A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ (Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2018-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны

340 дүгээр тогтоолын хавсралт

 


ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ
БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

(Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2018-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

 

Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "гадаадын иргэн" гэх/-ийг бүртгэх, бүртгэлээс хасах, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2. Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөхгүй.

 

Хоёр. Гадаадын иргэнийг бүртгэх


2.1. Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суух болон төрийн байгууллагын урилгаар ирсэн, Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэнийг тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор урьж ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, буцах үед бүртгэлээс хасуулна.

2.2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улс, олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.4-т заасны дагуу Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

2.3. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.1-д заасан хувийн хэргээр оршин суугч нь оршин суух зөвшөөрлийн хугацаанд дахин бүртгүүлэхгүй.

2.4. Энэ журмын 2.1-д зааснаас бусад тохиолдолд гадаадын иргэн өөрөө бүртгүүлнэ.

2.5. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын иргэнийг бүртгэхдээ уригч иргэний өргөдөл, аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг /уригчгүй гадаадын иргэн өөрөө бүртгүүлэх бол өргөдөл/, тухайн гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг (цаашид "паспорт" гэх), түүний хуулбар, 3х4 см хэмжээний гэрэл зургийг зохих мэдүүлгийн хуудасны хамт хүлээн авч бүртгэнэ.

2.6. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаадын иргэний паспортад бүртгэлийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр бүхий "бүртгэв" гэсэн дардас дарж, тухайн гадаадын иргэний болон уригчийн талаархи мэдээллийг мэдээллийн санд оруулан мэдүүлгийн хуудсанд тэмдэглэл хийнэ.

2.7. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хилийн боомт болон орон нутаг дахь алба нь хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр ирсэн гадаадын иргэн зорчих үнэмлэхэд заасан хилийн боомтоор нэвтэрч, зөвшөөрсөн хил орчмын нутагт зорчиж, хугацаандаа гарч байгаа эсэхийг бүртгэж, хяналт тавина.

Гурав. Албан хэргээр Монгол Улсад оршин суух



3.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1-д заасны дагуу албан хэргээр оршин суух гадаадын иргэнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус улсад оршин суух зөвшөөрөл олгож, хугацааг сунгана.

3.2. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.2-т заасны дагуу албан хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

3.3. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага албан хэргээр оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, сунгана.

3.4. Албан хэргээр оршин суух гадаадын иргэн зохих мэдүүлгийн хуудас бөглөхөөс гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

3.4.1. энэ журмын 7.1-д заасан зорилгоор оршин суух бол хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;

3.4.2. уригч төрийн байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг;

3.4.3. оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);

3.4.4. 3x4 см хэмжээний 2 хувь гэрэл зураг;

3.4.5. паспорт, түүний хуулбар;

3.4.6. гэр бүлийн гишүүдийн хамт ирэх тохиолдолд гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох хууль ёсны бичиг баримтын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт.

 

Дөрөв. Хувийн хэргээр Монгол Улсад оршин суух



4.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.2-т заасны дагуу хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн байгууллага мөн хуулийн 27.4-т заасан гадаадын иргэдийн тоонд багтаан оршин суух зөвшөөрөл олгоно.

4.2. Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон мэдүүлгийн хуудсыг бөглөн, дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

4.2.1. тухайн гадаадын иргэнийг уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг (хувь хүн бол өргөдөл);

4.2.2. оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн);

4.2.3. 3x4 см хэмжээний гэрэл зураг 2 ширхэг;

4.2.4. паспорт, түүний хуулбар;

4.2.5. гэр бүлийн гишүүдийн хамт ирэх тохиолдолд гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох баримт бичгийн эх хувийг хуулбар болон орчуулгын хамт.

4.3. Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хэлбэрээс хамааран энэ журмын 4.2-т зааснаас гадна нэмэлт материалыг бүрдүүлнэ.

4.4. Энэ журмын 5.1.1, 5.1.2, 6.1, 10.1.1, 10.1.2-т заасан нэг жилээс дээш хугацаагаар хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага регистрийн дугаар олгож, хувийн хэрэг хөтлөнө.

4.5. Энэ журмын 5.1.3, 7.1, 8.1, 9.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө, бусад хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн мөн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

4.6. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу авсан энэ журмын 5.1.1, 6.1-д заасан гадаадын иргэн 365 хоногийн дараа, мөн журмын 7.1, 8.1, 9.1-д заасан гадаадын иргэн 183 хоногийн дараа дахин тус улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргаж болно.

4.7. Энэ журмын 7.1, 8.1, 9.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах болон зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт тухай бүр авчирна.

4.8. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг эх хувиар нь шаардаж болно.
.
4.9. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас шаардсан тохиолдолд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн оршин суух хүсэлтээ өөрийн биеэр мэдүүлнэ.

4.10. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.9-д заасан тохиолдолд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэнтэй ярилцлага хийнэ.

4.11. Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг дараахь хугацаагаар олгоно:

4.11.1. гадаадын иргэн тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулах бол уг тусгай зөвшөөрлийн хугацаанаас илүүгүй;

4.11.2. энэ журмын 7.1, 8.1, 9.1-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол тухайн уригч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаанаас илүүгүй.

 

Тав. Гэр бүлийн шалтгаанаар Монгол Улсад оршин суух



5.1. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь гадаадын иргэнд гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл олгож, зөвшөөрлийн хугацааг сунгана:

5.1.1. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн;

5.1.2. Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд;

5.1.3. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух, гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд;

5.1.4. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд.

5.2. Энэ журмын 5.1.1, 5.1.3-т заасан гадаадын иргэн нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл авахдаа мөн журмын 4.2-т зааснаас гадна дараахь нэмэлт бичиг баримтыг бүрдүүлнэ:

5.2.1. Монгол Улсын болон гадаадын иргэний 3 үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, өвөг эцэг, эмэг эхийн);

5.2.2. гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллага /хэрэв хүсэлт гаргагч нь тус улсад оршин сууж байгаа бол цагдаагийн байгууллага/-ын тодорхойлолт;

5.2.3. дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг;

5.2.4. амьжиргааны эх үүсвэрийн талаархи өөрийн гаргасан нотолгоо.

5.3. Энэ журмын 5.1.1, 5.1.3-т заасан гадаадын иргэн нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа өргөдөл болон оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаягийн), гэрлэлтийн гэрчилгээг бүрдүүлсэн байна.

5.4. Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл авахдаа энэ журмын 4.2-т зааснаас гадна эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт бүрдүүлсэн байна.

5.5. Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа өргөдөл болон оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолтыг /хаягийн/ бүрдүүлнэ.

5.6. Энэ журмын 5.1.4-т заасан гадаадын иргэн нь мөн журмын 4.2-т заасан бичиг баримтаас гадна оршин суух зөвшөөрөлтэй хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, мэргэжил дээшлүүлэгчийн паспортын хуулбарыг бүрдүүлэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гаргана.

5.7. Энэ журмын 5.1.4-т заасан гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлөө сунгуулахдаа мөн журмын 4.2-т заасан бичиг баримт болон оршин суух зөвшөөрөлтэй хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, мэргэжил дээшлүүлэгчийн паспортын хуулбарын хамт бүрдүүлсэн байна.

5.8. Энэ журмын 5.1.1-д заасан гадаадын иргэнд гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль хяналтын байгууллагаас санал авсны үндсэн дээр эхний 2 жилд 1 жил хүртэл хугацаагаар олгож, сунгах бөгөөд цаашид удаан хугацаагаар амьдрах бол 3 жил хүртэл хугацаагаар тухай бүр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгана./ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор өөрчлөлт орсон/

5.9. Энэ журмын 5.1.2-т заасан гадаадын иргэнд гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг 5 жил хүртэл хугацаагаар олгож, тухай бүр зохих журмын дагуу 3 жил хүртэл хугацаагаар сунгана./ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор нэмсэн/

5.10. Энэ журмын 5.1.3-т заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль хяналтын байгууллагаас санал авсны үндсэн дээр олгож, сунгах бөгөөд хугацаа нь мөн журмын 5.1.1, 10.1.1, 10.1.2, 10.1.4, 10.1.5-д заасан гадаадын иргэнд олгосон оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно./ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор нэмсэн/


5.11. Монгол Улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор ирсэн гадаадын иргэн тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дараа гэр бүлийн гишүүндээ хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргах эрхтэй.

5.12. Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний хүүхэд нь 18 хүртэлх насны хүүхэд байна.

 

Зургаа. Монгол Улсад цагаачлах



6.1. Монгол Улсад цагаачлах зөвшөөрлийг тухайн гадаадын иргэний цагаачлах тухай хүсэлт, боловсрол, мэргэжил, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж болон холбогдох хууль хяналтын байгууллагын саналыг харгалзан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29.5-д заасан тоонд багтаан эхний 2 жилд 1 жил хүртэл хугацаагаар олгож, сунгана. Цаашид удаан хугацаагаар амьдрах бол 2 жил хүртэл хугацаагаар тухай бүр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгана. /ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор өөрчлөлт орсон/

6.2. Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргагч гадаадын иргэн нь дараахь шалгуурыг хангасан байна:

6.2.1. сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;

6.2.2. дээд боловсрол буюу Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;

6.2.3. гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй байх;

6.2.4. Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй байх.

6.3. Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргагч гадаадын иргэн нь энэ журмын 4.2-т заасан бичиг баримтаас гадна дараахь нэмэлт материалыг бүрдүүлнэ:

6.3.1. 3 үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн);

6.3.2. гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллага /хэрэв хүсэлт гаргагч нь тус улсад оршин сууж байгаа бол оршин суугаа сум, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага/-ын тодорхойлолт;

6.3.3. дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа;

6.3.4. амьжиргааны эх үүсвэрийн талаархи баталгаа;

6.3.5. 3x4 см хэмжээний 5 хувь гэрэл зураг;

6.3.6. боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын эх хувийг хуулбар болон орчуулгын хамт.

6.4. Цагаач гадаадын иргэнээс Монгол Улсад төрсөн хүүхдэд 1 сарын дотор оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг гаргана.

6.5. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цагаач гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд регистрийн дугаар олгож хувийн хэрэг хөтөлнө. Регистрийн дугаарыг төрсний гэрчилгээнд бичнэ.

6.6. Насанд хүрээгүй (16) цагаач иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа эцэг эх, асран хамгаалагчийн оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.

6.7. Монгол Улсад төрсөн цагаач гадаадын иргэний цагаачлах зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар тухай бүр сунгаж болно.

6.8. Цагаач гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргагч нь гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон мэдүүлгийн хуудас бөглөн, дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

6.8.1. өргөдөл;

6.8.2. хүүхдийн төрсний гэрчилгээ;

6.8.3. эцэг, эхийн оршин суух үнэмлэх;

6.8.4. паспортын хуулбар (харьяалалгүй хүний хувьд гадаадад зорчих үнэмлэх);

6.8.5. хаяг, ам бүлийн талаархи сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

6.8.6. 3х4 см хэмжээний 3 ширхэг гэрэл зураг.

6.9. Цагаач гадаадын иргэн нь жилд 180 хоногоос хэтрэхгүй хугацаагаар гадаад улсад зорчих бөгөөд түүний гадаад улсад зорчсон тухай тэмдэглэлийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухай бүр хөтлөн, хяналт тавина.



Долоо. Хөдөлмөр эрхлэхээр Монгол Улсад оршин суух



7.1. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.2-т заасан бичиг баримт болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичгийг үндэслэн гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэхээр оршин суух зөвшөөрлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож, сунгана.

7.2. Энэ журмын 5.1.1, 6.1-д заасан гадаадын иргэн нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхэлнэ.

 

Найм. Хөрөнгө оруулагчаар Монгол Улсад оршин суух



8.1. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.2-т заасан бичиг баримт болон гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл, түрээсэлсэн албан байрны гэрээг үндэслэн гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар олгож, сунгана./ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор өөрчлөлт орсон/

8.2. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 8.1-д заасан зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тухайн гадаадын иргэний татвар төлсөн байдал, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянаж үзэн шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаа явуулах албаны байр, хөрөнгө оруулалт нь тус улсад бодитойгоор орсон эсэхийг шалгаж шийдвэрлэнэ.

8.3. Хөрөнгө оруулагч нь тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй, татвар төлөхөөс зайлсхийсэн бол оршин суух зөвшөөрлийн хугацааг богиносгох буюу хүчингүй болгоно.

 

Ес. Суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух



9.1. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх 16 насанд хүрсэн гадаадын иргэнд тус улсад оршин суух зөвшөөрлийг 2 жил хүртэл хугацаагаар олгох болон сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Шийдвэр гаргахдаа энэ журмын 4.2-т заасан бичиг баримт болон тухайн байгууллага (гадаадын иргэний суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх)-ын тодорхойлолтыг үндэслэнэ. /ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор өөрчлөлт орсон/

9.2. Энэ журмын 9.1-д заасан оршин суух зөвшөөрлийг сунгахдаа гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн гадаадын иргэний суралцаж байгаа байдлыг харгалзана.

 

Арав. Хувийн бусад зорилгоор Монгол Улсад оршин суух



10.1. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгоно:

10.1.1. Монгол Улсын иргэнээс төрсөн 16-гаас дээш насны гадаадын иргэнд 5 жил хүртэл хугацаагаар;

10.1.2. Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой болон харгалзан үзэх бусад шалтгаантай гадаадын иргэнд 5 жил хүртэл хугацаагаар; /ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор өөрчлөлт орсон/

10.1.3. хууль хяналтын байгууллагаас гадаадын иргэнд холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн иргэнийг Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагын саналыг үндэслэн 1 жил хүртэл хугацаагаар;

10.1.4. бусад хувийн зорилгоор оршин суух гадаадын иргэнд 1 жил хүртэл хугацаагаар;

10.1.5. Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд 5 жил хүртэл хугацаагаар./ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор нэмсэн/

10.2. Энэ журмын 10.1.1-д заасан гадаадын иргэн мөн журмын 4.2-т заасан бичиг баримтаас гадна дараахь нэмэлт материалыг бүрдүүлнэ:

10.2.1. 3 үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, өвөг эцэг, эмэг эхийн);

10.2.2. гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллага (хэрэв хүсэлт гаргагч нь тус улсад оршин сууж байгаа бол оршин суугаа сум, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага)-ын тодорхойлолт.

10.3. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга энэ журмын 10.1.2, 10.1.3, 10.1.4-т заасан гадаадын иргэнд тус улсад оршин суух зөвшөөрөл олгохдоо мөн журмын 4.2-т заасан бичиг баримтаас гадна хууль хяналтын болон эрх бүхий байгууллагын албан бичгийг үндэслэнэ.

10.4. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 10.1.3-т зааснаас бусад хувийн зорилгоор оршин суух зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн гадаадын иргэний өргөдөл, паспорт түүнийг орлох баримт бичгийн хуулбарыг үндэслэн зөвшөөрлийн хугацааг 3 жил хүртэл хугацаагаар сунгаж болно. /ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор өөрчлөлт орсон/



Арваннэг. Гадаадын иргэн Монгол Улсад оршин суухад шаардагдах

хөрөнгийн эх үүсвэрийн баталгааны төрөл, хэлбэр, тэдгээрийг мэдүүлэх



11.1. Гадаадын иргэнийг урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн өөрөө тус улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг (цаашид "баталгаа" гэх) виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга, оршин суух зөвшөөрөл авах үед бичгээр гаргана.

11.2. Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэнээс гаргаж байгаа баталгаанд холбогдох эд хөрөнгө нь банк болон бусад аж ахуйн нэгжид барьцаалагдаагүй байна.

11.3. Баталгааг дараахь хэлбэрээр гаргана:

11.3.1. уригч нь тухайн гадаадын иргэнийг оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаанд нь буцаахыг баталсан өргөдөл, албан бичиг;

11.3.2. мөнгөн хэлбэр (дансны хуулга, банкны хадгаламжийн дэвтэр, цалингийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр гэх мэт).

11.4. Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн энэ журмын 11.3.2-т заасны дагуу баталгаа гаргах бол бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авчирна.

11.5. Энэ журмын 11.3.2-т заасан баталгааны хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байх бөгөөд энэ нь нэг гадаадын иргэнд хамаарна.


Арванхоёр. Оршин суух зөвшөөрлийг хянан шийдвэрлэх ажиллагаа



12.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1-д заасны дагуу гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь оршин суух зөвшөөрөл олгох болон зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг дор дурдсан хугацаанд хянан шийдвэрлэнэ:

12.1.1. энэ журмын 5.1.1, 5.1.3, 6.1, 10.1.1-10.1.4-т заасан гадаадын иргэний Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг 60 хоногийн дотор, уг зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор;

12.1.2. энэ журмын 5.1.2-т заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг 30 хоногийн дотор;

12.1.3. энэ журмын 5.1.4, 7.1, 8.1, 9.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор.

12.2. Гадаадын иргэнд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ тухай хүсэлт гаргагчид шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэж, 10 хоногийн дотор тус улсаас гарахыг сануулна.

12.3. Гадаадын иргэний хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ тухай хүсэлт гаргагчид шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэж, 10 хоногийн дотор тус улсаас гарахыг сануулан, оршин суух үнэмлэхийг хураан авч, хүчингүй болгоно.

12.4. Дараахь үндэслэл байвал гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, эсхүл хүчингүй болгоно:

12.4.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3, 28.4.1-д заасан үндэслэл байвал;

12.4.2. худал мэдүүлэг өгсөн;

12.4.3. тухайн гадаадын иргэнийг уригч байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон;

12.4.4. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн биеэр ирээгүй.

12.5. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа дуусмагц түүнийг түр ирэгчийн бүртгэлээс хасна.

12.6. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүрмөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд гэр бүлийн гишүүний хамт гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ хураалган, оршин суух бүртгэлээс хасалт хийлгэнэ.

12.7. Түр ирэгчийн болон оршин суух бүртгэлээс хасалт хийхдээ гадаадын иргэний паспортад "хасав" дардас дарж Монгол Улсаас гарах сүүлийн хугацааг зааж өгнө. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж улсын хилээр гарна.

12.8. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын албан бичгийг үндэслэн түр ирэгчийн болон оршин суух бүртгэлээс хасалт хийнэ.

12.9. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусах өдрөөс хойш 10 хоногоос илүүгүй хугацаагаар хасалтыг хийж болно.

12.10. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээс хойш түр ирэгч гадаадын иргэнийг бүртгэх үйлчилгээг ажлын 8 цагт, Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.

12.11. Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн дугаарыг тухайн гадаадын иргэний визэнд бичиж тэмдэглэнэ.

                                                                              

Арвангурав. Бусад



13.1. Гадаадын иргэний паспортын хүчинтэй хугацаа оршин суух зөвшөөрөл олгоход нэг жил, сунгахад 6 сараас доошгүй хугацаатай байх бөгөөд паспорт гэмтэлгүй байна.

13.2. Монгол Улсад оршин суух хүсэлт гаргагч нь холбогдох бичиг баримтыг монгол хэл дээр бүрдүүлнэ. Гадаад хэлээр үйлдсэн бичиг баримтыг монгол хэлээр орчуулсан байна.

13.3. Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Монгол Улсад орж ирсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжгүй болсон тохиолдолд энэ журмын 2.1-д заасны дагуу бүртгүүлж, 14 хоногийн дотор уг зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

13.4. Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааны нийлбэр тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд оршин суух зөвшөөрөл авна.

13.5. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтэд татгалзсан, эсхүл түр ирэгчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээхгүй.

13.6. Гадаадын иргэнд олгох оршин суух үнэмлэхийг дор дурдсаны дагуу кодлоно:

13.6.1. гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улс, олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний оршин суух үнэмлэхийг-"A-1";

13.6.2. төрийн байгууллагын урилгаар ирсэн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг -"A-2";

13.6.3. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг-"GB-1";

13.6.4. Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдийн оршин суух үнэмлэхийг-"GB-2";

13.6.5. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болон хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхдийн оршин суух үнэмлэхийг- "GB-3";

13.6.6. хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч, мэргэжил дээшлүүлэгч гадаадын иргэний эхнэр/нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхдийн оршин суух үнэмлэхийг- "GB-4";

13.6.7. Монгол Улсад цагаачлах гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг -"TS";

13.6.8. хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг-"HG";

13.6.9. хөрөнгө оруулах гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг-"T";

13.6.10. суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг-"S";

13.6.11. Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг- "H-1";

13.6.12. Монгол Улсын иргэнээс төрсөн 16-гаас дээш насны гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг-"H-2";

13.6.13. Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг-"H-3";

13.6.14. хууль хяналтын байгууллагаас гадаадын иргэнд холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг-"H-4";

13.6.15. бусад хувийн зорилгоор оршин суух гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг -"H-5";

13.6.16. шашны байгууллагад ажиллах гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг –"SH";

13.6.17. төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллах гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг –"O".



----оОо----