A

A

A

Бүлэг: 1979

                                                                                              Монгол Улсын Засгийн газрын 2011 оны

364 дүгээр тогтоолын хавсралт



ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН
ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

/ЗГ-ын 2017 оны 7-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Ерөнхий зүйл



1.1. Өрхийн эрүүл мэндийн төв (цаашид "төв" гэх) нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн.

1.2. Төв нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS5292:2011" стандарт болон энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Төв нь нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд байна. Төвийг нийслэл, аймгийн төв болон нэгдсэн эмнэлэг бүхий бусад суурин газарт байгуулна.

1.4. Төв нь улсын бүртгэлд бүртгүүлэн холбогдох хууль, журмын дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байна. Төвийг үүсгэн байгуулах, өөрчлөх, нэгдэх, татан буулгахтай холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай, Нөхөрлөлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

1.5. Төв нь оноосон нэртэй байх бөгөөд зохих журмын дагуу баталгаажсан тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.6. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь төвийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.


 

Хоёр: Төвийн бүтэц, зохион байгуулалт, удирдлага



2.1. Төв нь "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS5292-2011" стандартад заасан бүтэцтэй байна.

2.2. Төв нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүний нөөц, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм, хэрэгсэл, байраар хангагдсан байхаар үйл ажиллагааг зохион байгуулна.

2.3. Төв нь нөхөрлөлийн аль ч хэлбэрээр зохион байгуулагдаж болох бөгөөд нийт эмч, мэргэжилтний 60-аас доошгүй хувь нь нөхөрлөлийн гишүүнд хамрагдсан байна.

2.4. Гишүүд нөхөрлөлд орох, нөхөрлөлөөс гарах, хасагдах асуудлыг Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулна.

2.5. Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүд олонхийн саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ.

2.6. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө. Төвийн дарга нь ил тод, нээлттэй байдлыг үйл ажиллагааны үндсэн зарчмаа болгож, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

2.7. Төвийн дарга нь хүний их эмч мэргэжилтэй, өрхийн эмчийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн зэрэгтэй, удирдахуйн ухааны мэдлэг, дадлага эзэмшсэн, хамт олны дунд нэр хүндтэй, багаар ажиллах чадвартай хүн байна.

2.8. Зайлшгүй тохиолдолд төвийн дарга нь өөрийгөө орлон ажиллах хүнийг томилон ажиллуулж болно.

2.9. Төвийн дарга нь гэрээ, бусад эрх зүйн баримтыг баталгаажуулах, байгууллагын хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөө, хөрөнгийн зарцуулалтыг хамт олны хурлаар хэлэлцүүлэн батлуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллан хамт олныг мэдээллээр хангана.

2.10. Төвийн дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэн баталж, мөрдөн ажиллана.

 

Гурав. Төвийн санхүүжилт



3.1 Төвийн санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн санхүүжилт, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

3.2. Төсвийн санхүүжилтийг нэг иргэнд ногдох зардлаар тооцож олгоно.

3.3. Төв нь үйлчлэх хүрээний иргэдийн тоог хагас жил тутамд гарган аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.

3.4. Оршин суух бүртгэлгүй боловч тухайн төвөөр үйлчлүүлсэн болон түр оршин суугаа иргэдийн сүүлийн 3 жилийн дундаж, тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн хүн амын шилжилт хөдөлгөөний дундажийг тооцоолж нэмэлт санхүүжилт олгож болно.

3.5. Төв нь төсвийн гүйцэтгэлийн мэдээг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан бараа, үйлчилгээний зардлын бүлэглэлээр гарган сар бүр харьяа аймаг, дүүргийн Төрийн сангийн газарт хүргүүлнэ.

3.6. Санхүүгийн тайланг "Нэгтгэсэн санхүүгийн тайлан ба хяналтад байгаа байгууллагын нягтлан бодох бүртгэл" стандартын дагуу гаргаж тайлангийн нэгтгэлд хамруулна.


 

Дөрөв. Төвийн үйл ажиллагаа
 


4.1. Төв нь Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй, чанартай, хүртээмжтэй үзүүлнэ.

4.2. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлж, шаардлагатай лавлагаа, тусламжийг цаг алдалгүй зохион байгуулан тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллана.

4.3. Түр оршин суугч болон бүртгэлгүй иргэдэд тусламж үйлчилгээг мөн адил тэгш хүртээмжтэй үзүүлнэ.

4.4. Гамшиг, осол, нийтийг хамарсан халдварт өвчний үед харьяа эрүүл мэндийн газрын шийдвэрийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлнэ.

4.5. Хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандан судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулан, үр дүнг тооцож ажиллана.

4.6. Эрүүл мэндийг дэмжигч иргэн, өрх, байр, гудамж байгууллага болох хөдөлгөөнийг өрнүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.

4.7. Эрүүл мэндийн сайн дурын идэвхтнийг бэлтгэн, тэднийг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлст татан оролцуулна.

4.8. Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа олон нийтийн байгууллага, хөдөлгөөн, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.

4.9. Харьяалах шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, цагдаа, бүртгэлийн байгууллагын дэмжлэгийг авч, эрүүл мэндийн талаархи мэдээллээр ханган, хамтарч ажиллана.


 

Тав. Төвийн гэрээ



5.1. Төв нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлаар жил бүр гэрээ байгуулж ажиллана. Улаанбаатар хотод нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн дүүргийн Засаг дарга, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, орон нутагт аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар гэрээ байгуулна.

5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, дүгнэх журмыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

5.3. Гэрээг жилд нэг удаа 3 талын төлөөлөл оролцсон баг ил тод, шударга нээлттэй зарчмыг баримтлан дүгнэж, үр дүнг үйлчлэх хүрээний хүн амд танилцуулна.

5.4. Гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээний дагуу хариуцлага тооцож, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Гэрээг цуцалсан тохиолдолд сонгон шалгаруулалтын зарчмаар дараагийн өрхийн эрүүл мэндийн төвийн багийг шалгаруулна. Төвийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах хүртэлх хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй явуулах үүргийг өмнө нь гэрээ байгуулсан өрхийн эрүүл мэндийн төв гүйцэтгэнэ.

5.5. Төвийг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.



Зургаа . Төвийн үүрэг, эрх



6.1. Төв нь дараахь үүргийг хүлээнэ:

6.1.1. Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн байгууллагын нийтлэг үүрэг;

6.1.2. байгууллагын үндсэн зорилт, зорилго, чиг үүргийг тодорхойлон, үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр гарган хэрэгжилтийг хангаж ажиллах;

6.1.3. үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх, өрхийн эмчээ сонгох, тусламж, үйлчилгээ авах ээлтэй орчин бүрдүүлэх;

6.1.4. тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх, зөвлөгөө өгөх цогц аргыг эзэмшин иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах;

6.1.5. төвийн ажилтнууд нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэх;

6.1.6. эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эм болон эрүүл мэнд, нийгмийн халамж, зайлшгүй үйлчилгээний талаархи мэдээллээр иргэдийг хангаж ажиллах;

6.1.7. эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан анхан шатны маягтыг хөтөлж, тайлан мэдээг хугацаанд нь гаргаж, хүргүүлэх;

6.1.8. өмч, хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих;

6.1.9. эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах боломж нөхцөлөөр хангах;

6.1.10 ажилтны нийгмийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх.

6.2. Төв нь дараахь эрхийг эдэлнэ:

6.2.1.Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн байгууллагын нийтлэг эрхийг эдлэх;

6.2.2. нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн шинэ санаа, санаачилга дэвшүүлэх, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх;

6.2.3. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулахад иргэн, гэр бүл, хамт олныг оролцуулах, аж ахуйн нэгж, байгууллагад эрүүл ахуй, халдвар хамгааллын хэвийн нөхцөлийг хангуулахад чиглэсэн заавар, зөвлөгөө өгөх, шаардлага тавих;

6.2.4. хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй асуудлыг орон нутгийн засаг захиргаанд тавьж, шийдвэрлүүлэх;

6.2.5. төвийн үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх;

6.2.6. хүн амын тоо, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнгээс хамааруулан ажилтнуудын цалин тогтоох, нэмэгдэл олгох;

6.2.7. тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж авах;

6.2.8. Эрүүл мэндийн тухай хуульд заасан нийгмийн баталгааг эдэлж, нэмэгдэл хөлс, нөхөн төлбөр авах.



Долоо. Бусад



7.1. Төв нь төрийн болон орон нутгийн өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу ашиглана.

7.2. Улс, орон нутгийн төсөв, төсөл, хандив, хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн хөрөнгийг аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлнэ. Өмчийн ашиглалт, хамгаалалтад орон нутгийн өмчийн харилцааны газар хяналт тавьж ажиллана.

7.3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор өөрийн төвийн хөрөнгөөр худалдан авсан аливаа хөрөнгийг төвийн өмч болгон бүртгэнэ.

7.4. Төвийн байрны их засварыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Барилгын урсгал засварыг төв хариуцан тухай бүр хийж гүйцэтгэнэ.

7.5. Төв татан буугдсан тохиолдолд талуудын төлөөллийг оролцуулан төвийн хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагааг аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцан гүйцэтгэнэ.

7.6. Хүн амын тоо, тусламж, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагын дагуу өрхийн эрүүл мэндийн төв шинээр байгуулах тохиолдолд хэрэгцээтэй байр, хөрөнгө, эмнэлгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг орон нутгийн захиргаа хариуцаж, шийдвэрлэнэ.



 

---оОо---