- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Засгийн газрын 2011 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Авто замын тухай хуулийн 5.1.3-т заасны дагуу авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, харьяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр (цаашид " төлбөр" гэх) авахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх төлбөртэй авто зам (замын чиглэл, урт), замын байгууламжийн жагсаалтыг авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
Хоёр.Төлбөр хураах зарчим
2.1. Төлбөртэй авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийг Авто замын санд төвлөрүүлэх үйл ажиллагааг авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага замын засвар арчлалт хариуцсан байгууллагатай хамтран зохион байгуулна.
2.2. Төлбөр хураах цэгийг төлбөртэй авто зам, замын байгууламжийн орох болон гарах хэсгүүдэд байрлуулна.
2.3. Төлбөртэй авто замын орох хэсгийн төлбөр хураах цэгт тээврийн хэрэгслээс төлбөр хураан авч тасалбар олгож, гарах хэсгийн цэгт тасалбарыг шалгана. Хэрэв тасалбарыг үрэгдүүлсэн, эсхүл орох хэсгийн төлбөр хураах цэгээр дайраагүй тохиолдолд төлбөрийг гарах хэсгийн төлбөр хураах цэгт хураана.
2.4. Төлбөрийн хэмжээг авто замын төрөл, тээврийн хэрэгслийн ангилал, даацыг харгалзан инфляцийн түвшинтэй уялдуулан Засгийн газраас тогтоож байна.
2.5. Төлбөр хураахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар тусгай зураг, зохих стандартын дагуу зохион байгуулна.
Гурав. Бусад
3.1. Төлбөр хураах цэг нь шаардлагатай техник, тоног төхөөремжөөр хангагдсан байна.
3.2. Төлбөртэй авто зам, замын байгууламжийг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж , нийтэд мэдээлсэн байна.
3.3. Дуут болон гэрлэн дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж яваа
эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, гал унтраах байгууллагын тээврийн хэрэгслээс төлбөр авахгүй.
эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, гал унтраах байгууллагын тээврийн хэрэгслээс төлбөр авахгүй.
3.4. Тогтоосон чиглэлд байнгын үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд тэдгээрт 20 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж болно.
3.5. Тогтоосон хэмжээнээс хэтэрсэн даац, овор хэмжээтэй тээврийн хэрэгслийг тухайн чиглэлийн авто замаар нэвтрүүлэх боломжтой гэж үзвэл авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тусгайлан авсан зөвшөөрөл, тогтоосон маршрутын дагуу нэвтрүүлнэ. Ийнхүү нэвтрүүлэхдээ төлбөрийн хэмжээг хэтэрсэн овор, даацын хэмжээгээр нэмэгдүүлж авна.
---- оОо—
Текст томруулах
A
A
A