A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны

19 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт



СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ДҮРЭМ

/ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 111-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Сургалтын төрийн сан (цаашид "Сан" гэх)-гийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон энэхүү дүрмээр зохицуулна.

1.2. Сангийн зорилго нь дээд боловсролыг санхүүжүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зохих журмын дагуу тэтгэлэг, зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

1.3. Сангийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

1.4. Сан нь хуулийн этгээд байх бөгөөд холбогдох журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, Төрийн сан, Монголбанкинд харилцах данстай байна.

1.5. Сангийн бүтэц, орон тооны дээд хязгаар, суралцагчид олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.



Хоёр. Сангийн Удирдах зөвлөл



2.1. Сан нь Удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөл нь Сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалтын талаар чиглэл өгөх, зарцуулалтад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.2. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

2.3. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Удирдах зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Удирдах зөвлөлийн хурал гишүүдийн 75-аас доошгүй хувь ирснээр хүчинтэйд тооцогдож, асуудлыг хуралд оролцсон гишүүдийн 75-аас дээш хувийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл гаргана. Хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гишүүн саналаа бичгээр өгсөн бол түүнийг хуралд оролцсонд тооцно.

2.4. Ээлжит бус хурлыг шаардлагатай бол Удирдах зөвлөлийн даргын саналаар хуралдуулж болно. Сангийн гүйцэтгэх захирал тодорхой асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх саналаа зөвлөлийн даргад тавьж болно.

2.5. Удирдах зөвлөл нь Сангийн үйл ажиллагааны тайлан, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, зээлийг эргэн төлүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

Гурав. Сангийн гүйцэтгэх захирал



3.1. Сангийн гүйцэтгэх захирал нь Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилах, зээлийг эргэн төлүүлж Сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, зохистой зарцуулах, тайлагнах, хөрөнгийн ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг хариуцна.

3.2. Гүйцэтгэх захирал нь Сангийн ерөнхий менежер байх бөгөөд Сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, Сангийн талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж, гэрээ байгуулж дүгнэнэ.

3.3. Гүйцэтгэх захирлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

 

Дөрөв. Сангийн хөрөнгийн эх үүсвэр


4.1. Сангийн хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

4.1.1. улсын төсвийн хөрөнгө;

4.1.2. эргэн төлөгдсөн зээлийн хөрөнгө;

4.1.3. хандив, тусламж.



Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалт



5.1. Сангийн хөрөнгийг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 5.3.3-т заасан арга хэмжээнд зарцуулна.

5.2. Алслагдсан орон нутгаас дээд боловсролын сургалтын байгууллагад ирж суралцагчийн замын зардлыг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

5.3. Сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

 

Зургаа. Сангийн эрх, үүрэг



6.1. Сан нь дараахь эрхтэй байна:

6.1.1. зээл, амьжиргааны зардлын тэтгэлгийн гэрээ байгуулах;

6.1.2. тэтгэлэг, зээл авч байгаа суралцагчийн сурлага, шилжилт хөдөлгөөний талаархи мэдээлэл, зээл, тэтгэлгийн зарцуулалтын тайланг дээд боловсролын сургалтын байгууллагаас авах;

6.1.3. олгосон зээлийг хариуцагч этгээдээс нэхэмжлэх;

6.1.4. олгосон зээлийг эргүүлэн төлөхөөс зайлсхийсэн иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

6.1.5. гадаад, дотоодын сан, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх.

6.2. Сан нь дараахь үүрэгтэй байна:

6.2.1. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, тайлагнах ажлыг зохион байгуулах;

6.2.2. суралцагчид тэтгэлэг, зээл олгох, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн баталгааг бүрдүүлж, эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах;

6.2.3. Сангийн тухайн жилийн төсвийг боловсруулж, улсын төсвийн төсөлд тусгуулах.



Долоо. Бусад



7.1. Сангийн санхүүжилтээр Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын талаархи мэдээллийн санг байгуулж ажиллуулна.

7.2. Сан нь тэтгэлэг, зээлийн гэрээний биелэлтийн асуудлаар дээд боловсролын сургалтын байгууллагад хяналт тавьж ажиллана. Сан нь шаардлагатай бол уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандан ажиллана.

7.3. Сан нь тэтгэлэг, зээлд хамрагдах суралцагчдын бичиг баримтын бүрдүүлэлт, зээлийг эргэн төлүүлэх асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллана. 


 


---оОо---