- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ ХОТ, ДҮҮРЭГ, СУМ, БАГ, АЖЛЫН БАЙР, СУРГУУЛЬ БИЙ БОЛГОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2012-2016)
Монгол Засгийн газрын 2011 оны 359 дүгээр тогтоолын
1 дүгээр хавсралт
ЭРҮҮЛ ХОТ, ДҮҮРЭГ, СУМ, БАГ, АЖЛЫН БАЙР, СУРГУУЛЬ
БИЙ БОЛГОХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2012-2016)
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Монгол Улсын нийгэм-эдийн засаг, техник, технологийн хурдацтай хөгжилтэй холбогдон хот, суурин газрын хөгжил, хүн амын эрүүл мэндийн байдалд ахиц, өөрчлөлт гарч байгаа боловч хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, хүрээлэн байгаа орчны бохирдол, иргэдийн эрүүл бус дадал хэвшил, буруу зан үйл зэрэг нягт холбоотой олон хүчин зүйлс хүний эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлж, нийгэм, эдийн засагт хохирол учруулсаар байна.
Хот, хөдөөгийн хөгжлийн болон амьдралын түвшний ялгаатай байдлаас үүдэлтэй хот, суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн хурдасч, энэ төвлөрөл нь хот төлөвлөлт, дэд бүтэц, эрүүл мэнд, орон сууц, тээврийн үйлчилгээ, ус хангамж, хог хаягдлын аюулгүйн менежментэд сөргөөр нөлөөлж, нийтийн үйлчилгээг хүрэлцээ муутай болгон гэр хороололд оршин суугчдын тоог эрс нэмэгдүүлсээр байна.
Эрүүл ахуйн шаардлага хангасан ундны ус, хүнсээр хүрэлцээтэй хангагдаж чадахгүй, халуун усны газар хангалтгүй, сургуулийн хүүхдийн гар угаах, бие засах газар орчин үеийн шаардлагыг хангаагүй, сумын эмнэлгүүдэд нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа хангалтгүй хийгдэх зэрэг олон тулгамдсан асуудал байсаар байна.
Иймд хотжилт, төвлөрлөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох, салбар хоорондын хамтын ажиллагаа, энэ ажилд хамт олны оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харгалзан "Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр"-ийг (цаашид "хөтөлбөр" гэнэ) боловсруулсан болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1 Иргэд, хамт олон, салбар хоорондын болон олон нийтийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүмүүжих, ажиллах орчинг бүрдүүлж эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
2.2 Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
2.2.1. хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа орчны бохирдол доройтлыг бууруулсан, эрүүл, аюулгүй амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн хот төлөвлөлт, дэд бүтэц болон хамт олон, салбар хоорондын хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоог дэмжиж, эрүүл зан үйл хэвшсэн хотын орчинг бүрдүүлнэ;
2.2.2. салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан иргэнд ээлтэй төлөвлөлт, тохижилт бүхий хүн амын эрүүл зан үйлийг төлөвшүүлсэн дүүргийн орчинг бүрдүүлнэ;
2.2.3. айл өрх, албан байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуй, амьдралын нөхцөлийг дээшлүүлсэн, ундны усны найдвартай эх үүсвэртэй, хүнсний аюулгүй байдлыг хангасан, оршин суугчдад нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн сум, багийн орчинг бүрдүүлнэ;
2.2.4. хамт олны болон хувь хүний эрүүл зан үйлийг төлөвшүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын байрыг бий болгоно;
2.2.5. хүүхэд, суралцагч, багш, ажилтнуудын эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих, ажиллах сэтгэл зүйн болон материаллаг орчин, нөхцлийг бүрдүүлж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх замаар эрүүл мэндийг дэмжигч сургууль, цэцэрлэгийг хөгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
3.1.1. хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа, холбоонд тулгуурлах;
3.1.2. ДЭМБ болон олон улсын чиг хандлага, удирдамжид түшиглэсэн байх;
3.1.3. нийгмийн түншүүд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагаанд түшиглэх.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх
үйл ажиллагаа, хүрэх үр дүн
4.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. хот төлөвлөлт, экологи, эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох;
4.1.2. хотын орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, дотоодын болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сантай болгох;
4.1.3. ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хотын барилгажилт, дэд бүтцийг орчин үеийн барилгын дэвшилтэт технологиор барьж байгуулах, барилга байгууламжийг барих үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах;
4.1.4. хот суурин газарт үерийн хамгаалалтын далан, суваг, инженерийн барилга байгууламжийг өргөжүүлэх;
4.1.5. хотын гэр хорооллын цахилгаан холболтыг хүрэлцэхүйц болгох;
4.1.6. хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох;
4.1.7. хотын хаягдал усыг дахин ашиглах нөхцөлийг хот, дүүргийн хэсэгчилсэн, ерөнхий төлөвлөгөөг батлахдаа тусгаж байх;
4.1.8. хотод орчин үеийн шаардлага хангасан халуун усны газар, нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх;
4.1.9. хот, суурин газрын гэр хорооллын айл өрхийг цэвэр түлшээр хангах;
4.1.10. хотын хөрс, ус, агаарын химийн бодисын бохирдол болон дуу шуугианыг багасгах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
4.1.11. хотын нийтийн тээврийг дэмжих;
4.1.12. нийгмийн амгалан байдлыг хангах, хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх.
Хүрэх үр дүн: Хотын аюулгүй, эрүүл орчинг бүрдүүлэх хууль эрх зүйн болон бодлогын баримт бичиг шинэчлэгдэж, салбар хоорондын үйл ажиллагаа, зохицуулалт сайжирч, нэгдсэн мэдээллийн тогтолцоонд тулгуурласан хотын эрүүл, аюулгүй нийгмийн орчин бүрдэнэ.
4.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурлан "Эрүүл дүүрэг" дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, салбар хоорондын болон байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
4.2.2. дүүргийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, техник, технологийн шинэчлэлт хийх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийг өргөнөөр татан оролцуулах арга механизмыг бий болгох;
4.2.3. дүүргийн гэр хорооллыг усан хангамж, ариутгах татуургын нэгдсэн системд үе шаттай холбох, холбогдоогүй айл өрхийг эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны цооногтой болгох;
4.2.4. оршин суугчдын болон албан байгууллагын гаднах талбайн тохижилтыг сайжруулж цэцэрлэгжүүлэх, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх;
4.2.5. айл, өрхөд ундны цэвэр ус түгээх худагт засвар, үйлчилгээ хийх, худгийн тоог нэмэгдүүлэх;
4.2.6. төв, суурингийн айл өрхөд усалгаатай, хучлагатай талбай, хүлэмж, бий болгож төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах нөхцөлийг бүрдүүлэх;
4.2.7. хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хотын тохижилтыг бий болгох;
4.2.8. эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бий болгох хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх;
4.2.9. хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах, худалдааны цэгүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах.
Хүрэх үр дүн: Дүүргийг хөгжүүлэхэд иргэд, олон нийт, салбар хоорондын оролцоо сайжирч эрүүл, аюулгүй орчин бүхий тохижилттой дүүрэг бий болно.
4.3 Хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. "Эрүүл сум, баг" хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх;
4.3.2. баталгаат усны эх үүсвэрээс ундны ус түгээлтийг хийж чанарын баталгаатай усаар сум, багийн хүн амыг хангах;
4.3.3. сум, багийн хүн амын ундны усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтоох, хамгаалалт барих, бохирдолтоос хамгаалах арга хэмжээ авах;
4.3.4. сум, багт халуун усны газрыг бий болгох, тоог нэмэгдүүлэх;
4.3.5. сум, багийн түвшинд хатуу, шингэн болон халдвартай хог хаягдлыг аюулгүй устгах төлөвлөгөөтэй болох;
4.3.6. нийгмийн амгалан байдлыг хангах, хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах;
4.3.7. иргэдэд эрүүл аж төрөх дадал, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлээр сум, багийн нийгмийн эрүүл мэндийн төвийг чадавхижуулах, оролцоог нэмэгдүүлэх.
Хүрэх үр дүн: Сум, багийн түвшинд ундны найдвартай эх үүсвэртэй болж, хог хаягдлыг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлж, иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэнэ.
4.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. байгууллагууд "Эрүүл ажлын байр" бий болгох хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
4.4.2. байгууллагын онцлог, соёлд тулгуурлан хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны стандартад нийцүүлэн ажлын байрыг тохижуулах;
4.4.3. ажиллагчдыг чанарын шаардлага хангасан өдрийн хоол, хүнс, ундны усаар хангах;
4.4.4. ажиллагчдыг шаардлага хангасан бие засах газар, гар угаагуураар хүрэлцээтэй хангах;
4.4.5. үйлдвэрлэлийн осол, хордлого, халдвар, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн норм, дүрмийг чанд мөрдүүлэх;
4.4.6. байгалийн болон болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх талаар байгууллагаас авах арга хэмжээг төлөвлөн, бэлэн байдлыг хангуулах;
4.4.7. архи тамхигүй хамт олон бий болгох, идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолтыг дэмжсэн орчин бүдүүлэх;
4.4.8. эрүүл ажлын байрыг хөгжүүлэхэд хамт олны оролцоог нэмэгдүүлэх, хувь хүн, хамт олонд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл аж төрөх, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах;
4.4.9. ажилчдад эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлөөр хангах.
Хүрэх үр дүн: Ажилчдын сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндийг хамгаалсан, аюулгүй, эрүүл орчин бүрдсэнээр хөдөлмөрийн бүтээмж өндөр ажиллах хүчний тоо нэмэгдэнэ.
4.5. Хөтөлбөрийн 5 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1. эрүүл мэндийг дэмжигч сургууль, цэцэрлэг болох зорилтыг сургууль, цэцэрлэгийн хэтийн болон дунд хугацааны ажлын төлөвлөгөөнд оруулж хэрэгжүүлэх;
4.5.2. ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчныг тохижуулан, аюулгүй, эрүүл орчинд сурах, хөгжих, алжаал тайлах, амрах нөхцөл бүрдүүлэх;
4.5.3. сургууль, цэцэрлэгт бие засах өрөө, гар угаалтуурын тоог стандартын хэмжээнд хүргэх;
4.5.4. сургуулиудад "Үдийн цай", "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэх аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлэх;
4.5.5. эрүүл мэндийн зан үйлийн эерэг өөрчлөлтийг дэмжих, урамшуулах, хамт олон болон олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг тогтмол явуулж хэвших;
4.5.6. сургууль, цэцэрлэгт тамхигүй орчинг бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтмол сурталчлах;
4.5.7. суралцагч болон багш, ажиллагсдын эрүүл мэнд, бие бялдрын чийрэгжилтийн түвшинг жил бүр тогтоож, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх үзлэг хийх, үзлэгийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
4.5.8. эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа, мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвд түшиглэн явуулах нөхцөлийг бүрдүүлэх.
Хүрэх үр дүн: Хүүхэд, суралцагч, багш, ажилтнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч ажиллах таатай орчныг бүрдүүлсэн сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсэн байна.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
5.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, салбар дундын асуудлыг зохицуулах үүргийг орон тооны бус Удирдах зөвлөл гүйцэтгэнэ.
5.2 Хөтөлбөрийг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулна.
5.3. Удирдах зөвлөлийн ажлын албаны үүргийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ. Удирдах зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн даргын үүргийг Эрүүл мэндийн яамны "Эрүүл хот" хөтөлбөрийн үндэсний зохицуулагч гүйцэтгэнэ.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
6.1.2. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
6.1.3. олон улсын байгууллага, хандивлагч орны төсөл, зээл, тусламж болон төсөв, хөтөлбөрийн санхүүжилт;
6.1.4. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ,
шалгуур үзүүлэлт
7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
7.2. Хөтөлбөрийн үр дүнг дүгнэхдээ 2011 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг суурь үзүүлэлт болгон ашиглах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
7.3. Шалгуур үзүүлэлт:
№
|
Үзүүлэлт
|
2010 оны суурь түвшин (хувиар)
|
2016 онд хүрэх түвшин (хувиар)
|
Мэдээний эх үүсвэр
|
||
Эрүүл хот
|
|
|||||
1
|
Гэрийн хорооллын хүн амын ундны ус түгээх худгийн тоо
|
549
|
700
|
НЗДТГ
|
||
2
|
Сайжруулсан ариун цэврийн байгууламж хэрэглэж байгаа хүн амын эзлэх хувь
|
41
|
51
|
НЗДТГ
|
||
3
|
Гэмт хэргийн гаралтын тоо, үүнээс нас барсан хүний тоо
|
10863/665
|
Буурсан байна
|
НЗДТГ
|
||
4
|
Хотын ногоон байгууламжийн талбай
|
1925га
|
Нэмэгдсэн байна
|
НЗДТГ, БОАЖЯ
|
||
5
|
Хотын тамхигүй орчин бүрдүүлсэн рестораны тоо
|
5
|
Нэмэгдсэн байна
|
НЗДТГ, НЭМГ
|
||
Эрүүл дүүрэг
|
|
|||||
1
|
Дүүргийн гэр хорооллын цэвэр усны хэсгийн системд холбогдсон:
-өрхийн тоо
-байгууллагын тоо
Үүнээс бохир усны системд холбогдсон:
-өрхийн тоо
-байгууллагын тоо
|
159
167
86
26
|
Нэмэгдсэн байна
|
НЗДТГ
НЭМГ
|
||
2
|
Дүүргийн орон сууцанд амьдардаг өрхийн эзлэх хувь
|
38,2
|
Нэмэгдсэн байна
|
НЗДТГ, НЭМГ,
ҮСХ
|
||
3
|
Дүүрэгт баригдсан орчин үеийн шаардлагад нийцсэн нийтийн бие засах газрын тоо
|
16
|
20
|
НЗДТГ, НЭМГ
|
||
Эрүүл сум, баг
|
|
|||||
1
|
Ундны ус түгээх байрны тоо
|
30
|
Нэмэгдсэн байна
|
МХЕГ, УГ
|
||
2
|
Усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулсан сумын тоо
|
50
|
Нэмэгдсэн байна
|
МХЕГ, УГ
|
||
Эрүүл ажлын байр
|
|
|||||
1
|
Үйлдвэрлэлийн осол гэмтлийн тоо, үүнээс нас барсан хүний тоо
|
32
|
Буурсан байна
|
НЭМГ, ЭМГ
|
||
2
|
Тамхигүй орчин бүрдүүлсэн албан байгууллагын тоо
|
4
|
Нэмэгдсэн байна
|
НЭМГ, ЭМГ
|
||
3
|
Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоо
|
14
|
Нэмэгдсэн байна
|
НЭМГ, ЭМГ
|
||
Эрүүл сургууль
|
|
|||||
1
|
Эрүүл мэндийг дэмжигч ерөнхий боловсролын сургуулийн эзлэх хувь
|
3.6%
|
20%
|
НЭМГ,
БСШУЯ
|
||
2
|
Стандартын шаардлага хангасан бие засах газартай сургууль, цэцэрлэгийн хувь
|
11.8%
|
30%
|
БСШУЯ
|
---оОо---
Текст томруулах
A
A
A