A

A

A

Бүлэг: 1979

                                                                                         Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 2 дугаар
                                                                                         тогтоолын хавсралт


ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2016-1-4-ний өдрийн 16-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


Нэг. Нийтлэг үндэслэл



Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа боловч хүн амын ядуурлын түвшин буурахгүй байна.

Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний 2002-2003 оны судалгаагаар ядуурлын түвшин 36.1 хувь байсан бол 2006-2007 оны судалгаагаар 35.2 хувь, Өрхийн нийгэм, эдийн засгийн 2009 оны судалгаагаар 38.7 хувь, 2010 оны судалгаагаар 39.2 хувь болжээ. Түүнчлэн ядуурлын гүнзгийрэлт, мэдрэмж төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Хөдөө, орон нутагт ажлын байр бий болохгүй, иргэдийн мэргэжлийн ур чадвар ажлын байрны шаардлагыг хангахгүй, олонхи ажлын байранд ядуурлаас ангижрах хэмжээний цалин хөлс олгохгүй байгаа зэрэг нь үүнд нөлөөлснийг судалгааны үр дүн харуулж байна.

Ядууралд хүн амын байршил, өрхийн ам бүлийн тоо, өрхийн тэргүүний хөдөлмөр эрхлэлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Ядуурлын хамралтын хүрээ Улаанбаатарт хамгийн бага буюу 29.8 хувь, сумын төвд 38.8 хувь, хөдөөд хамгийн их буюу 54.2 хувь байна. Түүнчлэн 1-4 ам бүлтэй өрхийн 9.2-32.9 хувь, 6-гаас дээш ам бүлтэй өрхийн 53.9-73.1 хувь, өрхийн тэргүүн нь хөдөө аж ахуйд ажилладаг өрхийн 54.6 хувь, өрхийн тэргүүн нь ажилгүй өрхийн 51.0 хувь нь ядуу байна .

Засгийн газраас 1996-2000 онд Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр, 2001-2008 онд Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн билээ. Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр Тогтвортой амьжиргаа, Хөдөөгийн ядуурлыг тогтвортой бууруулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралтай, төсвийн хомсдолтой үед нийгмийн үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх, иргэдийн бизнесийн үүсгэл санаачилгыг дэмжих, өрхийн орлого, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтийг нийгмийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад түлхүү чиглүүлж, өрх гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлага байсаар байна.

Иймд өрхийг гишүүдийнх нь оролцоо, санаачилга дээр тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн зэрэг багц үйлчилгээгээр дэмжин хөгжүүлж, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад дэвшүүлсэн "Амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2015 он гэхэд 1990 онтой харьцуулахад 2 дахин бууруулах" зорилтыг хэрэгжүүлэх талаар бодитой ажил зохион байгуулах нь чухал байна.

Дээр дурдсан бодит нөхцөл байдал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд болон Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалт нь "Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр" (цаашид "хөтөлбөр" гэх)-ийг батлах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн асуудлаар бусад хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх эрх зүйн болон практик үндэслэл болж байна.



Хоёр. Хөтөлбөрийн зорилго



Энэхүү хөтөлбөрийн зорилго нь боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн зэрэг үйлчилгээг өрхийн гишүүдийн хүсэл, хэрэгцээ, санаачилга дээр тулгуурлан багцлан хүргэх замаар өрхийн хөгжлийг дэмжиж, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд оршино.



Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим



3.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

3.1.1. өрхийн хэрэгцээ, гишүүдийн оролцоо, санаачилга, чадамжийг харгалзах;

3.1.2. орон нутаг, олон нийтийн оролцоонд тулгуурлах;

3.1.3 хөтөлбөрт өрх, түүний гишүүд сайн дурын үндсэн дээр хамрагдах;

3.1.4. өрхийн хөгжих эрмэлзэл, санаачилгыг урамшуулах;

3.1.5. үйл ажиллагааны ил тод байдлыг хангах;

3.1.6. өрхөд нийгмийн үйлчилгээг багцлан хүргэх.

Дөрөв. Хөтөлбөрт хамруулах өрх, түүнд тавигдах шаардлага



4.1. Монгол Улсын нийт өрхийн 15-аас доошгүй хувийг эзэлж байгаа хамгийн бага хэрэглээтэй 130.0 мянган өрхийг эхний ээлжинд хамруулна.

4.2. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд дараахь шаардлагыг хангасан өрх хамрагдана:

4.2.1. орлогыг орлуулан тооцох аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж, мэдээллийн баазын бага хэрэглээтэй бүлэгт орсон, хэрэв ийм судалгаа хийгдээгүй бол сум, хорооны түвшинд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатайг нь тогтоож, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар баталгаажуулсан байх;
4.2.2. өрхийн нөхцөл байдлын үнэлгээгээр заавал хөгжих өрхийн бүлэгт хамрагдсан байх ;

4.2.3. өрхийн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж, хөтөлбөрт хамрагдах хүсэлт (өргөдөл)-ээ албан ёсоор гаргасан байх.



Тав. Өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг
дэмжих чиглэлээр явуулах үйл ажиллагаа



5.1. Энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийг өөрсдийнх нь хүсэлт, Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн дараахь нийтлэг үйлчилгээнд хамруулна:

5.1.1. аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржид ажил хайгчийн бүртгэлд бүртгүүлэх;

5.1.2. хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржээс ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

5.1.3. ажилд зуучлах.

5.2. Энэ хөтөлбөрийн 5.1-д заасан иргэн 5.1.1-5.1.3-т заасан үйлчилгээ авснаар ажилд орсон бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд хамруулж тухайн ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллахыг дэмжинэ.

5.3. Энэ хөтөлбөрийн 5.1-д заасан иргэн 5.1.1-5.1.3-т заасан үйлчилгээ авсны дараа ажилд орж чадаагүй, эсхүл ажилд орох магадлал багатай (мэргэжил, ур чадвар, ажлын дадлагагүй гэх зэрэг) байгаа бол дараахь хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих арга хэмжээ авна:

5.3.1. хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамруулж хүнтэй харилцах ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох, хөдөлмөрийн дэг журам, үйлдвэрлэлийн горимд дасан зохицоход нь туслах зэрэг зайлшгүй хэрэгцээт багц үйлчилгээ, дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлж, зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх;

5.3.2. хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрт хамруулж, үйлдвэрлэл дээрх сургалт, мэргэжлийн болон давтан сургалт, явуулын болон зайны сургалт, шавь сургалтад хамруулж, уг сургалтын болон сургалтад хамрагдах хугацаанд нь хоол, унааны хөнгөлөлтийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх;

5.3.3. нийтийг хамарсан ажлын хөтөлбөрт хамруулж, ажлын хөлс, тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх;

5.3.4. хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэр, орон нутгийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа бусад төсөл, хөтөлбөрт хамруулах.

5.4. Энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн хөдөлмөрийн насны гишүүн энэ хөтөлбөрийн 5.1-д заасан үйлчилгээ авахгүйгээр хувиараа хөдөлмөр эрхлэх, эрхэлж байгаа аж ахуй, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлт гаргасан бол Өрхийн хөгжлийн төлөвлөгөө, уг иргэний аж ахуй эрхлэх ур чадвар, дадлага, туршлагыг харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих арга хэмжээнд хамруулж дараахь дэмжлэг үзүүлнэ:

5.4.1. аж ахуй, бизнесийн үйл ажиллагааны талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

5.4.2. аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах;

5.4.3. жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт хамруулж 5 хүртэл (нөхөрлөл, хоршоо байгуулах бол 10 хүртэл) сая төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаатай олгох, 2 сая хүртэл төгрөгийн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлөх;

5.4.4. бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах.

5.5. Энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн хөдөлмөрийн насны гишүүн уг хөтөлбөрийн 5.1, 5.3.1, 5.3.2-т заасан үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдсанаар байнгын ажлын байртай болж чадаагүй, эсвэл 5.4-т заасан (зээлийн) арга хэмжээнд хамрагдах боломжгүй бол ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулж тусгайлсан арга хэмжээ авна.

5.6. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, сум хөгжүүлэх, хоршоог дэмжих, "Тогтвортой амьжиргаа", "Монгол мал", "Ногоон хувьсгал", "Ойн үндэсний хөтөлбөр" зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бусад төсөл, хөтөлбөрт энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн гишүүдийг хамруулах арга хэмжээг холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.


Зургаа. Өрхийн гишүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах
чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа



6.1. Энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн гишүүнд Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу дараахь дэмжлэг туслалцаа үзүүлнэ:

6.1.1. өрхийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн, бүтэн болон хагас өнчин 18 нас хүрээгүй хүүхдэд нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгоход шаардагдах бичиг баримттай холбоотой хүндрэл бэрхшээл байгаа бол түүнийгээ арилгахад нь туслах;

6.1.2. өрхийн гишүүд Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхийг нягтлан үзэж, зохих журмын дагуу хамруулах;

6.1.3. олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд өрхийн гишүүдийг зохих журмын дагуу хамруулах;

6.1.4. өөрийнх нь болон өрхийн гишүүдийн хүсэлтийг харгалзан өрхийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнийг зохих журмын дагуу гэрээр болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах;

6.1.5. өрхийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдэд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд заасан тусламж, хөнгөлөлтийг зохих журмын дагуу олгох;

6.1.6. өрхийн гишүүд Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу хишиг хувь, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийн дагуу нэмэгдэл, түүнчлэн төрөөс иргэдэд зохион байгуулалттайгаар олгож байгаа хувьцаа, нөхөн төлбөр зэргийг авч чадахгүй байгаа бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

6.1.7. хууль тогтоомжид заасан болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу бусад дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх.



Долоо. Өрхийн гишүүдийн боловсролыг дэмжих
чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа



7.1. Энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн гишүүнд Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд дараахь дэмжлэг туслалцаа үзүүлнэ:

7.1.1. хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах, ялангуяа эцэг, эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог, оршин суугаа газрын байршил зэргийг харгалзан тэдний санал хүсэлт, хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн тусгай, сувиллын, асрамжийн цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэгийн уртасгасан болон богиносгосон цагийн бүлэг, 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгт хамруулах;

7.1.2. суурь боловсрол эзэмших насны хүүхдийг сургуульд хамрагдах, завсардалгүй суралцах боломжийг бүрдүүлэх үүднээс сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас зэргийн үнийг хөнгөлөх, чөлөөлөх, дотуур байраар хангах, "Үдийн цай", "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах (хэрвээ эдгээр хөтөлбөр зорилтот бүлэгт хамаарах бол) зэрэг асуудлыг эхний ээлжинд зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;

7.1.3. сургууль завсардсан хүүхдийг албан бус сургалтад хамруулж дүйцүүлэх хөтөлбөрөөр зохих шатны боловсролыг эзэмшүүлэх, уг сургалтад хамрагдаж байгаа хүүхдэд энэ хөтөлбөрийн 7.1.2-т заасан, хөнгөлөлт үйлчилгээг үзүүлэх;

7.1.4. сургалтын албан ба дүйцүүлэх хөтөлбөрөөр суурь боловсрол эзэмшсэн хүүхэд, өрхийн насанд хүрсэн гишүүнийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцуулах асуудлыг зохих журмын дагуу эхний ээлжинд шийдвэрлэх;

7.1.5. ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги төгсөж, зохих журмын дагуу их, дээд сургууль, коллежид суралцах эрх авсан хүүхэд, өрхийн гишүүнд Дээд боловсролын тухай хуулийн 19.2-т заасны дагуу тэтгэлэг, буцалтгүй тусламж, зээл олгох, хувийн хэвшлийн байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлыг шийдвэрлэх;

7.1.6. хууль тогтоомжид заасан болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу бусад дэмжлэг үзүүлэх.



Найм. Өрхийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих
чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа



8.1. Энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн гишүүнд Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд дараахь дэмжлэг, туслалцаа үзүүлнэ:

8.1.1. өрхийн гишүүн бүрийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалд хамруулах;

8.1.2. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өрхийн гишүүнийг Эрүүл мэндийн тухай болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, холбогдох эрхийн актын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах;

8.1.3. өрхийн гишүүдийг нийгмийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт, вакцинжуулалтад хамруулах, шаардлагатай бол төрөх насны эмэгтэйчүүдийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээр хангах арга хэмжээг тусгайлан зохион байгуулж, үр дүнг хянах;

8.1.4. өрхийн жирэмсэн эх, нярай хүүхэд, ахмад настан, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй гишүүн зэрэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх ажлыг тусгайлан зохион байгуулах;

8.1.5. эмчилгээ, үйлчилгээний зардлаас өрхөд учирч байгаа санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилгоор "Медкарт" зэрэг бага орлоготой хэсэгт зориулсан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
8.1.6. өрхийн гишүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг явуулын болон бусад зохимжтой хэлбэрээр тусгайлан зохион байгуулах;

8.1.7. өрхийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд өвчтэй гишүүнийг нөхөн сэргээх эмчилгээ, рашаан сувилал зэрэг тусламж, үйлчилгээнд эхний ээлжинд хамруулах ажлыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулах;

8.1.8. хууль тогтоомжид заасан болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу бусад дэмжлэг үзүүлэх.



Ес. Өрхийн гишүүдэд сэтгэл зүйн болон бусад дэмжлэг
үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа



9.1. Энэ хөтөлбөрийн 4.1-д заасан өрхийн гишүүнд дараахь сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлнэ:

9.1.1. өрхийн нөхцөл, байдлын үнэлгээ хийх сургалтад хамруулж, өрхийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох, Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад нь туслах;

9.1.2. архидан согтуурах, мансуурах, бусдыг хүчирхийлэх, тэнэх зэрэг сөрөг зан үйл, дадалтай өрхийн гишүүнд зан үйлээ өөрчлөхөд нь туслах сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, эрүүл аж төрөх, гэр бүлийн харилцаа, дотоод зөрчлийг шийдвэрлэх, хүчирхийллийн зан үйлийг өөрчлөх чиглэлээр ухуулга, сурталчилгаа хийх, сургалтад хамруулах зэрэг тусгайлсан үйлчилгээ, арга хэмжээг энэ чиглэлийн мэргэжилтэн болон мэргэшсэн төрийн бус байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулах;

9.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглах болон бусад үл хөдлөх хөрөнгийн холбогдолтой асуудлаа шийдвэрлэхэд нь өрхийн гишүүнд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх;

9.1.4. өрхийн гишүүдтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нутгийн захиргаанаас зохион байгуулж байгаа бусад үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах.

                                        Арав. Өрхийн амьжиргаа, хөгжлийн талаархи мэдээллийг
                                                     сайжруулж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх талаар
                                                                              хэрэгжүүлэх үйл ажиллагаа

10.1. Өрхийн амьжиргааны түвшин, хөгжлийн талаархи мэдээллийг сайжруулж, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хөтөлбөрт хамрагдсан өрхийн амьжиргаанд гарсан эерэг өөрчлөлт, хандлага, хөгжлийн явцыг хянах, тэдний амжилт, туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

10.1.1. ядуурлын түвшинг тодорхойлох арга зүй, аргачлалыг боловсронгуй болгож, ядуурал, хүн амын амьжиргааны түвшний талаархи тоо мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулж, мэдээллийн үнэн бодит байдлыг хангах;

10.1.2. орлогыг орлуулан тооцох аргаар амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан болон бусад судалгаа, үнэлгээгээр дэмжлэг, туслалцаа шаардлагатай гэж тодорхойлогдсон өрхийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

10.1.3. мэдээллийн нэгдсэн санг ашиглан хөтөлбөрт хамрагдсан өрхийн авч байгаа үйлчилгээний хүртээмж, чанарын байдалд хяналт-шинжилгээг жил бүр, өрхийн амьжиргаа, хөгжилд үзүүлсэн үр нөлөөний үнэлгээг 3 жилд нэг удаа хийх;

10.1.4. хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцогч талууд, амжилт олсон болон алдаа сургамж авсан өрхийн төлөөллийг оролцуулан уулзалт, сургалт, семинар зохион байгуулах;

10.1.5. хөтөлбөрт хамрагдаж байгаа өрхөд мэдээлэл өгөх, тэдний хамтран бүлэг байгуулах болон харилцан туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих уулзалт, семинарыг сум, хорооны болон аймаг, нийслэл, дүүргийн түвшинд зохион байгуулах;

10.1.6. хөтөлбөрт хамрагдсан өрхийн амьжиргаанд гарсан эерэг өөрчлөлт, хандлага, хөгжлийн явцын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, нэр хүндийг нь өргөх, хөтөлбөрт хамрагдаж байгаа бусад өрхөд зөвлөхөөр ажиллуулж, туршлагыг нь дэлгэрүүлэх;

10.1.7. амьжиргааны түвшний бүлгээсээ шат ахиж болон алгасаж дараагийн бүлэгт орсон, эсхүл хөтөлбөрөөс гарах хэмжээнд хөгжсөн өрхөд санхүүгийн болон эд материалын урамшуулал олгох;

10.1.8. ядуурал, ядуу өрх, иргэний талаархи олон нийтийн ойлголтыг өөрчлөх, эерэг хандлага бий болгох ухуулга, сурталчилгааг идэвхжүүлэх, орон нутгийн түвшинд дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрхөд туслах иргэдийн идэвх, санаачилгыг өрнүүлэх;

10.1.9. амьдрах арга ухаанаа олоогүй болон итгэл алдарсны улмаас хөгжих идэвх санаачилга нь суларсан өрхийн тэргүүн, бусад насанд хүрсэн гишүүдийн залхуурал, архидалт, санаачилгагүй байдал зэрэг сөрөг зан үйлийг өөрчлөхөд туслах үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах.

                                                         Арван нэг. Хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт,
                                                                                   оролцогч талуудын үүрэг оролцоо

11.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох бүх байгууллага, иргэдийн оролцоог хангах, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэний нийгмийн зүгээс тавих хөндлөнгийн хяналтыг сайжруулах, төр, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хандивлагчдын дэмжлэгийг өргөжүүлэх механизмыг бүрдүүлнэ.

11.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар дундын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилт, төсөв хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, үр дүнд үнэлгээ хийлгэх зэрэг чиг үүргийг Хүн амын хөгжлийн асуудлаархи Үндэсний хороо хэрэгжүүлнэ. Үндэсний хороо нь аймаг, нийслэлд Засаг даргаар ахлуулсан салбар хороо байгуулж ажиллуулна.

11.3. Хүн амын хөгжлийн асуудлаархи Үндэсний болон салбар хорооны бүрэлдэхүүнд иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг заавал оруулна. Үндэсний хороо нь ядуурал, гэр бүлийн хөгжлийн асуудлаар мэргэшсэн судалгааны байгууллага, багаар гэрээний үндсэн дээр хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж болно.

11.4. Хорооны ажлын албаны үүргийг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж гүйцэтгэнэ.

11.5. Ажлын алба дараахь үүрэгтэй:

11.5.1. хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах;

11.5.2. шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцоог хийж, холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх;

11.5.3 Үндэсний хорооны хурлыг зохион байгуулах, холбогдох шийдвэрийн төслийг бэлтгэх, хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

11.5.4. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад байгууллагыг оролцуулах боломжийг бүрдүүлэх.

11.6. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргийг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

11.7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

11.7.1. Нийгмийн ажилтан:

а)нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрхийг амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамруулан, өрхийн гишүүдтэй нь хамтран Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах;

б)Өрхийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу өрхийн гишүүдийг зохих үйлчилгээнд зуучлах, хамруулах;
в)өрхийн амьжиргаанд гарч байгаа өөрчлөлтөд явцын хяналт тавих, мэдээлэх;

г)хөтөлбөрт хамрагдсан бага орлоготой өрхийн гишүүд хамтран бие биедээ туслах, хүүхэд хүмүүжүүлэх, байнгын асаргаа шаардлагатай гишүүдээ асрах жижиг ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх;

д)хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүдийг чадавхжуулах, зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн ухуулга, сурталчилгаанд оролцуулах, түүнийг өөрсдийнх нь оролцоотой зохион байгуулах.

11.7.2. Баг, хорооны Засаг дарга:

а)нутаг дэвсгэрийн хэмжээний бүх өрхийг өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаанд хамруулж, мэдээллийн сан бүрдүүлэх;

б)хөтөлбөрт хамруулах өрхийн талаар санал гаргаж Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулах;

в)судалгаанд хамрагдсан өрхөд Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахад туслах;

г)хөтөлбөрт хамрагдаж байгаа өрх, бүлэг хоршоог багийн зохион байгуулалтад орж, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;

д)гэрээр болон гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалт, ажиллах боломжтой иргэний судалгааг гарган, тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албанд хүргүүлэх.

11.7.3. Аж ахуйн нэгж, байгууллага:

а)хөтөлбөрт хамрагдсан иргэдийг авч ажиллуулж болох ажлын байрны жагсаалтыг гарган, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад мэдээлэх;

б)байгууллагадаа хөтөлбөрт хамрагдсан иргэдээс авч ажиллуулах, мэргэшүүлэх;

в)ажиллагсдынхаа амьжиргааг дээшлүүлэх талаар санал, санаачилга гаргах;

г)хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх арга хэмжээ үүнд, нийтийг хамарсан ажил, ажлын байр, хөрөнгө зэрэг мэдээллийг нээлттэй байлгах, үйл ажиллагаагаа сурталчлах;

д)хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүү, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх.

11.7.4. Төрийн бус байгууллага:

а)хөтөлбөрт хамрагдаж байгаа өрхөд Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд нь туслах ажлыг гэрээгээр гүйцэтгэх;

б)хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх.

11.7.5. Сургалтын байгууллага:

а)өрх, иргэнтэй ажиллах чиглэлээр нийгмийн ажилтны чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалтыг холбогдох байгууллагын захиалгаар зохион байгуулах;

б)зах зээлийн харилцаа, бизнес эрхлэх зэрэг асуудлаар хөтөлбөрт хамрагдсан өрхийн тэргүүн, гишүүдэд зориулсан сургалт, дадлагыг зохион байгуулах;

в)аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар хөтөлбөрт хамрагдах иргэдэд мэргэжил олгох, ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулах.

11.7.6. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга:

а)хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон нутгийн салбар хороог байгуулан ажиллуулах;

б)хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх;

в)сум, дүүргийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

г)зээл, лизингийн үйлчилгээнд хамрагдсан өрх, иргэнийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авах;

д)өрхийн амьжиргааг сайжруулах зорилгоор бүлэг, хоршоо байгуулан ажиллаж байгаа өрх, иргэдийн шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

е)өрхийн амьжиргааны бүлгээсээ шат ахиж болон алгасаж дараагийн бүлэгт орсон, эсхүл хөтөлбөрөөс гарах хэмжээнд хөгжсөн өрхийн тоог шат шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж дүгнэж, урамшуулах.

11.7.7. Хяналт шалгалтын байгууллага:

а)хувиараа болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа өрх, бүлгийн үйлдвэрлэл, үйлчилгээг нь албан секторт шилжүүлж, ажлын байрыг нь баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

б)аж ахуйн нэгж, байгууллагад бий болгосон ажлын байр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулж, хөдөлмөрийн хяналтад хамруулах;
в)аж ахуйн нэгж, байгууллагад хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн ажилтнаа байнгын ажлын байраар хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, урамшуулах тогтолцоог бий болгох.

11.7.8. Төрийн захиргааны төв байгууллага

а)нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал, Өрхийн хөгжлийн төлөвлөгөөний загварыг батлан, холбогдох чиглэлээр бодлогын удирдамжаар хангах;

б)хөтөлбөрт тусгасан зорилтыг салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусгах хэрэгжүүлэх;

в)төсөл, хөтөлбөр боловсруулах замаар олон улсын байгууллага, хандивлагчдад хандах, хөрөнгө босгох ажлыг зохион байгуулах.

                                                    Арван хоёр. Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах,
                                                                                         хяналт, үнэлгээ хийх

12.1. Холбогдох яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэний нийгмийн байгууллага нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж тайланг нэгтгэнэ.

12.2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн нэгдсэн тайланд үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг Засгийн газар, Үндэсний хороонд жил бүр танилцуулна.

                                                 Арван гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, хүрэх үр дүн

13.1. Хөтөлбөрийг 2012-2015 онд хэрэгжүүлнэ.

13.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулж болно. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сарын дараа дунд хугацааны хяналт-шинжилгээ, хэрэгжиж дууссаны дараа төгсгөлийн үр дүнгийн үнэлгээ хийнэ.

13.3. Хөтөлбөрт хамрагдсан нийт өрхийн 20-оос доошгүй хувийх нь амьжиргааны түвшин ядуурлын шугамаас дээш гарсан бол хөтөлбөр зорилгоо биелүүлсэнд тооцно.

                                                             Арван дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт

14.1. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

14.1. 1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

14.1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;

14.1.3. Тогтвортой амьжиргаа төслийн хөрөнгө;

14.1.4. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгө;

14.1.5. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой бүрдүүлэх зээл тусламж, хандивын хөрөнгө;

14.1.6. Сумын хөгжлийн сангийн хөрөнгө;

14.1.7. хандивлагч, олон улсын байгууллагын зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилт;

14.1.8. бусад эх үүсвэр.




                                                                                          ---оОо---