- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ЖУРАМ /ЗГ-ын 2016 оны 276-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2011 оны 375 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ
ЗЭЭЛ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
/ЗГ-ын 2016 оны 276-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.3, 12.4, 12.8.4, 12.9-д заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (цаашид "сан" гэх)-гаас олгох жижиг зээл, зээлийн хүүгийн төлбөр, санхүүгийн дэмжлэг нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, өргөтгөх, үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, ажлын байр шинээр бий болгох боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
1.3. Сангаас жижиг зээл олгох, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг банкаар дамжуулан гүйцэтгэнэ.
Хоёр. Жижиг зээл олгох
2.1. Жижиг зээл олгох үйл ажиллагаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэн, ажил олоход хүндрэлтэй болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн хамрагдана.
2.2. Энэ журмын 1.3-т заасан банкыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулна. Шалгарсан банктай хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрээ байгуулж, тухайн жилд төсөвлөгдсөн хөрөнгийг дансанд нь байршуулна.
2.3. Банкинд байршуулсан зээлийн хөрөнгөд аливаа хүү, төлбөр төлөхгүй.
2.4. Жижиг зээл олгох үйл ажиллагаа эрхлэх банк нь дараахь нөхцөлийг хангасан байна:
2.4.1 Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 10 сарын турш хангасан тухай Монголбанкны дүгнэлт гаргуулсан байх;
2.4.2 зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг сангийн өмнө хариуцахаа илэрхийлж баталгаа гаргасан байх;
2.4.3. жижиг зээлийн хүүгийн хэмжээ нь тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх;
2.4.4. жижиг зээл олгохтой холбогдсон тусгай шаардлагыг хангасан байх.
2.5. Энэ журмын 2.1-д заасан иргэн тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд зээл авахыг хүссэн өргөдөл, төслөө гаргана.
2.6. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан нь иргэний хүсэлтийг хүлээн аваад төсөл хэрэгжсэнээр бий болох ажлын байрны тоо, хүссэн зээлийн хэмжээ, төслийн хэрэгжих боломжийг харгалзан зээл олгохыг дэмжих тухай тодорхойлолт гаргаж банкинд хүргүүлнэ. Хэрэв аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь тухайн иргэний зээлийн барьцааны тодорхой хэсэгт баталгаа гаргаж байгаа бол энэ тухай мэдээллийг тодорхойлолтод оруулна. Энэхүү тодорхойлолт нь зээл олгоход шаардагдах баримт бичгийн бүрдэл хэсэг болно. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тодорхойлолт байхгүй бол банк зээл олгохгүй.
2.7. Жижиг зээл олгох эсэх асуудлыг банк шийдвэрлэнэ. Банк зээл олгохоор шийдвэрлэсний дараа зээлдэгч нь тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага эсхүл сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтантай ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах асуудлаар гэрээ байгуулна.
2.8. Жижиг зээлийг хоёр жил хүртэл хугацаагаар олгоно. Зээлийн дээд хэмжээ нь малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд арван сая хүртэл төгрөг байна.
Гурав. Зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх
3.1. Сангаас зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.7-д заасан ажил олоход хүндрэлтэй иргэн хамрагдана.
3.2. Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслэл зэргийг худалдан авахад зориулж сангаас хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө.
3.3. Иргэний хүсэлт, зээлийн гэрээ, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт, материал, түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслэл зэргийг худалдан авсан санхүүгийн баримтыг үндэслэн жил бүрийн эхний улиралд багтаан аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас зээлдэгчид зээлийн хүүгийн төлбөрийн тухайн жилд ногдох хэсгийг сангаас нөхөн төлнө.
Дөрөв. Санхүүгийн дэмжлэг олгох
4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг олгоно.
4.2. Энэ журмын 4.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, олгох нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт нарийвчлан тусгана.
Тав. Жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох
үйл ажиллагааг тайлагнах, хяналт тавих
5.1. Сангийн хөрөнгөөс жижиг зээл олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаа (цаашид "үйл ажиллагаа" гэх)-ны хэрэгжилтэд хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний болон аймаг, дүүргийн зөвлөл хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгэж болно.
5.2. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүргийг гэрээ байгуулсан талууд хариуцна.
5.3. Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон бол дэмжлэгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.
5.4. Санхүүгийн дэмжлэг олгосон албан тушаалтан болон санхүүгийн дэмжлэг авсан иргэн сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эсхүл хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 33.1.3-т заасны дагуу хариуцлага тооцно.
5.5. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгосон зээлийн хүүг нөхөн төлсөн талаархи тайланг дараа сарын 3-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараа сарын 5-ны дотор хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A