A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ /ЗГ-ын 2017 оны 123-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 151 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт



МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

/ЗГ-ын 2017 оны 123-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Хөгжлийн банкны зохион байгуулалтын үндсэн нэгж

 

 Хөгжлийн банк нь Актив-пассивын удирдлагын, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын, Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байна.


1. Актив-пассивын удирдлагын асуудал хариуцсан нэгж
Актив-пассивын удирдлагын асуудал хариуцсан нэгж нь Хөгжлийн банкны актив-пассивын байршил, бүтэц, хугацааны байдлыг шинжилж, түүнийг зохистой удирдлагаар хангаж ажиллана.
Актив-пассивын удирдлагын асуудал хариуцсан нэгжийн харъяанд нөөцийн удирдлага, санхүүгийн мэдээлэл, хяналтын болон стратеги төлөвлөлтийн асуудал хариуцсан дэд нэгжүүд ажиллана.

Стратеги төлөвлөлтийн асуудал хариуцсан дэд нэгж нь банкны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, банкны эх үүсвэр бүрдүүлэлт болон түүний байршуулалтыг оновчтой удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Нөөцийн удирдлагын асуудал хариуцсан дэд нэгж нь банкны нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, гүйцэтгэх удирдлагаас олгосон эрхийн хүрээнд санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцох чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
2. Зээлийн асуудал хариуцсан нэгж
Зээлийн асуудал хариуцсан нэгж нь Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт дүн шинжилгээ, үнэлгээ хийж, төсөл, хөтөлбөрийн явцад хяналт тавьж, зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлж, Хөгжлийн банкны зээлийн багцын оновчтой бүрдүүлэлтийг хангаж ажиллана.
Зээлийн асуудал хариуцсан нэгжийн харъяанд төслийн санхүүжилт, байгууллагын санхүүжилт, гадаад худалдааны санхүүжилтийн асуудал хариуцсан дэд нэгжүүд ажиллана.

Дүрслэл 2. Зээлийн асуудал хариуцсан нэгжийн бүтэц

Төслийн санхүүжилтийн асуудал хариуцсан дэд нэгж нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу зээл олгох буюу бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой төслийг судлан тодорхойлох чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Байгууллагын санхүүжилтийн асуудал хариуцсан дэд нэгж нь Монгол Улсын хөгжлийн бодлогод тодорхойлсон тэргүүлэх салбаруудын хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулна.
Гадаад худалдааны санхүүжилтийн асуудал хариуцсан дэд нэгж нь үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр дотоодын үйлдвэрлэгчдэд зориулан экспорт-импорт, эргэлтийн хөрөнгийн зээлийн үйлчилгээ үзүүлнэ.
3. Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж
Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгж нь Хөгжлийн банкны зээлийн болон болзошгүй бусад төрлийн эрсдэлийн талаар дүн шинжилгээ хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах чиглэлээр хяналт тавьж ажиллана.
Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн харъяанд зээлийн эрсдэлийн удирдлага, мэдээллийн технологийн аюулгүй байдал, эрсдэлийн судалгааны асуудал хариуцсан дэд нэгжүүд ажиллана.


Дүрслэл 3. Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн бүтэц
 

Зээлийн эрсдэлийн удирдлага хариуцсан дэд нэгж нь банкны зээлийн багцын эрсдэлийг саармагжуулах, олгосон зээлд хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Мэдээллийн технологийн аюулгүй байдал хариуцсан дэд нэгж нь банкны мэдээллийн системд учирч болох эрсдэлийг саармагжуулах, техник-программ хангамжийн хэвийн үйл ажиллагаа болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Судалгааны асуудал хариуцсан дэд нэгж нь банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй зах зээлийн болон бусад эрсдэлүүдийг тодорхойлон, тэдгээрийг саармагжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийх салбаруудын судалгааг хийж цаашдын чиг хандлагыг тодорхойлно.

4. Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан нэгж
Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан нэгж нь Хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагаа, захиргаа, хүний нөөцийн асуудлыг удирдан зохион байгуулж, гадаад харилцаа болон хууль, эрх зүйн харилцааг зохистой удирдлагаар хангаж, бүртгэл тооцоо, хяналтыг хэрэгжүүлж ажиллана.
Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан нэгжийн харъяанд гадаад харилцаа, хуулийн бүртгэл тооцоо, хяналтын асуудал хариуцсан дэд нэгжүүд ажиллана.


Дүрслэл 4. Хяналтын болон захиргааны асуудал хариуцсан нэгжийн бүтэц
 

Гадаад харилцаа, хуулийн асуудал хариуцсан дэд нэгж нь банкны гадаад харилцааг оролцогч талуудад харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх, банкны үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн, бодитой мэдээллийг хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Мөн банкны үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд зохистой хөтлөн явуулах, бусад газар, нэгжийн үйл ажиллагаанд хуулийн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Бүртгэл тооцоо, хяналтын асуудал хариуцсан дэд нэгж нь банкны өдөр тутмын төлбөр тооцоо, зээлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, тайлан тэнцэл, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангаж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг гүйцэтгэж ажиллана. Мөн банкны тайлан тэнцлүүдийг бэлтгэж гаргах, Монголбанк болон холбогдох бусад байгууллагуудад тайлагнах, удирдлагыг мэдээллээр хангах, санхүүгийн бодлого, шийдвэрүүдийг боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. 


Хоёр. Хөгжлийн банкны дэд хороод

 

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь хараат бус гишүүдээс бүрдсэн Дотоод аудитын, Нэр дэвшүүлэлтийн, Цалин урамшууллын дэд хороодтой байх бөгөөд уг хороод нь тус бүр 3 гишүүнтэй байна.
Хөгжлийн банкны хороодын бүрэлдэхүүн, ажиллах журам, чиг үүргийг Төлөөлөн удирдах зөвлөл батална.



 

 ----оОо----