- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОВОР АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ /ЗГ-ын 2013-3-16-ны 93-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ХОВОР АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ
ОЛГОХ ЖУРАМ
/ЗГ-ын 2013-3-16-ны 93-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Зорилго
1.1. Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
Хоёр. Ховор амьтан агнах, барих зөвшөөрлийн
төрөл, зөвшөөрөл олгох маягт
2.1. Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл нь дараахь төрөлтэй байна:
2.1.1. судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих;
2.1.2. гадаадын болон Монгол Улсын иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр агнах, барих;
2.1.3. сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнах, барих.
2.2. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (цаашид "Төрийн захиргааны төв байгууллага" гэх) нь энэхүү журмын 2.1.3-т зааснаас бусад тохиолдолд амьтан агнах, барих зөвшөөрлийг тусгай маягтаар олгоно. Тусгай маягтын загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Гурав. Судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний
зориулалтаар агнах, барих зөвшөөрөл олгох
3.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана.
3.2. Ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтэд амьтны зүйлийн нэр, тоо хэмжээ, агнах, барих аймаг, сум болон газар нутгийн нэр, хугацааг заасан байна.
3.3. Төрийн захиргааны төв байгууллага нь энэ төрлийн зөвшөөрлийг олгохдоо холбогдох төрийн болон эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт гаргуулж болно.
Дөрөв. Сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний
голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнах, барих
зөвшөөрөл олгох
4.1. Амьтны аймгийн тухай хуулийн 22.3, 22.4 дэх хэсэгт заасны дагуу сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага албан бичгээр олгоно.
Тав. Гадаадын болон Монгол Улсын иргэн спорт агнуур болон
олзворын ангийн чиглэлээр агнах, барих зөвшөөрөл олгох
5.1. Спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг дараахь байдлаар олгоно:
5.1.1. аж ахуйн нэгж, байгууллага нь спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр ховор амьтан агнах, барих хүсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор төрийн захиргааны төв байгууллагад гаргана;
5.1.2. Ан агнуурын тухай хуулийн 31.5.1-д заасан хугацаанд орон нутгаас ирүүлсэн санал болон энэхүү журмын 5.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллага хянан үзээд, тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох талаархи саналаа Засгийн газарт жил бүрийн 3 дугаар сарын 20-ны дотор хүргүүлсэн байна;
5.1.3. энэхүү журмын 5.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох хуваарьт оруулах саналыг тухайн асуудлыг хариуцсан газар, хэлтэс боловсруулна;
5.1.4. тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталснаас хойш ажлын 14 хоногт багтаан энэхүү журмын 5.1.3-т заасан саналыг үндэслэн ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох хуваарийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;
5.1.5. хуваарьт орсон аж ахуйн нэгж, байгууллагад ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг энэхүү журмын 5.1.3-т заасан газар, хэлтэс олгоно;
5.1.6. хуваарьт орсон аж ахуйн нэгж, байгууллага нь ховор амьтан агнах, барих зөвшөөрөл авахдаа агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын бүс нутгаас агнахаар тухайн сумын Засаг даргатай гэрээ байгуулж, аймгийн Засаг даргаар батлуулсан байна. Энэхүү гэрээний эх хувийг төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ;
5.1.7. энэхүү журмын 5.1.6-д заасан агнуурын бүс нутгийг байгаль хамгаалах иргэний нөхөрлөл хариуцан хамгаалж, эзэмшиж байгаа тохиолдолд сумын Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн нөхөрлөл гурвалсан гэрээ байгуулна.
5.2. Ховор амьтан агнах, барих ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
5.2.1. гадаадын болон дотоодын анчдад зуучлан ан хийлгэх мэргэжлийн боловсон хүчинтэй байх;
5.2.2. ан амьтны холбогдолтой аливаа хууль тогтоомжийн ямар нэгэн зөрчилгүй байх;
5.2.3. агнуулах ангийн төлбөр, хураамжийг цаг тухайд (зөвшөөрөл авахдаа урьдчилгаа болох 30 хувийг, үлдэх хэсгийг 11 дүгээр сарын сарын 10-ны дотор) нь бүрэн төлж барагдуулсан байх;
5.2.4. спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр амьтан агнах, барих хүсэлтийг энэхүү журмын 5.1.1-д заасан хугацаанд багтаан ирүүлсэн байх;
5.2.5. агнуурын бүс нутгийг хариуцан хамгаалж, эзэмшиж байгаа нөхөрлөлүүдийг дэмжиж, хамтран ажилладаг байх;
5.2.6. ховор амьтан хамгаалах, ган зуд зэрэг байгалийн бэрхшээл, гамшиг тохиолдсон үед ан амьтанд зориулан хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, булаг шанд задгайлах, худаг ус гаргах зэргээр биотехникийн арга хэмжээ авах, халдварт өвчний голомтийг устгах чиглэлээр орон нутагтай хамтран ажилладаг байх;
5.2.7. урьд онд хуваарилагдсан ан агнуурыг гэрээ байгуулсан орон нутагт болон тогтоосон хугацаанд нь өөрөө хариуцан хуулийн дагуу зохион байгуулсан байх;
5.2.8. гадаад, дотоодын анчдад үзүүлсэн ажил үйлчилгээ, ан агнуурын талаар анчид болон орон нутгаас гомдол гараагүй байх;
5.2.9. спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр амьтан агнах, барихдаа Ан агнуурын тухай хуульд заасан хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглээгүй, хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байх.
Зургаа. Бусад зүйл
6.1. Амьтны аймгийн тухай хуулийн 15.2-т заасан зориулалтаар ховор амьтныг амьдаар барих зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
6.2. Засгийн газраас тогтоосон ан амьтны олон улсын дуудлага худалдааг зохион байгуулах эрхийг энэхүү журмын 5.1.4-т заасан ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох хуваарьт орсон аж ахуйн нэгж, байгуулагад олгохыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
6.3. Энэхүү журмын 5.1.6-д заасан ховор амьтан агнах, барих ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг аймгийн Засаг даргын тамгын газар дүгнэж, биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A