- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 272 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг төсөвт төлөх
2. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргасан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх талаар мэдэгдэнэ.
3. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мэдэгдэл хүлээж авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын валютын дансанд, эсхүл түүнтэй тэнцэх төгрөгийг тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтлан төгрөгийн дансанд тус тус төлнө.
4. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргаж, өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32.2, 32.3, 34.2-т заасны дагуу жил бүр төлнө.
6. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.
7. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан этгээдийн Ашигт малтмалын тухай хуулийн 32.2, 32.3-т заасан төлбөрийг тодорхойлохдоо урьд ногдуулж байсан төлбөрийг үргэлжлүүлэн тооцож, тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараагийн жилээс эхлэн тогтооно.
8. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь болон тодорхой хэсгийг буцаан өгсөн, эсхүл геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр цуцалсан нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, буцаан олгох үндэслэл болохгүй.
9. Төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг сар бүрийн 25-ны дотор улсын төсвийн орлогын дансанд шилжүүлж, тайланг батлагдсан маягтын дагуу гарган Сангийн яаманд ирүүлнэ.
Гурав. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуваарилах
10. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлсэн тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг Сангийн яам Ашигт малтмалын тухай хуулийн 59.2-т заасан хувь хэмжээгээр тооцож хуваарилна.
11. Сангийн яам нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн аймаг, нийслэлийн төсвийн дансанд шилжүүлнэ.
12. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг Сангийн яамнаас аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан сум, дүүргийн төсөвт шилжүүлэх орлогыг хуваарилж, шилжүүлнэ.
Дөрөв. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг зарцуулах
13. Тухайн хайгуулын талбай, ашигт малтмалын орд байршиж байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Нэгдсэн төсвийн тухай хуулийн 10.1.6, 10.3.11-д заасны дагуу орон нутгийн төсвийн орлогод бүртгэж, төсвийн санхүүжилтэд зарцуулна.
Тав. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлөлт, хуваарилалт,
зарцуулалтад хяналт тавих
14. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн төлөлт, хуваарилалт, зарцуулалтад геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Сангийн яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох татварын алба тус тус хяналт тавина.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A