A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 144 дүгээр
                                                                                                  тогтоолын 2 дугаар хавсралт


                                                          ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ УДИРДАХ
                                                                                 ХОРООНЫ ДҮРЭМ

                                                                               Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо (цаашид "Удирдах хороо" гэх) нь Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийн баримт бичгийг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийн байдлыг хянах, үр дүнд нь үнэлгээ, дүгнэлт өгөх ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.

1.2. Удирдах хороо нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. Удирдах хороо нь төрийн албаны шинэтгэлийн талаар мэргэшсэн зөвлөхүүдийг ажиллуулж болно.

1.3. Удирдах хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Удирдах хорооны хуралдаан байна. Удирдах хорооны гишүүдийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

1.4. Удирдах хорооны хуралдаан асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолд Удирдах хорооны дарга, түүний эзгүйд Удирдах хорооны аль нэг орлогч дарга, хуралдааны тэмдэглэлд Удирдах хорооны нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна.

                                                                        Хоёр. Удирдах хорооны чиг үүрэг

Удирдах хороо дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1. Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийн баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийн явцад хяналт тавих, үнэлгээ, дүгнэлт өгөх.

2.2. Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

2.3. Төрийн албаны хууль тогтоомжийг шинэчлэх, тэдгээрийн уялдаа холбоог хангах асуудлыг хариуцан зохион байгуулах.

2.4. Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг уялдуулан зохицуулах, явц, үр дүнг хянаж, чиглэл өгөх.

2.5. Нутгийн удирдлагыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулахад чиглэгдсэн шинэтгэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах.

2.6. Төрийн албаны хүний нөөцийн болон цалин хөлсний нэгдсэн мэдээллийн сүлжээ бий болгох ажлыг уялдуулан зохион байгуулах.

2.7. Төрийн албаны шинэтгэлтэй холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

                                                                                                Гурав. Бусад

3.1. Удирдах хорооны үйл ажиллагааны болон бусад шаардлагатай зардлыг Ерөнхий сайдын жил бүрийн төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.

3.2. Удирдах хороо нь тогтоосон журмаар хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.


                                                                                        ---оОо---