- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮСИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
ТЗасгийн газрын 2005 оны 38 дугаар тогтоолын хавсралт
БҮСИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Энэхүү журмаар Бүсийн хэлэлцээр (цаашид "Хэлэлцээр" гэх)-ийн үндсэн агуулгыг тодорхойлж, хэлэлцээр байгуулах, түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Нэг. Хэлэлцээрийн үндсэн агуулга
1.1. Хэлэлцээр гэдэгт нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдал, үр ашгийг хамтран хангах зорилгоор удирдлагын нөөц, санхүүгийн бололцоотой эх үүсвэрийг бүсийн хөгжлийг дэмжих санд төвлөрүүлэн ашиглах замаар бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг зохицуулан шийдвэрлэх зорилгоор төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд, Бүсийн зөвлөлүүдийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно.
1.2. Хэлэлцээр нь Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 17.2-т заасан бүс нутгийн хөгжлийн асуудлыг зохицуулахад чиглэгдэнэ.
1.3. Хэлэлцээр нь шийдвэрлэх асуудлын цар хүрээнээс хамааран улсын хэмжээний, бүсийн хэмжээний гэсэн төрөлтэй байна.
1.4. Хэлэлцээрт түүний төрлөөс хамааран дор дурдсан талууд оролцоно:
1.4.1. улсын хэмжээний хэлэлцээрт Засгийн газар, түүнийг төлөөлж төрийн захиргааны холбогдох төв байгууллага нь Бүсийн зөвлөлтэй;
1.4.2. бүсийн хэмжээний хэлэлцээрт тухайн бүсэд багтах нийт аймгийг төлөөлж Бүсийн зөвлөл, шаардлагатай тохиолдолд холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нь төрийн захиргааны төв байгууллагатай.
1.5. Талууд тохиролцон улсын болон бүсийн хэлэлцээрт уг хэлэлцээрийг дэмжиж байгаа тухайн бүсийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулж болно.
1.6. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 17.2-т заасан асуудал нэг бүрээр тухайн түвшинд нэг хэлэлцээр байгуулна.
1.7. Хэлэлцээр байгуулахад дараахь зарчим баримтална:
1.7.1. хууль тогтоомжид нийцсэн байх;
1.7.2. үндэсний эрх ашгийг дээдлэх;
1.7.3. нийтэд ил тод байх;
1.7.4. олон нийтийн оролцоог хангах;
1.7.5. хэлэлцээр хэрэгжих санхүүгийн эх үүсвэр болон бусад баталгааг хангасан байх.
1.8. Хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад түүнд оролцогч талууд тухайн асуудалтай холбоотой өөрт байгаа бүх мэдээллийг харилцан солилцох үүрэгтэй.
1.9. Хэлэлцээр нь хууль ёсны ашиг сонирхолыг нь илэрхийлж байгаа аймаг, бүс нутаг, байгууллага, иргэдийг хамаарч үйлчилнэ.
1.10. Шийдвэрлэх асуудлын нөхцөл байдлаас хамааран хэлэлцээрийг нэг жил ба түүнээс дээш жилийн хугацаагаар байгуулж болно. Талууд тохиролцон хэлэлцээрийн хугацааг сунгаж болно.
Хоёр. Хэлэлцээр байгуулах, дагаж мөрдөх
2.1. Хэлэлцээрийг санаачлагч нь хэлэлцээрийн төслийг боловсруулж нөгөө талд бичгээр хүргүүлнэ.
2.2. Хэлэлцээрийн төслийг хүлээн авсан тал нь 14 хоногийн дотор хариуг бичгээр өгнө.
2.3. Хэлэлцээрийн төсөлд хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон авах арга хэмжээ, хийх ажлын төрөл, гүйцэтгэх хугацаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт хийх хугацаа, хариуцах тал, туслан оролцох байгууллага зэргийг тодорхой заасан байна.
2.4. Хэлэлцээр байгуулахтай холбогдон гарах зардлыг талууд өөрсдөө хариуцна.
2.5. Хэлэлцээрт түүнийг хэлэлцсэн тухай тэмдэглэл, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсаргасан байна.
2.6. Хэлэлцээрийг энэ журмын 2.5-д заасан баримт бичгийн хамт гурван хувь үйлдэн нэг хувийг нь улсын хэмжээний хэлэлцээрийн тухайд Үндэсний хорооны ажлын албанд, бүсийн хэмжээний хэлэлцээрийн тухайд Бүсийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа тухайн аймаг буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
2.7. Хэлэлцээр түүнийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцээр байгуулсан талуудын удирдлага, зохион байгуулалт өөрчлөгдөх нь түүнийг хэрэгжүүлэхээс татгалзах буюу цуцлах үндэслэл болохгүй.
Гурав. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих
3.1. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг талууд зохион байгуулна.
3.2. Хэлэлцээрт заасан хамтын үйл ажиллагааг талууд хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг аль нэг тал нь дангаараа буюу оролцооны хувь хэмжээгээр гаргаж бүсийн хөгжлийг дэмжих Санд төвлөрүүлнэ.
3.3. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийг зарцуулах эрхийг Сангийн тэргүүн эдэлнэ.
3.4. Хамтын ажиллагааны тухайн арга хэмжээг хариуцсан тал хэрэгжүүлж байгаа ажлын явц, түүнд зарцуулсан хөрөнгийн талаар нөгөө талд тогтмол мэдээлж, талуудаас хийсэн нийт ажлын үр дүнг улсын хэмжээний хэлэлцээрийн хувьд Үндэсний хороонд, бүсийн хэмжээний хэлэлцээрийн хувьд Бүсийн зөвлөлд хагас, бүтэн жилээр хамтран тайлагнах үүрэгтэй.
3.5. Талууд хэлэлцээрийн хэрэгжилт, хамтын үйл ажиллагаанд хяналт тавих адил эрхтэй байна.
3.6. Улсын болон бүсийн хэмжээнд байгуулж байгаа хэлэлцээрүүд, тэдгээрийн хэрэгжилтэд Үндэсний хороо ерөнхий хяналт тавьж явц, үр дүнг нь Засгийн газрын хуралдаанд мэдээлж ажиллана.
3.7. Талууд Хэлэлцээрийг хэрэгжүүлэхдээ тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжигч аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулж, тэдгээрийн оролцоог ханган ажиллана. Талууд тухайн байгууллага, иргэдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтын ажиллагааны аль нэг чиглэлийн ажлыг тэдгээрт хариуцуулж болно.
3.8. Хэлэлцээрийн хүрээнд хамтын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхтэй холбогдон гарах зардлыг талууд тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
3.9. Хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагаанд зориулан Санд хуримтлуулсан хөрөнгийг зөвхөн үндсэн зориулалтын дагуу зарцуулна.
3.10. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг энэхүү журмын 2.1, 2.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Талууд үйл ажиллагаандаа Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад эрхийн актыг удирдлага болгоно.
4.2. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хөндөж байвал уг асуудлаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байна.
4.3. Хэлэлцээрийг хуульд зааснаас бусад тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу цуцалж болно. Талууд хэлэлцээрээ дуусгавар болгох буюу цуцлах болсон үндэслэл, шалтгаанаа Үндэсний хороо, Бүсийн зөвлөлд мэдэгдэх үүрэгтэй.
4.4. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад талуудын хооронд үүссэн маргааныг улсын хэмжээний хэлэлцээрийн тухайд Засгийн газар, бүсийн хэмжээний хэлэлцээрийн тухайд Бүсийн зөвлөл шийдвэрлэнэ.
_____оОо_____
Текст томруулах
A
A
A