A

A

A

Бүлэг: 1979
                                                                                  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 83 дугаар
                                                                                 тогтоолын хавсралт


                                                     МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛЫН
                                                      УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ХАМТЫН
                                                                          АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

                                                                               Нэг. Нийтлэг үндэслэл

1. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийг удирдлага болгон төрөөс баримтлах хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлж, хүмүүнлэгийн чанартай сургалт зохион байгуулах, мэдээлэл, сурталчилгаа хийх чиг үүргийг Монголын улаан загалмай нийгэмлэг (цаашид "МУЗН" гэх)-ээр гүйцэтгүүлж холбогдох зардлыг санхүүжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны энэхүү чиглэлийг боловсруулав.

                                                                           Хоёр. Хамтран ажиллах чиглэл


2.1. Төрийн гүйцэтгэх байгууллагын хүмүүнлэгийн чанартай дор дурдсан чиг үүргийг МУЗН хариуцан гүйцэтгэнэ:

2.1.1. Монгол Улсын нэгдэн орсон Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын хүрээнд Олон улсын нигүүлсэнгүй хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын болон Донорын тухай хууль, холбогдох эрх зүйн бусад баримт бичгийг олон нийтэд сурталчлах, мэдээлэх;

2.1.2. Женевийн конвенцийн хүрээнд дайнд нэрвэгдэгсдэд туслах, зэвсэгт мөргөлдөөн үүссэн нөхцөлд хэлмэгдэгсдэд болон байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчинд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх бэлтгэл сургалт зохион байгуулах, эсхүл хүмүүнлэгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийх;

2.1.3. олон нийтийн оролцоонд тулгуурлан эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах зорилгоор сайн дурын донорын хөдөлгөөн өрнүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон сургалт, сурталчилгаа зохион байгуулах, гарын авлага, сурталчилгааны материал хэвлүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг байнга явуулах;

2.1.4. гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай болон нөхөн сэргээх тусламж үзүүлэх чиг үүргийн дагуу анхны тусламж үзүүлэх нөхөрлөлийг байгуулж, сурган бэлтгэх, идэвхтэн, арга зүйчдийг сургаж дадлагажуулах;

2.1.5. хүүхэд залуучуудад хүнлэг, энэрэнгүй үзлийг сурталчлах, хүмүүнлэгийн үйлсийг тэдгээрийн оролцоотой зохион байгуулах, "өсвөрийн улаан загалмайчид"-ыг сургаж дадлагажуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх;

2.1.6. хүмүүнлэгийн тусламжид хамрагдах хүрээг тогтоох, тусламж хүртэх иргэдийг сонгох шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, тусламжийг цаг алдалгүй хүргэх ажлыг сайжруулах;

2.1.7. олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн Үндэсний хорооны чиг үүргийг өргөжүүлэн үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, төр, хүмүүнлэгийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах.

                                                        Гурав. Хамтын ажиллагааны хэлбэр

3.1. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү хамтын ажиллагааны чиглэлийн 2 дугаар бүлэгт тусгасан чиг үүргийг гүйцэтгэх тухай саналаа МУЗН-ээс тухайн асуудлыг эрхэлсэн сайдад тавина. МУЗН-ийн саналыг сайд хянан үзээд гэрээний дагуу олгох санхүүжилтийн асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

3.2. МУЗН нь төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж тайлан тооцоог тогтоосон хугацаанд гарган баримт материалын хамт холбогдох байгууллагад тушаана.

3.3. МУЗН нь Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр дүнгийн тухай Олон улсын улаан загалмай холбоонд жил бүр танилцуулж, хүмүүнлэгийн нэгдмэл байдал, ойлголцол, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн дэмжлэг, туслалцааны хүрээг өргөжүүлж ажиллана.





                                                                                                           ---оОо---