A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2008 оны 289 дүгээр
                                тогтоолын 2 дугаар хавсралт
 
 
"ХДХВ/ДОХ-ООС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО"-НЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо /цаашид энэ дүрэмд "Үндэсний хороо" гэх/ нь хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ болон дархлалын олдмол хомсдол /ДОХ/-оос сэргийлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд  уялдуулан зохицуулах үүргийг гүйцэтгэх бөгөөд яамд, холбогдох бусад байгууллагуудын хамтын  ажиллагаа, хүчин чармайлтыг  чиглүүлж ажиллана.
 
1.2.  Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаархи хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хяналт тавих, хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг туслалцаа үзүүлэх нь  Үндэсний хорооны зорилго байна.
 
1.3. Үндэсний хороо нь ажлаа Засгийн газарт тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ.
 
1.4. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
 
1.5. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх асуудлаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдааг хангах үүрэг бүхий яамны салбар зөвлөлийг байгуулж ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн ажлыг эрхэлсэн  сайд батална.
 
1.6. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийг Үндэсний хороо батална.
 
           Хоёр. Үндэсний хорооны удирдлага, ажлын
                           зохион байгуулалт
 
2.1. Үндэсний хороо нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
 
2.2. Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь  хуралдаан байна. Үндэсний хорооны хуралдааныг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг ажлын алба төлөвлөж, бэлтгэл ажлыг хангана. Шаардлагатай бол Үндэсний хорооны даргын шийдвэрээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
 
2.3. Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол, тэмдэглэл, зөвлөмж гаргана. Үндэсний хороо нь шаардлагатай бол асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд зохих журмын дагуу оруулж  шийдвэрлүүлж болно.
 
2.4. Үндэсний хорооны гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно. Хуралдааныг Үндэсний хорооны дарга, түүний эзгүйд Үндэсний хорооны орлогч дарга удирдан явуулна.
 
2.5. Үндэсний хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг хэрэглэнэ.
 
2.6. Үндэсний хорооны өдөр тутмын ажлыг Ажлын алба гүйцэтгэнэ.
 
2.7. Ажлын алба Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг боловсруулан шаардлагатай бусад материалыг авч эцэслэн хянаж, хуралдаанд оруулах саналыг Үндэсний хорооны даргад танилцуулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргаж хурал эхлэхээс 7 хоногийн өмнө гишүүдэд тараана.
 
2.8. Ажлын албаны дарга нь Үндэсний хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч байна.
 
2.9. Ажлын  албаны дарга бөгөөд Үндэсний хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч нь Ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангаж, Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлыг давхар гүйцэтгэнэ.
 
2.10. Үндэсний хорооны дарга Ажлын албаны дүрмийг баталж, албаны даргыг томилж, чөлөөлнө.
 
2.11. Үндэсний хорооны гишүүдийн ажил, үүргийн хуваарийг Үндэсний хорооны дарга батална.
 
Гурав. Үндэсний хорооны эрх, үүрэг
 
     Үндэсний хороо нь дараахь эрхийг эдэлнэ:
 
     3.1. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай Монгол Улсын хууль, дархлалын олдмол хомсдолын холбогдох хөтөлбөрүүд болон ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх ажилд холбогдох байгууллагуудыг хүлээсэн чиг үүргийн дагуу татан оролцуулах;
 
     3.2. Шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;
 
     3.3. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг зөрчсөн  байгууллага, хувь хүмүүст хариуцлага хүлээлгэх талаар хууль хяналтын байгууллагад санал гаргах;
 
3.4 ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажлын хүрээнд зохиогдох аливаа арга хэмжээг төлөвлөх, батлах, гүйцэтгэгчийг томилон ажиллуулах, энэ талаар шийдвэр гаргуулахаар холбогдох  байгууллагад уламжлах;
 
3.5. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгжийг татан оролцуулах арга хэмжээ авах;
 
3.6. Яам, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн илтгэл сонсголыг хэлэлцэж удирдамж, чиглэл өгөх, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцаж чиглэл, зөвлөгөө өгөх;
 
3.7. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр дотоод, гадаадын болон олон улсын  байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;
 
3.8. Үндэсний хороо түүний Ажлын албаны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах.
 
Үндэсний хороо нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:
 
3.9. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний бодлого, стратегийг боловсруулах, салбар хоорондын болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх;
 
3.10. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх;
 
     3.11. ХДХВ/ДОХ-ын тархалтын нөхцөл байдлын талаар Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж холбогдох шийдвэр гаргуулах;
 
     3.12. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох, төсөвт тусгуулах, гадаад, дотоодын хандивлагчдын тусламж, дэмжлэг болон санхүүжилтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
 
3.13. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний чадавхийг сайжруулах арга хэмжээ авах;
    
3.14. Үндэсний хороо түүний Ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж мөрдөх;
 
3.15. Үндэсний хороо түүний Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой зардлын төсвийг боловсруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт зохих журмын дагуу тусгуулж байх; /3.15 дахь хэсгийг 2011 оны 07 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
3.16. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, батлагдсан төсвийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр дүгнэж Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн, Засгийн газарт тухай бүр тайлагнаж байх.
 
 
 
---оОо---