A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                       Монгол Улсын  Засгийн газрын 2010 оны 318 дугаар
                                                                                                        тогтоолын хавсралт
 
 
          "ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ"  ХӨТӨЛБӨР
 
 
Нэг. Эмнэлгийн түргэн тусламжийн өнөөгийн байдал, тулгамдсан
асуудал, хөтөлбөр боловсруулах үндэслэл
 
            Манай улсад түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тутам нэмэгдэж, жилд дунджаар 600 мянга гаруй дуудлага гарч байгаагаас 25 хувь нь нийслэлд,   75 хувь нь хөдөө орон нутагт тохиолдож байна. Эмнэлгийн түргэн тусламжийн салбарт 2009 оны байдлаар нийт 185 их эмч, 56 бага эмч, 126 сувилагч, 277 жолооч ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт 615844 дуудлага авснаас 480262 тохиолдолд өвчтөнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлж, 2220 тохиолдолд эмч очихоос өмнө өвчтөн нас барсан байна.  Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл орж байна.
 
Түргэн тусламжийн автомашины 90 гаруй хувь нь зориулалтын дагуу тоноглогдоогүй, хуучирсан, багаж, тоног төхөөрөмжийн хангамж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, энэ салбарын эмч мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилд бүрэн мэргэшээгүй байдал нөлөөлж байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, парамедик тусгайлан бэлтгэх тогтолцоо бүрдээгүй байна.
 
Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдан дуудлагын тоо жилээс жилд нэмэгдэн 2009 оны байдлаар 144908 дуудлаганд үйлчилсэн нь өмнөх оноос 20000 гаруй дуудлагаар илүү байна. Хүн ам шигүү суурьшсан Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт нийт дуудлагын 45,2 хувь ногдож байна. Олон улсын жишгээр 10 мянган хүн ам тутамд нэг түргэн тусламжийн баг үйлчилдэг байхад нийслэлийн хэмжээнд өдөрт 40 хүрэхгүй автомашин үйлчилж байгаа нь олон улсын жишгээс 3 дахин бага байна. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын  76.2 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээлгэсэн байна.
 
            Иймд түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг сайжруулах, техник, багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай байгаа тул "Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөр"-ийг (цаашид "хөтөлбөр" гэнэ) боловсруулсан болно.  
 
            Энэхүү хөтөлбөрт хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
 
            -"түргэн тусламжийн үйлчилгээ" гэж цочмог өвчин эмгэг, осол гэмтэл, хордлого, жирэмслэлт, төрөлтийн үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлэн, эмнэлэгт хүргэх үйлчилгээг;
 
            -"эмнэлгийн яаралтай тусламж" гэж хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн эмчийн дангаар болон эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх хойшлуулшгүй үйл ажиллагааг;
 
-"гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтарсан тусламж, үйлчилгээг;
 
 -"Үндэсний түргэн тусламжийн сүлжээ" гэж эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх сүлжээний төвтэй орчин үеийн харилцаа холбооны тоног төхөөрөмжөөр холбогдсон эрүүл мэндийн бүх шатны байгууллагын дуудлага хүлээн авах, бүртгэх, иргэдэд эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийг шуурхай үзүүлэх нэгдсэн удирдлага, зохицуулалт бүхий үйлчилгээг.
 
 
 
 
 
Хоёр:  Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
            2.1  Хөтөлбөрийн зорилго нь хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, түргэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, чадавхийг сайжруулж Үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулахад оршино.
 
            2.2   Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дараахь зорилтыг  дэвшүүлж байна:
 
            2.2.1.  Нэгдүгээр зорилт:  түргэн тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож,  Үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулах;
 
            2.2.2. Хоёрдугаар зорилт: түргэн тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын чадавхийг сайжруулах; 
 
            2.2.3.  Гуравдугаар зорилт:  салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог  сайжруулах;
 
            2.2.4. Дөрөвдүгээр зорилт:  түргэн тусламжийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ,  судалгааны ажлыг хөгжүүлэх.
 
Гурав.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
 
3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
 
3.1.1. түргэн тусламжийн үйлчилгээний шуурхай, бэлэн байдлыг хангаж ажиллах;
 
3.1.2. түргэн тусламжийн үйлчилгээ нь хүн амд тэгш хүртээмжтэй, олон     нийтийн оролцоонд суурилсан байх;
 
3.1.3. түргэн тусламжийн үйлчилгээ нь хүнлэг энэрэнгүй байх;
 
3.1.4. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ    үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс  зүйн  хэм хэмжээг баримтлах;
 
3.1.5.  өвчтөний аюулгүй байдал, эрхийг хангаж үйлчлэх.
 
                                               Дөрөв. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх
                                                                          үйл ажиллагаа, хүрэх үр дүн
 
            4.1 Түргэн тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгож,  үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулах нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
4.1.1. эмнэлгийн түргэн тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, одоогийн тогтолцоонд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх, дүгнэлт гарган үндэсний түргэн тусламжийн сүлжээ байгуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх;
 
4.1.2. түргэн тусламжийн үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага,  арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлж  ажиллах үүрэг бүхий сүлжээний төвийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд байгуулах;
 
4.1.3. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж бодлого боловсруулах болон бусад шаардлагатай асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргахад зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөлийг Эрүүл мэндийн яаманд байгуулан ажиллуулах;
 
  4.1.4. түргэн тусламжийн сүлжээний байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт, удирдамж  боловсруулан хэрэгжүүлэх;
 
4.1.5. нийслэлийн хүн амд түргэн  тусламжийн үйлчилгээг ойртуулах, шуурхай байдлыг хангах зорилгоор  Сонгинохайрхан,  Хан-Уул, Чингэлтэй  дүүрэгт  түргэн тусламжийн салбар байгуулах;
 
4.1.6. нийслэлийн түргэн тусламж, онцгой байдал, цагдаагийн байгууллагын хамтарсан мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг өргөтгөх; 
 
4.1.7. Ховд, Өвөрхангай, Дорнод, Орхон аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс бүсийн аймаг, сумдын хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ шуурхай хүргэх зорилгоор иж бүрэн тоноглогдсон явуулын түргэн тусламжийн  үйлчилгээг шинээр нэвтрүүлэх; 
 
4.1.8. Төв, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгийн "Мянганы зам"  дагасан сумдын эмнэлэг болон нийслэлийн алслагдсан 3 дүүргийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн чадавхийг сайжруулах. 
 
            Хүрэх үр дүн: Хүн амд үзүүлэх эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт боловсронгуй болж үндэсний хэмжээний нэгдсэн сүлжээ бий болно. 
 
            4.2. Түргэн тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын чадавхийг сайжруулах хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
            4.2.1. анагаах ухааны болон сувилахуйн сургуулийн төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтын хөтөлбөрт эмнэлгийн яаралтай болон гамшиг, онцгой байдлын үед үзүүлэх тусламж, үйлчилгээний хичээлийг оруулах;
 
            4.2.2. эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа эмч, сувилагчийг мэргэшүүлэх,  тэдгээрийг нарийн мэргэжлээр гадаадад сургах;
 
            4.2.3. түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн ажилтан    /парамедик/-ыг сургах;  
 
            4.2.4. эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг байгууллага, аж ахуйн нэгжид явуулж, тогтмолжуулах;
 
            4.2.5. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, мэргэшсэн ажилтны хөдөлмөрийн норм, нормативыг шинэчлэн тогтоож, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
 
            4.2.6.  сум, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг  эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн чиглэлээр ажлын байран дээр нь дадлагажуулах  сургалтыг үе шаттайгаар  зохион байгуулах;
 
            4.2.7. зайн оношилгоог ашиглан клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгээс бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэгт   зөвлөгөө өгөх үйл ажиллагааг нэвтрүүлэх;
 
            4.2.8. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжид хэрэглэх нэн шаардлагатай эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, гамшиг болон онцгой байдлын үед хэрэглэх нөөцийг бүрдүүлэх;
 
            4.2.9.  эмнэлэг болон түргэн тусламжийн байгууллагын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор орчин  үеийн  харилцаа холбооны техник, тоног төхөөрөмжөөр хангах;
 
            4.2.10. түргэн тусламжийн үйлчилгээг эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон автомашинаар хангах, нисдэг тэрэг, онгоцоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх;
           
            4.2.11. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор түргэн тусламжийн зарим үйлчилгээг иргэний эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг судлан шийдвэрлэх; 
 
            4.2.12. эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулан олон улсын болон гадаад, дотоодын хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллах;    
 
            4.2.13. түргэн тусламжийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн, үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийг боловсруулан мөрдүүлэх;  
 
            4.2.14.  өвчтөнд газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлэх түргэн тусламж үйлчилгээний төрөл жагсаалт, эмнэлзүйн удирдамж, стандартыг боловсруулах;    
 
            4.2.15. сум, багийн хүн ам эмнэлгийн яаралтай тусламж болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилгоор зайн оношилгоо, эмчилгээ болон хөдөлгөөнт эмнэлгийг ажиллуулах; 
 
            4.2.16. байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах гамшиг, нийтийг  хамарсан гэнэтийн аюул, ослын үеийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор бэлэн байдал, хариу арга хэмжээ, нөхөн сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.
 
            Хүрэх үр дүн: Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын чадавхи нэмэгдэж тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
 
            4.3 Салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа, холбоог  сайжруулах гуравдугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
            4.3.1. бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын түргэн тусламжийн үйлчилгээнд  дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлыг журамлах; 
 
            4.3.2. хөрш болон бүс нутгийн улс орнуудын яаралтай болон түргэн тусламжийн байгууллагатай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, боловсон хүчнийг мэргэшүүлэх, техник технологийг нь нутагшуулах;   
 
            4.3.3. түргэн тусламж өвчтөнд шуурхай, цаг алдалгүй очих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэдийн оршин суугаа хороолол, гудамжны гэрэлтүүлэг, хаягжилтыг шинэчлэн сайжруулж, замын саадыг арилгах, түүнчлэн түргэн тусламжийн үйлчилгээнд тээврийн хэрэгсэл, хүн хүч дайчлах, шатахуунаар хангах чиглэлээр бүх шатны Засаг дарга нартай гэрээ байгуулан ажиллах; 
 
            4.3.4. түргэн тусламжийн үйлчилгээнд аж ахуйн нэгж, иргэдээс гаргаж байгаа санаачилга, оролцоог дэмжих, "Шуурхай бүлэг 105", өрхийн эмнэлэг болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулах;
 
            4.3.5 түргэн тусламжийн үйлчилгээнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх,  лавлагаат тусламж, зөвлөгөө өгөх, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжид хэрэглэх нэн шаардлагатай эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;   
 
            4.3.6. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний бусад хөтөлбөр, стратеги, төслийн хэрэгжилттэй уялдуулах.
                         
            Хүрэх үр дүн: Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоо нэмэгдэж, салбар хоорондын хамтын ажиллагаа,  уялдаа холбоо  сайжирна.
 
4.4.        түргэн тусламжийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ,  судалгааны ажлыг хөгжүүлэх дөрөвдүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
                    
            4.4.1.  түргэн тусламжийн үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ болон үр ашиг, өртөг зардлын судалгаа хийж, дүгнэлт гаргах;   
 
            4.4.2. түргэн тусламжийн үйлчилгээний талаархи үндэсний статистик мэдээллийн үзүүлэлтийг боловсронгуй болгох, нэгдсэн сан байгуулах; 
                   
 4.4.3. яаралтай болон түргэн тусламжийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн зөвлөл болон холбоогоор гүйцэтгүүлэх;
                    
4.4.4. яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний талаархи статистик мэдээллийн магадлалыг үнэлэх түүвэр судалгааг сонгосон эрүүл мэндийн байгууллагыг хамруулан 3-5 жил тутамд зохион байгуулах;
                   
 4.4.5. түргэн тусламжийн үйл ажиллагааг боловсронгуй болгох эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих асуудлыг төсвийн болон бусад санхүүжилтээр шийдвэрлэх, судалгааны ажлын тэтгэмж олгох;
 
4.4.6.  болзошгүй гамшиг, онцгой байдал, шинэ болон шинээр сэргэж байгаа халдварын дэгдэлтийн үеийн яаралтай болон түргэн тусламжийн хэрэгцээ, нөөц, бэлэн байдалд судалгаа хийж дүгнэлт, зөвлөмж гаргах;
 
            Хүрэх үр дүн: Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн талаар мэдээллийн сантай болж баримт, нотолгоонд тулгуурласан бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болсон байна.
 
Тав.   Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат, санхүүжилт
 
            5.1. Үндэсний  хөтөлбөрийг  2010-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
 
            Нэгдүгээр үе шат  2010-2013 он
 
            Хоёрдугаар үе шат  2014-2016 он
 
            5.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
5.2.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
 
5.2.2. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
 
5.2.3. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж болон төсөв, хөтөлбөрийн санхүүжилт;
 
5.2.4.  бусад эх үүсвэр. 
 
Зургаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх асуудлыг  эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг яаралтай тусламжийн мэргэжлийн зөвлөл, түргэн тусламжийн сүлжээний төв зохион байгуулна.
 
Орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тайлагнах асуудлыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад мэргэжлийн байгууллагатай бүх шатны Засаг дарга  хамтран гүйцэтгэнэ.
 
 
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
 
            7.1.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
 
 
 
 
Үзүүлэлт
2010 оны суурь түвшин /хувиар/
2013 онд хүрэх түвшин /хувиар/
 
2016 онд хүрэх түвшин    /хувиар/
 
Мэдээний эх үүсвэр
 
1
Осол, гэмтлийн дуудлагад эмч очихоос өмнө нас барсан тохиолдлын хувь
 
3.03
 
2.8
 
 
2.0
 
Эрүүл мэндийн газрын мэдээ
2
Яаралтай дуудлага хүлээж аваад 20 минутын дотор тусламж үзүүлсэн тохиолдлын хувь
Судалгаа
авсан оны суурь үзүүлэлт
23.8
35
50
3
Түргэн болон яаралтай тусламжийн чиглэлээр гадаад оронд бэлтгэгдсэн сургагч багшийн тоо
 
-
 
2
 
 
 
4
 
 
ЭМЯ, бусад яамдын мэдээлэл
4
 
 
Эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэшсэн боловсон хүчний тоо
Их эмчийн тоо
-
40
80
Эрүүл мэндийн газрын мэдээ
Сувилагчийн тоо
-
60
120
5
Бэлтгэгдсэн яаралтай тусламжийн мэргэшсэн ажилтан
/парамедик/-ы тоо
-
130
260
-
6
Анагаах ухааны боловсрол олгох сургалтын хөтөлбөрт тусгагдсан эмнэлгийн яаралтай тусламжийн хичээлийн  цаг /багц цагаар/
 
1 багц цаг
 
5 багц цаг
 
8 багц цаг
ЭМШУИС-ийн Сургалтын албаны мэдээлэл
7
Сувилахуйн сургалтын хөтөлбөрт тусгагдсан эмнэлгийн яаралтай тусламжийн хичээлийн  цаг /багц цагаар/
 
-
 
1 багц цаг
 
2 багц цаг
8
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх стандарт, удирдамж
 
12
24
36
Эрүүл мэндийн газрын мэдээ
9
Түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа зориулалтын автомашины тоо, хувь
135
/20/
168
/25/
202
/30/
 
 
 
ЭМЯ-ны мэдээлэл
 
 
 
 
 
 
10
Эмнэлгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаанд ашиглах, зайн оношилгооны эмчилгээний иж бүрэн тоноглогдсон автомашины тоо
-
 
 
 3
 
 
 
5
 
 
 
 
11
Яаралтай тусламжийн нисдэг тэрэг, онгоцны тоо 
-
1
 
1
 
 
12
Телемедицин нэвтрүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн нэгжийн тоо
 
-
                        21
 
                      35
 
13
Нийслэлд  шинээр байгуулах түргэн тусламжийн салбар
1
3
 
2
 
 
 
 
 
 
 
---оОо---