A

A

A

Бүлэг: 1979
                                                                                        Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 258 дугаар
                                                                                        тогтоолын хавсралт


                                                          АВТО ЗАМЫН САЛБАРЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ
                                                                              ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР


                                                                                   Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэх талаар "Мянганы зам" хөтөлбөр, "Үндэсний хөгжлийн цогц бодлого", "Авто замын сүлжээг хөгжүүлэх 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө" зэрэг бодлогын баримт бичгүүдэд урт хугацааны томоохон зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр баталж, 2011-2016 онд нийслэлийн авто замыг шинэчлэн сайжруулах, аймгийн төвүүдийг нийслэл болон ойролцоохи хилийн боомттой холбосон 5572 км хатуу хучилттай авто зам, 990 км хурдны зам барих зорилт дэвшүүлээд байна.

Авто замын сүлжээг хөгжүүлэх эдгээр зорилтуудыг шийдвэрлэхийн тулд авто замын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, авто замын ашиглалтын бэлэн байдлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын үндэсний компаниуд болон төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Өнөөдрийн байдлаар авто замын үндэсний компаниудын чадавхи нь дэвшүүлсэн дээрх зорилтыг ханган биелүүлэх түвшинд хараахан хүрээгүй, авто замын салбарт мэргэшсэн хүний нөөц дутмаг байгаа бөгөөд тус салбарт авто замын инженер 500 орчим, мэргэшсэн ажилчид 5000 гаруй байгаа нь дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд инженерийн тоог даруй 2 дахин, мэргэшсэн ажилчдын тоог 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Салбарын төрийн байгууллагуудад замын барилга, засвар арчлалтын ажлыг үр дүнтэй удирдлагаар хангах хүний нөөц, чадавхи дутмаг байна. Замын барилгын ажлыг төлөвлөх, тендер шалгаруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч олон, үүрэг нь тодорхой бус, хариуцлагын тогтолцоо сул байгаа нь замын барилга, засварын ажил хугацаа алдах, чанаргүй хийгдэх, хөрөнгө оруулалтын үр ашиг буурахад хүргэж байна.

Дээрх нөхцөл байдлаас үндэслэн "Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх" дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх замаар салбарын чадавхийг нэмэгдүүлж бэхжүүлэх бодит шаардлага тавигдаж байгаа юм.


                                                                       Хоёр. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, авто замын чанар, ашиглалтын бэлэн байдлыг хангаж чадахуйц орчин үеийн шаардлага хангасан, олон улсын түвшинд хүрсэн салбарын чадавхи бүрдүүлэхэд оршино.

                                                            Гурав. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтуудыг дэвшүүлснээр хэрэгжүүлнэ:

3.1. Авто замын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;

3.2. Авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах;

3.3. Авто замын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх;

3.4. Авто замын салбарын байгууллагуудыг бэхжүүлэх.

                                                        Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
1 дүгээр үе шат (хөтөлбөрийн богино хугацааны зорилтыг шийдвэрлэх үе): 2012 оны 1 дүгээр сараас 2013 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжинэ. 2013 онд Засгийн газраас Хөтөлбөрийн богино хугацааны зорилтын биелэлтэд дүгнэлт өгнө;

2 дугаар үе шат (хөтөлбөрийн дунд хугацааны зорилтыг шийдвэрлэх үе): 2016 онд хөтөлбөрийн зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлсэн байна.

                                                   Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Хөтөлбөрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг байгуулна. Үндэсний зөвлөлийг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, бүрэлдэхүүнд нь холбогдох яамны Төрийн нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн төрийн бус байгууллага, авто зам хэрэглэгчдийн төлөөллийг оруулна.

Хөтөлбөр хэрэгжүүлэх орон тооны багийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын газрын бүтцэд байгуулж ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд хөтөлбөрийн зорилтуудыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк Чадавхи бэхжүүлэх техникийн туслалцаа (ЧБТТ)-ны төслийг хэрэгжүүлнэ. Чадавхи бэхжүүлэх техникийн туслалцаа (ЧБТТ)-ны хүрээнд олон улсын болон үндэсний зөвлөхүүд хөтөлбөрийн гүйцэтгэлийг хангах нарийвчилсан төлөвлөгөө, гарын авлага боловсруулах, төлөвлөсөн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллана.


                                                         Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

"Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:

-улс, орон нутгийн төсөв;
-авто замын сан;
-гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй
 зээл;
-дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт;
-хандив, тусламж;
-бусад.

                                              Долоо. Хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

Зорилт 1. Авто замын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх
7.1. Авто замын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх

7.1.1. замын барилгын үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, олон улсын тендерт өрсөлдөх чадавхитай үндэсний замын барилгын компаниуд бий болгох;

7.1.2. үндэсний компаниудын бүртгэл, ангиллын шалгуур, бүртгэх журмыг боловсронгуй болгож, замын барилгын ажлын стандарт, шаардлагыг хангах үндэсний гүйцэтгэгч компаниудыг бий болгох;

7.1.3. замын барилгын үндэсний гүйцэтгэгч, зөвлөх компаниуд замын барилгын шинэ техник, дэвшилтэт технологийг импортлоход татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх;

7.1.4. замын барилгын үндэсний гүйцэтгэгч компаниудад урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох нөхцөл бүрдүүлэх, хөрөнгө, хүчээ нэгтгэж зээлжих боломжоо нэмэгдүүлэх, замын барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаа гаргаж хамтарч ажиллахыг дэмжих;

7.1.5. замын барилгын ажлын зураг төсөл зохиох, хяналт магадлагаа хийх тогтолцоог боловсронгуй болгож, зураг төслийн чанарыг сайжруулах, замын барилгын ажлын хяналтыг үндэсний зөвлөх компаниар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлж олон улсын түвшинд хүргэх.

7.2. Салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх

7.2.1. авто замын салбарын зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах инженер, мэргэшсэн ажилчдын тоог тогтоож, сургалтын төлөвлөгөөг инженер, мэргэшсэн ажилчдын мэргэжлийн төрөл бүрээр боловсруулж хэрэгжүүлэх. Давтан сургалтад хамрагдах хүний тоог тогтоож төлөвлөх;

7.2.2. салбарын хөгжлийн дунд, урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах инженер, мэргэшсэн ажилчдын хэрэгцээг үндэслэн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэх, багшлах боловсон хүчнийг чадавхижуулах. Жил бүр 80-аас доошгүй инженер, 350-иас доошгүй мэргэшсэн ажилчин бэлтгэх чадавхи бүрдүүлэх;

7.2.3. давтан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгож чадварлаг багш, сургагч нарыг бэлтгэх. Жил бүр 150-иас доошгүй инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах;

7.2.4. сургалт зохион байгуулахад шаардлагатай сурах бичиг, техник, тоног төхөөрөмжөөр хангаж сургалтын дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах.

Зорилт 2. Авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах
8.1. Авто замын засвар арчлалтын менежментийг боловсронгуй болгох

8.1.1. улсын болон нийслэл, орон нутгийн авто замын засвар арчлалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх. Одоо ашиглагдаж байгаа авто замын дийлэнх хувь нь их засвар хийх хугацаа өнгөрч ашиглалтын бэлэн байдлыг хангахгүй болсон байдалд судалгаа хийж дунд болон их засвар хийх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх. Улсын чанартай болон нийслэлийн хатуу хучилттай авто замд ээлжит болон их засварыг төлөвлөгөөний дагуу жил тутам хийж хэвшүүлэх;.

8.1.2. замын засвар арчлалтын ажлын зардлын нормативыг тогтоож, ашиглалтын бэлэн байдал хангасан түвшнээр санхүүжүүлэх гэрээний аргыг нэвтрүүлэх. Зам, замын байгууламжид шаардлагатай урсгал засвар арчлалтын ажлыг хийж ашиглалтын бэлэн байдлыг хангах 1 километрийн норматив зардлыг тогтоож, гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээгээр бус ажлын чанар, зам ашиглалтын бэлэн байдлыг шалгуур болгон санхүүжилт олгодог олон улсын туршлагыг нэвтрүүлэх;

8.1.3. замын засвар арчлалтын ажлыг Замын үндсэн хөрөнгийн менежментийн систем (ЗҮХМС)-д үндэслэн гүйцэтгэх. АХБ-ны дэмжлэгээр авто замын сүлжээний урт, онцлог, ашиглалтын түвшин зэргийг хамарсан "Мэдээллийн сан" байгуулж, энэхүү мэдээллийн санг ЗҮХМС-тэй уялдуулан засвар арчлалтын ажилд шаардлагатай хөрөнгийн хэмжээг тодорхойлж төлөвлөн ашиглалтыг сайжруулах;

8.1.4. "Авто замын сан"-гийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн орчин, механизмыг боловсронгуй болгох. "Авто замын сан"-гийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа эрх зүйн орчин, зарцуулах механизм тодорхойгүй оновчтой бус байгаа өнөөгийн байдлыг өөрчилж ЗҮХМС-д үндэслэн төлөвлөсөн урсгал засвар арчлалт болон ээлжит засварын ажлыг санхүүжүүлэх. Замын засвар арчлалтын ажлыг ЗҮХМС-д тулгуурлан санхүүжүүлж, шаардагдах хөрөнгийг 2016 онд 40-оос доошгүй тэрбум төгрөгт хүргэх;

8.1.5. хатуу хучилттай замын хэмжээ жил тутам нэмэгдэж байгаатай холбогдуулан 100-200 км хатуу хучилттай авто зам тутамд зам хариуцагч байгууллагыг шинээр байгуулж, засвар арчлалтын ажлыг хариуцуулах;

8.1.6. зам хариуцагч компаниудын бүтэц, зохион байгуулалт, гэрээний харилцааг боловсронгуй болгож үүрэг хариуцлагыг тодорхой болгох;

8.1.7. нийслэлийн авто замын урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа одоогийн зохион байгуулалт, арга хэлбэрийг боловсронгуй болгох. Нийслэлийн авто замын арчлалтын ажлыг дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд, засварын ажлыг тендерт шалгарсан компаниуд гүйцэтгэж байгаа байдлыг өөрчилж засвар арчлалтын ажлыг байнга хариуцдаг тодорхой байгууллагатай болох.

8.2. Авто замын засвар арчлалтын ажлыг гүйцэтгэхэд төр, хувийн хэвшлийн өрсөлдөөнт оролцоог хангах

8.2.1. авто замын урсгал болон ээлжит засварын ажилд төр, хувийн хэвшлийн оролцоог зохистой хангах чиглэлээр судалгаа хийж, механизмыг бүрдүүлэх арга хэмжээ авах. Замын засвар арчлалтын өнөөгийн тогтолцоонд үнэлгээ хийж, олон улсын туршлага судлан Монгол орны нөхцөлд тохирсон оновчтой хувилбарыг боловсруулж, нэвтрүүлэх;

8.2.2. урсгал засвар арчлалтын ажлыг хувийн өмчийн компаниар гүйцэтгүүлснээр гарч болох давуу болон сул талыг судлан тодорхойлж хувийн хэвшлийн компанид улсын чанартай авто замын тодорхой чиглэлийг хариуцуулан урсгал засвар арчлалтын ажлыг гүйцэтгүүлж, үр дүнг тооцох;

8.2.3. замын ээлжит засварын ажлыг гүйцэтгэхэд төрийн болон хувийн өмчит компаниудын өрсөлдөөнт оролцоог хангах. Ээлжит засварын ажил гүйцэтгэх компанийг хүний нөөцийн чадавхи, тоног төхөөрөмжийн хангалт, ажил гүйцэтгэх чадвар, туршлагыг харгалзан сонгон шалгаруулдаг болох.

8.3. Авто замын даац хэтрэлтийг судалж зохицуулах арга замыг тодорхойлж, хэрэгжүүлэх

8.3.1. улсын чанартай хатуу хучилттай авто замын даац хэтрүүлэн тээвэр хийх явдлыг таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх. Хатуу хучилттай замын гол цэгүүдэд даац хэмжих төхөөрөмж байрлуулан, стандартыг мөрдүүлэн замын даац хэтрүүлэх явдлыг шат дараатай бууруулж, цаашид таслан зогсоох;

8.3.2. авто замын даацыг нэмэгдүүлэх судалгаа, туршилт хийж, дүгнэлт гарган 2012 онд хүнд даацын авто машин ихээр зорчдог 2-оос доошгүй цэгийг сонгон даац хэмжих төхөөрөмж суурилуулж, замын хучилтад гарч байгаа өөрчлөлтийг судлан дүгнэлт гаргаж байх.

Зорилт 3. Авто замын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх

9.1. Замын барилгын ажлын хөрөнгө оруулалтыг нийгэм-эдийн засгийн ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлэн төлөвлөлт хийж хэвшүүлэх. "Авто замын сүлжээг 2020 он хүртэл хөгжүүлэх" ерөнхий төлөвлөгөө, "Мянганы зам" төсөл, "Үндэсний хөгжлийн цогц бодлого", "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд авто замын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх.

9.1.1. авто замын мастер төлөвлөгөөг бүс нутаг, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэчлэх. Төрөөс баримталж байгаа бүс нутаг, уул уурхай, аялал жуулчлалын хөгжлийн бодлогод гарч байгаа өөрчлөлттэй уялдуулан Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг шинэчлэх;

9.1.2. төрөөс баримталж байгаа хөгжлийн бодлого, хэтийн төлөвлөгөөг үндэслэн салбарын хөрөнгө оруулалтын дунд хугацааны болон жилийн төлөвлөгөө боловсруулах.

9.2. Авто замын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих

9.2.1. авто замын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчин, арга механизмыг бүрдүүлэх;

9.2.2. концессын гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх журмыг боловсронгуй болгох. Концессын хууль тогтоомжийг үндэслэн авто замын салбарт мөрдөх концессын гэрээний загвар, сонгон шалгаруулах журам, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур боловсруулж хэрэгжүүлэх;

9.2.3. уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах.

9.3. Худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгох

9.3.1. худалдан авах үйл ажиллагааны баримт бичгийг боловсронгуй болгох. Худалдан авах үйл ажиллагаанд олон улсын байгууллагуудад түгээмэл хэрэглэдэг баримт бичгийг Монгол орны нөхцөлд тохируулан хэрэглэж, тендер шалгаруулах журмыг боловсронгуй болгох;

9.3.2. худалдан авах үйл ажиллагаанд салбарын онцлогийг тусган, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, шат дамжлага, оролцогч талуудыг цөөрүүлэх чиглэл баримтлах;

9.3.3. зураг төсөл боловсруулах, магадлагаа хийх ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээний дүрэм, журам боловсруулж мөрдөх;

9.3.4. замын барилгын ажлын гэрээнд чанарын баталгаа хангах асуудлыг тодорхой тусгаж хэрэгжүүлдэг олон улсын туршлагыг судалж нэвтрүүлэх;

9.3.5. замын барилгын ажлын болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ны гэрээний загварыг үндэслэн Монгол орны нөхцөлд тохируулан боловсруулж хэрэгжүүлэх;

9.3.6. замын зураг төсөл, барилга, засварын ажлын төсөвт өртгийг нэмэгдүүлж зохистой түвшинд хүргэх асуудлыг судалж хэрэгжүүлэх. Замын зураг төсөл, барилгын ажлын төсвийн норм, үнэлгээг зах зээлийн бодит үнэ ханштай уялдуулах;

9.3.7. замын барилга, засварын ажлын зөвлөх үйлчилгээний үнэлгээг (зардлыг) нэмэгдүүлэх замаар хяналтыг гүйцэтгэгчээс хараат бус байдлаар зохион байгуулах санхүүгийн тогтвортой эх үүсвэр бий болгох. Замын барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал замын барилгын төсөвт өртгийн шууд зардлын 4-өөс багагүй хувь болгон тогтоож, замын барилгын ажлын төсөвт өртөгт багтаан тусад нь төлөвлөж зарцуулдаг журмыг тогтоон мөрдүүлэх.

9.4. Авто замын салбарт судалгаа-шинжилгээний чадавхи бүрдүүлэх

9.4.1. авто замын салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж, боловсон хүчин, лабораторийн болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах. Эрдэм шинжилгээ-судалгааны ажил явуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хямд төсөр хийц, технологи, шинэ материал бий болгох ажил хоцрогдож байгаа дутагдлыг арилгах;

9.4.2. зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга, засварын ажилд дэвшилтэт техник, технологи, менежментийн олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх.

Зорилт 4. Авто замын салбарын байгууллагуудыг бэхжүүлэх

10.1. Авто замын салбар хариуцсан төрийн байгууллагуудын зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай хүний нөөц бүрдүүлж, чадавхийг дээшлүүлэх
10.1.1. төрийн байгууллагуудын чиг үүргийг шинэчлэн тодорхойлох;

Чадавхи бэхжүүлэх техникийн туслалцааны шугамаар салбарын төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтэц болон шаардлагатай хүний нөөцийн чадавхийг тодорхойлох;

10.1.2. байгууллагын хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

Шинээр тодорхойлсон чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, бүтэц, зохион байгуулалтын чадавхи бүрдүүлэхэд чиглэгдсэн байгууллагын хөгжлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх. Хөгжлийн төлөвлөгөө нь менежментийн тогтвортой бүтэц, бие дааж шийдвэр гаргах эрх мэдэл, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, хариуцан тайлагнах зарчмыг хангахад чиглэгдэнэ;

10.1.3. авто замын сүлжээний болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулан санхүүжүүлэх, ЗҮХМС-д тулгуурласан зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг хангах талаархи авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагыг нэмэгдүүлэх;

10.1.4. зам, замын байгууламжийн ашиглалт, засвар арчлалтын ажлыг зохион байгуулах, хяналт тавих бүсийн салбар нэгж байгуулах асуудлыг судлах;

Олон улсын болон улсын чанартай авто замын ашиглалт, засвар арчлалтын ажлыг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааны төвлөрлийг сааруулж, бүтцийг боловсронгуй болгох;

10.1.5. салбарын төрийн байгууллагуудын шинэчилсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн чадавхийг тодорхойлж, мэргэшүүлэх, давтан сургах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

Салбар хариуцсан төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх хүний нөөцийн сургалтын төлөвлөгөөг 2012 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулийн магистрын болон сертификатын сургалтад хамруулах.

10.2. Үр дүнд суурилсан менежментийг боловсронгуй болгох

10.2.1. салбарын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөж байгаа үр дүнд суурилсан менежментийг боловсронгуй болгож, ажил үүргийн гүйцэтгэлийн түвшин, үнэлэх шалгуурыг тодорхой болгох;

10.2.2. байгууллагын зорилтын хэрэгжилтийг үр дүнд тулгуурлан үнэлэх

-дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн;

-жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн (объект, гүйцэтгэгч бүрээр);

-авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшин;

-үр дүнгийн гэрээний биелэлт гм.

10.2.3. үр дүнг шалгуур болгон үнэлэх журам боловсруулах.

10.3. Салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн төрийн бус байгууллага (МТББ)-ын оролцоог нэмэгдүүлэх

10.3.1. салбарын МТББ-ын чадавхийг бэхжүүлэх, салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх;

10.3.2. техникийн туслалцааны хүрээнд МТББ-ыг салбарын үйл ажиллагаанд оролцуулах чиглэл, арга хэлбэрийг судлан тодорхойлох;

10.3.3. төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх;

Төрийн байгууллага болон мэргэжлийн төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж салбарын үйл ажиллагаанд оролцуулах эрх зүйн орчин бүрдүүлэх.

10.4. "Авто замын зөвлөл"-ийг шинэчлэн байгуулах

"Авто замын зөвлөл"-ийн эрх зүйн орчныг боловсронгуй болгон, шинэчлэн зохион байгуулах. Замын зөвлөлийн үйл ажиллагаанд зам хэрэглэгчдийн оролцоог хангах.

10.4.1. "Замын зөвлөл"-ийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх;

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл бүхий "Авто замын зөвлөл"-ийг 2012 онд шинэчлэн байгуулах;

10.4.2. "Авто замын зөвлөл" нь хөрөнгө оруулалтыг төлөвлөх, шийдвэр гаргахад санал гаргах, замын барилга, засвар арчлалтын ажилд хяналт тавих, салбарын ажлын үр дүнг олон нийтэд таниулах, зам хэрэглэгчийн саналыг судалж салбарын бодлогод тусгуулах хэлбэрээр төрийн байгууллагад дэмжлэг үзүүлэх.

10.5. Авто замын салбарын мэдээллийн системийг сайжруулах

Салбарын мэдээллийн системийг шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж 2013 оноос Авто замын газар, Нийслэлийн авто замын газарт хэрэгжүүлнэ.

10.5.1. мэдээллийн системийг шинэчлэн сайжруулахад шаардлагатай чадавхи бүрдүүлэх. Мэдээллийн системийг шинэчлэхэд шаардлагатай программ хангамж, тоног төхөөрөмж, хүний нөөц, санхүүгийн хэрэгцээг тодорхойлох. Мэдээллийн систем нь дараахь мэдээллийг агуулна:

-улсын чанартай авто замын өгөгдлийн бааз;
-авто замын сүлжээг хөгжүүлэх дунд болон урт хугацааны төлөвлөгөө;
-худалдан авах үйл ажиллагааны талаархи мэдээлэл;
-төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл;
-АЗГ, НАЗГ, Замын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
-гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын мэдээлэл;
-замын ашиглалтын бэлэн байдал;
-зам хэрэглэгчийн үнэлгээ гэх мэт.

10.6. Орон нутгийн замыг хөгжүүлэх асуудлаар орон нутгийн засаг захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх

10.6.1. аймаг бүр орон нутгийн авто замын сүлжээг тогтоож батлах, мэдээллийн сан бий болгох, авто замын сүлжээг хөгжүүлэх дунд хугацааны болон жилийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх.

                                      Найм. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг зорилт тус бүрээр дараахь шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ:

11.1. Хөтөлбөрийн гол үр дүн, шалгуур үзүүлэлт
Стратегийн зорилт
Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
2011-2013
2013-2016
1. Авто замын салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх. 
 
Замын барилгын ажлын үндэсний гүйцэтгэгч компаниудын хүчин чадлыг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
 
Замын барилгын ажлын үндэсний гүйцэтгэгч компаниудын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодод хийгдэх замын барилгын ажлыг бүрэн хийх чадвартай болно.
Жил тутам авто замын инженер, техникч мэргэжлээр 80-аас доошгүй хүнийг дотооддоо бэлтгэх,      350-иас доошгүй мэргэжилтэй ажилчин бэлтгэнэ.
Жилд тутам 100-гаас доошгүй авто замын инженер, техникч шинээр бэлтгэнэ.
 
Авто замын салбарт 700 инженер, 6300 мэргэжилтэй ажилчид ажиллана.
Авто замын салбарт 1000  инженер, 8000 мэргэжилтэй ажилчид ажиллана.
2-оос доошгүй үндэсний  гүйцэтгэгч компани гадаадын томоохон компаниудтай олон улсын тендерт өрсөлдөх чадвартай болсон байна.
 
4-өөс доошгүй үндэсний  гүйцэтгэгч компани гадаадын томоохон компаниудтай олон улсын тендерт өрсөлдөх чадвартай болсон байна.
 
Үндэсний 5 гүйцэтгэгч болон зөвлөх компани олон улсын стандарт (ISO) хангасан сертификаттай болсон байна.
2. Авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах.
"Замын сан"-г тогтвортой эх үүсвэрээр хангах, зарцуулах  эрх зүйн орчин бүрдүүлнэ.
 
 
Хатуу хучилттай замын дийлэнх нь ашиглалтын бэлэн байдлыг  бүрэн хангасан байна.
Ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангасан хатуу хучилттай замыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Замын засвар арчлалтын ажилд зарцуулах хөрөнгийг 20-иос доошгүй тэрбум төгрөгт хүргэсэн байна.
 
Засвар арчлалтын ажлын норматив зардалд үндэслэн шаардагдах хөрөнгийг бүрэн санхүүжүүлдэг болно (40-өөс доошгүй тэрбум төгрөгт хүргэх). 
 
ЗҮХМС-д үндэслэн жилд 200-гаас доошгүй км замд ээлжит засварын ажлын хийнэ.
 
ЗҮХМС-д үндэслэн тухайн жилд хийх ёстой ээлжит засварын ажлын 90 хувийг гүйцэтгэдэг болно.
Норматив зардлыг шинэчлэн тогтоож ажлын үр дүнгээр (ашиглалтын бэлэн байдлын түвшингээр) санхүүжүүлж эхэлнэ.
Авто замын засвар арчлалтын ажлыг үр дүнд (ашиглалтын бэлэн байдлын түвшин) суурилсан гэрээгээр гүйцэтгүүлнэ.
Зам хариуцагч байгууллагуудын тоог нэмэгдүүлнэ.
 
 
 
 
200 км хатуу хучилттай авто зам тутамд зам хариуцагч байгууллага, хэсгүүдийг бий болгож, засвар арчлалтын ажлыг хариуцуулна.
Засвар арчлалтын ажлыг гүйцэтгэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөөнийг бий болгоно.
4-өөс доошгүй цэгт даац хэмжигч төхөөрөмж суурилуулж, тээврийн хэрэгслийн даацад хяналт тавина.
Даац хэтрүүлэн тээвэрлэлт хийдэг асуудлыг бүрэн зогсооно.
3. Салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх.   
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан замын барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын механизм төлөвшүүлнэ.
Тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан замын барилгын ажлыг хугацаанд нь чанартай, бүрэн гүйцэтгүүлж хэвшүүлнэ.
Томоохон төслүүдэд замын барилгын ажилд чанарын баталгааг хангах төлөвлөгөө гаргуулж ажиллана.
Замын барилгын нийт ажилд  чанарын баталгааг хангах төлөвлөгөө гаргуулж ажиллана.
Томоохон төслүүдэд замын барилгын хяналтыг  зөвлөх үйлчилгээний бие даасан компаниар гүйцэтгүүлнэ
Замын барилгын нийт ажлын хяналтыг  зөвлөх үйлчилгээний бие даасан компаниар гүйцэтгүүлнэ.
 

 
 
Авто замын судалгаа- шинжилгээний хүрээлэн байгуулж, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
Гадаад орны дэвшилтэт техник,  технологийг судалж монгол орны нөхцөлд тохирсон замын барилгын технологи, шинэ материал, хийц бий болгоно.
4. Авто замын  салбарын  байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх.
Салбар хариуцсан төрийн байгууллагууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхитай болсон байна.
Салбарын төрийн байгууллагуудад ил тод, тунгалаг байдлыг хангаж, үйл ажиллагааны үр дүнг шалгуур болгон үнэлнэ.
 
Зам, замын байгууламжийн ашиглалт, засвар арчлалтын ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий бүсийн салбар нэгж байгуулах ажлыг эхлүүлнэ
 
 
 
 
 
 
Замын засварын ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавьж замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулах үүрэгтэй бүсийн салбар нэгжийг 150-200 км тутамд  байгуулна.
 
Зам хэрэглэгчдийн төлөөлөл бүхий "Замын зөвлөл"-ийг шинэчлэн байгуулж "Замын        сан"-гийн хөрөнгийн төлөвлөлт,  зарцуулалтад хяналт тавьдаг болно.
Салбарын МТББ-аар гүйцэтгүүлж болох ажлын чиглэл, хүрээг тодорхойлж зарим чиг үүргийг шилжүүлнэ.
Мэдээллийн системийг шинэчлэхэд шаардлагатай программ хангамж, тоног төхөөрөмж, хүний нөөц, санхүүгийн хэрэгцээг тодорхойлж чадавхийг бүрдүүлнэ 
Салбарын байгууллагуудын мэдээллийн технологийн үйл ажиллагаа тогтворжиж, шаардлагатай нөөцөөр хангагдсан байна
 
 
 
 
---оОо---