A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                           Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 236 дугаар
                                                                                                           тогтоолын 2 дугаар хавсралт

                                                                             СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ,
                                                                               СУВИЛАХ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

1. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6.1.8-д зааснаар энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг энэхүү журмаар зохицуулна.

2. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 3.1.2-т заасан бие бүрэлдэхүүний (цаашид "цэргийн алба хаагч" гэх) сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг Батлан хамгаалахын сайдын төсвийн багц дахь Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлнэ.

3. Цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагч бүрийг эрүүл мэндийн үзлэг оношлогоо, нөхөн сэргээх сувилалд хамруулах ажлыг зохион байгуулна.

4. Энхийг дэмжих ажиллагааны явцад цэргийн албан хаагчийн олсон өвчин эмгэг, гэмтлийг оношлох, эмчлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд цэргийн албан хаагчийн өөрөө төлбөл зохих эмнэлгийн ор хоног, оношилгооны зардлыг энэ журмын 2 дахь заалтад заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

5. Цэргийн албан хаагчид өндөр өртөгтэй эмчилгээ шаардлагатай тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.1.8-д заасны дагуу шийдвэрлэж, зардлын үлдэх хэсгийг энэ журмын 2 дахь заалтад заасан эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

6. Цэргийн албан хаагчийг сэтгэл зүй, бие бялдрын нөхөн сэргээлт, сувилалын аль төрөлд хамруулах, түүний амрах хугацаа, сувилах үйлчилгээний хэмжээг цэргийн мэргэжлийн эмч нарын комисс тогтооно.

7. Сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах хоногийн зардлын хэмжээг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын эмнэлэг, сувилал, амралтын газрын нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээний зардлын дунджаар тооцон жил бүр тогтооно.

8. Цэргийн албан хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх зардлыг амралт, сувилал, эмнэлгийн байгууллагад шилжүүлнэ.




                                                                              ---------оОо---------