A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ЦАЛИН, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ЗӨРҮҮГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД ТӨЛӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979
              Засгийн газрын 2011 оны 9 дүгээр
                                                                              тогтоолын 3 дугаар хавсралт
 
 
ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР АВАГЧИЙН ЦАЛИН,
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ЗӨРҮҮГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН  САНД ТӨЛӨХ  ЖУРАМ
 
1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын сангийн дансанд төлөхөд энэхүү журмыг мөрдөнө.
 
2. Цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн өөрөө хүсвэл цэргийн алба хаасан 1 жилийг иргэний байгууллагад 1 жил 6 сар, иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сар цэргийн алба хаасан хугацаанд тооцож болно.
 
3. Цэргийн албаны тухай хуулийн 7.4, 8.2, 10.5, 11.4, 11.5 дахь хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цэргийн албанаас тэтгэвэр тогтоолгосон цэргийн алба хаагчийн энэ журмын 2 дахь хэсэгт заасан хугацаанд төлөгдсөн байвал зохих тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг дараахь нөхцөлийг баримтлан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ: (Засгийн газрын 2019 оны 137 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

      3.1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд хамаарах байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчийн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг дараахь байдлаар тооцон нийгмийн даатгалын сангийн дансанд төлнө:
               
            3.1.1. цэргийн алба хаасан хугацааны шимтгэлийг цэргийн алба хаагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос;

            3.1.2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаасан хугацааг өсгөн тооцсон хугацааны шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс.

       3.2. Иргэний цэргийн жинхэнэ албыг түрүүч, байлдагчаар хаасан болон  дотоод, гадаадын цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан хугацааны шимтгэлийг шимтгэл төлөх үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон нийгмийн даатгалын сангийн дансанд төлнө.

Ийнхүү төлөх тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага нь цэргийн албанаас халагдаж байгаа байлдагч, түрүүч болон дотоод, гадаадын цэрэг, цагдаагийн сургуульд үргэлжлүүлэн суралцаагүй, цэргийн албанд ороогүй иргэдэд нийгмийн даатгалын дэвтэр нээн (дэвтэртэй бол түүн дээр нь) бичилт хийж, төлсөн шимтгэлийн хэмжээг баталгаажуулна.

       3.3. Цэргийн алба хаагчийг цэргийн албанаас халагдах үед цэргийн анги, байгууллага нь цэргийн алба хаасан (ажилласан) нийт хугацааны хөдөлмөрийн хөлсний хэмжээг зохих журмын дагуу тодорхойлж баталгаажуулна.
 

4. Цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэний цалин, нийгмийн даатгалын зөрүүг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэн улсын төсвөөс санхүүжүүлнэ.
 
 
 
 
 
---оОо---