A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2011 оны 132 дугаар
тогтоолын хавсралт



ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ТӨРӨӨС
НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ЖУРАМ


(Засгийн газрын 2020 оны 220 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


 Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү журмын зорилго нь Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан /цаашид "Сан" гэх/-гаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.2-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журам нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2010 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш үйлдэгдсэн энэ журмын 2.1-д заасан гэмт хэргийн хохирогчид хамаарна.



Хоёр. Сангийн зорилго, зохион байгуулалт,
орон тооны хязгаар, удирдлага



2.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.2-т заасны дагуу Сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд заасан дор дурдсан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогч /цаашид "Хохирогч" гэх/-д нөхөн төлбөр олгоход зарцуулна:

(Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 143 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

Эрүүгийн хуулийн зүйл, заалт

Эрүүгийн хуулийн зүйл, заалтын гарчиг

1.

10.1

Хүнийг алах

2.

11.1

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

3.

12.1

Хүчиндэх

4.

13.3

Хүн барьцаалах

5.

13.4

Хүнийг хүчээр алга болгох

6.

17.2

Дээрэмдэх

7.

19.3

Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах

8.

21.12

Эрүү шүүлт тулгах

9.

29.8

Террор үйлдэх

10.

29.1

Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх


2.3. 3өвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.2.2. Сангийн удирдлага нь орон тооны бус Сангийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ байна.


2.4. 3өвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

2.5. 3өвлөлийн ажлын албаны үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гүйцэтгэнэ.

2.6. Сан нь тогтоосон журмаар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

2.7. 3өвлөл нь үйл ажиллагаандаа энэ журам болон Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгоно.

2.8. Хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. 3өвлөлийн хуралдаанд дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцоно.

2.9. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга даргална. Даргын түр эзгүйд хуралдааныг даргын үүрэг болгосноор аль нэг гишүүн даргална.

2.10. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг нарийн бичгийн дарга оруулна.

2.11. Хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.

2.12. Нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.

2.13. Хуралдааны тэмдэглэлд дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Даргын түр эзгүйд хуралдсан хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.


Гурав. Өргөдөл гаргах, түүнд хавсаргах баримт бичиг


3.1. Нөхөн төлбөр хүсэх өргөдлийг хохирогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор маягтын дагуу гаргана.

3.2. Нөхөн төлбөр хүсэх өргөдлийн маягтын загварыг Зөвлөл батална.

3.3. Нөхөн төлбөр хүсэх өргөдлийн маягтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэ төлбөргүй олгоно.

З.4. Өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

3.4.1. хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудсын хуулбар;

3.4.2. өргөдөл гаргагч иргэний баримт бичгийн хуулбар;

3.4.3. хохирлыг ялтан буюу түүний хууль ёсны төлөөлөгчөөс барагдуулаагүй, эсхүл дутуу барагдуулсныг нотлох баримт.


Дөрөв. Өргөдөл хянан шийдвэрлэх


4.1. Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор энэ журмын 3.4-т заасан шаардлагыг хангасан эсэх, өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичиг нь үнэн зөв эсэхийг тодруулж холбогдох баримтын бүрдлийг ханган Зөвлөлд хүргүүлнэ.

4.2. Зөвлөл өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу эцэслэн хянаж дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана: (Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 143 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

4.2.1. нөхөн төлбөр олгох;

4.2.2. нөхөн төлбөр олгохоос татгалзах.

4.3. Энэ журмын 4.2.1-д заасан санал, дүгнэлтийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

4.4. Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал, дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-т заасны дагуу нөхөн төлбөр олгох шийдвэр гаргана.


Тав. Нөхөн төлбөр олгохоос татгалзах


5.1. Зөвлөл дараахь тохиолдолд болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан үндэслэлийн аль нэг байвал нөхөн төлбөр олгохоос татгалзах санал, дүгнэлт гаргаж, өргөдөл гаргагчид албан бичгээр хариу мэдэгдэнэ:

5.1.1. өргөдөл гаргагч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;

5.1.2. ялтан болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирлыг бүрэн барагдуулсан.

5.2. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, эсхүл худал мэдүүлж энэ журамд заасан нөхөн төлбөрийг авсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг буцаан төлүүлнэ.


Зургаа. Нөхөн төлбөр олгох


6.1. Нөхөн төлбөрийг шүүхийн шийтгэх тогтоолд нэр нь заагдсан хохирогч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн банкин дахь харилцах /хадгаламжийн/ дансанд шилжүүлнэ.


 Долоо. Нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр
буцаан төлүүлэх


7.1. Сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдсон этгээдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу Санд буцаан төвлөрүүлнэ.


Найм. Гомдол гаргах


8.1. Хохирогч нь нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой гомдлоо Зөвлөлд гаргана. Зөвлөл нь уг гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

8.2. Гомдлыг шийдвэрлэсэн Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдлоо шүүхэд гаргаж болно.

8.З. Хохирогчид нөхөн төлбөр олгох үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн тохиолдолд уг маргааныг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн хохиролтой холбоотой нөхөн төлбөр олгох ажлыг түдгэлзүүлнэ.

 

 ---оОо---