A

A

A

Бүлэг: 1979
                                                                                              Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 69 дүгээр
                                                                                              тогтоолын хавсралт


                                                                          КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ
                                                                                    ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

                                                                                         Нэг. Нийтлэг үндэслэл

Компанийн засаглал нь компанийг үр дүнтэй удирдах, үйл ажиллагааг нь зөв зохион байгуулахад чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамарсан өргөн ойлголт бөгөөд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлын зохистой харьцааг тогтоодог тогтолцоо юм.

Улс орны э‎‎‎‎‎дийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад үндэсний компаниудын хөгжил чухал үүрэгтэй байдаг тул хөгжингүй орнуудын санаачилга, туршлагад тулгуурлан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (ЭЗХАХБ) Компанийн засаглалын зарчмуудыг 1999 онд баталсан.

"Компанийн засаглалын кодекс" буюу компанийн удирдлага, зохион байгуулалтын зарчмуудыг компанийн сайн засаглалын практикийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үздэг.


Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн хэвшил, Засгийн газрын байгууллагуудын түншлэлийг дэмжин хөгжүүлж, бэхжүүлэх тухай стратегийн зорилтыг д‎эвшүүлсэн.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд Засгийн газрын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чухал чиглэ‎лийн н‎э‎‎‎‎‎‎‎‎‎‎г нь компанийн засаглалыг төлөвшүүлэн хөгжүүл‎эх явдал юм.

Зах зээлийн эдийн засгийн харилцааг зохицуулах хууль тогтоомж, түүний дотор Компанийн тухай хууль батлагдсанаар манай улсад компанийн бүтэц, зохион байгуулалтад тулгуурласан бизнесийн үйл ажиллагаа ихээхэн өргөжиж байгаа боловч хуримтлуулсан туршлага хомс, оролцогч талуудын чадавхи харилцан адилгүй, эрх зүйн болон компанийн өөрийн зохицуулалт хангалтгүй байгаагаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үүрэг, хариуцлага сул, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудын эрх ашиг хохирох нь цөөнгүй байна.

Компанийн тухай хуулиар компани нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байгаагаас олон нийтийн өмч хөрөнгөөс бүтсэн, нээлттэй, тайлан тооцоотой, ил тод үйл ажиллагаа явуулах эрх үүрэг бүхий нээлттэй хувьцаат компани 348, хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 56700 байна.

Компанийн засаглалын кодексын асуудал Монгол Улсад 2000 оноос яригдаж эхэлсэн бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монгол Улсад 2003 онд хэрэгжүүлсэн "Компанийн засаглалын эрх зүйн орчин, практикийг сайжруулах төсөл"-ийн тайланд Компанийн засаглалын кодексыг цаг алдалгүй боловсруулж хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Энэ үеэс эхлэн төрийн болон хувийн өмчийн эрх тэгш, тэнцвэртэй хөгжил, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, удирдлага, хяналтын олон талт харилцаа, тайлан мэдээллийн системд оршиж байгаа дутагдлуудыг засахад компанийн засаглал ихээхэн чухал үүрэгтэй гэж үзэх болсон. Санхүүгийн зохицуулах хорооноос "Монголын компанийн засаглалын кодекс"-ыг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлан гаргаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр байгуулагдах хувьцаат компани, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллага мөрдлөг болгон ажиллахыг зөвлөсөн нь төрийн байгууллагын зүгээс компанийн засаглалын талаархи мэдлэг мэдээллийг түгээх, уг зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлагыг тавих суурь болсон хэдий ч түүний хэрэгжилт төдийлэн хангалттай бус байгаа юм.

Компанийн засаглалын асуудлыг нийт компаниудын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны үндсэн зарчмуудад тулгуурлан хөгжүүлж, нээлттэй хувьцаат компани болон банк, төрийн өмчит компанийн онцлогт тохирсон нэмэлт шаардлага, шалгуурыг бий болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд бизнес эрхлэгч хувь хүнийг бизнесийн шударга ёс зүйтэй болгох, хуулийн этгээдийг олон улсад түгээмэл хэвшил болсон Компанийн засаглалын үндсэн зарчим, кодексыг үйл ажиллагаандаа баримталдаг болгох зорилтыг зэрэгцүүлэн тавьж хөгжүүлэх нь компанийн сайн засаглалыг хөгжүүлэх суурь үзэл баримтлал болно.

Хөрөнгө оруулагч, ажил олгогч, компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үүрэг, хариуцлагыг тодотгож, хувьцаа эзэмшигчид, ажиллагчид болон бусад оролцогч талуудын эрхийг хангах, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх, компанийн засаглалын удирдлага, зохицуулалт, эрх зүй, мэдээллийн зохих орчин бүрдүүлж өгөхөд төрийн дэмжлэг, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд компанийн засаглалын зарчмууд, кодексыг хэрэгжүүлэх, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага улам бүр өсөн нэ‎мэгдэж байгааг харгалзан, Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" г‎эх)-ийг боловсруулав.

                                                                   Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Хөтөлбөрийн зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх зарчим, ёс зүй, хэв шинжид тулгуурласан, аж ахуйн үйл ажиллагаа удирдан зохион байгуулах нийтлэг арга барил бүхий үндэсний компани, бизнес эрхлэгчдийг бий болгоход оршино.

                                                               Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл

3.1. Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтуудыг тавьж байна:

Зорилт 1. Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх.

Энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:

-Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх чиглэлээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах;

-Хязгаарлагдмал хариуцлагатай компани, банк, санхүүгийн байгууллага мөрдөх онцлог заалтыг Компанийн засаглалын кодекст нэмж тусгах;

-Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулах томоохон төсөл, хөтөлбөрийн гэрээнд компанийн засаглалыг хэрэгжүүлэх талаар зүйл, заалт тусгаж байх.

Зорилт 2. Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага манлайлах.

Энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:

-Компанийн засаглалын кодексыг х‎эрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гарган хэрэгжүүлэх;

-Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн компанийн засаглалын түвшинг тогтоож олон нийтэд м‎эдээлэх;

-Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүн, хариуцлагын байдалд үнэ‎лгээ хийж ангилал тогтоох;

-Төрийн өмчит хувьцаат компани, үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хариуцлага болон урамшууллыг компанийн засаглалын түвшинт‎э‎й уялдуулах.

Зорилт 3. Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэх компани, аж ахуйн нэгжийн удирдлага, менежментийг сайжруулах.

Энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:

-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагыг томилох үйл ажиллагааг Компанийн засаглалын үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх;
-Хувьцаа эзэмшигчийн э‎рхийг баталгаажуулах, хувьцаат компанийн засаглалд хөндлөнгийн үнэлгээ, хяналт, шалгалт хийх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах механизмыг бий болгох;

-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг илүү боловсронгуй, хариуцлагатай болгох өөрчлөлт хийж, үйл ажиллагааны хариуцлагын тогтолцоог олон улсын жишигт хүргэх;

-Компанийн засаглалын түвшний үнэлгээ хийх, олон нийтэд мэдээлэх тогтолцоо бий болгох.

Зорилт 4. Компанийн засаглалын кодекс, бизнес эрхлэх ёс зүйг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, тэдгээрийн төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх.

Энэ зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл:

-Төрийн зарим чиг үүргийг г‎‎‎‎эрээ‎‎‎‎ний үндсэн дээр мэргэжлийн холбоод, хувьцаа эзэмшигчийн төлөөллийн ‎байгууллагаар гүйцэтгүүл‎‎‎‎эх замаар тэдгээрийн чадавхийг бэхжүүл‎ж, оролцоог нэмэгдүүлэх;

-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, тэдгээрийн төлөөллийн байгууллагад зориулсан сургалт, семинар зохион байгуулах, гарын авлага бэлтгэн хэ‎влүүлэх, түгээх;

-Компанийн засаглалыг хөгжүүлэх хүрээнд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүх шатанд хөгжүүлэх;

-Компанийн засаглалын асуудлаар олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах, түүнийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах.

                                           Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, мэргэжил-арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулж Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд байгуулан ажиллуулна.

4.2. Үндэсний зөвлөл нь орон тооны ажлын албатай байна. Ажлын албаны үйл ажиллагааны төсвийг хөтөлбөрийн үйл ажиллагааны зардалд тусгана.

4.3. Компанийн засаглалын кодекс хэрэгжүүлэх ажлыг үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч болон санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хувьд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн жагсаалтад орсон хувьцаат компаниудын хувьд Хөрөнгийн бирж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд Төрийн өмчийн хороо тус тус хариуцан удирдан зохион байгуулна.

4.4. Хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын үйл ажиллагаанд бизнес эрхлэх ёс зүй, компанийн засаглалын үндсэн зарчмыг нэвтрүүлэх ажлыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Компанийн засаглалын хөгжлийн төв зохион байгуулан мэргэжлийн холбоодын оролцоотой хэрэгжүүлнэ.

4.5. Компанийн засаглалын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллага нь үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, явцын талаар Компанийн засаглалын Үндэсний зөвлөлд хагас жил тутам тайлагнаж ажиллана.

4.6. Үндэсний зөвлөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг жил бүр Засгийн газарт танилцуулж, олон нийтэд мэдээлнэ.

                                 Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үе шат, санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг дараахь хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

-Нэгдүгээр үе шат / 2011-2012 он/;

-Хоёрдугаар үе шат /2013-2016 он/.

5.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

-улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;

-хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив;

-төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар хуримтлагдсан хөрөнгө;

-гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

-хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.

5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хорооны төсөвт жил бүр тусгана.

                                 Зургаа. Хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтүүд

6.1. Хөтөлбөр хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

-хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжилд ахиц, дэвшил гарна;

-компанийн засаглал, хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна, нийгмийн өмнө хүлээх компанийн хариуцлага бий болно;

-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжинө;

-оролцогч талуудын мэдлэг, чадавхи дээшилнэ.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

-Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж эрх зүйн зохицуулалт бий болсон байх;

-компанийн засаглалын Үндэсний зөвлөл байгуулж, үйл ажиллагаа нь тогтворжсон байх;

-компанийн засаглалын үнэлгээний индексийг Хөрөнгийн биржийн жагсаалтад орсон хувьцаат компани болон төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн холбогдох байгууллага мөрддөг болсон байх;

-Хөрөнгийн биржийн жагсаалтад ороогүй хувьцаат компаниудад Компанийн засаглалын кодексыг дагаж мөрдөх бэлтгэл хангагдсан байх;

-хувийн хэвшлийн компанид хөрөнгө оруулагч, ажил олгогч, хувьцаа эзэмшигч, Компанийн гүйцэтгэх удирдлага, ажилтнууд зэрэг оролцогч талуудын төлөөллийн байгууллагын чадавхи дээшилсэн байх;

-Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа тогтворжиж хэвшсэн байх;

-хувьцаат компанийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар заавал баталгаажуулж хэвшсэн байх;

-компанийн санхүүгийн тайлан, мэдээлэл нь ил тод болсон компанийн тоо нэмэгдсэн байх.

Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Компанийн засаглалын хөгжлийн төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хувьцаа эзэмшигчдийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, мэргэжлийн холбоод, тэдгээрийн орон нутаг дахь салбартай хамтран гүйцэтгэнэ.

7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, туршлагыг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг хөрөнгө оруулагч нарт тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд оршино.




                                                                                   -----оОо-----