A

A

A

Бүлэг: 1979
                                                                                       Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 14 дүгээр
                                                                                       захирамжийн 2 дугаар хавсралт


                                                МОНГОЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН
                                                                 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ

                                                                                Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын мэдээлэл, холбооны технологийн үндэсний хороо (цаашид "Үндэсний хороо" гэх)-ны ажиллах журмыг энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Үндэсний хорооны үндсэн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлж, бодлогын хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулж дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.3. Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

                                                      Хоёр. Үндэсний хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт

2.1. Үндэсний хороо нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

2.2. Үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байна.

2.3. Үндэсний хорооны дэд дарга нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна.

2.4. Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нь Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга байна.

2.5. Үндэсний хорооны гишүүд нь холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ.

2.6. Үндэсний хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.7. Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Үндэсний хорооны хуралдааныг улиралд 1-ээс доошгүй удаа хийнэ. Үндэсний хорооны ээлжит бус хуралдааныг хорооны даргын санаачилгаар зарлан хуралдуулж болно.

2.8. Үндэсний хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.9. Хорооны даргын эзгүйд хуралдааныг хорооны дэд дарга даргална.

2.10. Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал, холбогдох материалыг ажлын албаны ажилтан хуралдаан товлосон өдрөөс 7-гоос доошгүй хоногийн өмнө Үндэсний хорооны нарийн бичгийн даргад танилцуулна. Хэлэлцүүлэх асуудлаар шийдвэр гаргахаар бол шийдвэрийн төслийг хавсаргана.

2.11. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал, холбогдох материалыг Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нягтлан шалгаж, хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг гаргаж, Үндэсний хорооны дарга, дэд даргад танилцуулан хуралдааны товыг тохирно.

2.12. Үндэсний хорооны хуралдаан хуралдахаас 3-аас доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудлын жагсаалт, материалыг Үндэсний хорооны гишүүдэд тараана.

2.13. Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааны материалыг хүлээн авсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүйн улмаас саналаа бичгээр ирүүлсэн гишүүнийг хуралдааны ирцэд оруулж тооцно. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

2.14. Үндэсний хороо өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвлөмж гаргана.

                                                 Гурав. Үндэсний хорооны үйл ажиллагааны чиглэл

3.1. Үндэсний хороо нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулж дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажиллана.

3.2. Үндэсний хороо нь мэдлэгт суурилсан шинэ эдийн засгийг бий болгох, "Шивээт хөндий" мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологийн инновацийн кластер, парк, төвүүдийг байгуулах, сансрын холбоо, цахим засаглал, программ хангамжийн үйлдвэрлэл, аутсорсинг, контентыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх болон бусад асуудлаар бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслүүдийг боловсруулахад нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллана.

3.3. Нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг уялдуулан зохицуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

3.4. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулалт, бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар санал, зөвлөмж гаргана.

3.5. Төрийн байгууллагын мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйл ажиллагааг уялдуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

3.6. Үндэсний хороо нь үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулна.

                                                  Дөрөв. Үндэсний хорооны бүрэн эрх

4.1. Үндэсний хороо нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. мэдээлэл, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдамж, чиглэл өгөх;

4.1.2. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээг тодорхойлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохион байгуулах;

4.1.3. Үндэсний хорооноос тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах, хэрэгжилтийг хангах;

4.1.4. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, судалгааны ажил хийхэд эрдэмтэн, судлаачид, холбогдох мэргэжилтнийг тухайн байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах;

4.1.5. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.1.6. Үндэсний хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;

4.1.7. холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах, тайланг Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэж үүрэг, чиглэл өгөх;

4.1.8. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх асуудлаар олон улсын байгууллага, гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

4.1.9. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн асуудлаар хурал, зөвлөгөөн, семинар, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

                                             Тав. Үндэсний хорооны дарга, дэд дарга, гишүүний бүрэн эрх

5.1. Үндэсний хорооны дарга нь хорооны ажлыг удирдлагаар хангаж, хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, хорооны төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

5.2. Үндэсний хорооны дэд дарга нь энэ дүрмийн 5.1-д заасан бүрэн эрхийг хорооны даргын эрх олгосноор хэрэгжүүлж болно.

5.3. Үндэсний хорооны гишүүн дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1. Үндэсний хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;

5.3.2. Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн удирдлагын байгууллагад тэдгээрийн өмчийн төрөл, хэлбэр, харъяалал харгалзахгүйгээр шалгах;

5.3.3. Үндэсний хорооны бүрэн эрхийн асуудлаар санал боловсруулж хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх;

5.3.4. бусад байгууллагатай харилцахдаа Үндэсний хорооны зөвлөмж, шийдвэрийг баримтлах;

5.3.5. Үндэсний хорооноос даалгасан асуудлыг хариуцан ажиллаж түүний явц, үр дүнгийн талаар хорооны хуралдаанд мэдээлж байх.

                                                             Зургаа. Үндэсний хорооны ажлын алба

6.1. Үндэсний хорооны ажлын албаны үүргийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар гүйцэтгэнэ. Үндэсний хорооны ажлын албаны дарга нь Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга байна.

6.2. Үндэсний хорооны ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) нь Үндэсний хорооноос хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, Үндэсний хороонд мэргэжил, арга зүй, техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

6.3. Ажлын алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:

6.3.1. Үндэсний хорооны хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

6.3.2. Үндэсний хорооны дарга, дэд дарга, гишүүдийг тухай бүр шаардлагатай мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

6.3.3. Үндэсний хорооноос зохион байгуулж байгаа ажил, түүний явц, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, сурталчлах;

6.3.4. Үндэсний хорооны үйл ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээлэл, судалгаа, тодорхойлолтыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс гаргуулан авах;

6.3.5. Ажлын албанаас хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн Үндэсний хорооны хуралдаанд танилцуулах.


                                                                               Долоо. Бусад зүйл

7.1. Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

7.2. Үндэсний хорооны шийдвэр, хуралдааны тэмдэглэл, бусад бичиг баримтыг Ажлын алба зохих журмын дагуу эмхлэн хадгална.





                                                                                                ---оОо---