- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 276 дугаар
тогтоолын хавсралт
ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН
ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Телевиз, радиогийн зохицуулалтын талаар дараахь чиглэлийг баримтална:
1. Телевиз, радиогийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрхийн түгээмэл тунхаглалд нийцсэн байх.
2. Телевизийн хөрөнгө оруулагч, эзэмшигч, удирдлагын талаархи мэдээллийг олон нийтэд ил тод болгох.
3. Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын 3.2.2.2-т заасан чиглэлийг баримталж ажиллах.
4. Оюуны өмчид хамаарах Монгол Улсын олон улсын гэрээ, конвенци болон хууль тогтоомжийг мөрдүүлэх.
5. Телевиз, радиогийн үйл ажиллагаанд мөрдөгдөх мэргэжлийн ёс зүйн дүрэм, түүнийг хэрэгжүүлэх өөрийн зохицуулалтын байгууллагатай байхыг дэмжих.
6. Хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхдээ эдийн засгийн механизмыг үндсэн хэрэгсэл болгох.
7. Телевиз, телевизийн студи, кабелийн телевизийг тодорхойлж, нэгдсэн ойлголттой болж, тэдгээрт тавих стандартыг ялгаатай тогтоож мөрдүүлэх.
8. Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх.
9. Олон нийтийг хүчирхийлэл, садар самуун, гүтгэлэг, худал мэдээллээс хамгаалах, хувь хүний нууцыг хадгалах талаар стандарт, журам тогтоох.
10. Онцгой байдал үүссэн нөхцөлд шаардлагатай зар, мэдээллийг олон нийтэд үнэ төлбөргүй, шуурхай хүргэх асуудлыг зохицуулах.
---оОо---
Текст томруулах
A
A
A