- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ /ЗГ-ын 2017 оны 151-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаар
тогтоолын хавсралт
БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ
/ЗГ-ын 2017 оны 151-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журам нь ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайн хэлбэрээр олборлох үйл ажиллагаанд хамаарна.
Хоёр. Бичил уурхайн талаархи сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараахь эрх, үүрэгтэй байна:
2.1. Бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох талаар нөхөрлөлөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг сонгож, солбицлыг тогтоох.
2.2. Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сонгож, солбицлыг тогтоосон газрын талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулахаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт тавихыг зөвшөөрсөн шийдвэр гаргах.
2.3. Сонгосон газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй болох нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гаргасан дүгнэлтээр тогтоогдвол тухайн сум, дүүргийн нутагт бичил уурхайгаар ашиглах бололцоогүй болсон тухай шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан гаргах.
2.4. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргасан шийдвэрээ иргэдэд зарлан мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавих.
Гурав. Бичил уурхайн талаархи сум, дүүргийн Засаг
даргын эрх, үүрэг
Сум, дүүргийн Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй байна:
3.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдэд бүртгэгдээгүй нөхөрлөлийн зохион байгуулалтад ороход нь эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж энэ талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх.
3.2. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бичил уурхайн зориулалтаар сонгож шийдвэрлэсэн газрын талаар дүгнэлт гаргуулахаар энэхүү журмын 2.2-т заасан хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.
3.3. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тухай дүгнэлт гарсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү журмын 2.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулна. Нөхөрлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу гэрээний хугацааг нэг нэг жилээр сунгаж болно .
3.4. Сум, дүүргийн хэмжээнд бичил уурхайн зориулалтаар олгосон газрын зураг зүйн нэгдсэн бүртгэл, олборлолтын мэдээг хөтлөх.
3.5. Бичил уурхай эрхлэгчдэд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулах арга хэмжээ авах.
3.6. Бичил уурхай эрхлэгчдийг татвар, даатгалд хамруулах ажлыг удирдлага, зохицуулалтаар хангах.
3.7. Байгаль орчныг нөхөн сэргээх талаар нөхөрлөлөөс авсан арга хэмжээ, хийсэн ажлын тайланг авч, газар дээр нь шалган, геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсний үндсэн дээр хүлээн авч, энэ тухай мэдээллийг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад жилд 1 удаа хүргүүлж байх.
3.8. Нөхөрлөл болон сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллага нь нөхөрлөлийн олборлолт явуулсан талбайд хийгдэх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцож, зохих мөнгөн хөрөнгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, тухайн нөхөрлөлтэй хамтран захиран зарцуулах.
3.9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх.
3.10. Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны талаархи мэдээллийг батлагдсан маягтын дагуу гаргаж, геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хүргүүлж байх.
3.11. Энэ журмын 10.2-т заасны дагуу нөхөн сэргээлт хийгээгүй нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гишүүдийн шинээр үүсгэн байгуулсан нөхөрлөлтэй ашигт малтмал олборлох гэрээ дахин байгуулахгүй байх.
3.12. Нөхөрлөлийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учирсан болох нь мэргэжлийн байгууллагаас тогтоогдсон тохиолдолд тухайн нөхөрлөлтэй байгуулсан ашигт малтмал олборлох гэрээг цуцлах.
3.13. Нөхөрлөлийн олборлолт явуулж байгаа газрын нутаг дэвсгэрт уурхайчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн амьдрах суурьшлын бүсийг тогтоож, хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах.
Дөрөв. Бичил уурхайн талаар геологи, уул уурхайн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг
Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй байна:
4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23, энэ журмын 3.2-т заасан хүсэлтийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход зориулан сонгосон газрын талаархи дүгнэлтийг кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээлэлд тулгуурлан, ажлын 14-21 хоногт гаргаж сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх.
4.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг зөвшөөрсөн тухай дүгнэлт гаргасан газрыг кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэх.
4.3. Дараахь дүрэм, заавар, маягт, загварыг батлах:
4.3.1. ашигт малтмал олборлох гэрээ байгуулах талаар сум, дүүргийн Засаг даргад нөхөрлөлөөс гаргах өргөдлийн маягт;
4.3.2. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум, дүүргийн Засаг дарга, нөхөрлөлийн хооронд байгуулах гэрээний үлгэрчилсэн загвар;
4.3.3. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум, дүүргийн Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, нөхөрлөлийн хооронд байгуулах гурвалсан гэрээний үлгэрчилсэн загвар, энэхүү гэрээний үлгэрчилсэн загварт дараахь асуудлыг тодорхой тусгана:
4.3.3.1. ашигт малтмал олборлох, борлуулах;
4.3.3.2. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
4.3.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй;
4.3.3.4. гэрээгээр ашиглуулах талбай.
4.3.4. бичил уурхайн талбайд байгаль орчны нөхөн сэргээлт хийх заавар;
4.3.5. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм;
4.3.6. бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны талаархи мэдээллийн маягт.
4.4. нөхөрлөлийн гишүүдэд байгаль орчны болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар чадваржуулах сургалт явуулж, дэмжлэг үзүүлэх.
Тав. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газар
5.1. Бичил уурхайн зориулалтаар нөхөрлөлд эзэмшүүлэх газрын хэмжээ 5 га-гаас ихгүй байна.
5.2. Нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлоход зориулан сонгосон газрын тоо 10-аас илүүгүй байна.
5.3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас сум, дүүргийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч, нөхөрлөлийн хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу нөхөрлөлд талбай ашиглуулж болно.
5.4. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нөхцөлд нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлоход зориулсан газрын тоо 10-аас илүү байж болно.
5.5. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас сум, дүүргийн Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч, нөхөрлөлийн хооронд гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр нөхөрлөлд далд уурхай ашиглуулж болно.
5.6. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү журмын 5.3, 5.5-д заасны дагуу уурхайн эдэлбэр газраас нөхөрлөлд талбай ашиглуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Зургаа. Ашигт малтмал олборлох иргэдийн зохион байгуулалт
6.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэд нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 481.1 дүгээр зүйлд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан байна.
6.2. Нөхөрлөлийн үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 477-482 дугаар зүйл болон нөхөрлөлийн дүрмийн дагуу зохицуулагдана.
6.3. Нөхөрлөл нь оноосон нэртэй байна. Нэг сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа нөхөрлөл нь өөр нөхөрлөлтэй давхардсан нэртэй байж болохгүй.
6.4. Нөхөрлөлийн гишүүдийн тоо нь 5-аас цөөнгүй байна.
6.5. Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно.
Долоо. Ашигт малтмал олборлох гэрээ байгуулах
тухай өргөдөл гаргах
7.1. Нөхөрлөл Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах тухай өргөдлөө сум, дүүргийн Засаг даргад энэхүү журмын 4.3.1-д заасан маягтын дагуу бичгээр гаргана.
7.2. Өргөдөлд дараахь зүйлийг заавал тусгана:
7.2.1. нөхөрлөлийн нэр, нөхөрлөлийн ахлагч буюу эрх бүхий төлөөлөгч болон гишүүдийн нэр, хаяг;
7.2.2. талбайн байршил;
7.2.3. олборлох ашигт малтмалын төрөл.
7.3. Өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
7.3.1. нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
7.3.2. нөхөрлөлийн гишүүдийн хооронд бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээний хуулбар;
7.3.3. олборлолт явуулах талбайн байршлын зураг;
7.3.4. нөхөрлөлийн гишүүний албан татвар төлөгчийн гэрчилгээ, дэвтрийн хуулбар;
7.3.5. нөхөрлөлийн гишүүдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.
7.4. Нөхөрлөлийн гишүүдэд дараахь шаардлага тавигдана:
7.4.1. Монгол Улсын иргэн байх;
7.4.2. 18 нас хүрсэн байх;
7.4.3. тухайн орон нутагт оршин суугчаар бүртгүүлсэн байх.
7.5. Энэхүү журмын 7.1-7.4-т заасан шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авахгүй.
7.6. Нөхөрлөл олборлолт явуулсан талбайг энэхүү журмын 10.2-т заасан шаардлагын дагуу хүлээлгэн өгсний дараа өөр газарт ашигт малтмал олборлох гэрээ байгуулах тухай өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргаж болно.
7.7. Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан дараахь шаардлагыг хангасан эсэхийг тодруулна:
7.7.1. энэхүү журмын 7.4-т заасан шаардлагыг хангасан эсэх;
7.7.2. энэхүү журмын 7.3-т заасан баримт бичгийг бүрдүүлсэн эсэх;
7.7.3. өргөдөлд заасан талбай нь энэхүү журмын 5.1-д заасан газрын хязгаарт багтаж байгаа эсэх;
7.7.4. тухайн нөхөрлөл өмнө нь олборлолт явуулж байсан бол байгаль орчны техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг энэ журмын 10.2-т заасны дагуу бүрэн хийсэн эсэх.
7.8. Өргөдөл, хавсаргасан баримт бичиг энэхүү журмын 7.7-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд өргөдлийн бүртгэгдсэн дарааллын дагуу Ашигт малтмал олборлох гэрээ байгуулна.
Найм. Ашигт малтмал олборлох гэрээ байгуулах
8.1. Энэхүү журмын 5.1-д заасан газарт ашигт малтмал олборлох нөхөрлөл нь тухайн сум, дүүргийн Засаг даргатай бичгээр гэрээ байгуулна.
8.2. Гэрээнд дараахь асуудлыг тусгана:
8.2.1. талуудын эрх, үүрэг, хариуцлага;
8.2.2. Талбайн байршил, хэмжээ;
8.2.3. гэрээний хугацаа, түүнийг сунгах нөхцөл;
8.2.4. энэхүү журмын 5.1-д заасан газрыг ашиглуулах нөхцөл;
8.2.5. байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, төсөв, зардлын эх үүсвэрийн баталгаа;
8.2.6. олборлох ашигт малтмалын төрөл;
8.2.7. бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, эрүүл ахуйн норм, стандартыг мөрдөх нөхцөл;
8.2.8. нөхөрлөлийн гишүүдийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах нөхцөл;
8.2.9. химийн хорт болон аюултай бодис ашиглахгүй байх тухай үүрэг;
8.2.10. тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахдаа зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хийлгэх үүрэг;
8.2.11. гэрээг цуцлах болон дуусгавар болох үндэслэл;
8.2.12. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөнөөс үүсэн гарах хариуцлага;
8.2.13. талбайн байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын цэг байгуулах, нөхөрлөлийн гишүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тогтоосон суурьшлын бүсэд амьдрах талаархи үүрэг;
8.2.14. бусад зүйл.
Ес. Нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалыг борлуулах
9.1. Нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдах, худалдан авах эрх бүхий хуулийн этгээдэд худалдана.
Арав.Талбайг буцааж хүлээлгэн өгөх
10.1. Нөхөрлөл дараахь нөхцөлд талбайг буцааж хүлээлгэн өгнө:
10.1.1. ашигт малтмалын нөөц эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзсэн;
10.1.2. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай улсын байцаагчийн дүгнэлт гарсан;
10.1.3. нөхөрлөл талбайг хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан;
10.1.4. нөхөрлөлтэй байгуулсан гэрээг цуцалсан;
10.1.5. нөхөрлөлтэй байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь тухайн нөхөрлөлийг олборлолт хийсэн талбайдаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөхгүй.
10.2. Нөхөрлөл талбайг буцааж хүлээлгэн өгөхийн өмнө тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг зааврын дагуу хийж, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэн өгнө. Урьд нь том уурхайн олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй газарт олборлолт явуулж байгаа тохиолдолд зөвхөн нөхөрлөлийн олборлолт хийсэн газарт нөхөн сэргээлтийг зааврын дагуу хийнэ.
10.3. Нөхөрлөл болон нутгийн захиргааны байгууллага нь нөхөн сэргээлтийн дундын сангийн мөнгөн хөрөнгийг зөвхөн энэхүү журмын 10.2-т заасан зориулалтаар хамтран захиран зарцуулна.
Арван нэг. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход
хориглох зүйл
11.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
11.1.1. 18 нас хүрээгүй иргэнийг ажиллуулах;
11.1.2. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм зөрчих;
11.1.3. гэрээгээр олгосон газраас бусад газарт ашигт малтмал агуулсан шороо, хүдрийг угааж баяжуулах;
11.1.4. албан татвар төлөхөөс зайлсхийх;
11.1.5. нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг оролцуулах;
11.1.6. химийн хорт болон аюултай бодис ашиглах;
11.1.7. тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах;
11.1.8. нөхөрлөлд гэрээгээр олгосон талбайг зориулалт бусаар ашиглах, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах;
11.1.9. байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх;
11.1.10. ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд 500 см3 –ээс дээш багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизмыг ашиглах;
11.1.11. энэ журмын 5.3-т заасан гурвалсан гэрээг байгуулахгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд зэрэгцэн үйл ажиллагаа явуулах;
11.1.12. энэ журмын 5.5-д заасан гурвалсан гэрээ байгуулахгүйгээр дангаараа далд уурхай ашиглах.
Арван хоёр. Онцгой нөхцөл
12.1. Нөхөрлөлийн алтны үндсэн ордоос олборлосон хүдрийг баяжуулах үйл ажиллагааг явуулах газрын байршлыг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран тогтооно.
12.2. Баяжуулах цехэд тавигдах техникийн нөхцөлийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага боловсруулна.
12.3. Тогтоосон газарт баяжуулах цехэд тавигдах техникийн нөхцөлийн шаардлага хангасан аж ахуйн нэгжийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгон шалгаруулна.
12.4. Цехийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг техникийн нөхцөлийн дагуу ашиглалтад хүлээж авна.
12.5. Баяжуулах цех байгуулахаар шалгарсан аж ахуйн нэгж нь тухайн газрын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хийлгэсэн байна.
Арван гурав. Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх
13.1. Энэхүү журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгууллага, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллага болон цагдаагийн байгууллага, орон нутгийн байгаль орчны болон бичил уурхайн асуудал хариуцсан ажилтан хяналт тавина.
13.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 66.1.9-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A