- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААД УЛСАД ЭМЧЛҮҮЛЭХ ИРГЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар
тогтоолын хавсралт
ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААД УЛСАД ЭМЧЛҮҮЛЭХ
ИРГЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана.
1.3. Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.4. Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн сайдын төсвийн багцад жил бүр тусгана.
Хоёр. Иргэдийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх явц
2.1. "Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөлгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина.
2.2. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох алба нь гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч судлах, шаардлагатай бол холбогдох эмнэлгийн байгууллагаар нарийвчлан судлуулж саналаа Зөвлөлийн хуралд оруулна.
2.3. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж уг тушаалын хувийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
2.4. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Сангийн яамны Төрийн сангийн газар эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас ажлын 5 өдөрт багтаан эмчлүүлэгчийн нэр дээр мөнгийг шилжүүлнэ.
Гурав. Иргэний хүлээх үүрэг
3.1. Гадаадад оношлуулах, эмчлүүлэх талаар эмнэлгийн дүгнэлт гарсан бол санхүүгийн дэмжлэг хүссэн иргэд өргөдлөө дараахь материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
3.1.1. иргэний үнэмлэхийн хуулбар, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.2. гадаад оронд оношлуулах, эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, дүгнэлтийг англи хэл дээр орчуулсан хувь;
3.1.3. хүлээн авч оношилгоо, эмчилгээ хийх талаар тухайн гадаад орны эмнэлгээс ирүүлсэн урилга буюу зөвшөөрөл;
3.1.4. зардлын бусад эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл.
3.2. Гадаадад оношилгоо, эмчилгээ хийлгэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх иргэн дараахь шаардлагыг хангасан байна:
3.2.1. 5-аас доошгүй жил эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсан байх;
3.2.2. Засгийн газрын нөөц сан болон улсын төсвөөс гадаадад эмчлүүлэх зориулалтаар зардал давхардуулан аваагүй байх.
3.3. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, сайдын Зөвлөлийн шийдвэргүйгээр өөрийн зардлаар гадаад улсад эмчлүүлсэн, санхүүгийн дэмжлэг олгох талаар Зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө нас барсан тохиолдолд зардлыг нөхөн олгохгүй.
3.4. Гадаад оронд эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн тээвэр, байр, хоол, түүнчлэн дагалдан явах хүний зардал үүнд хамаарахгүй.
Дөрөв. Бусад
4.1. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь гадаадад эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан шийдвэр, түүний дагуу зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон гадаадад эмчлүүлэгчдийн эмчилгээний дүнг Засгийн газарт жил бүр танилцуулна.
4.2. Иргэдэд олгосон хөрөнгийн зарцуулалтад холбогдох хуулийн дагуу хяналт тавина.
4.3. Эмнэлгийн дүгнэлт болон бусад материалыг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гаргуулсан этгээдээр олгосон төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A