A

A

A

Бүлэг: 1979
                                                                                              Монгол Улсын    Засгийн газрын 2011 оны 6 дугаар
                                                                                              тогтоолын хавсралт


                                                   ТӨМӨР ЗАМЫН ЗУРВАС ГАЗРЫН БОЛОН
                                                             АЮУЛГҮЙН БҮСИЙН ДЭГЛЭМ

                                                                         Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дэглэмээр төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсийн дэглэмийг тодорхойлно.

1.2. Энэ дэглэмд хэрэглэсэн нэр томъёог Төмөр замын тээврийн тухай хууль, "Төмөр замын зурвас газарт тавигдах шаардлага" МNS 6060:2010 (цаашид МNS 6060:2010 гэх) стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.

1.3. Төмөр замын зурвас газрын зориулалтаар олгох газрын хэмжээг тогтоохдоо MNS 6060:2010 стандартын нөхцөлийг баримтлан зураг төслөөр тогтооно.

                                                                     Хоёр. Зурвас газрын ангилал, зөвшөөрөл

2.1. Төмөр замын зурвас газрыг үндсэн болон хамгаалалтын нэмэлт гэж хоёр ангилна:

2.1.1. Үндсэн зурвас газар гэж төмөр замын ул шороо, ус зайлуулах суваг, нөөцийн шуудуу, дэвсэг (берма) байрлаж байгаа МNS 6060:2010 стандартын 5.1.2, 5.1.3-т заасан хэмжээтэй газрыг хэлнэ;

2.1.2. Хамгаалалтын нэмэлт зурвас газар гэж (цаашид "хамгаалалтын зурвас газар" гэх) байгалийн болон бусад аюултай хүчин зүйл (элс, цас, ус, салхи, хөрсний шилжилт, зэрлэг амьтны нүүдэл гэх мэт)-ийн нөлөөллөөс үндсэн зурвас газарт байрлаж байгаа төмөр замыг хамгаалах, сэргийлэх түүнчлэн төмөр замын шугам, өртөө зөрлөгийг өргөтгөх шаардлагыг харгалзан үндсэн зурвас газар дээр МNS 6060:2010 стандартын дагуу нэмж тогтоосон газрыг хэлнэ.

2.2. Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь холбогдох хууль тогтоомж болон дүрэм журам, стандарт, ажлын зургийг үндэслэн боловсруулсан төмөр замын зурвас газрын зургийг төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

2.3. Төмөр замын зурвас газрын зориулалтаар олгохоор төлөвлөсөн газар нь бусдын эзэмшлийн газар, тусгай хэрэгцээний газартай давхардаж байгаа бол зурвас газрын зурганд энэ талаар тодорхой тусгана. Тухайн газар эзэмшигчтэй зөвшилцсөн талаархи мэдээллийг зурвас газрын зурганд хавсаргасан байна.

2.4. Төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс ирүүлсэн төмөр замын зурвас газрын зураг төслийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлтийн хамт төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.5. Төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь төмөр замын зурвас газрын зориулалтаар олгохоор төлөвлөсөн газар нь улсын тусгай хэрэгцээний буюу бусдын эзэмшлийн газартай давхардаж байгаа эсэхийг нягтлан шалгаад дүгнэлтийн хамт Засгийн газарт оруулна.

2.6. Засгийн газар нь төмөр замын зурвас газрын зураг, төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг хянаж, төмөр замын зурвас газрын хэмжээг тогтоох асуудлыг хянан шийдвэрлэнэ.

2.7. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай, авто болон төмөр зам, инженерийн шугам сүлжээ бүхий газарт төмөр замын зурвас газрын зориулалтаар газар олгож болно.

2.8. Шаардлагатай бол төмөр замын зурвас газрын хэмжээг тогтоох тухай Засгийн газрын шийдвэрт төмөр замын зурвас газартай давхардсан бусдын эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх, солих буюу эргүүлэн авах арга хэмжээний талаар тусгасан байна.

2.9. Энэхүү дэглэмийн 2.8-д заасан газарт төмөр замын зурвас газрын зөвшөөрөл олгохтой холбогдон гарах зардлыг суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

2.10. Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь Засгийн газрын шийдвэрийг үндэслэн хууль тогтоомжийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагад өргөдөл гаргаж, төмөр замын зурвас газрын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авна.

2.11. Ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын дагуу хоёр дахь төмөр зам барих бол шинээр суурь бүтэц барьж байгаа этгээд нь өмнө олгосон зурвас газрын шаардлагатай хэсгийг зориулалтаар нь ашиглах эрхтэй бөгөөд урьд нь байсан суурь бүтцийн аливаа объект, байгууламжийг өөрчлөхгүй, өөрчилсөн тохиолдолд чанар, ажиллагааг нь дордуулахгүй байх үүрэг хүлээнэ.

2.12. Энэхүү дэглэмийн 2.11-д заасан төмөр замын зурвас газрыг хамтран ашиглагч нь зурвас газартай холбоотой хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг хамтран хүлээж, төмөр замын зурвас газрыг ашиглахтай холбоотой зардлыг гэрээний дагуу хамтран хариуцна.

2.13. Суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын зурвас газрын хэмжээ, хилийн заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

2.14 Суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм тогтоосон газрын солбицлыг тухай бүрт нь төрийн захиргааны холбогдох байгууллагад хүргүүлнэ.

                                                 Гурав. Төмөр замын зурвас газрын дэглэмийн шаардлага

3.1. Төмөр замын зурвас газрыг суурь бүтцийн засвар болон үйлчилгээ хийх, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах, технологийн дагуу төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаанд ашиглана.

3.2. Төмөр замын үндсэн зурвас газарт зөвхөн төмөр замын технологийн онцлог үйл ажиллагаа явуулах, объект байрлуулахыг зөвшөөрнө.

3.3. Тогтоосон төмөр замын хамгаалалтын зурвас газарт тэсэрч дэлбэрэх, шатамхай, аюултай ачаа байрлуулах, хадгалах, ашигт малтмалын хайгуул хийх болон ашиглах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.4. Төмөр замын хамгаалалтын зурвас газарт дор дурдсан үйл ажиллагаа явуулж болно:

3.4.1. Үерийн уснаас хамгаалах зориулалттай байгууламж бүхий хамгаалалтын зурвас газарт:

3.4.1.1. усны чиглэлийг өөрчлөхгүй бөгөөд хиймэл төхөөрөмжийн бат бэхэд нөлөөлөхгүй үйл ажиллагаа;

3.4.1.2. гүүр, хиймэл байгууламж, түүнд хамаарах газрын гадаргууг өөрчлөхгүй үйл ажиллагаа;

3.4.1.3. мал бэлчээх;

3.4.2. Элснээс хамгаалах байгууламж бүхий хамгаалалтын зурвас газарт:

3.4.2.1. хөрсний бэхжилтэд эерэг нөлөөтэй ургамал тарих;

3.4.2.2. элсний нүүдлээс хамгаалалт хийсэн нөхцөлд энэхүү дэглэмээр хориглосноос бусад үйл ажиллагаа явуулах.

3.4.3. Цас, салхинаас хамгаалах байгууламж бүхий хамгаалалтын зурвас газарт:

3.4.3.1. салхины хүч сааруулах зорилгоор байгууламж барих, мод тарих;

3.4.4. Хөрсний шилжилт үүсэж төмөр зам дарагдахаас хамгаалах байгууламж бүхий хамгаалалтын зурвас газарт:

3.4.4.1. хөрсийг бэхжүүлэх арга хэмжээ авсан үйл ажиллагаа;

3.4.5. Зэрлэг амьтны шилжих хөдөлгөөнд зориулсан байгууламж бүхий хамгаалалтын зурваст:

3.4.5.1. ажиглалт, мониторингийн үйл ажиллагааг явуулах.

3.4.6. Төмөр замын шугам, өртөө зөрлөгийг өргөтгөхөөр төлөвлөсөн хамгаалалтын зурвас газарт сонирхогч этгээд суурь бүтэц эзэмшигчтэй тохиролцсон тохиолдолд энэхүү дэглэмээр хориглосноос бусад үйл ажиллагаа явуулах, объект байрлуулах.

3.5. Төмөр замын хамгаалалтын зурвас газарт объект байрлуулах, аливаа үйл ажиллагаа явуулахдаа төмөр замын тээврийн хяналтын албаны дүгнэлт гаргуулна.

3.6. Төмөр замын хамгаалалтын зурвас газарт эрчим хүч, дохиолол холбооны шон, газар доорхи инженерийн шугам, кабелийн сүлжээг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу байрлуулж болно.

3.7. Төмөр замын хамгаалалтын зурвас газарт явуулж байгаа үйл ажиллагаа нь төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц байвал суурь бүтэц эзэмшигч энэ талаархи мэдээллийг төмөр замын тээврийн хяналтын албанд хүргүүлнэ.

3.8. Суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын шугамын дагуухь зурвас газрын хилийн заагийн шулуун хэсгийн 250 метр тутам болон тахир хэсгийн эргэлтийн өнцөг бүрт тэмдэг байрлуулна.

3.9. Төмөр замын зурвас газрыг нэвтрэн өнгөрөх, уг газартай огтолцох болон зэргэлдээ газрыг ашиглах тохиолдолд шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдон гарах төмөр замын зурвас газрын хаалт хамгаалалтын нэмэгдэл зардлыг тухайн этгээд хариуцна.

3.10. Суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын зурвас газарт дараахь арга хэмжээг авах үүрэгтэй:

3.10.1. Төмөр замын шугамын дагуу үзэгдэх орчинг хязгаарлах, тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх барилга байгууламж, мод, бут, олон наст ургамал байлгахгүй байх;

3.10.2. Ус зайлуулах төхөөрөмж, байгууламжийн хэвийн ажиллагаанд нөлөөлж болзошгүй газарт барилга байгууламж барих, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх;

3.10.3. Унанги мод, хөвд, хуурай навч, гал авалцах боломжтой бусад хог хаягдлыг цэвэрлэх;

3.10.4. Ойн сан бүхий газарт түймрээс хамгаалах 3-5 метр өргөнтэй тусгаарлах зурвас байгуулах;

3.10.5. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах дохиоллыг бүдгэрүүлэх болон түүнтэй ижил өнгө, хэлбэр дүрстэй зар сурталчилгааны самбар, гэрлэн чимэглэл байрлуулахгүй байх;

3.10.6. Төмөр замын зурвас газарт хүн ам шигүү суурьшсан газрыг галт тэрэгний дуу чимээнээс хамгаалах байгууламж барих.

                                                  Дөрөв. Төмөр замын аюулгүйн бүс

4.1. Төмөр замд тохиолдож болох осол сүйрлээс иргэн, хуулийн этгээдэд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий орон зайг төмөр замын аюулгүйн бүс гэнэ.

4.2. Төмөр зам нь далан дээр баригдсан бол уг замын тэнхлэгээс ашиглалтын үйл ажиллагаатай холбоогүй төхөөрөмж хүртэл аюулгүй бүсийн зай нь 50 м-ээс багагүй байна.

4.3. Төмөр замын аюулгүйн бүсэд аливаа объект барих, үйл ажиллагаа явуулахдаа төмөр замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.

4.4. Төмөр замын аюулгүйн бүсэд кран, бүх төрлийн цамхаг, шон байрлуулахдаа тэдгээрийн сууриас төмөр замын захын зам төмөр хүртэл зай нь тухайн байгууламжийн өндөр дээр (краны хувьд сумын өнгийлтийг оруулаад) 6 м нэмж тооцсоноос багагүй байна.





                                                                                      ---оОо--