- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 117
дугаар тогтоолын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан (цаашид "Сан" гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Сангийн хөрөнгөөр мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
1.3. Сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 24.3-т заасны дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ батална.
1.4. Сангийн орлогыг бүрдүүлэх болон мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг сангаас санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт
2.1. Сангийн хөрөнгө нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20.3, 22.1-д заасан эх үүсвэр болон Засгийн газрын захиалгат төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээс бүрдэнэ.
2.2. Аж ахуйн нэгж, байгууллагаас санд оруулах санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг тэдний цалингийн санд үндэслэн үйлдвэр, үйлчилгээний салбар зөвлөлийн саналыг харгалзан Үндэсний зөвлөл тогтооно.
2.3. Улсын болон орон нутгийн төсвөөс Санд хуваарилсан хөрөнгийг санхүүгийн дэмжлэгийн хөрөнгөөр орлуулж үл болно.
2.4. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж болно:
2.4.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан аж ахуйн нэгж;
2.4.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага.
2.5. Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн дэмжлэгийг улирал бүр Үндэсний зөвлөлөөс тогтоосон хувь хэмжээгээр Сангийн дансанд шилжүүлнэ.
2.6. Санд оруулсан санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.31-д заасны дагуу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.
2.7. Аж ахуйн нэгж, байгууллага cанхүүгийн дэмжлэг үзүүлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх буюу бууруулах бол тодорхой үндэслэл бүхий саналаа тухайн салбарыг хариуцсан үйлдвэр, үйлчилгээний салбар зөвлөлөөр уламжлан Үндэсний зөвлөлд тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтийг Үндэсний зөвлөл ээлжит хуралдаанаараа хэлэлцэж, гарсан шийдвэрийг ажлын 14 хоногийн дотор холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэнэ.
2.8. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдон үүсэх маргааныг Үндэсний зөвлөл, эсхүл мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
2.9. Сангийн хөрөнгийг Төрийн санд байршуулна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 9.1.9-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Сангийн хөрөнгийг арилжааны банкны дансанд байршуулж болно.
2.10. Сангийн орлого, зарлагын батлагдсан төсөвт санхүүгийн жилийн явцад тодотгол хийх асуудлыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл шийдвэрлэнэ.
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
3.1. Сангийн хөрөнгийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
3.1.1. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сурагчдын ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангах;
3.1.2. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээлийн, дадлагын, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын дадлагын газрыг түшиглэсэн сургалт зохион байгуулах;
3.1.3. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төгсөгчдийн ажлын байрны талаархи судалгаа хийх, хэрэглэгчдийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах;
3.1.4. мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологийн талаар судалгаа хийх;
3.1.5. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийг бэлтгэх, мэргэжлийн түвшинг ахиулах, ур чадварыг нь дээшлүүлэх, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологитой танилцуулах сургалтад хамруулах;
3.1.6. бүсийн болон орон нутгийн хөгжлийн төвүүдэд тухайн бүс нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх;
3.1.7. мэргэжлийн боловсрол, сургалтын хууль тогтоомжийг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлж, мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаан зохион байгуулах.
3.2. Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага Сангаас санхүүжүүлэх дараахь мэргэжлийн боловсрол, сургалтын арга хэмжээнд тэргүүн ээлжинд хамрагдана:
3.2.1. өөрийн үйл ажиллагаанд шаардагдах мэргэшсэн ажилтанг шинээр бэлтгэх, давтан болон дагалдан сургах, ур чадвар дээшлүүлэх сургалтад ажилчдыг хамруулах;
3.2.2. ажилтныхаа мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоолгох;
3.2.3. хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтэд судалгаа хийх;
3.2.4. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургах, сургалт-үйлдвэрлэлийн шатанд дэвшилтэт техник, технологи ашиглах асуудлаар гадаад, дотоодын туршлага судалж нэвтрүүлэх;
3.2.5. үйлдвэрлэл дээр мэргэжил олгох болон давтан сургалт зохион байгуулах;
3.2.6. сангаас санхүүжүүлэх мэргэжлийн боловсрол, сургалтын бусад арга хэмжээ.
3.3. Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.2-т заасан мэргэжлийн боловсрол, сургалтын арга хэмжээнд хамрагдах хүсэлтээ Сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг батлахаас 2 сарын өмнө мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.4. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.3, 23.1.4, 23.1.5-д заасан зориулалтаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад Сангаас хөрөнгө олгохдоо сонгон шалгаруулалт явуулж, санхүүжилтийн гэрээ байгуулна.
3.5. Гэрээг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Үндэсний зөвлөлд танилцуулна.
3.6. Тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээний салбараас Санд оруулсан санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг тухайн салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд зарцуулна.
Дөрөв. Сангийн хөрөнгөд тавих хяналт
4.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасан хугацаанд гаргана.
4.2. Үндэсний зөвлөл нь сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тайлантай холбогдуулан нэмэлт тайлбар, мэдээлэл, тодруулга авч болно.
4.3. Журмын хэрэгжилтэд Үндэсний зөвлөл, боловсрол, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
4.4. Сангийн бүртгэл, тайлан мэдээг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөтөлнө.
4.5. Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр тэдэнд санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаархи тайлан, мэдээг танилцуулж болно.
---о0о---
Текст томруулах
A
A
A