- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ /ЗГ-ын 2014-3-7-ны 71-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ
ОЛГОХ ЖУРАМ
/ЗГ-ын 2014-3-7-ны 71-р тогтоолоор хүчингүй болсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус суралцагчийн тэтгэлэг (цаашид "тэтгэлэг" гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ. Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байна.
1.3. Зохих журмын дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэн нь тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах эрхтэй.
1.4. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тэтгэлгийг суралцагчид зохих журмын дагуу тооцож олгоно. Тэтгэлгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
Хоёр. Үндэсний тэтгэлэг
2.1. Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно.
2.2. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
2.3. Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.
Гурав. Урамшууллын тэтгэлэг
3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.
3.2. Эрэлт ихтэй мэргэжлийн чиглэлийг Засгийн газар тогтооно.
3.3. Урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс дараахь хувиар тооцон олгоно:
3.3.1. 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн;
3.3.2. 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;
3.3.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;
3.3.4. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;
3.3.5 олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;
3.3.6. эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо нь 720-иос дээш шинээр элсэгчид, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;
3.3.7. багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх зохих шаардлага хангасан суралцагчид 100 хувийн./Энэ заалтыг ЗГ-ын 2013-5-18-ны 181-р тогтоолоор нэмсэн/
3.4. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
Дөрөв. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал
4.1. Дараахь суралцагчид амьжиргааны зардал олгоно:
4.1.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;
4.1.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн.
4.2. Дараахь суралцагчид сургалтын төлбөр олгоно:
4.2.1. бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
4.2.2. хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
4.2.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч;
4.2.4. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.2.5. төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь./Энэ заалтыг 2013-5-18-ны 181-р тогтоолоор нэмсэн/
4.3. Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын хэмжээг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
4.4. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
4.5. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хичээлийн жилийн эцэст урамшууллын тэтгэлэг олгох суралцагчийн сурлагын дүнгийн тайланг дээд боловсролын сургалтын байгууллагаас авч, хяналт-шинжилгээ хийж, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
4.6. Суралцагчийн мэдлэгийг бодитой бус үнэлсэн, сурлагын тайланг үнэн зөв гаргаагүй нь нотлогдвол тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Тав. Бүрдүүлэх бичиг баримт
5.1. Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын захиргаанд өгнө:
5.1.1. тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
5.1.2. сурлагын дүнгийн тодорхойлолт;
5.1.3. Боловсролын үнэлгээний төвийн батламж (шинээр элсэгч);
5.1.4. дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэнийг нотлох боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрхийн бичиг;
5.1.5. энэхүү журмын 4.1-д заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;
5.1.6. энэхүү журмын 4.2-т заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох бичиг баримт, тодорхойлолт.
Зургаа. Санхүүжилт
6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний тэтгэлэг авах суралцагчийн дэлгэрэнгүй судалгааг улирал бүр гаргаж, Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.2. Урамшууллын тэтгэлэг авахыг хүссэн суралцагчийн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч, хянан баталгаажуулах ажлыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комисс нь тэтгэлэг авах суралцагчийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.3. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагын саналыг үндэслэн үндэсний болон урамшууллын тэтгэлгийн санхүүжилт олгох үйл ажиллагааг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу зохион байгуулна./ЗГ-ын 2013-3-7-ны 83-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
6.4. Энэхүү журмын 3.3.3, 3.3.4-т заасан урамшууллын тэтгэлгийн хугацаа нэг хичээлийн жил байна.
6.5. Урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан, эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
6.6. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс урамшууллын тэтгэлэг авах эрх нь хасагдсан суралцагч дараагийн хичээлийн жилд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлэг авах эрх нь нээгдэнэ.
6.7. Энэхүү журмын 4.1.1-д заасан амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.8. Энэхүү журмын 4.1.2, 4.2.4-т заасан амьжиргааны зардал, сургалтын төлбөрийг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно. Суралцагчид олгох амьжиргааны зардлын хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно. Санхүүжилтийг тухайн суралцагчийн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад шилжүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн ирц, дотоод дүрэм, журмын шаардлагыг биелүүлсэн байдлын талаархи мэдээллийг Сургалтын төрийн санд хичээлийн жилийн улирал тутам хүргүүлнэ.
Долоо. Бусад
7.1. Энэхүү журам нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид хамаарахгүй.
7.2. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж болон дүрэм, журмаар зохицуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A