A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 151 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт



МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ

/ЗГ-ын 2017 оны 123-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


Нэг. Зорилт



1.1. Энэхүү дүрмийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид "Хөгжлийн банк" гэх)-ны эрх үүрэг, удирдлага, зохион байгуулалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.



Хоёр. Эрх зүйн байдал



2.1. Хөгжлийн банкны үүсгэн байгуулагч буюу хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар (цаашид "Засгийн газар" гэх) байна.

2.2. Хөгжлийн банкны эрх зүйн байдал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актаар тодорхойлогдоно.


Гурав. Хөгжлийн банкны нэр, хаяг


3.1. Хөгжлийн банкны оноосон нэрийг монгол хэлээр "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК (товчоор "МУХБ"), англи хэлээр "Development Bank of Mongolia LLC" (товчоор"DBM") гэнэ.

3.2. Хөгжлийн банкны хаяг нь түүний гүйцэтгэх удирдлага оршин байрлах газар байна.

Дөрөв. Хөгжлийн банкны тэмдэг, бэлгэдэл


4.1. Хөгжлийн банк нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

4.2. Хөгжлийн банк өөрийн бэлгэдэлтэй байж болно.

4.3. Энэ дүрмийн 4.1, 4.2-т заасан тэмдэг, бэлгэдлийн загвар, түүний тодорхойлолт, хэрэглэх журмыг Төлөөлөн удирдах зөвлөл батална.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тав. Хөгжлийн банкны үйл ажиллагаа


5.1. Хөгжлийн банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагааг эрхэлнэ:

5.1.1. хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн үнэт цаасыг гадаад, дотоодын зах зээлд арилжих;

5.1.2. татан төвлөрүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр зээлийн үйл ажиллагаа явуулах;

5.1.3. байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах;

5.1.4. өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, бусад хуулийн этгээдтэй харилцах, хамтран ажиллаж, гэрээ, хэлцэл байгуулах;

5.1.5. чөлөөтэй мөнгөн хөрөнгийг нэмэлт орлого бүрдүүлэх чиглэлээр ашиглах;

5.1.6. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх.

5.2. Хөгжлийн банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд зааснаас гадна дараахь үүргийг хүлээнэ:

5.2.1. зээл болон баталгаа, батлан даалт гаргасан төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

5.2.2. зээлийн ашиглалт болон банкны зээлдэгчийн санхүүгийн байдалд хяналт, шалгалт явуулах;

5.2.3. энэ дүрмийн 5.2.2-т заасан хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, тухай бүр нь холбогдох этгээдэд мэдээлэх;

5.2.4. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

Зургаа. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хориглох зүйл


6.1. Хөгжлийн банкинд дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

6.1.1. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй төсөл, хөтөлбөрт зээл олгох, баталгаа, батлан даалт зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх;

6.1.2. Хөгжлийн банкны санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, хөрөнгө оруулалтын болон экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд данс нээх;

6.1.3. хууль тогтоомж болон Хөгжлийн банкны дотоод журамд заасны дагуу өөрийн банкны ажилтанд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээс бусад тохиолдолд иргэд, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх;

6.1.4. хуульд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь гүйлгээ хийх;

6.1.5. улс төрийн нам, эвсэл, иргэн, хуулийн этгээдэд хандив өгөх.


ГУРАВДУГААР БҮЛЭГ


УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


Долоо. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга


7.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг зарлан хуралдуулах, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ.

7.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын үүрэг болгосноор Төлөөлөн удирдах зөвлөлийн аль нэг гишүүн гүйцэтгэнэ.

7.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь өөрийн эрх хэмжээнийхээ дотор Хөгжлийн банкны нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон Хөгжлийн банкны эрх ашгийг төлөөлөх зэргээр Хөгжлийн банкны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулна.


Найм. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх


8.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

8.2. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд зааснаас гадна Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:

8.2.1. хууль тогтоомж болон дүрмээр олгосон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ хариуцлагатай биелүүлэх;

8.2.2. Хөгжлийн банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих;

8.2.3. нууцаар ашиг хүртэхгүй байх;

8.2.4. сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед Төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлдэг байх;

8.2.5. Хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

8.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн 3 жилийн хугацаатай томилогдох бөгөөд улиран томилогдож болно.

8.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайн жилийн ээлжит болон ээлжит бус хурлын гуравны нэгээс дээш хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, санал өгөөгүй, энэ дүрмийн 8.1-д заасан үүргээ биелүүлээгүй гишүүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг нэр дэвшүүлэлтийн дэд хорооны саналаар хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэнэ.


Ес. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл
ажиллагааны ерөнхий журам


9.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

9.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг сард нэгээс доошгүй удаа хуралдуулна.

9.3. Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой шуурхай шийдвэрлэх асуудал гарсан тохиолдолд гүйцэтгэх удирдлагын саналыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.

9.4. Ээлжит болон ээлжит бус хурлын товыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тогтооно.

9.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно. Асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

9.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

9.7. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга урьдчилан баталсан байна.

9.8. Дараахь асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэхэд гишүүдийн дийлэнх олонхи оролцож шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэр нь хүчин төгөлдөр байна:

9.8.1. Хөгжлийн банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал;

9.8.2. Хөгжлийн банкны төсөв, санхүүгийн асуудалтай холбоотой шийдвэр гаргах;

9.8.3. их хэмжээний хөрөнгөтэй холбоотой хэлцэл хийх;

9.8.4. Хөгжлийн банкны стратегид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал;

9.8.5. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

9.8.6. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

9.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

9.10. Шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар тогтоол хүчин төгөлдөр болно.

9.11. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биеэр оролцох боломжгүй гишүүн хурал хуралдахаас 1-ээс доошгүй хоногийн өмнө саналаа факсаар буюу албан бичгээр хүргүүлсэн тохиолдолд түүнийг хуралд оролцсонд тооцно.

9.12. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Хөгжлийн банкны жил бүрийн төсөвт тусгана.

9.13. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах болон хуралдааны тэмдэглэл хөтлөх журам, хурлын дэгийг Төлөөлөн удирдах зөвлөл батална.


Арав. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага


10.1. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, дэд захирлуудыг хамтад нь Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага гэнэ.

10.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгогдсон Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг томилж, удирдлагын гэрээ байгуулан ажиллана.

10.3. Гүйцэтгэх удирдлагатай байгуулах Удирдлагын гэрээний хугацаа 1 жилээс дээш байна. Удирдлагын гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг Хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн хурлын зөвшөөрлийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

10.4. Удирдлагын гэрээнд гүйцэтгэх удирдлагын ажлын зорилт, зорилго, хүлээгдэж байгаа үр дүн, гүйцэтгэх ажил, урамшууллын хэмжээ болон түүнийг олгох журам, хүлээх хариуцлага, хариуцлагын даатгалд хамрагдах журам, Хөгжлийн банкны нэр хүндийг хамгаалах, ёс зүй, авилгал, хээл хахууль, ажилтан, албан хаагчдын хооронд ялгаварлан гадуурхах асуудал, гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журам болон гүйцэтгэх удирдлагаас өөрийн үйл ажиллагааны талаар тайлан, мэдээ, мэдээлэл гаргах журам, мэдээллийг холбогдох байгууллагад хүргэх нэгж, албан тушаалтны талаар тодорхой тусгасан байна.

10.5. Удирдлагын гэрээг байгууллагатай байгуулах тохиолдолд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, тухайн байгууллагын итгэмжлэн томилогдсон этгээд гэрээнд гарын үсэг зурсан байна.

10.6. Гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээнд Монгол Улсын хууль тогтоомж, Хөгжлийн банкны дүрмээр олгогдоогүй эрх олгох, Хөгжлийн банкны үйл ажиллагаа, удирдлагын тогтолцооны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэх зохицуулалтыг тусгахыг хориглоно.

10.7. Гүйцэтгэх удирдлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан багийн гишүүдийн ажиллах журмыг Төлөөлөн удирдах зөвлөл батлах бөгөөд уг журамд дараахь зүйлийг тусгана:

10.7.1. гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал болон дэд захирлуудын эрхлэх ажил үүргийн хуваарь, ажлын харилцан уялдаа холбоог зохицуулах талаар;
10.7.2. гүйцэтгэх захирлыг томилох журам;
10.7.3. гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, дэд захирлуудын эрх, үүрэг, хариуцлага.
10.8. Гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэнэ. Гарсан шийдвэрийг гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулна.

10.9. Гүйцэтгэх удирдлага нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 19.4, 19.5-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.9.1. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18.1.1-18.1.4, 18.1.6, 18.1.9, 18.1.12-т заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд батлах баримт бичиг болон холбогдох саналын төслийг боловсруулах, эдгээр баримт бичиг, саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх бэлтгэл ажлыг хангах, батлагдсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

10.9.2. Хөгжлийн банкны санхүүгийн тайлан тэнцэл, зарлагын болон мөнгөн хөрөнгийн хөдлөлийн тайлан, тайлбар, тодруулга, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх, эдгээр мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцах;

10.9.3. Хөгжлийн банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүү, үйл ажиллагааны талаархи хууль тогтоомж, холбогдох стандартыг хэрэгжүүлэх;

10.9.4. Хөгжлийн банкны үйл ажиллагааны онцлог, учирч болзошгүй эрсдэлд тохирсон удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;

10.9.5. Хөгжлийн банкны батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаарт багтаан ажилтнуудад олгох үндсэн болон нэмэгдэл цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт, тусламжийн хэмжээг тогтоох;

10.9.6. мэргэжлийн боловсон хүчинг сонгон шалгаруулан ажилд томилох, бэлтгэх, давтан сургах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх;

10.9.7. Хөгжлийн банкны нууцын жагсаалтыг батлах;

10.9.8. дотоод хяналтын тогтолцоонд гажуудал үүсэхээс болон эрсдэлийн удирдлагыг хангах бодлого зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

10.10. Гүйцэтгэх удирдлага нь төлөвлөгдөөгүй аливаа гэрээ, хэлцэл, үйл ажиллаагаа явуулах шаардлага гарсан тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж, түүнээс зөвшөөрөл авсны үндсэн дээр шийдвэр гаргана.

10.11. Гүйцэтгэх удирдлага нь үйл ажиллагаандаа төр, бизнесийн бусад түншүүд болон ажилчдын ашиг сонирхлыг харгалзан ажиллана.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ


Арваннэг. Хөгжлийн банкны дотоод хяналтын нэгж


11.1. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 25.1-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь Хөгжлийн банкны дотоод хяналтын нэгж (цаашид "дотоод хяналтын нэгж" гэх)-ийг байгуулан ажиллуулна.

11.2. Дотоод хяналтын нэгж нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 25.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дотоод хяналтын нэгжийн ажиллах журмыг Төлөөлөн удирдах зөвлөл батална.


Арванхоёр. Хөгжлийн банкны хянан шалгагчийн бүрэн
эрхийн хугацаа, эрх, үүрэг


12.1. Хянан шалгагчийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр томилж, чөлөөлөх бөгөөд түүний ажиллах журмыг батална.

12.2. Хянан шалгагчийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.

12.3. Хянан шалгагч нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 26.2-т заасан эрхээс гадна дараахь эрхийг эдэлнэ:

12.3.1. хяналт, шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан нарийн мэргэжлийн тусламж, дэмжлэгийг бусад байгууллага, албан хаагчдаас авах;

12.3.2. шаардлагатай гэж үзвэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт, зөвлөмж гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэх.

12.4. Хянан шалгагч нь дараахь үүрэг хүлээнэ:

12.4.1. хяналт, шалгалт хийж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сүүлийн гурван жилд өөрөө ажиллаж байсан болон гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн /хамт амьдардаггүй эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, хүргэн, бэр/ нь удирдах болон эрх бүхий албан тушаал /хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, захирал, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч ба түүнтэй адилтгах албан тушаал/-д ажилладаг бол хяналт, шалгалт хийхээс татгалзах;

12.4.2. хяналт, шалгалтын тайлан, мэдээг үнэн зөв, бодитой гаргах;

12.4.3. хяналт, шалгалтыг бусад иргэн, байгууллага, албан тушаалтны ашиг сонирхол, нөлөөнд автахгүйгээр шударгаар хийж гүйцэтгэх.

12.5. Хянан шалгагч нь үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүйгээс үүссэн хариуцлагыг хүлээнэ.


 

-----оОо-----