A

A

A

Бүлэг: 1979
                          Засгийн газрын 2006 оны 272 дугаар
                          тогтоолын 1 дүгээр хавсралт
  
 
       АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
                                     Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөх, хуваарилах, зарцуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу олборлож худалдсан,  худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцно. 
 
              Хоёр. Ашигт малтмалын нөөц ашигласны
                       төлбөрийг төсөвт төлөх
 
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан алт, зэс, зэсийн баяжмал, нүүрс  борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсвийн дансанд төлнө.
 (3 дахь хэсэгт 2011-03-22-ны 91-р тогтоолоор өөрчлөлт орсон).
 4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан алт, зэс, зэсийн баяжмал, нхүүрс бусад ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн дансанд төлнө.
 (4 дэх хэсэгт 2011-03-22-ны 91-р тогтоолоор өөрчлөлт орсон)
 5. Тусгай зөвшөөрөл бүхий алт олборлогч олборлосон алтыг Монгол банк болон арилжааны банкинд тушаах тухай бүр олборлосон алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө. 
 
   6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон алтыг экспортод гарган худалдсан, худалдахаар ачуулсан бол борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалт, эсхүл ачилт хийснээс хойш 7 хоногийн дотор улсын төсвийн дансанд төлнө.
 
    7. Монгол банк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алтны борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт тушаасан тухай бүр хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлнэ.
 
            8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан зэс, зэсийн баяжмал, нүүрс  борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалт, эсхүл ачилт хийснээс хойш 21 хоногийн дотор улсын төсвийн дансанд төлнө.
(8 дахь хэсэгт 2011-03-22-ны 91-р тогтоолоор өөрчлөлт орсон). 
            9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан алт, зэс, зэсийн баяжмал, нүүрс  бусад ашигт малтмалын борлуулалтад ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалт, эсхүл ачилт хийснээс хойш  10 хоногийн дотор тухайн ашигт малтмалын орд байрших орон нутгийн төсвийн дансанд төлнө.
 (9 дэх  хэсэгт 2011-03-22-ны 91-р тогтоолоор өөрчлөлт орсон)
            10. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө.
 
            11. Энэхүү журмын 10-т заасан хуулийн этгээд нь худалдсан, худалдахаар ачуулсан бүтээгдэхүүнийхээ борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө борлуулалт, эсхүл ачилт хийснээс хойш 10 хоногийн дотор тухайн төсөвт төлнө.  
 
            12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн улиралд худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайлан, мэдээг дараа улирлын эхний сарын 20-ны дотор гарган мэргэжлийн хяналтын болон татварын албанд тус тус хүргүүлнэ.
 
 
               Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуваарилах
 
  13. Тухайн сард алт, зэс, зэсийн баяжмал, нүүрс  борлуулалтаас улсын төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг Сангийн яам дараа сарын 25-ны дотор улсын төсвийн данснаас тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа аймаг, нийслэлийн төсвийн дансанд шилжүүлнэ.
 (13 дахь хэсэгт 2011-03-22-ны 91-р тогтоолоор өөрчлөлт орсон)
 14. Тухайн сард алт, зэс, зэсийн баяжмал,нүүрс бусад төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнд ногдож, орон нутгийн төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувийг тухайн нутаг дэвсгэрийн төсвийн ерөнхийлөн захирагч дараа сарын 30-ны дотор ашигт малтмалын орд байршиж байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн данснаас улсын  төсвийн  дансанд шилжүүлнэ.
 (14 дэх хэсэгт 2011-03-22-ны 91-р тогтоолоор өөрчлөлт орсон)
 15. Тухайн сард улсын төсвөөс орон нутгийн төсөвт хуваарилсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч ашигт малтмалын орд байршиж байгаа сум, дүүргийн төсөвт хуульд заасан хувь хэмжээгээр ажлын 10 хоногт багтаан хуваарилна.   
 
16.  Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбай нь хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэрт байршиж байгаа тохиолдолд олборлосон бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуваарилахдаа тухайн аймаг, суманд орших тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалт явуулж байгаа эдэлбэр газрын талбайн хэмжээнд үндэслэн тооцно.
 
17. Аймаг, нийслэлийн төсөвт хуваарилах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь аймаг, нийслэлийн тухайн жилийн төсвийн дүнгээс давсан тохиолдолд давсан хэсгийг улсын төсвөөс аймаг, нийслэлийн төсвийн дансанд шилжүүлэхгүй.
 
18. Аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүргийн төсвийн дансанд хуваарилах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүн нь сум, дүүргийн тухайн жилийн төсвийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд давсан хэсгийг улсын төсөвт буцаан шилжүүлэх бөгөөд өөр сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх, зарцуулахыг хориглоно.
 
Дөрөв. Зарцуулах
 
19. Энэхүү журмын 13-18-д заасны дагуу хуваарилагдсан хөрөнгийг хуулийн дагуу төсвийн орлогод бүртгэн, Монгол Улсын Нэгдсэн төсвийн болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу захиран зарцуулна.
 
 
 
Тав. Хяналт тавих
 
 20. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын төсвөөс орон нутгийн төсөвт, орон нутгийн төсвөөс улсын төсөвт хуваарилж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, түүний зарцуулалт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн байдалд байнгын хяналт тавьж ажиллана.
 
21. Төсөвт төвлөрүүлсэн ашигт малтмалын төлбөрийн зарцуулалтад Сангийн яам болон бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч хяналт тавина.
 
22. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ болон төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тооцож, төсөвт төвлөрүүлсэн байдалд татварын болон мэргэжлийн хяналтын албад тус тус хяналт тавьж ажиллана.
 
 
 
 
 
 
                                                ----------оОо----------