A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДИПЛОМАТ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ (Засгийн газрын 2019 оны 272 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2010 оны 293 дугаар
тогтоолын хавсралт




ДИПЛОМАТ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ

(Засгийн газрын 2019 оны 272 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл
 

1.1. Энэхүү дүрмээр дипломат ажилтны сахилгын тухай ойлголт, сахилгын үндсэн зарчим, шаардлагыг тодорхойлж, дипломат ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "ГХЯ" гэх), хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар (цаашид "ДТГ" гэх)-т ажиллаж байгаа тангараг өргөсөн дипломат ажилтан энэхүү сахилгын дүрмийг чанд сахин мөрдөнө.

1.3. Дипломат ажилтан Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон байгууллагын дотоод журам, дипломат ажилтны сахилгын зарчим, шаардлага, дипломат ажилтны тангараг, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэхийг дипломат ажилтны сахилга гэнэ.

1.4. Дипломат албаны байгууллагын удирдах албан тушаалтан нь сахилга, дэг журмыг чанд сахихыг ажилтнуудаас шаардах, түүнийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

1.5. Сахилга, дэг журмыг тогтоох талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй удирдах албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээнэ.

                                       Хоёр. Дипломат ажилтны сахилгын үндсэн зарчим

2.1. Дипломат ажилтан сахилгын дараахь үндсэн зарчмыг баримтална:

2.1.1. шударга ёс, тэгш байдлыг хангаж, хууль дээдлэх;

2.1.2. хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

2.1.3. үндэсний аюулгүй байдал, байгууллагын эрх ашгийг нэн тэргүүнд тавих;

2.1.4. төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;

2.1.5. удирдах албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэх.


                                                    Гурав. Дипломат ажилтны сахилгын шаардлага

3.1. Дипломат ажилтан нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг үйл ажиллагаандаа удирдлага болгож, Төрийн албаны тухай хууль, Дипломат албаны тухай хууль, ГХЯ болон ДТГ-ын хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээс гадна дараахь шаардлагыг сахин биелүүлнэ:

3.1.1. дипломат ажилтны нэр төрийг өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн эх орныхоо эрх ашгийг дээдлэн төр, засгийн албан ёсны байр суурьт нийцсэн үйл ажиллагаа явуулах;

3.1.2. улс төрийн талаар төвийг сахиж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхдээ албан тушаалдаа хүндэтгэлтэй хандан төрийн албан хаагчийн ёс зүйд харш үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх;

3.1.3. албан ёсны аливаа мэдээлэл болон албан үүрэгтэй нь холбоотойгоор илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалж, албан ёсны мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;

3.1.4. гэр бүлийн гишүүд нь суугаа орны хууль тогтоомжийг сахин биелүүлэх, дипломат эрх ямба, дархан эрхийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байх, ёс зүйн зөрчил, хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх талаар арга хэмжээ авах;

3.1.5. өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дипломат болон албан паспортыг ГХЯ-нд ажиллаж байгаа тохиолдолд төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа тохиолдолд ДТГ-ын Тэргүүнд хадгалуулан шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр авч байх журмыг чанд мөрдөх;

3.1.6. Дипломат албаны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж болон дипломат албаны байгууллагын дотоод журамд заасан үүргийг чанд сахин биелүүлэх;

3.1.7. албан ажлын онцлогтой холбогдуулан гадаадын иргэн, байгууллагатай харилцах талаар тогтоосон журмыг мөрдөн ажиллах;

3.1.8. албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хууль бус үйл ажиллагааны талаархи мэдээллийг нэн даруй холбогдох байгууллагад мэдээлэх;

3.1.9. гадаад улсад зорчих талаар тогтоосон журмыг мөрдөн ажиллах.

                                                       Дөрөв. Дипломат ажилтны үйл ажиллагаанд хориглох зүйл

4.1. Дипломат ажилтны үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:

4.1.1. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргах;

4.1.2. Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохирсон албан томилолт, эсхүл ГХЯ-ны эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний зардлаар эх орондоо болон гадаадад зорчих;

4.1.3. Гадаадад томилолтоор ажиллахдаа Монгол Улсын төрийн байгууламж болон төрийн өндөр албан тушаалтны эсрэг агуулга бүхий үг хэлэх, ярилцлага өгөх, ийм утгатай материалыг хэвлэлд өгөх, нийтлүүлэх, бусдаас уг үйл ажиллагааг явуулахыг үйлдэл, эс үйлдлээр шаардах;

4.1.4. албан үүргээ гүйцэтгэж байхдаа олж мэдсэн төрийн болон байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хувийн зорилгоор гэрээ, хэлцэл хийх, бусад хэлбэрээр ашиглах;

4.1.5. тогтоосон журмыг зөрчиж бэлэг дурсгалын зүйл авах, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж, иргэн, улс төрийн нам болон төрийн бус байгууллагаас аливаа өргөмжлөл, шагнал авах;

4.1.6. албан тушаалын байдлаа ашиглан удирдлагадаа ажилладаг, эсхүл үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг ажилтнаар албан үүрэгтэй нь холбоогүй ажил үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус шаардлага тавих, өөртөө буюу бусдад ашиг хонжоо олох үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр шахалт үзүүлэх.

                                                                      Тав. Сахилгын шийтгэл ногдуулах

5.1. Төрийн албаны тухай хуулийн 15, Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл, дипломат ажилтны сахилга зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн, түүнчлэн албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

5.2. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг зохих журмын дагуу шалган тогтооно. Шалгалтыг ГХЯ-ны эрх бүхий албан тушаалтнаас эрх олгосон дипломат ажилтан нэн даруй хийнэ.

5.3. Элчин сайд, Байнгын төлөөлөгч энэхүү дүрмийн 3, 4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргасан бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг мэдээллийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шалгаж, сахилгын зөрчил хүлээлгэх үндэслэлтэй нь тогтоогдвол саналаа түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ. Хилийн чанад дахь ДТГ-т ажиллаж байгаа Элчин зөвлөх, Байнгын төлөөлөгчийн орлогчид гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

5.4. ГХЯ-ны ажилтанд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар, хилийн чанад дахь ДТГ-т ажиллаж байгаа ДТГ-ын тэргүүн, Элчин зөвлөх, Байнгын төлөөлөгчийн орлогчоос бусад дипломат болон үйлчилгээ, техникийн албан хаагч нарт дипломат албанаас халахаас бусад тохиолдолд Төрийн нарийн бичгийн даргын эрх шилжүүлснээр ДТГ-ын тэргүүн тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулна.

5.5. ДТГ-ын тэргүүн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулна. Хэрэв ДТГ-ын Тэргүүний эрх хэмжээнд хамаарахгүй бол шалгалт хийсэн тухай илтгэх хуудас болон зөрчилд холбогдох баримт материалыг шийтгэл ногдуулах саналын хамт тухайн ажилтныг томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

5.6. Дипломат ажилтан ёс зүйн зөрчил гаргасан асуудлыг ГХЯ-ны төрийн албаны салбар зөвлөл хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт гаргана.

5.7. Дипломат ажилтныг томилсон эрх бүхий албан тушаалтан энэхүү дүрмийн 5.5-д заасан илтгэх хуудас болон зөрчилд холбогдох материал, дүгнэлт, саналтай танилцаад дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.7.1. зөрчил гаргасан нөхцөл байдал, учирсан болон учирч болзошгүй хохирол, үр дагавар зэргийг харгалзан дор дурдсан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах;

5.7.1.1. сануулах;

5.7.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

5.7.1.3. дипломат албанаас халах.

5.7.2. үндэслэлийг дахин шалгаж, нэмэлт баримт материал бүрдүүлэхээр буцаах;

5.7.3. сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох.

5.8. Сахилгын шийтгэл ногдуулахад дараахь нөхцөлийг хүндрүүлэн авч үзнэ:

5.8.1. нэг төрлийн зөрчлийг давтан гаргасан;

5.8.2. хоёр буюу түүнээс дээш ажилтан оролцсон;

5.8.3. санаатайгаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон;

5.8.4. сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд зөрчил давтан гаргасан.

5.9. Дараахь тохиолдлыг сахилгын ноцтой зөрчилд тооцож, дипломат албанаас хална:

5.9.1. Олон улсын эрх зүй, Монгол Улсын хууль тогтоомж, ГХЯ болон ДТГ-ын хөдөлмөрийн дотоод журам болон эрх зүйн бусад актаар хүлээсэн үүргээ үл биелүүлж, Монгол Улсын болон байгууллага, хамт олны нэр хүндэд харш үйлдэл, эс үйлдэл санаатай гаргасан, хил дамнасан хууль бус худалдаа, наймаа хийсэн, дипломат болон албан паспорт, дипломат дугаар бүхий автомашин, дипломат элчийн зар, дипломат шуудан болон ачааны хэвлэмэл хуудсыг ашиг хонжоо олох зорилгоор бусдад дамжуулсан, ашигласан, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг зөрчил гаргасан;

5.9.2. удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлын талаар нийтэд мэдээлсэн, мэдээлэл дамжуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр албаны баримт бичгийг зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар устгасан;

5.9.3. гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн;

5.9.4. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан.

5.10. Сахилгын нэг төрлийн зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй.

5.11. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.

5.12. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.

5.13. Дипломат ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг өөрт нь танилцуулж, хувийн хэрэгт нь хадгална. Шаардлагатай гэж үзвэл хамт олонд нь мэдээлж болно.

5.14. Дипломат ажилтанд дипломат албанаас халах шийтгэл ногдуулсан тохиолдолд энэ нь түүний дипломат албанд эгүүлэн авахаас татгалзах үндэслэл болно.

5.15. Дипломат ажилтан сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор дээд шатны албан тушаалтан, холбогдох бусад байгууллагад гаргаж болно. Сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан нь түүнийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

5.16. Сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.




 

---оОо---