A

A

A

Бүлэг: 1979
                                                                                       Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 375 дугаар
                                                                                       тогтоолын 1 дүгээр хавсралт


                                                ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
                                                          БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

                                                                           Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (цаашид "сан" гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Сан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

1.3 Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хариуцна.

1.4. Сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан (цаашид "дэд сан" гэх)-тай байна.

1.5. Сангийн харилцах дансны 1 болон 2 дугаар гарын үсгийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга болон сан хариуцсан нягтлан бодогч, дэд сангийн харилцах дансны 1 болон 2 дугаар гарын үсгийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга болон нягтлан бодогч тус тус зурна.

                                                                  Хоёр. Сангийн орлогын эх үүсвэр

2.1. Сангийн хөрөнгө нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Дэд санд аймаг, нийслэл, дүүргийн төсвөөс жил бүр олгох хөрөнгийн хэмжээ нь тухайн төсвийн орлогын 0,3 хувиас доошгүй байна.

2.3. Орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, дэд санд төвлөрүүлнэ.

2.4. Гадаад улс, олон улсын байгууллага, дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс аливаа нөхцөл, болзол тавьсан хөрөнгийн эх үүсвэрийг санд оруулахыг хориглоно.

                                                                          Гурав. Сангийн зарцуулалт

3.1. Сангийн хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.

3.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22.1.6, 22.1.7-д заасан эх үүсвэрийг дараахь зориулалтаар зарцуулна:

3.2.1. гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд оруулсан хандив, тусламжийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зориулан олгосон чиглэл, гэрээний дагуу;

3.2.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй ажлын байрны төлбөрөөс төвлөрүүлсэн хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу.

3.3. Аймаг, нийслэл, дүүргийн төсвөөс дэд санд хуваарилсан хөрөнгийг тухайн орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зориулсан чиглэл, зорилтот арга хэмжээнд зарцуулна.

3.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээний зардлын төрөл, хамрагдах иргэнд тавигдах шалгуурыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний зардлын төрөл, хамрагдах иргэнд тавигдах шалгуурыг Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрт заасны дагуу тус тус тодорхойлно.

                                                           Дөрөв. Сангийн орлого, зарлагын төсөв

4.1. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага тухайн жилд орон нутагтаа хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, тэдгээрт сан болон дэд сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад өмнөх оны 7 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

4.2. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын төсвөөс санд олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагыг төлөвлөж, жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.3. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь санд жил бүр улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагын жилийн төлөвлөгөөг хянан улсын хэмжээгээр нэгтгэж, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн саналыг тусган жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.4. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сангийн орлого, зарлагыг хянаж жил бүрийн төсвийн төсөлд тусгана.

4.5. Санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг ажилгүйдлийн түвшин, ажиллах хүчний оролцооны болон хөдөлмөр эрхлэлтийн түвшинг харгалзан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.

4.6. Сангийн тухайн жилийн төсвийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас боловсруулж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.7. Сангийн батлагдсан төсвийг аймаг, нийслэл, дүүрэгт хуваарилахдаа хүн амын тоо, ажилгүйдэл, ядуурлын түвшин, хамрагдах хүний тоо зэргийг үндэслэн аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын саналыг харгалзан, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. Энэхүү хуваарийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр сард багтаан хүргүүлж байна.

4.8. Сангийн хагас жилийн болон жилийн төсвийн тайланг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

                                               Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт, тайлан

5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг хөтлөх, сангаас олгох хөрөнгийн хэмжээг тодорхойлох, тогтоосон хугацаанд олгох, хяналт тавих, зохион байгуулах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага гүйцэтгэнэ.

5.2. Сангийн бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дангаар болон холбогдох асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталж мөрдүүлнэ.

5.3. Сангийн зарцуулалтад Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналт, Үндэсний аудитын газар, тэдгээрийн харьяа байгууллагууд тус тус эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

5.4. Сангийн үйл ажиллагаанд мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд жил бүр танилцуулна.

5.5. Сангийн орлого, зарлагын тайланг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 25.1-д заасан хугацаанд гаргана.

5.6. Сан, дэд сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэм буруутай албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.




                                                                                          ...о0о...