэр тавьсан, санамсаргүй алдсан буруутай этгээдтэй эрх бүхий байгууллагаас хариуцлага тооцох, түүнээс нөхөн төлбөр гаргуулах үндсэн баримт болно.
1.6. Энэхүү журмыг зөрчсөн ажлын хэсгийн гишүүнд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хоёр. Ой, хээрийн түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа явуулах
2.1. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тодорхойлох зорилгоор шатсан талбайг судлах ажил нь бэлтгэл ажил болон хээрийн судалгаа гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
2.2. Бэлтгэл ажил нь дараахь ажилбараас бүрдэнэ:
2.2.1. тухайн бүс нутгийн байр зүйн болон бусад холбогдох газрын зургийг бэлтгэж, түймэр гарсан газрыг тоймлон тэмдэглэх;
2.2.2. түймрийн хохирлыг тодорхойлоход шаардагдах ой, хадлан, бэлчээр, ан амьтан зэрэг байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээний материалыг бүрдүүлж, нарийвчлан судлах;
2.2.3. түймэрт нэрвэгдсэн газар байрлаж байсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд материалын хохирлын талаар мэдээлэл цуглуулах;
2.2.4. түймэртэй тэмцэхэд гарсан зардалтай холбоотой материалыг бүрдүүлэх;
2.2.5. түймэрт нэрвэгдсэн талбайд үзлэг явуулахад шаардагдах тээврийн хэрэгсэл, уналга, багаж хэрэгсэл, ажлын хувцсыг бэлтгэх.
2.3. Энэхүү журмын 2.2-т заасан бэлтгэл ажлыг хангасны дараа түймэрт нэрвэгдсэн талбайн хээрийн судалгаа хийнэ.
2.4. Талбайн судалгаа нь тойм болон жишиг судалгаа гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
2.5. Тойм судалгааг түймэрт нэрвэгдсэн нийт газрыг хамруулан хийнэ. Энэ судалгаагаар тухайн түймрийн төрөл, хэлбэр, эрчим, тархалтын хэмжээг тоймлон тогтоож, байр зүйн зурагт тэмдэглэн, түймэрт нэрвэгдсэн эд хөрөнгийн хэмжээ, түймэрт шатсан байдлыг тогтоож, түймрийн шаталтын зэрэглэлийг нарийвчлан тогтоох зорилгоор жишиг талбай байгуулах газрыг сонгоно.
2.6. Нэг жишиг талбай нь 20х20 м (400 м2)- 30х30 м (900м2) хэмжээтэй байна. Жишиг талбайн нийлбэр хэмжээ нь тойм судалгаа хийсэн түймэрт нэрвэгдсэн талбайн 1-ээс доошгүй хувийг хамарсан байна.
2.7. Жишиг талбайг тухайн нутаг дэвсгэрийн түймэрт нэрвэгдсэн байдлыг төлөөлөн илэрхийлж чадахаар хэсэгт, янз бүрийн эрчимтэй шатсан газарт байгуулна.
Гурав. Ой модны шаталтын зэрэглэл тогтоох
3.1. Ой модны шаталтын зэрэглэлийг зөв тогтоож түймрээс учирсан хохирлыг янз бүрийн эрчимтэй шатсан ойн талбай бүрээр нарийвчлан тооцон тодорхойлсноор, сөрөг үр дагаврыг арилгах, шатсан ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
3.2. Ойн түймэрт нэрвэгдсэн байдлыг харгалзан тухайн ой модны шаталтын зэрэглэлийг сул, дунд, хүчтэй, нэн хүчтэй гэж ангилна. Шаталтын зэрэглэл ойн түймрийн эрчмээс хамаарна. Сул эрчимтэй түймэрт нэрвэгдсэн ой модны шаталтын зэрэг бага, дунд, өндөр, нэн эрчимтэй түймрийн үед ой модны шаталтын зэрэг их байна.
3.3. Янз бүрийн эрчимтэй шатсан ойд жишиг талбай байгуулан мод, өсвөр модны тооллого, хэмжилт хийж, амьд болон үхсэн модны тоо, нөөц, ургаа модны гэмтлийн шинж байдлыг тогтооно. Үүний зэрэгцээ ургамлын нөмрөг, хөрсний шатсан байдалд үнэлгээ өгч ой модны шаталтын зэрэглэлийг тогтооно.
3.4. Түймэрт нэрвэгдсэн ой модны нөөцийн 15 хүртэл хувь нь цаашид ургах боломжгүй болсон тохиолдолд шаталтын сул зэрэглэлд, модны нөөцийн 16-45 хүртэл хувь шатсан бол дунд зэрэглэлд, 46-75 хүртэл хувь шатсан бол хүчтэй зэрэглэлд, 76-гаас дээш хувь шатсан нөхцөлд шаталтын нэн хүчтэй зэрэглэлд тус тус хамааруулна.
3.5. Ойн түймрийн шаталтын зэрэглэлийг тооцсон хүснэгт, материалыг түймрээс учирсан хохирлын актад хавсаргана.
Дөрөв. Экологийн хохирлыг тодорхойлох
4.1. Тухайн талбай дахь байгалийн нөөц баялаг, ойн шаталтын зэрэглэлтэй уялдуулан экологийн хохирлыг мөнгөн үнэлгээгээр илэрхийлнэ.
4.2. Экологийн хохирлыг тооцохдоо тухайн баялгийн нэгж талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэс болгоно.
4.3. Шаталтын сул зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээний 5 хувиар, шаталтын дунд зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээний 10 хувиар, шаталтын хүчтэй зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг уг үнэлгээний 20 хувиар, нэн хүчтэй зэрэглэлд хамаарах ойн 1 га тутмын хохирлыг уг үнэлгээний 30 хувиар тооцно.
4.4. Тухайн төрлийн модны 1 га ойн талбайд тооцсон экологийн хохирлыг шатсан нийт талбайд шилжүүлж түймрээс учирсан хохирлыг тодорхойлно.
4.5. Түймэрт нэрвэгдсэн талбай дахь модны төрөл бүрээр тооцсон хохирлын нийлбэрээр нийт учирсан хохирлыг тогтооно.
4.6. Ашиглалтын нас гүйцээгүй ойд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн болон модны нөөцийн эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан ой модны насны ангийн дараахь итгэлцүүрээр бууруулж тооцно:
Ой модны насны ангийн итгэлцүүр
Насны ангилал
|
Ойн төрөл
|
|
Шилмүүст
|
Навчит
|
|
1 дүгээр
|
0.24
|
0.35
|
2 дугаар
|
0.31
|
0.48
|
3 дугаар
|
0.45
|
0.91
|
4 дүгээр
|
0.67
|
0.95
|
5 болон түүнээс дээш
|
1.0
|
1.0
|
4.7. Түймэрт нэрвэгдсэн бэлчээрийн хохирлыг намрын улиралд суурь үнэлгээг 0.03, хаврын улиралд 0.01 итгэлцүүрээр үржүүлж тооцно.
Тав. Эд хөрөнгийн хохирлыг тодорхойлох
5.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн хохирлыг дараахь байдлаар тодорхойлно:
5.1.1. барилга байгууламж, машин, техник тоног төхөөрөмж бусад эд хөрөнгийн хохирлыг тайлан тэнцлийн үнээр, ийм үнэгүй бол тэдгээрийг ашиглаж эхлэх үеийн зах зээлийн үнийг үндэслэн шатсан байдал, элэгдэл, хорогдлын шимтгэлийг харгалзан;
5.1.2. шатсан орон сууц, гэр, малын хашаа, саравчны хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнэ, ашиглалтын хугацааг харгалзан;
5.1.3. бэлтгэсэн мод, өвс, хүнсний ногоо, мал, гэрийн тэжээмэл амьтан, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнээр.
5.2. Түймэрт шатсан таримал ургамал, үр тарианы хохирлыг тухайн жилд нэг га-гаас авахаар тогтоосон ургацын хэмжээг, хэрэв ургацын хэмжээг тухайн жилд тогтоогоогүй бол сүүлийн 3 жилд авсан нэг га-гийн дундаж ургацын хэмжээг тухайн үеийн таримал ургамал, үр тарианы зах зээлийн үнийг тус тус үндэслэн тооцно.
5.3. Ойн санд шилжээгүй таримал ойд учирсан хохирлыг 1 га талбайд уг ойг тарьж ургуулахад зарцуулсан тухайн үеийн зардлаар тооцно.
5.4 Мод үржүүлгийн байнгын болон түр талбай, хүлэмжид үржүүлж байгаа бөгөөд жишгийн хэмжээнд хүрээгүй тарьц, суулгацын хохирлыг үр бэлтгэх, хөрс боловсруулах, тэдгээрийг ургуулахад усалж, арчилж, хамгаалсан ажлын бодит зардлаар, мод үржүүлгийн газарт хашилт, хамгаалалт хийсэн, барилга байгууламж болон жишгийн хэмжээнд хүрсэн тарьц, суулгацын хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнээр тооцно.
Зургаа. Зардлыг тооцох
6.1. Ой, хээрийн түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг санхүүгийн үндсэн баримтыг үндэслэн шууд болон шууд бус гэсэн хэлбэрээр тооцно.
6.2. Шууд зардалд түймэртэй тэмцэхэд дайчлагдан ажилласан машин, техникт хэрэглэсэн бензин, шатахуун, хүмүүсийн хоол, хүнсний үнэ бусад зардал багтана.
6.3. Шууд бус зардалд түймэрт дайчлагдан ажилласан хүмүүсийн цалин, томилолтын зардал, нисэх онгоц, нисдэг тэрэг, бусад тээврийн хэрэгсэл ашигласны хөлс, холбооны хэрэгслээр ярьсан зардал, түймэртэй тэмцэхэд зориулан тусламжаар ирүүлсэн техник хэрэгслийн тээврийн зардал, гаалийн татвар, түймэрт нэрвэгдсэн талбайд үзлэг явуулахад шаардагдах тээврийн хэрэгсэл, уналга, багаж хэрэгсэл, ажлын хувцасны зардал, машин, техник ашигласны хөлс тус тус багтана.
Долоо. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт тогтоох
7.1. Экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардлыг үндэслэн түймрээс учирсан хохирлын актыг тогтооно. Түймрээс учирсан хохирлын актад ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж зохих шатны Засаг даргаар баталгаажуулна. Актад холбогдох тооцоо, баримт, зураг зэргийг хавсаргана.
7.2. Түймрээс учирсан хохирлын актын маягтыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.3. Актыг 4 хувь үйлдэж гэм буруутай этгээдээр гарын үсэг зуруулан /ийм этгээд тогтоогдоогүй бол гарын үсэггүйгээр/ зохих шатны Засаг даргын Тамгын газар, хуулийн байгууллага, онцгой байдлын болон ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус бүрт нэг хувийг хүргүүлнэ.
7.4. Шаардлагатай гэж үзвэл зохих шатны Засаг даргын Тамгын газар тогтоосон актад мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.
7.5. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актыг Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд заасан хугацаанд багтаан гаргаж энэхүү журмын 7.3-т заасан байгууллагад хүргүүлнэ.
7.6. Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акттай холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг тухайн шатны Засаг дарга материалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
---оОо---
Текст томруулах
A
A
A