- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 25 дугаар
захирамжийн 2 дугаар хавсралт
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан тушаалтны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн ажиллах журмыг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Зөвлөлийн үндсэн зорилго нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаархи бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд мэдээллийн технологийн нэгдмэл чанарыг хангах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулж хяналт тавих, ажлын уялдаа холбоог сайжруулах замаар төрөөс иргэд болон байгууллагад цахим хэлбэрээр үзүүлж байгаа үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай, үр ашигтай болгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт
2.1. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.2. Зөвлөлийн дарга нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, нарийн бичгийн дарга нь Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга байх бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн төлөөлөл болон нийслэлийн Засаг даргын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн асуудал хариуцсан орлогч байна.
2.3. Зөвлөл нь ажлын албатай байх бөгөөд ажлын албаны үүргийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын стратеги төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.
2.4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөлийн хуралдааныг жилд дөрвөөс доошгүй удаа хийнэ. Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Зөвлөлийн даргын саналаар зарлан хуралдуулж болно.
2.5. Аймагт мэдээллийн технологийн удирдах албан тушаалтны дэд зөвлөл байна. Дэд зөвлөлийн дарга нь тухайн аймгийн Засаг даргын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн асуудал хариуцсан орлогч байх бөгөөд бүрэлдэхүүнд нь төрийн байгууллага, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.
2.6. Дэд зөвлөл нь Зөвлөлөөс гаргасан шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд дэд зөвлөлийн даргыг Зөвлөлийн хуралдаанд оролцуулна.
2.7. Хуралдааныг Зөвлөлийн гишүүдийн олонхи ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хуралдааныг Зөвлөлийн дарга даргална.
2.8. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал, холбогдох материалыг ажлын албаны холбогдох ажилтан хуралдаан товлосон өдрөөс 7-гоос доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн нарийн бичгийн даргад өгнө.
2.9. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудал, холбогдох материалыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга нягтлан шалгаж, хэлэлцүүлэх асуудлын жагсаалт гарган Зөвлөлийн даргад танилцуулан хуралдааны товыг тохирно.
2.10. Зөвлөлийн хуралдаан хуралдахаас 3-аас доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудлын жагсаалт, материалыг Зөвлөлийн дарга, гишүүдэд цахим болон цаасан хэлбэрээр тараана.
2.11. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдааны материалыг хүлээн авсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гишүүн саналаа бичгээр ирүүлсэн бол түүнийг ирцэд оруулж тооцно. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.12. Зөвлөл нь өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвлөмж гаргана.
Гурав. Зөвлөлийн бүрэн эрх
Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдамж, чиглэл өгөх.
3.2. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын үйл ажиллагааг сайжруулахад эхний ээлжинд шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах арга хэмжээг авах.
3.3. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх ажилд эрдэмтэн, судлаачид, холбогдох мэргэжилтнийг тухайн байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах.
3.4. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх ажлын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
3.5. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах.
3.6. Холбогдох төрийн байгууллага, дэд зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажилтай танилцах, тэдгээрийн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж үүрэг, чиглэл өгөх.
3.7. Хурал, зөвлөгөөн, семинар, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.
3.8. Шаардлагатай бол Зөвлөл нь өөрийн чиг үүргийн дагуу салбар ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
3.9. Зөвлөл нь үйл ажиллагааныхаа тайланг жил бүр Засгийн газарт танилцуулна.
Дөрөв. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх
4.1. Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн ажлыг удирдлагаар хангаж, Зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавина.
4.2. Зөвлөлийн гишүүн дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. хуралдаанд таслах эрхтэй оролцох;
4.2.2. зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн удирдлагын байгууллагад тэдгээрийн өмчийн төрөл, хэлбэр, харъяалал харгалзахгүйгээр шалгах;
4.2.3. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр санал боловсруулан Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх;
4.2.4. бусад байгууллагатай харилцахдаа тус Зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийг баримтлах;
4.2.5. зөвлөмжид тусгагдсан асуудлыг хариуцан ажиллаж түүний явц, үр дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд мэдээлж байх.
Тав. Зөвлөлийн Ажлын алба
5.1. Зөвлөлийн ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) нь Зөвлөлөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын үйл ажиллагааг сайжруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
5.2. Ажлын алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
5.2.1. чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тус Зөвлөлийн дарга, гишүүдээс шаардлагатай дэмжлэг туслалцаа авах;
5.2.2. зөвлөлийн хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
5.2.3. зөвлөлийн дарга, гишүүдийг тухай бүр шаардлагатай мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
5.2.4. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, салбар ажлын хэсгийн үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах;
5.2.5. зөвлөлөөс зохион байгуулж байгаа ажил, түүний явц, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажил зохион байгуулах;
5.2.6. зөвлөлийн ажилд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээлэл, судалгаа, төслийн баримт бичиг, тодорхойлолтыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс гаргуулан авах;
5.2.7. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх талаар зохиосон ажлын тайланг холбогдох байгууллага, салбар ажлын хэсгээс гаргуулж нэгтгэн Зөвлөлийн хуралдаанд танилцуулах;
5.2.8. зөвлөлийн хуралдааны бичиг баримтыг Ажлын алба зохих журмын дагуу эмхлэн хадгална.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A