A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                   Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 236 дугаар
                                                                                                   тогтоолын 1 дүгээр хавсралт


                                                    ХИЛ, ГААЛИЙН ХЯЛБАРЧИЛСАН ШАЛГАЛТ ХИЙХ, НАВИГАЦ
                                                                 БОЛОН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

                                                                                            Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6.1.6-д заасан хил, гаалийн хялбарчилсан шалгалт хийх, навигацын болон бусад үйлчилгээ үзүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

                                                                                          Хоёр. Хил, гаалийн хялбарчилсан шалгалт

2.1. Бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд иргэний гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичгийг үндэс болгоно.

2.2. Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага нь дор дурдсан мэдээллийг хил хамгаалах болон гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн хугацаанаас 14 хоногийн өмнө хүргүүлнэ:

2.2.1. бие бүрэлдэхүүний албан тушаал, нэрсийн жагсаалт;

2.2.2. зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийн жагсаалт, төрөл, тоо хэмжээ;

2.2.3. нэвтрэх хилийн болон гаалийн боомт, аяллын маршрут.

2.3. Хил хамгаалах болон гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.2-т заасан мэдээллийн хүрээнд хилийн болон гаалийн хялбарчилсан шалгалт хийх байцаагчийг томилон бэлтгэлийг хангуулна.

2.4. Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагын хүсэлтээр хилийн болон гаалийн шалгалтыг холбогдох журмын дагуу, ажлын бус цагаар хяналтын бус талбайд хийж болно.

2.5. Хялбарчилсан шалгалтын үед хил, гаалиар нэвтрүүлэх бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийг бичиг баримттай тулган шалгаж, холбогдох баримт бичигт тэмдэглэл үйлдэнэ.

2.6. Зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийг улсын болон гаалийн хилээр нэвтрүүлэх үед өөрчлөлт орсон бол цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага мэдүүлгийг хил, гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй гаргана.

                                                                   Гурав. Навигацын үйлчилгээ

3.1. Бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийг тээвэрлэх агаарын хөлөг нь зохих журмын дагуу урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэнэ.

3.2. Энэхүү журамд заасан үүрэг гүйцэтгэх агаарын хөлгийн талаар эзэмшигч, эсхүл түрээслэгчээс урьдчилан ирүүлсэн мэдэгдлийн дагуу цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага дараахь үүргийг хүлээнэ:

3.2.1. агаарын хөлгийг хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулах;

3.2.2. агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;

3.2.3. агаарын хөлөг иргэний нисэхийн агаарын зам, нисэх буудлыг ашиглах шаардлагатай бол энэ тухай иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 30 хүртэл хоногийн өмнө мэдэгдэх, хойшлуулшгүй тохиолдол болон онцгой нөхцөл байдалд нислэгийн захиалгыг 5 хүртэл хоногийн өмнө өгсөн байх.

3.3. Нислэгийн захиалгыг Монгол Улсын аэронавигацын мэдээллийн эмхтгэл (AIP)-д заасны дагуу үйлдэнэ.

3.4. Нисэх буудлын аюулгүй байдлыг хангах байгууллага нь агаарын хөлгийн зогсоол дээрх аюулгүй байдлын харуул, хамгаалалтыг хариуцна.

3.5. Эзэмшигч, эсхүл түрээслэгчийн захиалгаар тухайн агаарын хөлөгт үйлчилгээ (шатахуунаар хангах, бусад үйлчилгээ) хийсэн тохиолдолд холбогдох зардлыг агаарын хөлгийг эзэмшигч, эсхүл түрээслэгч хариуцна.

3.6. Монгол Улсын цэргийн баг, цэргийн тусламжийн бараа тээвэрлэх зорилгоор нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн навигацын төлбөрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага, бүс нутгийн холбогдох байгууллага, бусад улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу шийдвэрлэнэ.

                                                                 Дөрөв. Бусад тээврийн хэрэгслийн үйлчилгээ

4.1. Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага энхийг дэмжих ажиллагааны бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийг төмөр замын тээврээр хил нэвтрүүлэх, хөдөлгөөнд оролцуулах тохиолдолд энэ тухай захиалгыг төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 30 хүртэл хоногийн өмнө, хойшлуулшгүй тохиолдол болон онцгой нөхцөл байдалд захиалгыг 5 хүртэл хоногийн өмнө өгсөн байна.

4.2. Захиалгад төмөр замын тээврийн хэрэгслийн харьяалал, төрөл, тоо, аяллын хугацаа, хүрэх, дамжин өнгөрөх өртөө, байрлах хугацаа, бие бүрэлдэхүүний тоо, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийн жагсаалт, тоо хэмжээ, жинг заана.

4.3. Энхийг дэмжих ажиллагаа, сургалт, дадлагад оролцох бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, хангалтын эд зүйлсийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага, агаарын, төмөр замын болон авто тээврийн байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран хангана.

                                                                                               ---оОо---