- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2006 оны 172 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Малын удмын сангийн үндэсний төв /цаашид "төв" гэх/ нь мал, амьтны удмын санг хамгаалах, нутгийн шилдэг омог, үүлдрийн цөм сүрэг, гадаадын арвин ашиг шимт мал, амьтны шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглах, биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг мал үржлийн ажил, үйлчилгээнд нэвтрүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, мал сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, сайжруулах талаар төр, засгийн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар мөн.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2. Малын удмын сангийн үндэсний төв нь үйл ажиллагаандаа Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3. Малын удмын сангийн үндэсний төвийн өдөр тутмын үйл ажиллагааг төвийн захирал удирдана. Малын удмын сангийн үндэсний төвийн орон тоо болон зардлын дээд хязгаарыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд батална.
4. Төвийн захирал нь жил бүр Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай үр дүнгийн гэрээ байгуулан түүнийг хэрэгжүүлж ажиллана. Гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хэмжээ, шаардагдах хөрөнгийн хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар тусгасан байна.
5. Төв нь хууль тогтоомжид заасны дагуу аж ахуйн нэгжийн гэрчилгээ, харилцах данс, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, билэгдэлтэй байна.
Гурав. Малын удмын сангийн үндэсний төвийн
үйл ажиллагаа
6. Малын удмын сангийн үндэсний төв нь дараахь үйл ажиллагаа явуулна:
6.1. Мал сүргийн удмын санг хамгаалах, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулах, мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр гаргасан эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
6.2. Арвин ашиг шимт хээлтүүлэгч малын үр, хөврөл үрийг үйлдвэрлэх, үйлдвэр үйлчилгээнд нэвтрүүлэх;
6.3. Мал хээлтүүлгийн ажил, үйлчилгээнд орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах;
6.4. Арвин ашиг шимтэй малын үр, хөврөл үрийг нөөцлөх, генийн сан бий болгох;
6.5. Цөм сүргийн үржлийн төв, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үр, хөврөл үрээр хангах;
6.6. Цөм сүргийн үржлийн төв, зохиомол хээлтүүлгийн цэг, салбарыг мэргэжил-арга зүйн удирдлагаар хангах;
6.7. Үржилд ашиглах шилмэл хээлтүүлэгчийг ашиг шим, үр төлийн чанараар шалгаруулах;
6.8. Цөм сүргийн мал үржүүлэгч иргэд, малчид, аж ахуйн нэгжийн малд өндөр ашиг шимт хээлтүүлэгч малын үрээр зохиомол хээлтүүлэг хийх ажил, үйлчилгээ явуулах, тухайн үүлдрийн шилмэл ангийн жишигт нийцсэн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах;
6.9. Аймаг, нийслэл, бүс нутгийн хэмжээнд гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулах;
6.10. Тоо нь цөөрч удмын сан нь алдагдах хэмжээнд хүрсэн мал, амьтны үрийг нөөцлөх, удмын санг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх;
6.11. Улсын хэмжээнд үржүүлж байгаа арвин ашиг шимт цөм сүргийн малын удам гарвал, ашиг шимийн мэдээллийн сан бий болгож, дүн шинжилгээ хийх, үржлийн ажлын зөвлөмж, аргачлал боловсруулж хэрэгжүүлэх.
Дөрөв. Малын удмын сангийн үндэсний
төвийн эрх, үүрэг
7. Малын удмын сангийн үндэсний төв нь дор дурдсан эрх эдэлнэ:
7.1. Мал үржлийн ажил, үйлчилгээг малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төлбөртөй явуулах;
7.2. Төв нь өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах, үндсэн зорилгодоо үл харшлах туслах чанарын үйлдвэрлэл, үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу эрхлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах;
7.3. Мал үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах, чанар, ашиг шимийг дээшлүүлэх, нөхөн үржихүйн биотехнологийн чиглэлээр хөтөлбөр, төсөл боловсруулан хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;
7.4. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосноор гадаадын ижил төрлийн байгууллагатай холбоо тогтоох, хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
8. Малын удмын сангийн үндэсний төв нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
8.1. Цөм сүргийн малын чанар сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, зааврыг мөрдөн ажиллах;
8.2. Мал үржлийн ажил, үйлчилгээний ажлын явц, үр дүнгийн мэдээг үнэн зөв гаргаж хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
Тав. Малын удмын сангийн үндэсний
төвийн эд хөрөнгө
9. Малын удмын сангийн үндэсний төвийн эд хөрөнгө нь дараахь зүйлээс бүрдэнэ:
9.1. Үндсэн болон эргэлтийн хөрөнгө;
9.2. Өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;
9.3. Гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгсөн хандив, тусламж.
10. Малын удмын сангийн үндэсний төв нь үндсэн хөрөнгийг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр данснаас хасаж, борлуулж, устгана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A